Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/243

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам, улсын яллагч Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Азжаргал, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл /цахимаар/, шүүгдэгч В.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Азжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн В.Э-д холбогдох эрүүгийн 2539000440232 дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч В.Э нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн орчимд өвөлжөө барих зорилгоор Хэнтий аймгийн Ө  сумын 1 дүгээр баг "...............  эх" гэх газраас 29 ширхэг шинэс төрлийн 0.846 м³ эзлэхүүнтэй бөөрөнхий шургааг мод, 1 ширхэг шинэс төрлийн 0.0628 м³ эзлэхүүнтэй бөөрөнхий шургааг модыг тус тус зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, пад трактор загварын ногоон өнгийн, улсын дугааргүй тээврийн хэрэгслээр тээвэрлэж, экологи эдийн засагт 2,798,346 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч В.Э нь 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн орчимд өвөлжөө барих зорилгоор Хэнтий аймгийн Ө  сумын 1 дүгээр баг "...............  эх" гэх газраас 29 ширхэг шинэс төрлийн 0.846 м³ эзлэхүүнтэй бөөрөнхий шургааг мод, 1 ширхэг шинэс төрлийн 0.0628 м³ эзлэхүүнтэй бөөрөнхий шургааг модыг тус тус зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, пад трактор загварын ногоон өнгийн, улсын дугааргүй тээврийн хэрэгслээр тээвэрлэж, экологи эдийн засагт 2,798,346 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч В.Э-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн14-15 дугаар тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 16-23 дугаар тал), эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн  үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 24-27 дугаар тал), иргэний нэхэмжлэгч Т.Ч-ийн  мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дугаар тал), хохирогч Т.Ч-ийн  (хавтаст хэргийн 39-40 дугаар тал), гэрч Х.Х-н  мэдүүлэг (хавтаст хэргийн 58-60, 145-147 дугаар тал), гэрч Х.Х-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 63-65, 141-142 дугаар тал), гэрч О.М-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дүгээр тал), гэрч Э.А-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 173 дугаар тал), эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 72-75 дугаар тал), Бодит үнэлгээ ХХК-ийн 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 92 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 89-92 дугаар тал), Хэнтий Шинэс сум дундын ойн ангийн инженер Б.Д-ийн 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 100-101 дүгээр тал), Хэнтий Шинэс сум дундын ойн ангийн инженер Б.Д-ийн 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 102-103 дугаар тал), Хэнтий аймгийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн дарга, Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч С.А-ын 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 117-119 дүгээр тал), шинжээч С.А-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 155-156 дугаар тал), Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол (хавтаст хэргийн 186-187, 188-190 дүгээр тал), Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 190-192, 193-195 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч В.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Ө  сум дахь Хэнтий шинэс сум дундын ойн ангийн шинжээчийн 02, 04 дугаартай дүгнэлтээр нийт 30 ширхэг шинэс төрлийн шургааг модны экологи эдийн засгийн үнэлгээг 932,782.1 төгрөг гэж үнэлэн дүгнэжээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “...ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;” тогтооно гэж заасныг үндэслэн шүүхээс шүүгдэгч В.Э-ын ойн санд учруулсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээ 932,783 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж, хохирлын хэмжээг 2,798,346 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж дүгнэв.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэж заасан тул шүүгдэгчийн ойн санд учруулсан хохирол 2,798,346 төгрөгийг шүүгдэгч В.Э-оос гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч В.Э-дод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокурорын санал болгож, шүүгдэгч түүний өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, хэрэгт битүүмжлэгдсэн 29 ширхэг шинэс төрлийн 0.846 м3  эзлэхүүнтэй бөөрөнхий шургааг мод, 1 ширхэг шинэс төрлийн 0.0628 м3 эзлэхүүнтэй бөөрөнхий шургааг мод, пад трактор загварын ногоон өнгийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл зэргийг улсын орлого болгох санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх үүрэгтэй бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг журамлан хэрэгт битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого буюу хууль бусаар бэлтгэсэн 29 ширхэг шинэс төрлийн 0.846 мэзлэхүүнтэй бөөрөнхий шургааг мод, 1 ширхэг шинэс төрлийн 0.0628 м3 эзлэхүүнтэй бөөрөнхий шургааг мод, пад трактор загварын ногоон өнгийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг тус тус хураан авч, улсын орлогод оруулах нь зүйтэй.

Эд хөрөнгө хурааж улсын орлого болгосонтой холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 09, 10 дугаартай тогтоолуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч В.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Э-ыг 450 (дөрвөн  зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч В.Э нь гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан бодит хохирол 932,782 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж, нийт 2,798,346 (хоёр сая долоон зуун ерэн найман мянга гурван зуун дөчин зургаа) төгрөгийг шүүгдэгч В.Э-оос гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлүүлсүгэй.

 

6.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Э-оос гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого буюу хууль бусаар бэлтгэсэн 29 ширхэг шинэс төрлийн 0.846 мэзлэхүүнтэй бөөрөнхий шургааг мод, 1 ширхэг шинэс төрлийн 0.0628 м3 эзлэхүүнтэй бөөрөнхий шургааг мод, пад трактор загварын ногоон өнгийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

8.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгийг улсын орлого болгосонтой холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 09, 10 дугаартай тогтоолуудыг хэвээр үлдээсүгэй.

 

9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Э-дод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН