Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 130/ШШ2023/00060

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х аймгийн Ц  сумын 4 дүгээр багт оршин суудаг, Ж  овогт Н-ийн А ;

Хариуцагч: Х аймгийн Ц   сумын 4 дүгээр багт оршин суудаг, Ж овогт А.Е;

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр авсан 2,500,000 (хоёр сая таван зуун мянган) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.А ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А,

Хариуцагч А.Е ын өмгөөлөгч С.Н

Орчуулагч Х.Жанерке,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек нар оролцов.

(Хариуцагч А.Е-ад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-д зааснаар шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгч талын хүсэлт, болон хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр түүнийг эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн, мөн хариуцагчийн өмгөөлөгчийг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н.А  нь хариуцагч А.Е-ад холбогдуулан зээлээр авсан мөнгө 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Нэхэмжлэгч Н.А  нь 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч А.Е ын Б  банк дахь  5555 тоот дансанд 2,500,000 төгрөг шилжүүлсэн байна. Учир нь, А.А 7 хоногийн дараа өгнө гээд Н.А-аас 2,500,000 төгрөгийг зээлээр авсан байна. Гэтэл одоо хүртэл мөнгийг нь өгөлгүй, элдэв шалтаг зааж, чирэгдүүлж байна. Утсаар асуухад өгөх газарт өгөөрэй би мөнгө өгч чадахгүй гэсэн болно.

1.2.Н.А  К-д 2021 оны 8 сард нүүгээд явсан ч гэсэн 2022 оны 6 дугаар сард Монгол Улсад ирж, буцахдаа Д.Х  надад итгэмжлэл олгож, А.Е аас 2,500,000 төгрөгийг нэхэж аваад надад явуулаарай гэсэн. 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 16:40 цагт тойргийн нотариатч Б.Гаас олгосон 0397 дугаар бүхий “Итгэмжлэл”-д төлөөлүүлэгч өөрийн нэрийн өмнөөс гарын үсэг зурах бүрэн эрхийг надад олгосон тухай тодорхой бичигдсэн болохоор шүүхэд гаргасан нэхэмжлэлд нэхэмжлэл гаргасан “А ” гэж би өөрөө бичсэн нь үнэн. Итгэмжлэл 2 жилийн хугацаатай олгогдсон.

1.3.Хариуцагч А.Е 2,500,000 төгрөгийг Н.А-т буцааж өгөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Н.А ын зүгээс энэ асуудалтай холбоотой 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр А.Е ад холбогдуулан Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасны дагуу, хянан шалгах ажиллагаа явагдаж, А.Е  2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгсөн. Ингэхдээ А.Е  нь Н.А аас олон удаа мөнгө зээлж авсан талаар болон 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Н.А аас мөнгө зээлж авсан талаар хүлээн мэдүүлсэн. Мөн А.Е  нь авсан мөнгөө 2021 оны 9 дүгээр сард Н.А т буцааж өгөх гэсэн боловч Н.А  К улсад нүүгээд явсан учраас мөнгөө өгч чадаагүй гэж тайлбар гаргасан.

1.4.2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 332 дугаар Прокурорын тогтоолоор А.Е  нь 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 2,500,000 төгрөг зээлж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэргийн шинжгүй гэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байдаг.

1.5.Иймд эдгээр нотлох баримтуудын хүрээнд А.Е нь Н.А-аас 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 2,500,000 төгрөг зээлж авсан нь нотлогдож байх тул хариуцагч А.Е-аас зээлж авсан бэлэн мөнгө 2,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.А т олгож өгнө үү гэсэн байна.

2.Хариуцагч А.Е  нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

2.1.Нэхэмжлэгч Н.А надад өгөх ёстой 2,500,000 төгрөгийн өглөгтэй байсан тул миний бие тухайн мөнгийг дансаар дамжуулан авсан. Миний бие Н.А аас мөнгө зээлж авах хүн биш ба мөнгө зээлж авах шаардлага гараагүй. Өөрийн гэсэн хөрөнгө мөнгөтэй хүн болно.

2.2.Нэхэмжлэгч Н.А надаас ямар учиртай мөнгө нэхэмжилснийг огт ойлгоогүй. Түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлд зурагдсан гарын үсэг өөрийнх нь гарын үсэг биш байна. Түүнтэй хамт ажиллаж байсан, түүний удирдах албан тушаалтан байсны хувьд Н.А ын гарын үсгийг сайн мэднэ.

2.3.Нэхэмжлэгч Н.А-аас Д.Х-д шүүхэд төлөөлөх, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг итгэмжлэлээр олгосон ч гэсэн тухайн нэхэмжлэлд  итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А  гэж гарын үсэг зурсан нь хуульд нийцэхгүй. Нэхэмжлэгч Н.А  нэхэмжлэлд гарын үсэг зураагүй учраас энэхүү нэхэмжлэл нь хуульд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй тул энэ үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.4.Дараа нь нэхэмжлэгч Н.А ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х  нь хуульд заасан шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж дахин нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй үлдэнэ гэсэн байна.

3.Нэхэмжлэгч талаас 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 16 цаг 40 минутад олгосон “Итгэмжлэл”, мөн Б  банкны Н.А ын эзэмшлийн 8888 тоот харилцах дансны 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”-ыг гаргаж өгсөн.

4.Хариуцагч талаас шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

5.Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангасан тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШЗ2023/00263 дугаартай захирамжийн дагуу Х аймгийн Прокурорын газраас 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №01/117 дугаартай албан бичгээр 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1134 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн материалаас холбогдох нотлох баримтуудыг хуулбарлан хүргүүлсэн байна. Үүнд: 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Авлигатай тэмцэх газарт Н.А ын гаргасан гомдол, мөн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Авлигатай тэмцэх газарт Ш.Т-ы гаргасан гомдол, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссарын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрч Д.А-т эрх, үүргийн тайлбарласан, хууль сануулсан баталгаа болон гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссарын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрч  А.Е ад  эрх, үүргийн тайлбарласан, хууль сануулсан баталгаа болон гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, Х аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №332 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Н.А  нь хариуцагч А.Е-аас зээлээр авсан мөнгө 2,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь  үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгч Н.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... хариуцагч А.Е ад мөнгө зээлэхээр болоод түүний Б  банк дахь  5555 тоот дансанд 2,500,000 төгрөгийг 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн ба А.А хоногийн дараа өгнө гэсэн боловч одоо хүртэл мөнгийг нь өгөлгүй, элдэв шалтаг зааж, чирэгдүүлж байна. Утсаар асуухад өгөх газарт өгөөрэй би мөнгө өгч чадахгүй гэсэн тул шүүхэд хандаж байна.

3.Хариуцагч А.А нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Нэхэмжлэгч Н.А надад өгөх ёстой 2,500,000 төгрөгийн өглөгтэй байсан тул миний бие тухайн мөнгийг дансаар дамжуулан авсан. Миний бие Н.А-аас мөнгө зээлж авах хүн биш ба мөнгө зээлж авах шаардлага гараагүй. Өөрийн гэсэн хөрөнгө мөнгөтэй хүн болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

4.1.Нэхэмжлэгч Н.А  нь Б  банк дахь эзэмшлийн 8888 тоот харилцах данснаас 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 2,500,000 төгрөгийг 5555 тоот дансанд, шилжүүлсэн болох нь Б  банкны 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”-аар нотлогдож байна.

Мөн хариуцагч А.Е  шүүхэд бичгээр гаргасан тайлбарт “Н.А  надад өгөх ёстой 2,500,000 төгрөгийн өглөгтэй байсан тул миний бие тухайн мөнгийг дансаар дамжуулан авсан” гэж хүлээн зөвшөөрсөн байна.

4.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт ”зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан.

Хариуцагч А.А нь шүүхэд бичгээр гаргасан тайлбарт нэхэмжлэгчээс мөнгө зээлдэж байгаагүй, нэхэмжлэгч Н.А  надад өгөх ёстой 2,500,000 төгрөгийн өглөгтэй байсан тул миний бие тухайн мөнгийг дансаар дамжуулан авсан гэх боловч энэ үйл баримтыг нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна. 

4.3.Хавтаст хэрэгт авагдсан 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Авлигатай тэмцэх газарт Ш.Т гаргасан гомдолд:...Н.А  нь надад холбогдож, ах нь одоо К улсад байна, би А.Е ад нэг гомдлыг АТГ-т гаргах гэсэн, чи бас гомдол гаргаад явж байгаа юм байна, гомдлоо гаргах үед миний гомдлыг нэмээд өгчхөөрэй гээд өөрийн гараар бичсэн гомдлыг над руу мессенжерээр явуулсан. Уг гомдолд....2021-07-02-ны өдөр надаас 2,500,000 төгрөг авсан. Н.А нь 2,500,000 төгрөгийг 2021-06-28-ны өдөр А.Е ын 5555 тоот дансанд шилжүүлсэн...” гэсэн байна..

Мөн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Авлигатай тэмцэх газарт (нэхэмжлэгч) Н.А  гаргасан гомдолдоо: “.....мөн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр надаас 2,500,000 төгрөг авсан. Үндсэн баримт өмгөөлөгч Д.Ат байгаа гэсэн байна.

4.3.1.Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссарын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрч Д.Ат эрх, үүргийн тайлбарлан, хууль сануулсан баталгаа авч, гэрч Д.А гэрчээр өгсөн мэдүүлэгт:....миний баз болох А  нь өндөр насны тэтгэвэрт гарсан, тэтгэвэрт гарсныхаа дараа 36 сарын тэтгэмж авсан гэсэн. Үүнээс 2,5 сая төгрөгийг Ерханатад зээлсэн талаар хэлж байсан.Зээлэхдээ түүний  данс руу шилжүүлсэн гээд надад дансны хуулга өгч байсан....Надад Н.А ын Б  банкны 8888 дугаарын дансны хуулга 2 хуудас байгаа бөгөөд хуулганаас харахад 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 5555 дугаарын данс руу 2,500,000 төгрөг шилжүүлсэн талаар мэдээлэл байгаа өөр ямар нэгэн зүйл байхгүй. Н.А  нь надад яагаад тухайн дансныхаа хуулгыг өгсөн вэ гэвэл Н.А  нь 2021 оны 08 дугаар сарын сүүлээр К улс руу явсан бөгөөд явахдаа надад чи Е-аас 2,5 сая төгрөг аваад над руу шилжүүл миний зээлсэн мөнгө байгаа юм гэсэн. Би Н.А ын хэлснээр Ерханат руу залгаж мөнгийг нь одоо хүртэл аваагүй байгаа юм...гэсэн байна.

4.3.2.Мөн Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссарын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрч  А.Е  (хариуцагч)-д эрх, үүргийн тайлбарлан, хууль сануулан баталгаа авч, гэрч А.Е  (хариуцагч) гэрчээр өгсөн мэдүүлэгт:...Миний бие Н.А-аас олон удаа мөнгө зээлдэж буцааж өгч байсан. Хамгийн сүүлд би 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Н.А аас 2021 оны 09 дүгээр сард өгнө гээд 2,500,000 төгрөг зээлж авсан.Би мөнгө зээлдэж авсны дараа Н.А  нь зун нөгөө мөнгөө өгөх боломж байна уу гэхэд бид танд 9 сард өгнө гэсэн 9 сардаа өгье одоо мөнгөгүй болчихсон байна гэж хэлсэн. Туханй мөнгийг би дансаар авч байсан дансны хуулганаас ч тодорхой харагдана. Би мөн С гэж манай ЗДТГ-ын үйлчлэгч байсан эгчээс 2 сая төгрөг зээлдэж байсан тэр хүн өг гээд нэхээд байхаар нь би Н.А аас зээлдсэн мөнгөнөөс яг тэр өдрөө Саруулд өгсөн. Ингээд би 2021 оны 09 дүгээр сард Н.А ын мөнгийг өгөх гэхэд Н.А  нь К урс руу явчихсан бөгөөд ах дүү нараас нь асуухад гэр орноо бүх зүйлээ зараад К руу буцаж Монголд орж ирээгүй явсан гэж байсан...” гэсэн байна.   

4.3.3.Х  аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №332 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолд....Харин А.Е  нь 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Н.А аас 2,500,000 төгрөг зээлдэж авсан байх бөгөөд уг үйлдэлд Эрүүгийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй байна.... гэсэн байна.

5.Хариуцагч А.Е  нь 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Н.А-аас 2,500,000 төгрөг зээлж авсан нь дээрх нотлох баримтаар тогтоогдож байгаа тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Зээлдүүлэгч (нэхэмжлэгч) Н.А нь зээлдэгч (хариуцагч) А.Е  бэлэн мөнгө 2,500,000 төгрөгийг зээлдэхэд зээлийг буцаан төлөх хугацаа тогтоосон нотлох баримт байхгүй тул Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаарзээлдүүлэгч (нэхэмжлэгч) Н.А-ын шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч (хариуцагч) А.Е  үүргээ биелүүлэх ёстой.

Зээлдэгч (хариуцагч) А.Е зээлдэж авсан бэлэн мөнгө 2,500,000 төгрөгийг төлөхийг зээлдүүлэгч (нэхэмжлэгч) Н.А  шаардсан боловч төлөөгүй, үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байна.

6.Иймд дээрх хууль ёсны нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээл төлөх үүргээ биелүүлээгүй хариуцагч Н.Е-аас зээлээр авсан бэлэн мөнгө 2,500,000 (хоёр сая таван зуун мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.А-т олгох нь зүйтэй байна.

8.Нэхэмжлэгч Н.А-аас итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х-д 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 16:40 цагт тойргийн нотариатч Б.Г-аас олгосон №0397 дугаар бүхий итгэмжлэл ньИргэний хуулийн 62 дугаар зүйлд  заасаншаардлагыг хангаж байна.

Энэ итгэмжлэлд  итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон бүрэн эрхийн талаар нэг бүрчлэн нэрлэн зааж тодорхой тусгасан ба нэхэмжлэлд гарын үсэг зурах зэрэг бүрэн эрхийг төлөөлөгчид олгосон гэснийг Н.А ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлд газрын үсэг зурах гэж буруу ойлгоод Н.А  гэж бичсэн гэдгээ хүлээн зөвшөөрч залруулсан, мөн нэхэмжлэлийн эхэнд нэхэмжлэгч гэдэгт Н.А ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х  гэж тодорхой бичсэн байгаа тул энэ нэхэмжлэл нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй гэж дүгнэх боломжгүй байна.

7.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаарнэхэмжлэгч Н.А ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54950 (тавин дөрвөн мянга есөн зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч А.Е-аас 54950 (тавин дөрвөн мянга есөн зуун тавин) төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-ийг баримтлан хариуцагч Ж овогт А.Е-аас зээлээр авсан бэлэн мөнгө 2,500,000 (хоёр сая таван зуун мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж  овогт Н-ийн А-т олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгч Н.А ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54950 (тавин дөрвөн мянга есөн зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.Е-аас 54950 (тавин дөрвөн мянга есөн зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.А-т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Х  аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МАНГИЛИК