| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2022/05874/И |
| Дугаар | 101/ШШ2023/00642 |
| Огноо | 2023-01-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 101/ШШ2023/00642
| 2023 о 01 с 26 ө | Дугаар 101/ШШ2023/00642 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ....................ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ......................-д холбогдох,
52,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............, хариуцагч ......... түүний өмгөөлөгч ......., гэрч ........... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Анхбаяр нь 2020.06.02-ны өдөр ...........тай Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Гэрээний 1.1-дэх хэсэгт төлбөр төлөгч ........ нь 2019 оны 08-р сарын 07-ны өдөр төлбөр авагч .........аас .......... улсын дугаартай, сувдан цагаан өнгийн лексус LХ570 маркийн тээврийн хэрэгслийг 200,000,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд үлдэгдэл төлбөр болох 35,000,000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон юм. Гэтэл төлбөр төлөгч Ч.Эрдэнэбаяр нь өнөөдрийг хүртэл огт төлбөр төлөлгүй гэрээний үүргээ зөрсөн. Үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан болов ч сүүлдээ утсандаа хариу өгөхгүй алга болсон. Төлбөр барагдуулах гэрээний үлдэгдэл төлбөр 35,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги гэрээний 1.3 дахь хэсэгт заасан 0.5 хувиар бодоход нэг өдрийн 175,000 төгрөг, хуульд нийцүүлэн гүйцэтгээгүй үүрэг болох 35,000,000 төгрөгийн 50 хувиар тооцож 17,500,000 төгрөг болж байгаа юм. Иймд ..........аас төлбөр барагдуулах гэрээний үүргийн гүйцэтгэл 35,000,000 төгрөг, алданги 17,500,000 төгрөг, нийт 52,500,000 төгрөгийг гаргуулж өнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Санчиндорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийг бүрэн дэмжиж байна. ........ нь Чойжилжалбуу гэх хүнээс худалдах, худалдан авах гэрээний дагуу тухайн .......... тээврийн хэрэгслийг худалдаж авч өмчлөгч болсон. Өмчлөгч хүн Чойжилжалбууд ямар нэгэн бичиг баримт үзүүлэх ямар ч шаардлага байхгүй. Чойжилжалбууд хамаагүй болсон, Б.Анхбаяр мөнгөө авсан, бартерийн асуудал дууссан зүйлд Чойжилжалбууд би бичиг үзүүлэх гэсэн юм гэж төлбөр барагдуулах гэрээг хийх ямар ч шаардлага байхгүй. Энэ нь хариуцагчийн буруу мэдүүлэг юм, ийнхүү няцааж байна. 200,000,000 төгрөгт зарчих гэж өгсөн лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг энэ хүмүүс 10,000,000 төгрөгийн ашиг нэмж 210,000,000 төгрөгт зарсныг хүлээн зөвшөөрчихлөө. 210,000,000 төгрөгт зарсны 10,000,000 төгрөгийн ашгийн 3,000,000 төгрөгийг Алтанхуягт өгсөн байна, Эрдэнэбаяр нь 7,000,000 төгрөгийн ашигтай үлдсэн байна, үүнийг өөрсдөө хүлээн зөвшөөрч байна. Б.Анхбаяр нь Алтанхуягаас Прадо 120 маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэх ёстой юм шиг зүйл ярьж байна, нэхэх боломж хууль зүйн үүднээс байхгүй. Энэхүү Прадо 120 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч, захиран зарцуулагч нь Эрдэнэбаяр юм. Б.Анхбаяр нь гараараа бариагүй, нэрээ шилжүүлж аваагүй, харж ч байгаагүй машиныг яаж Алтанхуягаас нэхэх вэ, шаардах эрх байхгүй. Харин Эрдэнэбаяр нь Алтанхуяг гэх хүнд өгч, бүүр нэр шилжүүлэн өгчих гэсэн хүний нэр дээр банк бусыг чөлөөлж өгч байгаа. Энэ 2 хүний хоорондын наймаа энэ хэрэгт ямар ч хамаагүй. Энэхүү хэргийг хаахын тулд Б.Анхбаяр, Алтанхуягаас Прадо 120 нэхнэ гэж хаасан мэт зүйл ярьж байна, тийм зүйл байхгүй. Б.Анхбаяр яаж шүүхэд Алтанхуягийг өгөх вэ, ийм үнэмшилгүй зүйл ярих хэрэггүй, яагаад худлаа яриад байгаа юм бэ, Б.Анхбаярт шаардах эрх байхгүй. Энэ хэргийг хаахын тулд Б.Анхбаяр, Эрдэнэбаярт өгсөн байсан нотариатын итгэмжлэлийг Б.Анхбаяр гарын үсэг зураагүй байхад хуурамч нотариатаар баталж, таньдаг нотариатаар гарын үсэг зурж нэр шилжүүлсэн байсан асуудлын талаар бид залилан байна гэж өгсөн байсан. Эрдэнэбаяр нь өөрөө гуйсан, Алтанхуягаас би өөрөө мөнгөө олж авъя, манай нотариат ажилгүй болох гэж байна, энэ хэргийг хаагаад өг, одоо ямар гаргалгаа байна вэ, мөрдөн байцаагч өрөөндөө суулгаж байгаад энэ хүн гуйгаад байна, та нар яах юм гэсэн тул бид мөнгөө авъя гэж шаардлага тавьж байсан. За яахав залуу хүмүүс 1 нь ажилгүй болох гэж, нөгөөх нь ийм байдалтай байна гэсэн тул гарын үсэг зурсан гэдгээр хаачъя, хамгийн гол нь бид баримт үлдээгээд төлбөр барагдуулах гэрээг хийсэн. Эрдэнэбаяр маш сайн уншсан, зөвшөөрч байна уу гэж асуухад зөвшөөрсөн гэж хариулсан гэж хэлсэн. Энэхүү гэрээ ийнхүү хийгдсэн. Энэхүү төлбөр барагдуулах гэрээ ийнхүү хийгдсэн нь хэн нэгний ашиг сонирхлыг хөндөөгүй, зөрчөөгүй. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлийг иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл, үүссэн гэж үзнэ гэж байгаа. Энэ нь иргэний эрх зүйн харилцаа төлбөр барагдуулах иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдлийг хэлцэл гэнэ гэж байгаа. 1 хүн нь төлбөр төлөхийг зөвшөөрсөн, нөгөө хүн нь төлбөр авахыг зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т заасны дагуу хэлцэл нь байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байна. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж байна. Иймд Эрдэнэбаяр нь энэхүү хүчин төгөлдөр төлбөр барагдуулах хэлцэлд гарын үсэг зурснаар Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу хүчин төгөлдөр болсон зүйл байгаа. Хариуцагч 165,000,000 төгрөг төлсөн, энэ талаар маргаангүй учир дансны хуулга өгөөгүй. Иймд хүчин төгөлдөр хэлцлийн дагуу нэхэмжлэлийн шаардлага болох 52,500,000 төгрөгийг хариуцагч Эрдэнэбаяраас гаргуулж өгнө үү... гэв.
Хариуцагч ............. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ............ би 2019 оны 05 дугаар сард н.Алтанхуяг, Д.Мөнхбаяр нараар дамжуулан .ыг мэддэг болсон. Миний хувьд бол 2015 оноос хойш тээврийн хэрэгсэл худалдан борлуулах үйл ажиллагааг хийж байгаа юм. Тээврийн хэрэгслийг худалдан борлуулах үйл ажиллагаа бол тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгслээр сольж авах, гадаадад улсаас захиалж авч, худалдах, дугаартай буюу Монголд явж байсан тээврийн хэрэгслийг авч худалдан авах, зарах зэргээр үндсэн үйл ажиллагаа явагддаг. Ер нь бол тээврийн хэрэгслийн худалдаа бол аль болох бэлэн мөнгөөр эсвэл шууд солилцох хэлбэрээр явагддаг. 2019 оны 08 дугаар сарын эхээр н.Алтанхуяг нь утсаар холбоо бариад ...2016 оны Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулмаар байна. Зараад өгөөч.. гэж холбоо барьсан. Ингээд Б.Анхбаярын оффис гэх парк плайс барилгын Б1 давхарт очиж машиныг үзсэн. Тээврийн хэрэгсэл нь сувдан цагаан өнгөтэй, лексус 570 маркийн машин байсан. Ингээд 200,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Улмаар уг тээврийн хэрэгслийн төлбөрт 165,000,000 төгрөгийг төлсөн. 35.000.000 төгрөгт лексус 470 маркийн тээврийн хэрэгслийг өгөхөөр болж хүлээлгэж өгсөн. Гэтэл Н.Анхбаяр, н.Алтанхуяг арын зүгээс Лексус 470 маркийн тээврийн хэрэгслийг зарж чадахгүй байна зараад өг гээд авч ирсэн. Н.Анхбаяр, н.Алтанхуяг нар нь бол багын найзууд гэж анх тайлбарлаж байсан. Иймдээ ч Анхбаярын тооцоотой асуудлыг н.Алтанхуяг хариуцаж харилцдаг байсан. Лексус 470 тээврийн хэрэгслийг надад авчирч өгснөөс хойш зарагдахгүй байсан. 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Ланд круйзер прадо 120 маркийн улсын 32-52 дугаартай тээврийн хэрэгслийг үлдэгдэл төлбөр 35,000,000 төгрөг тооцож н.Алтанхуягт хүлээлгэж өгөөд төлбөр тооцоог дуусгавар болсон. Гэтэл хожим нь Н.Анхбаяр, н.Алтанхуяг нарын хоорондын төлбөр тооцоотой холбоотойгоор юм иг байсан. Ланд круйзер прадо 120 маркийн тээврийн хэрэгслийг авсан, аваагүйн тухай асуудал гарч ирсэн. Миний зүгээс бол төлбөрөө бүрэн өгчихсөн байсан тул уг асуудлаа цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр санал гаргаж, цагдаад Н.Анхбаяр нь өргөдөл гаргасан. Цагдаагийн байгууллагад хандсан боловч үр дүн гараагүй. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч н.Адилбаатар нь ...та хэд хэдэн төгрөгийн тооцоотой байснаа нийлээд тэр өгсөн, өгөөгүй гээд байгаа машиныхаа талаар бичээд ир... гэсэн юм. 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ гэх нэртэй баримтыг хийж арван сарын дотор н.Алтанхуягаас Ланд круйзер прадо 120 маркийн улсын 32-52 дугаартай тээврийн хэрэгслийг олж авахаар тохиролцож, цагдаагийн асуудлыг дуусгавар болсон. Миний зүгээс бол үлдэгдэл гэж нэрлээд байгаа мөнгөн төлбөрт ланд круйзер прадо 120 маркийн ээврийн хэрэгслийг өгсөн. 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн гэх баримтыг бол Н.Анхбаяр нь .Алтанхуягаас Ланд круйзер прадо 120 маркийн тээврийн хэрэгслийг авч төлбөр тооцоог нэг талдаа аргах хүртэл цаанаа байгаа хүмүүст үзүүлэх, цаашлаад цагдаагийн байгууллагад байгаа асуудлыг дуусгавар болгохтой л холбогдуулж хийж байсан. Түүнээс биш 35,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийн асуудал байхгүй юм. Надаас дахин мөнгө нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Өнөөдөр би Н.Анхбаярт зарагдахгүй тээврийн хэрэгслийг нь авч, бэлэн мөнгө болгож өгсөн. Мөн төлбөрийг аль болох нэн даруй шийдвэрлэж, лексус 470, прадо маркийн зэрэг тээврийн хэрэгслийг удаа дараа өгч асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж ирсэн байхад ярьж тохирсноосоо эргэж буцаж шүүхэд худал тайлбар гаргасан байна. Намайг хуурч баримт үйлдэж авсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Төлбөр барагдуулах гэрээ 2 хуудас, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 сарын 18-ны өдрийн 4222 дугаартай нэхэмжлэлийг буцаах тухай захирамж 2 хуудас, А.Мөнхтулгад олгосон итгэмжлэл 1 хуудас, Н.Санчиндоржид олгосон итгэмжлэл 1 хуудас, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2020 оны 04 сарын 14-ний өдрийн 201000726 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол 1 хуудас, төлбөр барагдуулах гэрээ 1 худас, эрүүгийн хэргийн төв архив салбар ХУДПГ архив мөнгөний тасалбар 1 хуудас, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2020 оны 04 сарын 14-ний өдрийн 201000726 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай прокурорын тогтоол 1 хуудас.
Хариуцагчаас шүүхэд гаргасан нотлох баримт: итгэмжлэл 1 хуудас.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Хэрэг бүртгэлтийн 201000726 дугаартай хэрэгт авагдсан 2020 оны 06 сарын 02-ны өдрийн №1 дугаартай төлбөр барагдуулах гэрээ 2 хуудас, Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2020 оны 04 сарын 14-ний өдрийн 20100726 дугаартай 2020 оны 06 сарын 12-ны өдрийн 1036 дугаартай прокурорын тогтоол нийт 2 хуудас, Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн .............. улсын дугаартай Лексус 570, 3252 УНЧ улсын дугаартай Прадо маркийн тээврийн хэрэгслүүдийн түүхчилсэн лавлагаа болон хувийн хэргийн хуулбар нийт 78 хуудас.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ........ хариуцагч ..........т холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 35,000,000 төгрөг, алдангид 17,500,000 төгрөг, нийт 52,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч автомашиныг нь бусдад бартер оролцуулж зараад 165 сая төгрөг, ......... улсын дугаартай прадо 120 маркийн авто машиныг 35 сая төгрөгт тооцон, найз Б.Алтанхуягт нь хүлээлгэн өгч тооцоо дуусгасан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргахгүй байна.
Б.Анхбаяр Ч.Эрдэнэбаяр нарын хооронд 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан байх ба төлбөр төлөгч 2019.08.07-ны өдөр төлбөр авагчаас ....... улсын дугаартай сувдан цагаан өнгийн Лексус 570 маркийн авто машиныг 200,000,000 төгрөгөөр худалдсан авсны үлдэгдэл төлбөр болох 35,000,000 төгрөгийг сар бүрийн 25-нд 3 сарын хугацаанд төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон болох нь төлбөр барагдуулах гэрээ, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-3-4/
Төлбөр барагдуулах гэрээний 1.1-д ... ......... улсын дугаартай сувдан цагаан өнгийн Лексус 570 маркийн авто машиныг 200,000,000 төгрөгөөр худалдсан авсны үлдэгдэл төлбөр 35,000,000 төгрөгийн хохирлыг төлөх... гэж заасан хэдий ч зохигчийн тайлбар, гэрчийн нарын мэдүүлэг, хэргийн үйл баримтаар Б.Анхбаяр Ч.Эрдэнэбаяр нарын хооронд .......... улсын дугаартай сувдан цагаан өнгийн Лексус 570 маркийн авто машиныг 200,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдохгүй байна.
80-08 УНЕ улсын дугаартай, 2016 онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн Лексус 570 маркийн авто машиныг Б.Анхбаяр 2019.08.07-ны худалдах, худалдан авах гэрээгээр Б.Чойжилжалбуугаас худалдан авч, эзэмшиж байхдаа Ч.Эрдэнэбаяраар дамжуулж Ц.Батмөнхөд худалдсан, Ц.Батмөнхөөс, Г.Буянхишигийн өмчлөл шилжихэд 80-08 УНЕ улсын дугаар нь 81-11УБК болсон болох нь авто тээврийн үндэсний төвөөс ирсэн тээврийн хэрэгслийн лавлагаа, хавсаргасан баримтуудаар тогтоогдож байна. /хх-111-138/
Б.Анхбаяр ................маркийн авто машиныг 200,000,000 төгрөгөөр худалдах даалгаврыг .......т өгсөн, .......... 200,000,000 төгрөгөөс илүү үнээр худалдаж, зөрүүг хөлсөндөө авахаар тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, хэргийн үйл баримт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч Д.Мөнхбаярын ...Ч.Эрдэнэбаяр бид 2 хамтарч машин зардаг, ........ авто машиныг зараад өг гэсний дагуу зарсан, 200 сая төгрөгөөс илүү зарсан байх, мөнгийг Ч.Эрдэнэбаяр хариуцаж Б.Анхбаярт өгсөн, би мөнгөний асуудалд оролцдоггүй, ашгаас нь хүртдэг, Лексус 470 маркийн авто машиныг Б.Алтанхуяг авч яваад буцааж өгсөн, Прадо 120 маркийн авто машиныг Б.Анхбаярын 80-08 Лексус 570 маркийн авто машины үнэд тооцож өгнө гэж хэлээд Алтанхуяг авч явсан нь үнэн... гэх, гэрч Б.Алтанхуягийн ... Анхбаяр бид 2 найзууд ба би Анхбаярын олон машиныг зарж өгч байсан. Анхбаяр барилгын компанийн захирал ба бартерт орж ирсэн авто машинуудыг надаар заруулж байсан. Анхбаяр 80-08 УНЕ авто машиныг зараад өг гэсэн, би Увсад явж байсан үед Анхбаяр Эрдэнэбаяртай 80-08 Лексус машиныг заруулахаар тохирсон байсан. Би ..........тай 200 сая төгрөгөөс илүү зараад ашгаа хуваана гэж тохирсон байсан, Прадо 120 маркийн авто машиныг Анхбаярт өгөөгүй, уг авто машиныг би ашигтаа тооцож ............аас авсан, надаар мөнгө дамжаагүй, Эрдэнэбаяр Анхбаярт хэдэн төгрөг өгснийг би мэдэхгүй, 80-08 Лексус 570 маркийн авто машиныг зарсны дараа би эхнэрийн дансаар ашигт тооцож ........аас 3 сая төгрөг авсан нь үнэн... гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан хэлцэл Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Даалгаврын гэрээний дагуу .......... 80-08 УНЕ улсын дугаартай Лексус 570 маркийн авто машиныг бусдад худалдаж, нийт 165,000,000 төгрөгийг нэхэмжлэгч .........т шилжүүлэн өгсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй.
Хариуцагч тал ... авто машин оролцуулж зарж болно гэсэн, 35,000,000 төгрөгт тооцож Прадо 120 маркийн авто машиныг .......ын найз, гэрчээр асуугдсан Б.Алтанхуягт хүлээлгэн өгсөн.... гэж тайлбарлаж байх боловч уг тайлбарыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй байх ба нэхэмжлэгч тал Прадо 120 маркийн авто машиныг хүлээн аваагүй болох нь нэхэмжлэгч болон гэрч Б.Алтанхуягийн мэдүүлгээр тогтоогдож байна.
2019 оны 9 сард гэрч Б.Алтанхуяг даалгавар өгөгч Б.Анхбаярын 80-08 УНЕ улсын дугаартай авто машины үнэд тооцон Лексус 470 маркийн авто машин аваад 7 орчим хоногийн дараа буцаан өгсөн болох нь хариуцагчийн тайлбар, гэрч .......ын мэдүүлгээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.3-т даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн шаардлагаар гүйцэтгэж байгаа ажлын явцын талаар мэдээлэх, даалгавар гүйцэтгэхтэй холбогдуулан хүлээж авсан бүх зүйлийг даалгавар өгөгчид нэн даруй шилжүүлэх үүрэгтэй гэж заажээ.
Б.Анхбаяр, Ч.Эрдэнэбаяр нар даалгаврын гэрээний дагуу өгсөн Лексус 570 маркийн авто машины үнэ болох 200,000,000 төгрөгт бартераар авто машин тооцож авахаар тохиролцсон болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Б.Анхбаяр ... 35 сая төгрөгт тооцон Прадо 120 маркийн авто машиныг Б.Алтанхуягт хүлээлгэн өгөхийг зөвшөөрсөн... болох нь баримтаар тогтоогдохгүй байх ба хариуцагч ......... Прадо 120 маркийн авто машиныг 35 сая төгрөгт тооцон Б.Анхбаярт өгөх, уг авто машиныг Б.Алтанхуягт хүлээлгэн өгөх талаар нэхэмжлэгч Б.Анхбаярт мэдэгдсэн болох баримтгүй байна.
Гэрч .....2019 оны 9 сарын үед Прадо 120 маркийн авто машиныг ........аас хүлээн авч, авто машины өмчлөл Энт финанс ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсныг ........ Б.Алтанхуягийн нэрлэсэн Г.Батбаярын өмчлөлд шилжүүлсэн болох нь хариуцагчийн тайлбар, гэрч Б.Алтанхуягийн мэдүүлэг, авто тээврийн үндэсний төвөөс ирсэн тээврийн хэрэгслийн лавлагаа, хавсаргасан баримтуудаар тогтоогдож байна. /хх-60-110/
Даалгавар гүйцэтгэгч ........35 сая төгрөгт тооцож Прадо 120 маркийн авто машиныг Б.Алтанхуягт хүлээлгэн өгснөө даалгавар өгөгч ........т мэдэгдээгүйгээс Б.Анхбаяр авто машины үнэ болох 35,000,000 төгрөгөө бүрэн аваагүй болох нь зохигчийн тайлбар, гэрч Б.Алтанхуягийн...Прадо 120 маркийн авто машиныг ...........аас авсан нь үнэн, ..........ын Лексус 570 маркийн 80-08 УНЕ авто машины үнэд тооцож өгөхөөр аваагүй, ...........ын 570 маркийн авто машиныг 200,000,000 төгрөгөөс илүү зарсан ашигтаа тооцож ............аас авсан, би бусдад худалдсан нь үнэн, би .............ын авто машиныг зарах ажлыг олсон учир ашгаа авах ёстой... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Дээр дурдсанаас, хариуцагч ............ыг даалгавар гүйцэтгэхтэй холбогдуулан Прадо 120 маркийн 32-52 УНЧ улсын дугаартай авто машиныг даалгавар өгөгч Б.Анхбаярт нэн даруй шилжүүлэх үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч тал ............... 35 сая төгрөгөө өгөхгүй, Б.Алтанхуяг олдохгүй 1 жил болсон учир цагдаагийн байгууллагад гомдол гаргасан, .......... гуйсан учир төлбөр барагдуулах хэлцэл хийж эрүүгийн хэргээ хаалгасан, уг төлбөр барагдуулах хэлцлээр алданги тохирсон тул шаардах эрхтэй... гэж тайлбарлаж байна.
Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байхад 2020 оны 6 сарын 2-ны өдөр төлбөр барагдуулах хэлцэл байгуулахдаа худалдах, худалдан авах гэрээний үүргийн хариуцлага болгож 0.5 хувийн алданги тооцож төлөхөөр тохирсон нь даалгаврын гэрээний эрх, үүрэгт нийцсэн хариуцлага гэж үзэхээргүй байх тул хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэг 35,000,000 төгрөгөөс тооцож алданги гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэв.
Иймд хариуцагч ............аас даалгаврын гэрээний үүрэгт 35,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ............т олгож, нэхэмжлэлээс алдангид нэхэмжилсэн 17,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан дүн 35,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 332,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Нэхэмжлэгч тал даалгаврын гэрээний дагуу Прадо 120 маркийн 32-52 УНЧ улсын дугаартай авто машиныг хүлээн аваагүй нь тогтоогдсон тул хариуцагч .......... Прадо 120 маркийн 32-52 УНЧ улсын дугаартай авто машины талаар гэрч Б.Алтанхуягт холбогдуулж нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ..........аас ............төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ............т олгож, нэхэмжлэлээс ............ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 332,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ