Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/232

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалан, хохирогч Т.А , шүүгдэгч Э.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.П-д холбогдох эрүүгийн 2439001880106 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Э.П нь Б.Б-тэй тохиролцсон түүний олгосон итгэмжлэлийн дагуу Т.А-с авах 40,000,000 төгрөгийн авлагыг барагдуулах явцдаа Т.А-ын өрөндөө өгөхөөр тохиролцсон Улаанбаатар хот дахь “Сайн” ломбардад барьцаанд тавьсан байсан Mark X-Zio маркийн 20-06 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 3-4 дүгээр сард тухайн газраас чөлөөлүүлэн авсан атлаа уг эд хөрөнгийг Б.Б-д хүлээлгэн өгөлгүйгээр завшиж 17,222,030 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр Б.Б-ийн олгосон итгэмжлэлийн дагуу Т.А-с өрөндөө өгсөн JT111PJA508001724 арлын дугаартай 2000 онд үйлдвэрлэгдсэн ногоон өнгийн Тoyota Land Cruiser-105 маркийн тээврийн хэрэгсэл /тухайн үед Э.Г гэх хүний нэр дээр байсан/-ийг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвд шилжүүлэн авсан атлаа уг эд хөрөнгийг Б.Б-д хүлээлгэн өгөлгүйгээр завшиж 29,710,558 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Т.А-ын оршин сууж амьдарч буй Хэнтий аймгийн .............1 дүгээр хороо, 61 дүгээр байрны 3 дугаар орцны 23 тоот 2 өрөө байрыг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Э.Н-с шилжүүлэн авахдаа түүнд “Т.А-той байрны асуудлаар яриад тохирчихсон” гэж түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож уг байрыг өөрийн нэр дээрээ шилжүүлэн авч Т.А-д 30,584,328 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр Г.Т-д “жолооны үнэмлэх гаргаж өгнө” хэмээн түүнийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, иргэн Г.Т-с Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХД-64 дүгээр байрны 1 тоотод буюу гэртээ байхад нь түүнийг 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 8 дугаар сарын 23-ны өдрийн хооронд 6 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 7,960,000 төгрөгийг Хаан банкны 567530.... дугаарын дансаар авч, Г.Т-д 7,960,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2439001880106 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Н.Амгалан: “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,

Шүүгдэгч Э.П : “...Би өөрийн гэм буруутай үйлдлээ ойлгож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцоно. Би өмгөөлөгч авахгүй. Би хохирогч нарт учруулсан хохирлыг бүгдийг төлж барагдуулсан. Үйлдсэн хэргийн тухайд гэвэл Б.Б ах надад анх “А  экскаватор машин түрээсэлсэн боловч түрээсийн төлбөрийг төлөхгүй байна. Энэ түрээсийн мөнгийг түүнээс авч өг” гэж итгэмжлэл олгосон. Уг итгэмжлэлийн дагуу А той уулзаж шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр 40,000,000 төгрөгийг А оос гаргуулахаар болж шүүгчийн захирамж гарсан байдаг. Тэгээд шүүгчийн захирамжийн дагуу Хэнтий амгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулаад авахаар болсон. Тэгээд би өөрөө эхний удаад А той уулзаж өрөө төлөхийг шаардахад хотод “Сайн” ломбардад байгаа Mark X-Zio маркийн машины өрийг нь төлөөд авчих гэхээр нь би машины ченжээр өрийг нь төлүүлсэн бөгөөд надад ямар ч мөнгө илүү гаргаагүй. Дараа нь Land Cruiser-105 маркийн тээврийн хэрэгсэл өрөндөө өгнө гээд өгөхөөр нь уг машиныг нь би зараад мөнгийг нь өөртөө завшсан нь үнэн. Ингээд Б  А оос мөнгөө нэхээд намайг очиж уулз гээд байхаар нь би Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс асуухад “А  нь Н  гэж хүнээс байр шилжүүлж авахаар шүүхийн шийдвэртэй юм байна. Хэдэн төгрөг Н д өгөөд л шилжүүлэхээр байна” гэж хэлэхээр нь би тэр Н  гэдэг хүнтэй нь уулзаж ярилцаад өөрийн нэр дээр тухайн байрны гэрчилгээг шилжүүлээд дараа нь буцаагаад А  ахын нэр дээр шилжүүлсэн байгаа. Т  тухайд би Хөвсгөл аймагт хүүхдээ эмчлүүлээд хэсэг хугацаанд байж байхад над руу Т  залгаад “жолооны үнэмлэх” гаргаад өгөх боломжтой юу гэхээр нь миний байсан байранд замын цагдаа нэг залуугаас асуухад “болно” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Т д хэлж мөнгийг нь шилжүүлж аваад тэр цагдаад бэлнээр өгсөн боловч сүүлдээ уулзалдахгүй зугтаад байхаар нь цагдаад гомдол гаргасан боловч тухайн цагдаа Солонгос Улс руу явсан гэсэн. Тэгээд би тэр хүнд хууртагдсан гэдгээ мэдсэн. Т  хохирлыг бүрэн барагдуулсан байгаа. Одоо А  ах Б  ахад ямар нэг өргүй болсон. Би Б  ахад учруулсан хохирлоос төлсөн байгаа. Үлдсэн хохирлыг бид хоорондоо тохиролцсон. Нөхөн төлөхөө илэрхийлсэн байгаа” гэх мэдүүлгийг,

Хохирогч Т.А  “Миний хувьд Б  гэж хүнээс машин түрээслэсэн. Тэгээд 40,000,000 төгрөгийн төлбөр тооцоо гарсан бөгөөд П над руу байнга утсаар яриад дээрх мөнгөө нэхээд байхаар нь хотод “Сайн” ломбардад тавьсан байсан өөрийн том хүргэний машиныг өрийг нь төлж авч зараад үлдэгдэл мөнгийг нь Б д өгч байгаарай гээд эхлээд явуулсан. Дараа нь мөн П мөнгө нэхээд байхаар нь өөрийн үеэл дүү Гансүхийн Land Cruiser-105 маркийн машиныг “зараад мөнгийг нь аваад Б д өгөөрэй” гээд явуулсан. Тухайн машиныг хэдэн төгрөгөөр зарсан талаар, Б-ийн үлдэгдэл өр хэд болсныг надад хэлээгүй. Тэгээд дараа нь манай байрны гэрчилгээ Н  гэж хүний нэр дээр байсан бөгөөд шүүхээр тогтоолгоод Н аас байрны гэрчилгээгээ өөрийн нэр дээр авахаар болоод хэдэн төгрөг өгөхөөр байсан. Тэгсэн нэг мэдсэн тэр байрны гэрчилгээ П-гийн  нэр дээр шилжсэн байхаар нь би буцааж авсан байгаа. Би П-аас  нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй, Б  бид хоёрын өр авлагын асуудал бүрэн дууссан. Харин Г  бол П-аас  мөнгө нэхэмжлэх учиргүй, би өөрийн үеэл Г-тэй өр авлагын асуудлаа тусдаа ярих юм” гэх мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1.Хэргийн үйл баримтын талаар

Шүүгдэгч Э.П нь үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан, мөн үргэлжилсэн үйлдлээр хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан хэргийн үйл баримт дараах бичгийн нотлох баримтаар бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

-Хохирогч Т.А-ын “...Би Хэнтий аймгийн Б  сумын 7 дугаар баг .............1-р хороо 61 дүгээр байрны 3-р орцны 2 давхарт 23 тоотод амьдардаг. Би Хэнтий аймгийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн Жоншт тулга гэх бичил уурхайгаар ашигт малтмал олборлох жоншны нөхөрлөлтэй болоод үйл ажиллагаа явуулж ирсэн. Харин 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Б.Б гэх залуугаас Hyundai 3000LC-7 маркийн экскаватор машин /шанагатай трактор/-ыг 1 сарын 15,000,000 төгрөгийн үнэ хөлстэйгөөр түрээслэхээр болж аман гэрээ хийсэн. Тухайн үед би Б.Б гэх залуутай аман гэрээ хийгээд данс руу нь 30,000,000 төгрөг буюу 2 сарын түрээсийг нь төлөөд Hyundai 3000LC-7 маркийн экскаватор машиныг .............нутаг дэвсгэрт авч ирээд уурхай дээрээ ажиллуулсан. Ингээд машин түрээсэлсэн 2 сарын хугацаа дууссан чинь Б.Б надаас Hyundai 3000LC-7 маркийн экскаватор машиныг ашиглах уу гэхээр нь дахин нэг сap ашиглая, мөнгөө жонш зарагдахаар өгье гэсэн чинь Б.Б надтай машин механизмын түрээсийн гэрээ бичгээр хийсэн. 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр над руу Э.П гэх залуу утсаар залгаад “би Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь байна” гэхээр нь би “за юу болсон юм бэ” гэж асуусан чинь Э.П нь “Hyundai 3000LC-7 маркийн экскаватор машиныг сарын 15,000,000 төгрөгөөр түрээслэх гэрээ хийсэн юм байна. Та түрээсээ төлөх үү гэж хэлсэн. Машиныг танаас өөр хүн дээр ажиллаж байсан бол илүү их ашиг олох байсан. Тэгэхээр танаас бид алданги тооцох ёстой, та 40,000,000 төгрөг манай компанид төлөхөөр болж байна” гэхээр нь би яагаад тийм их мөнгө болдог билээ, би төлж чадахгүй, би 15,000,000 төгрөг төлөх ёстой гэж хэлээд утсаа салгасан. Тэгсэн чинь 2-3 хоногийн дараа Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвд Э.П нь надтай уулзахаар нь би “шүүхээрээ явъя” гэж хэлсэн чинь Э.П нь надад хандан хэлэхдээ “шүүхээр явах юм бол адгийн зарга арав хононо гэдэг шиг ажил удна, тэгж байхаар 2-лаа эвлэрүүлэн зуучлахаар ороод асуудлаа шийдье” гэхээр нь би 40,000,000 төгрөг өгч чадахгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь П хэлэхдээ “ахаа манай компани нь сул зогсолтыг чинь хүртэл тооцдог юм, та тухайн техникээр ажил явуулаагүй ч гэсэн түрээсийн хугацааг анх шилжүүлж авсан өдрөөсөө тооцдог” юм гэхээр нь би зөвшөөрөөд Хэнтий аймгийн иргэний шүүхийн эвлэрүүлэн зуучлах руу ороод 40,000,000 төгрөгийн бичиг баримт дээр гарын үсэг зурсан. Тухайн өдрөө би шууд Hyundai 3000LC-7 маркийн экскаватор машиныг нь Б.Б-д буцаан өгсөн. Харин 2020 оны 01 дүгээр сарын дунд үеэр манай гэрт Э.П нь ирээд 40,000,000 төгрөг шууд надаас нэхэж эхэлсэн. Тэгэхээр нь би уурлаад Э.П д “чи бага мөнгө ярьж байгаа юм шиг яасан хаашаа зантай нөхөр вэ” гэсэн чинь “одоо ямар ч хамаагүй аргаар мөнгө олж өг” гээд байсан. Тухайн үед би бие муутай охинтой байсан учраас эмнэлгээр явж байсан учраас гэртээ хэрүүл үүсгэлгүй төлөхөөр болсон. Харин 2020 оны 3 дугаар сард би эхнэр Саранцэцэгийн хамтаар охиноо Улаанбаатар хотод Эх нялхас хүүхдийн төвийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байх үед Э.П над руу залгаад “мөнгө хэрэгтэй болсон болохоор яаралтай мөнгөө шилжүүл” гээд байхаар нь би том хүргэн Б.Д-ын нэр дээр байсан цагаан өнгийн Mark X-Zio маркийн 20-06 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслээ “Сайн” ломбардад 6,000,000 төгрөгийн барьцаанд тавьчихсан байсан болохоор Э.П г “чи ломбардаас нь чөлөөлөөд ав” гэж хэлсэн чинь 2020 оны 4 дүгээр сард Э.П над руу дахин залгаад таны цагаан өнгийн Mark X-Zio маркийн 20-06 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг тань Сайн ломбардаас чөлөөлөөд би заръя, харин зарсан мөнгийг нь таны өрнөөс хасъя, болж байна уу” гэхээр нь би шууд зөвшөөрсөн. Би 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр цагаан өнгийн Mark X-Zio маркийн 20-06 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслээ 27,000,000 төгрөгөөр авсан учраас миний өрнөөс их хасагдах юм байна гэж бодсон. Харин 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Э.П нь мөнгө нэхээд над руу ирэхээр нь би “Коронавирус гээд ямар нэг ажил мөнгөн орлого байхгүй байна” гэсэн чинь нэхээд салахгүй болохоор нь тухайн үед хамаатны дүү Э.Г-хээ 08-18ХЭН улсын дугаартай хар ногоон өнгийн Toyota Land Cruiser-105 маркийн тээрийн хэрэгслийг Э.П д өгөхөөр болсон. Тухайн үед би Э.Г-тэй яриад “ах нь хүнд өртэй юм. Ахдаа машинаа өгчих” гэсэн чинь Г  хэлэхдээ “та надад боломжтой болохоороо 40,000,000 төгрөг өгөөрэй” гэхээр нь би зөвшөөрөөд Э.П гаас хурдан салахыг бодож байсан болохоор Э.П д өгөөд явуулсан. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн төвд очиж Э.Г-ийг дуудаад Э.П гийн нэр дээр шилжүүлэн өгсөн. Тэгсэн чинь 2023 оны 11 дүгээр сарын дундуур өглөө 10 цагийн орчимд Б.Б манай гэрт орж ирээд надад хэлэхдээ “Олон жилийн хугацаанд надад төлбөрөө төлөхгүй явчихлаа даа чи хөгшөөн, одоо байраа суллаж авъя” гээд манайд орж ирсэн. Тэгэхээр нь би “юу яриад байгаа юм бэ, би өгөх юмаа бүгдийг нь өгсөн, чи намайг байрнаас минь гаргах эрх байхгүй шүү” гээд маргалдаад болсон үйл явдлыг Б.Б-д хэлсэн чинь Б.Б хэлэхдээ Э.П миний нэр дээр байрыг чинь шилжүүлэн өгсөн гэж хэлсэн. Тухайн үед би Э.П руу залгаад чи намайг олон нялх нойтон хүүхэдтэйг минь мэдсээр байж орох орон гэрээр минь тоглолоо гэсэн чинь ахаа би хууль бус зүйл хийснээ мэдэж байна. Тэгэхдээ би Б  ахын заавраар таны байрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Харин дараа нь Б  ах надаас шилжүүлээд авчихсан би Б.Б эс буцаагаад тань руу шилжүүлж өгье” гэж хэлээд утсаа таслаад түүнээс хойш утсаа аваагүй. Би Хэнтий аймгийн Б  сумын 7 дугаар баг .............1-р хороо 61 дүгээр байрны 3-р орцны 2 давхарт 23 тоотод байрлах байр минь Н  гэх манай нутгийн эмэгтэйн нэр дээр байсан бөгөөд сүүлд шүүхээр яваад шүүгчийн захирамжаар 3,000,000 төгрөг төлөөд Т.А-ын нэр дээр шилжинэ гэсэн захирамж гарсан бөгөөд би Н д төлсөөр байгаад маш бага мөнгө үлдсэн байсан. Яг хэдэн төгрөг байсныг нь сайн мэдэхгүй байна... Би маш их гомдолтой байна. Б , П нар нь нийлж миний байрыг залилсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20 дугаар тал),

-Хохирогч Б.Б-ийн “...Би Улаанбаатар хотод эхнэр хүүхдүүдийн хамтаар ажиллаж амьдардаг. Би 2019 онд Майнбаяр гэх жоншны уурхайн нөхөрлөлийн нягтлан бодогч залуутай экскаватор түрээслэхээр болоод захирал нь гэх Т.А  гэдэг залуутай уулзсан. Тухайн үед экскаватор түрээслэх гэрээ хийсэн бөгөөд яг сардаа хэдэн төгрөгийн ханштайгаар түрээслэхээр болсноо санахгүй байгаач гэсэн урьдчилгаа мөнгөө авснаа санаж байна. Харин А  нь төлбөр төлөх хугацаандаа төлбөрөө төлөлгүй бүтэн нэг сарын хугацаанд миний экскаваторыг түрээслэн ажиллуулсан болохоор нь би түрээсийн мөнгөө авъя гэхэд А  нь удаахгүй өгнө гээд миний мөнгийг өгөөгүй болохоор нь би экскаватор механизмаа буцаан авсан. Тухайн үед би Сонтэг компани хуулийн зөвлөх гэх П гэдэг залуутай танилцаад А  гэх хүнээс экскаватор түрээслүүлсэн түрээсээ авч чадахгүй байна гэхэд П нь хэлэхдээ би хуульч мэргэжилтэй, цагдаагийн академи төгссөн гэж хэлээд надад итгэмжлэх хийгээд өгвөл би тухайн мөнгийг нь аваад өгье гэсэн. Тэгээд Хэнтий аймгийн төвд очиж итгэмжлэх хийгээд А той П бид 2 уулзсан. Тэгээд Улаанбаатар хот руугаа П бид 2 буцсан. Түүнээс хойш П-д  итгээд би тухайн асуудалд оролцоогүй. Харин П надтай яриад Хэнтий аймаг руу явж А той уулзаж мөнгөө авна гээд надаас зардал, хоол унд, ажлын хөлс, буудлын мөнгө гээд нийт 5-6 удаа Хэнтий аймаг руу явахдаа нийт 5-с 6 сая төгрөгийг надаас авсан. Тухайн үед дандаа А оос юу ч авч чадахгүй байна авах гээд хөөцөлдөөд Хэнтий рүү явж байна гээд надаас мөнгө авдаг байсан. Харин 2021 оны 11 дүгээр сард П нь надтай ярихдаа А той ярилцаад байрыг нь авахаар болчихлоо, А ын байр өөр хүний нэр дээр байгаа учраас тухайн хүнд нь 500,000 төгрөг өгөөд авах юм байна гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Харин тухайн үед миний нэр дээр яагаад шилжүүлж болохгүй байгаа юм бэ гэхэд П нь хэлэхдээ би нэр дээрээ шилжүүлээд авъя, дараа нь А  танд өрөө төлөөд авах ёстой гэж хэлэхээр нь би итгээд зөвшөөрсөн. Тэгээд П нэг хэсэг сураггүй алга болохоор нь ярьж байгаад холбогдсон чинь П нь Улаанбаатар хот руу очиж чадахгүй, Сэлэнгэ аймагт байна дараа долоо хоногт очно гээд хойшлуулаад байхаар нь би Цэнээ гэх хүнтэй очиж Дархан хотод очиж итгэмжлэх хийлгүүлэн аваад тухайн үл хөдлөх буюу байрыг Хэнтий аймгийн төвд ирээд өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Харин Пүрэвдаваатай яриад би А той уулзъя дугаарыг нь өгчих гэсэн чинь та байж бай А  өгнө гэсэн тань руу ярина гэсэн гэхээр нь би итгээд хүлээсэн боловч 2023 оны 8 дугаар сарын орчимд Хэнтий аймгийн Б  сумын 7 дугаар баг .............1-р хороо 61-р байрны 23 тоотод ирээд А той уулзаад мөнгийг минь өгөхгүй бол байрыг минь суллаж өг гэсэн чинь А  би байраа чамд өгөөгүй өр төлбөрөө өгсөн гээд хэлээд маргалдсан. Тэгээд А  бид 2-ын дунд явж байхдаа П мөнгө төгрөг, машин тэрэг авсан гэдгийг нь би сүүлд мэдсэн... Би дахин мэдүүлэг өгөх үедээ холбогдох баримтуудаа харж байгаад П-аас  мөнгө төгрөг нэхэмжилнэ. Мөн П хуульч гэж намайг хууран А оос авсан мөнгө эд зүйлсийг хувьдаа завшсан явдалд нь гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар тал),

-Иргэний нэхэмжлэгч Э.Г-ийн “...Би Хэнтий аймгийн Хэрлэн суманд амьдардаг бөгөөд манай үеэл ах Т-ийн А  2023 оны 01 дүгээр сарын эхээр миний эзэмшлийн Тоёота Ланд Kруйсер-105 маркийн 08-18 ХЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийг ойр зуурын ажилдаа унаад өгье гээд гуйхаар нь би өгөөд явуулсан. Тухайн үед би Цагдаагийн байгууллагад жолоочоор ажиллаж байсан учраас машинаа унах гэхээс илүүтэйгээр албаны машин унадаг байсан учраас Т.А  ахад өгч явуулсан. Тэгсэн чинь А  ах 2023 оны 01 дүгээр сарын дундуур надтай утсаар яриад ах нь хүнд өртэй юмаа. Чи машинаа ахдаа зарчих гэхээр нь би 40,000,000 төгрөгт авбал ав гэж хэлсэн. Тэгсэн чинь А  ах “за ах нь чамд уурхайн ажил эхлээд мөнгө төгрөгтэй болоод 40,000,000 төгрөгийг чинь өгье, ах нь Б гэдэг хүнд өртэй байгаа юмаа тухайн хүний хууль ёсных нь төлөөлөгч ирээд надаас мөнгө нэхээд байна, чи машинаа хууль ёсных нь төлөөлөгчид өгчих” гээд гуйсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Б  гэх хүний хууль ёсны төлөөлөгч П гэх хүнд машинаа өгөөд итгэмжлэл хийж өгсөн. Түүний дараа П нь миний машиныг унаад авч явсан. Миний машинд гадна болон дотор, доод эд ангиудад нэмж засвар хийхээр зүйл байгаагүй бөгөөд 2000 онд үйлдвэрлэгдэж тус ондоо Монголд орж ирсэн жийп машин байсан... Би П гэх хүнд итгэмжлэл хийлгээд явуулсан боловч одоог хүртэлх хугацаанд өөрийн нэр дээрээ шилжүүлээгүй улмаас миний нэр дээр татвар, торгууль зэрэг зүйл ирж байсан. Би өөрийн үеэл ах А ыг бодоод Б  гэх хүний хууль ёсны төлөөлөгч П-д  итгэмжлэл хийж өгөөд явуулсан. Надад А  ахаас нэхэмжлээд байх зүйл байхгүй ч гэсэн А  ах бид 2-ыг хуурч төөрөгдөлд оруулсан П-д  гомдолтой байна. П,  Б  гэдэг хүндээ миний машиныг өгчихсөн бол бүх төлбөр тооцоо дууссан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дугаар тал),

-Иргэний нэхэмжлэгч Ж.Д-ын “...Би өөрийн эзэмшлийн 20-06 УБП маркийн Марк Х-зио маркийн тээврийн хэрэгслээ /он сарыг нь сайн санахгүй байна/ 2020 оны үед тухайн машиныг худалдаж авах гээд хүнтэй холбогдож уулзахад намайг “Тайгын булаг” ХХК-ийн харьяа Сайн ломбардаас очоод намхан бор залуу итгэмжлэл гаргаж ирээд миний нэр дээр шилжүүлж өгсөн. Тухайн тээврийн хэрэгслийг 13-14 сая төгрөгөөр авч байсан. Би тухайн мөнгөө бэлнээр өгч байсан шиг санаж байна... Надад ямар нэгэн гомдол санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дугаар тал),

-Гэрч Б.Д-ын “...Би болсон зүйлийн талаар сайн мэдэхгүй байна. 20-06 УБП улсын дугаартай Марк-Х Зио маркийн тээврийн хэрэгсэл нь манай хадам аав болох А ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байсан. Учир нь анх худалдан авахдаа манай хадам аав А  нь бичиг баримт нь байхгүй байсан шиг санаж байна, миний нэр дээр худалдан авсан байсан. Харин 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр манай хадам дүү хүнд өвчтэй байсны улмаас хадам аав, ээж 2 байнга, эмнэлэг гээд миний нэр дээр байсан 20-06 УБП улсын дугаартай Марк-Х Зио маркийн тээврийн хэрэгслээ Сайн авто ломбардад 6,500,000 төгрөгөөр тавьсан. Тухайн үед төлөлт хийгээд хэвийн төлөлттэй явж байсан бөгөөд 2020 оны 4 дүгээр сард шиг санаж байна хадам аав А ыг хүнд өрөө өгөх гэж байна П гэх хүнд итгэмжлэх хийгээд өгчих гэснийх нь дагуу би П гэх хүнд Сайн ломбардад байсан машинд нь итгэмжлэх хийж өгөөд явуулсан. Түүнээс хойш яг юу болсон талаар мэдэхгүй байна... Тухайн үед зогсоол хүүтэйгээ нийлээд 8,800,000 орчим төгрөг төлөхөөр болсон байсан шиг санаж байна. Тухайн үед хүү зогсоолынх нь мөнгийг төлөөд ер нь болчихсон 6,000,000 орчим төгрөг дутуу байсныг П гэх хүн төлөөд авсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дүгээр тал),

-Гэрч Д.Б-гийн “...Би Сонтээг ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд манай байгууллага нь машин механизм худалддаг, түрээсэлдэг байгууллага байгаа юм. Манай байгууллагад 2018 онд П гэх залуу манай байгууллагад хууль эрх зүйн туслалцаа үзүүлэн ажилладаг байсан. Харин 2019 онд манай найз Б.Б нь “А  гэх хүнээс экскаваторынхаа түрээсийн мөнгийг авах гэсэн юм, хууль зүйн туслалцаа үзүүлчих хүн байна уу” гэхээр нь П-г  найз Б.Б-д танилцуулсан. Тухайн үед би П-г  хуульч мэргэжилтэй гэж бодоод Б д хэлсэн. Харин Б , П 2 нь яг ямар асуудлаар уулзсан талаар би сайн мэдэхгүй байна. Харин сүүлд сонссон чинь А , Б  2 нь П-д  залилуулсан гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дугаар тал),

-Гэрч П.Ц-ийн “...Би Улаанбаатар хотод гэртээ байж байхад манай дүү Б  намайг Дархан-Уул аймаг руу хамт яваад ирье П гэх хүнээс авлагаа авах гэсэн чинь өгөхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд 2023 оны 02 дугаар сард дүү Б-ийн хамтаар Дархан-Уул аймагт очиж П гэх залуутай уулзсан. Тэгсэн чинь П-аас  Хэнтий аймгийн Бэрх тосгонд байрладаг 2 өрөө байрыг Б  өөрийнхөө нэр дээр шилжүүлэх гээд уулзаад Улсын бүртгэл орсон чинь байр нь байгаа газарт нэрээ шилжүүлэх хэрэгтэй гэж хэлсэн. Тэгсэн чинь манай дүү Б  П-аас  одоо яаж байраа шилжүүлж авах ёстой вэ гэсэн чинь нотариат дээр очоод итгэмжлэх хийлгээд авчихвал Хэнтий аймагт очоод шилжүүлж авч болно гэсэн. Харин Дархан-Уул аймгийн нотариатын газарт П,  Б  бид 3 очсон чинь нотариатын хүн хэлэхдээ өөрийнхөө нэр дээр байраа авах гэж байгаа бол өөр дээрээ итгэмжлэх хийлгэж болохгүй гэхээр нь би Б-ийн өмнөөс өөрийнхөө нэр дээр итгэмжлэх П-г аар хийлгүүлээд маргааш нь Хэнтий аймгийн төвд ирж улсын бүртгэл дээр очиж П-гийн  нэр дээр байсан 2 өрөө байрыг Б-ийн нэр дээр шилжүүлэн өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дугаар тал),

-Гэрч Э.Н ы “...Би Хэнтий аймгийн Б  сумын 7 дугаар баг Бэрх тосгонд хүүхдүүдийн хамтаар амьдардаг бөгөөд өмнө нь Хэнтий аймгийн .............1-р хороо 61-р байрны 3-р орцны 23 тоотод байранд амьдарч, өмчилдөг байсан. Харин манай тосгоны Т.А  гэх ах миний байрыг худалдаж аваад 500,000 орчим төгрөг дутуу байх үед нь би байраа буцаан авахаар Хэнтий аймгийн Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэгсэн чинь Хэнтий аймгийн Иргэний шүүхээс Т-ийн А  нь Н д 500,000 төгрөг төлөөд Хэнтий аймгийн .............61-56 3-23 тоот 2 өрөө байрыг өөрийн нэр дээр болгосугай гэсэн шийдвэр гарсан. Би яг мөнгөн дүнг нь сайн санахгүй байгаа болохоор 500,000 орчим гэж хэлж байгаа түүнээс бол 560 билүү 580 мянга билүү мөнгөн дүн байсан. Түүнээс хойш 2021 оны 11 дүгээр сарын орчимд П гэх залуу над руу залгаад би Б  гэх хүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь байгаа юм, Б  гэх хүнд А  нь өртэй болохоор өрөндөө байрыг нь авахаар тохиролцсон гэж хэлсэн. Тухайн үед П гэх намхан бондгор залуу ирээд А той байрны асуудлаар яриад тохиролцчихсон, А  Б  ах бид 2-г байраа нэр дээрээ шилжүүлэн авахыг зөвшөөрсөн гээд надад 100,000 төгрөг өгсөн. Тухайн үед байр худалдан авахдаа 4,000,000 орчим төгрөгөөр гэрээ хийхгүй бол дэндүү хямдхан авсан болох гээд байна гээд 400,000 төгрөгийг нь татварт төлдөг гээд надад 100,000 төгрөг өгөхдөө Баян-Овоо сумаас ирсэн зардал чинь 20,000 төгрөг болсныг би өгсөн гээд 100,000 төгрөгөөс 20,000 төгрөгийг нь аваад надад нийт 80,000 төгрөг өгсөн. Тухайн үед П-гийн  эзэн гэх Б  гэх хүн утсаар Пүрэвдаваатай ярьж байхдаа зааж зөвлөөд байсан. Мөн утсаар ярьж байхдаа А той бид нар тохиролцчихсон гээд надад хэлж байсан. Би тухайн Б  гэх хүний царай зүсийг хараагүй. Тухайн үед А  ахын утасны дугаар холбогдохгүй байсан. Тухайн үйл явдал болохоос хэдэн сарын өмнө манай гэрт намайг хайж П нь ирэхдээ манай ээжид хувиасаа өгч байгаа юм шүү гээд бэлэглэсэн гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дугаар тал),

-Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн ХҮ-31 дугаартай эд зүйлийн үнэлгээний дүгнэлт (хавтаст хэргийн 64-71 дүгээр тал),

-Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ШД-169 дугаартай эд зүйлийн үнэлгээний дүгнэлт (хавтаст хэргийн 78-86 дугаар тал),

-Э.П гийн яллагдагчаар “...Би Т.А  болон Б  нарын итгэлийг урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна... Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 106-107 дугаар тал),

-Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 163, 164-165 дугаар тал),

-Хохирогч Г.Т  “...Би 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд байрлах гэрээсээ найз болох Э.П гийн “жолоочийн үнэмлэх гаргаад өгнө” гэсэн үгэнд итгээд өөрийн эзэмшлийн Хаан банкны 501446....  тоот данснаасаа Э.ын  П-гийн  эзэмшлийн Хаан банкны 567530.... тоот данс руу 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 1,280,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь ...2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 3,200,000 төгрөг шилжүүлсэн, 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1,280,000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2023 оны 8 дугаар сарын 20-ний өдөр 200,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр миний найз болох Н.У-гийн эзэмшлийн Хаан банкны 5021186392 тоот данснаас Э.ын  П-гийн  эзэмших Хаан банкны 567530.... тоот данс руу 1,000,000 төгрөг шилжүүлснээр нийтдээ 6 удаагийн гүйлгээгээр 7,960,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Мөнгө шилжүүлэн авснаасаа хойш П нь 1 сар орчмын дараа “жолоочийн үнэмлэх бүтэхээ байсан” гэж хэлсэн. Тэгээд төлбөрөө буцаагаад авъя гэхэд “тэгье тэгье, дансны дугаар мессежээр илгээ” гэсэн. Би өөрийнхөө данснаас удаа дараа гүйлгээ хийсэн миний дансыг мэдэж байгаа ч гэсэн би дансны дугаараа илгээсэн боловч буцааж нэг ч төгрөг өгөөгүй. Би төлбөрөө буцааж авахаар холбогдох бүр П нь “өнөөдөр бүтээж өгнө, эсвэл өнөөдөр худлаа маргааш өгье” гэж байнга хэлээд сүүлдээ худлаа ярихыг нь тэвчихээ байсан. Сүүлдээ манай ээж П руу залгаад төлбөрийн мөнгийг буцаагаад авъя гэхэд “би төмөр замд байрлах Нэткапиталд машинаа барьцаалж мөнгө өгнө” гэж хэлсэн. Удалгүй “зээл нь бүтэхээ байсан учраас хөөрөг барьцаалж төлбөр өгнө” гэж хэлсэн боловч бас худлаа болох нь тодорхой болсон. Ингэж худал ярьсаар энэ оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “миний дугаар болохоо байсан. Мөнгийг чинь эгчээсээ зээлээд аваад өгнө” гэж хэлээд одоог хүртэл холбоо харилцаагүй таг алга болсон. Би аргагүйн эрхэнд цагдаагийн байгууллагад хандаж байна... Өөрийгөө “Хөвсгөлийн цуурай” гээд жолооны курст тус аймагт шалгалтаа авсан. Жолооны үнэмлэх гаргуулах хүмүүсийн материалыг нийслэл рүү битүүмжлэн явуулах гэж байна. Тиймээс энэ оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 13 цагаас өмнө материал нь бэлэн хүний холбогдох баримт бичгийг явуулчих гэсэн тул би “ямар үнэтэй байдаг юм” гэхэд “Олон Улсын жолоочийн үнэмлэхийн хураамж 650,000 төгрөг” гэж хэлсэн. Би нөгөө хоёр хүний материалыг явуулъя гээд Хятад Улсын одоо нутаг буцсан хүний материалыг явуулаад төлбөр болох 2 хүний 1,280,000 төгрөгийг нь дээр дурдсанаар шилжүүлээд “хэзээ гарах вэ” гэхэд “долоо хоногийн дараа гэрийн хаягаар чинь хүргүүлнэ” гэсэн. Тэр өдрөө Батдэлгэр утсаар дахин холбогдоод “Ийм боломж дахиж олдохгүй. Өөр хүний материал байвал гялс явуул” гэж хэлээд удаа дараа шахаад байсан учраас дээр дурдсанаар би түүнд мөнгө шилжүүлээд өгсөн. Би дандаа Хятад Улсын 11 иргэнээс мөнгө авч П-д  шилжүүлсэн. Сүүлдээ өөрөөсөө мөнгө гаргаад дээрх 11 хүний төлбөрийг өгч барагдуулсан. Надад бол гомдол саналтай хүн 1 ч байхгүй...би өргөдөл дээрээ нэлээн тодорхой дурдсан. Ер нь 2013 оны зун Хайнан хотын оюутнуудын уулзалтаар Монголд цуг сурдаг найз Ж.Д П-г  дагуулж ирж танилцуулснаар мэддэг болсон. Цагдаагийн академид хамт суралцаж байсан найз гэж хэлсэн. Түүнээс хойш П-г  өөрийг “прокурор гэж байсан. Дараа нь хуулийн фермтэй болсон бас уул уурхайн компанид хуулийн зөвлөгөө өгч байгаа, сүүлд нь Хөвсгөлийн цагдаагийн газрын дэд дарга болсон” гэх мэт зүйл ярьсан. Эдгээр зүйлээ цаг хугацааны хувьд бас нэлээд хэдэн жилийн зайтайгаар хэлж байсан учраас би итгээд байдаг байсан... манай найзууд хэлэхдээ миний мөнгөөр П нь мөрийтэй тоглоомд алдсан юм шиг байна лээ. Ингэхээр миний бие яг өөрийн данснаас өөрийн мөнгөө П руу шилжүүлсэн болж байгаа болно... Шилжүүлсэн гэх мөнгөө авчихвал надад бол гомдол санал байхгүй гэхдээ одоог хүртэл өгөөгүй байгаа болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 245-246, 250 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаас хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл,

Хохирогч Б.Б шүүгдэгч Э.П д “Т.А-с миний авах авлагыг авч өгөөч” гэж хоорондоо ярилцаж тохироод итгэмжлэл олгосон байна. Шүүгдэгч Э.П итгэмжлэлийн дагуу Т.А-с 40,000,000 төгрөгийн авлагыг барагдуулах явцдаа Т.А-ын өрөндөө өгөхөөр тохиролцсон Улаанбаатар хот дахь Сайн ломбардад барьцаанд тавьсан байсан Mark X-Zio маркийн 20-06 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 3-4 дүгээр сард тухайн газраас чөлөөлүүлэн авсан атлаа уг эд хөрөнгийг Б.Б-д хүлээлгэн өгөлгүйгээр завшиж 17,222,030 төгрөгийн хохирол учруулсан,

Дараа нь Т.А-с Б.Б-д өрөндөө өгсөн JT111PJA508001724 арлын дугаартай 2000 онд үйлдвэрлэгдсэн ногоон өнгийн Тoyota Land Cruiser-105 маркийн тээврийн хэрэгсэл /тухайн үед Э.Г гэх хүний нэр дээр байсан/-ийг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвд шилжүүлэн авсан атлаа уг эд хөрөнгийг Б.Б-д хүлээлгэн өгөлгүйгээр завшиж 29,710,558 төгрөгийн хохирол учруулж завшсан байна.

Мөн Т.А-ын оршин сууж амьдарч буй Хэнтий аймгийн .............1 дүгээр хороо, 61 дүгээр байрны 3 дугаар орцны 23 тоот 2 өрөө байрыг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Э.Н-с шилжүүлэн авахдаа түүнд “Т.А-той байрны асуудлаар яриад тохирчихсон” гэж түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан уг байрыг өөрийн нэр дээрээ шилжүүлэн авч Т.А-д 30,584,328 төгрөгийн хохирол учруулжээ.

Мөн түүнчлэн “жолооны үнэмлэх гаргаж өгнө” хэмээн Г.Т г хуурч, 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 8 дугаар сарын 23-ны өдрийн хооронд 6 удаагийн гүйлгээгээр 7,960,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 567530.... дугаарын дансаар авчээ.

Прокуророос дээрх үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна гэж дүгнэлээ.

 

1.2.Гэм бурууртайд тооцох хууль зүйн дүгнэлтийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор заажээ.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Э.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг завшиж “Хөрөнгө завших” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэргийг тус тус үйлдэж, бусдад хохирол, хор уршиг учруулсан байна.

 

1.2.1.Хөрөнгө завших гэмт хэргийн талаар:

Хөрөнгө завших гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.

Түүнчлэн “хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан идэвхтэй үйлдэл, энэхүү үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан шалтгаант холбоо байна.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байна.

Тодруулбал, хохирогч Б.Б Т.А-с мөнгөний авлагатай байсан. Уг авлагыг авч барагдуулах ажлыг хийж гүйцэтгүүлэхээр Б.Б эс шүүгдэгч Э.П д итгэмжлэл олгосон. Уг итгэмжлэлийн дагуу Э.П нь Т.А-с Б.Б-ийн өрөө төлөхийг шаардахад Т.А  “Сайн” ломбардад байгаа Mark X-Zio маркийн 20-06 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн өрийг /ломбардны/ төлж аваад зарж борлуулан, үлдэгдэл мөнгийг Б.Б-д өгөхөөр тохирсон бөгөөд шүүгдэгч Э.П тухайн тээврийн хэрэгслийг “Сайн” ломбарднаас авч бусдад зарсан боловч үлдэгдэл мөнгийг Б.Б-д өгөлгүй өөртөө завшсан, мөн 2000 онд үйлдвэрлэгдсэн ногоон өнгийн Тoyota Land Сruiser-105 маркийн тээврийн хэрэгслийг Т.А-с авсан атлаа хохирогч Б.Б-д өгөлгүйгээр өөртөө завшиж хохирогч Б.Б-д бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан нь тухайн “Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна.

 

1.2.2.Залилах гэмт хэргийн талаар:

Бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан идэвхтэй үйлдэл байна. Залилах гэмт хэргийг хохирлын хэмжээ шаардахгүй буюу хэлбэрийн шинжтэйгээр хуульчилсан. Өөрөөр хэлбэл, хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар энэ гэмт хэрэг төгсөнө.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт залилах гэмт хэрэг үйлдэх аргыг заасан учраас обьектив талын үндсэн шинжийг илэрхийлж, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлнө. Гэмт этгээд энэ гэмт хэргийг хуурах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар үйлдсэн байна.

“Хуурах” гэж бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахыг тулд үгээр буюу үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг, “Зохиомол байдлыг зориудаар бий болгох” гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хууран мэхлэхийн тулд зохиомол байдлыг зориуд бий болгохыг, “Урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах” гэж олон жилийн өмнөөс бие биеэ мэдэх болсон байдал, итгэлийг урвуулах зэрэг хэлбэртэй байж болох явдлыг тус тус ойлгоно.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Э.П нь Т.А-ын оршин сууж амьдарч буй Хэнтий аймгийн .............1 дүгээр хороо, 61 дүгээр байрны 3 дугаар орцны 23 тоот 2 өрөө байрыг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Э.Н-с шилжүүлэн авахдаа түүнд “Т.А-той байрны асуудлаар яриад тохирчихсон” гэж хэлж өөртөө байрыг шилжүүлэн авсан байдаг. Тодруулбал, Э.Н  гэгч нь Т.А-д түүний амьдарч буй байрны өмчлөх эрхийг шүүхийн шийдвэрийн дагуу шилжүүлэх ёстой байсан. Энэхүү нөхцөл байдлыг Э.П мэдсэн тул Э.Н д “Т.А-той байрны асуудлаар ярилцаад тохирсон” гэх байдлаар тухайн байрыг нэр дээрээ шилжүүлэн авсан. Энэ нөхцөл байдалд хэдийгээр Э.Н ыг хуураад байгаа боловч Т.А ыг зөвшөөрсөн гэж ойлгосон, нэгэнт байрны өмчлөх эрхийг шүүхийн шийдвэрийн дагуу Т.А-д шилжүүлэхээр байсан тул Э.Н  хуулийн дагуу бүх зүйл явагдсан гэж ойлгосон, Э.Н д энэ үйлдлээс болж ямар нэг хохирол, хор уршиг учраагүй.

Харин Т.А-ын хувьд эд хөрөнгийн өмчлөх эрхээ бусдын хууль бус үйлдлийн улмаас алдсан нөхцөл байдал тогтоогдож байна. Тодруулбал, Хэнтий аймгийн .............1 дүгээр хороо, 61 дүгээр байрны 3 дугаар орцны 23 тоот 2 өрөө байрны жинхэнэ эзэмшигч Т.А  гэж шүүхээр тогтоогдсон болох нь гэрч Э.Н , хохирогч Т.А  нарын мэдүүлгээр давхар нотлогдож байна.

Мөн түүнчлэн үргэлжилсэн үйлдлээр Г.Т-д “жолооны үнэмлэх гаргаж өгнө” хэмээн түүнийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, иргэн Г.Т-с Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХД-64 дүгээр байрны 1 тоотод буюу гэртээ байхад нь түүнийг 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 8 дугаар сарын 23-ны өдрийн хооронд 6 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 7,960,000 төгрөгийг Хаан банкны 567530.... дугаарын дансаар авч, Г.Т-д 7,960,000 төгрөгийн хохирол учруулсан.

 

1.3.Хэргийн харьяаллын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6-д “Гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутагд дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж, мөн зүйлийн 8-д “Уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Э.П гийн үйлдсэн “Хөрөнгө завших” болон “Залилах” гэмт хэргийн сүүлчийн үйлдэл нь хохирогч Г.Т-с 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 8 дугаар сарын 23-ны өдрийн хооронд 6 удаагийн гүйлгээгээр 7,960,000 төгрөгийг хуурч авсан үйлдэл байна.

Хохирогч Г.Т  тухайн мөнгийг Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХД-64 дүгээр байрны 01 тоотод байр гэрээсээ шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон.

“Залилах” гэмт хэргийг хаана төгссөн гэдгээс шалтгаалж хохирогчийн, эсхүл гэмт этгээдийн байгаа газраар шүүхийн харьяаллыг шүүхүүд өөр өөрөөр тогтоож байгаа.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан”-аар залилах гэмт хэрэг төгсөнө гэж ойлгохоор байна.

Тиймээс шүүхээс шүүгдэгч Э.П гийн үйлдлийг дүгнэхдээ гэмт этгээдийн эд хөрөнгө шилжүүлэн авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлсэн тэр газрыг гэмт хэрэг төгссөн газар гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.П нь хохирогч Г.Т-с нийт 7,960,000 төгрөгийг хуурч, залилан өөртөө шилжүүлэн авах үедээ “Хөвсгөл аймагт байсан” гэх мэдүүлгийг өгч байгаа бөгөөд энэхүү нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаанд огт дурдаагүйгээс гадна шүүх хуралдааны шатанд мэдэгдсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

 

1.4.Иймд шүүгдэгч Э.П г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

1.5.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Э.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлйин 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэний улмаас хохирогч Б.Б-д нийт 46,932,588 төгрөгийн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэний улмаас хохирогч Т.А-д 30,584,328 төгрөгийн, хохирогч Г.Т-д 7,960,000 төгрөгийн, нийт 38,544,328 төгрөгийн шууд болон шууд бус хохирлыг учруулсан болох нь тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б эс “...хохирлыг бүрэн барагдуулсан тул надад гомдол санал байхгүй тиймээс шүүх хуралд биеэр оролцохгүй” гэх нотариатаар батлуулсан хүсэлтийг, хохирогч Г.Т-с “...П-аас  7,960,000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж авсан тул надад гомдол санал байхгүй тул шүүх хуралд биеэр оролцохгүй” гэх нотариатаар батлуулсан хүсэлтийг гаргаж, холбогдох нотлох баримтыг хэрэгт хавсаргуулан шүүх хуралдаанд оролцоогүй болно.

Хохирогч Т.А  шүүхийн хэлэлцүүлэгт “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлгийг тус тус гаргасан. Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.П гаас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзлээ.

 

Шүүх хуралдааны товыг иргэний нэхэмжлэгч Э.Гансүхэд мэдэгдсэн боловч тэрээр “шүүх хуралдаанд оролцохгүй, автомашины үнэ 29,700,000, шүүгдэгч машин авч явснаас хойш машины татварын өр 456,137 төгрөг, тээврийн хэрэгслийн торгуулийн 40,000 төгрөг, нийт 30,196,137 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилнэ” гэх хүсэлтийг гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагаааны явцад иргэний нэхэмжлэгчээр Э.Г гэгчийг тогтоож ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэсэн тул түүний нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж тодорхойлжээ.

Э.Г нь хохирогч Т.А-ын үеэл дүү, Т.А  нь Б.Б-д төлөх өр төлбөртөө Э.Г-ийн эзэмшлийн Toyota Land Cruiser-105 маркийн тээврийн хэрэгслийг гуйж өгсөн нөхцөл байдал нь хохирогч Т.А , иргэний нэхэмжлэгч Э.Гансүх, шүүгдэгч Э.П нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Тиймээс иргэн Э.Г нь дээрх иргэний нэхэмжлэгч гэх хуулийн тодорхойлолтод хамаарах этгээд биш байгааг дурдах нь зүйтэй.

 

Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

2.1.Шүүгдэгч Э.П г шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож өгнө үү, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдуулах саналтай” гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заажээ.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус эрүүгийн хариуцлагын талаар хуульчилсан.

 

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.П г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 3 /гурав/  жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, Эрх бүхий байгууллагын хяналтад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэж, Эрүүгийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсан болно.

 

2.2.Бусад шийдвэрийн талаар:

Шүүгдэгч Э.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Зээрд ургийн овогт Э.ын  П-г  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан”,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч Э.П г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг  хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

6.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7.Шүүгдэгч Э.П нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй,  иргэний нэхэмжлэгчээс нэхэмжилсэн 30,196,137 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

8.Шүүгдэгч Э.П нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН