Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 130/ШШ2023/00059

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

С аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч А.Жархынгүл даргалж, шүүгчид К.Бүлдирген, Б.Мангилик нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С аймгийн Б сумын 11 дүгээр багт оршин суудаг, М овогт С.Х;

Хариуцагч: С аймгийн Б сумын 8 дугаар багт оршин суудаг, Ш овогт Х.А,

Нэхэмжлэлийн шаардлага: С.Х-ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан С.Х-аас уучлалт гуйхыг Х.А-д даалгах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: С.Х,

Хариуцагч Х.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б (Улаанбаатар хотоос цахимаар),

Иргэдийн төлөөлөгч  Б.Ү,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.Х, хариуцагч Х.Аэд холбогдуулан  “С.Х-ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан С.Хаас уучлалт гуйхыг Х.Аэд даалгах тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах

Халтмаагийн Б С аймагт ирж, С аймгийн ард иргэдтэй уулзах үеэр хариуцагч Х.А нь эрхийнхээ дагуу микрофон аваад үг хэлэхдээ намайг хийгээгүй гэмт хэрэгт гүтгэж, олон түмний дунд миний нэр төрд халдаж, Аймгийн Засаг дарга асан, одоогийн аймгийн Гаалийн газрын дарга С.Х өөрийг нь өрөөндөө оруулж аваад камерын бичлэг хийгээд зодсон талаар үг хэлсэн.  Х.Аийн энэ  хэлсэн үг нь манай аймгийн бүх телевизүүдээр цацагдаж, олон түмэнд хүрсэн. Энэ бичлэг одоог хүртэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын сайтад байршиж, сонирхсон хүмүүс үзэж, сонирхоод, сэтгэгдэл бичих боломжтой хэвээр байгаа.

1.2.Хариуцагч Х.А нь намайг олон нийтэд муулж “С.Х-ын автомашин, гэр байшин нь бидэнд ноогдлоо, С.Х-ын эхнэр К.Б нь автомашинаар хүүхэд дайрлаа, С.Х нь Казахстан руу нүүх гэж байна. Казахстан руу хүн оруулдаг” гэх мэтээр байнга ярьж явдаг юм.

1.3.Намайг гүтгэж, доромжилж үйлдээгүй гэмт хэрэгт буруутгасандаа гомдолтой байна. Би хариуцагчаас энэ үйлдлийнхээ төлөө ямар нэгэн гэм хор нэхэмжлэхгүй. Зөвхөн хариуцагч тухайн үед С.Х намайг түүнийг зодсон зүйл болоогүй гэж хүлээн зөвшөөрвөл хангалттай.

1.4.Учир нь, тухайн өдөр Х.А цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, энэ гомдлын мөрөөр цагдаагийн 2 ажилтан ирээд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад  С.Х намайг Х.Аийг зодсон гэдэг үйл баримт тогтоогдоогүй гэж эцэст нь прокурорын тогтоол гараад хэрэг нээхээс татгалзсан шийдвэр гарсан.

1.5.Миний бие хариуцагч Х.А намайг үйлдээгүй гэмт хэрэгт буруутгаж, олон түмний өмнө миний нэр төрд халдсанд гомдолтой байна. Тиймээс шүүхээс миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, С.Х миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан С.Х надаас уучлалт гуйхыг Х.Аэд даалгах тухай шийдвэр гаргаж өгөхийг хүссэн байна.

2.Хариуцагч Х.А шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

2.1.С аймгийн Хөгжимт драмын театрт 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр тус аймгийн Хөгжимт драмын театрт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Б хөдөлмөрчидтэй хийсэн уулзалтын үед намайг Х.А нь “С.Х нь аймгийн Гаалийн газрын даргын өрөөнд оруулж аваад, камерын бичлэг хийж намайг зодсон гэж миний нэр, нэр төр, алдар хүндийг гутаасан үндэслэлгүй зүйл ярьсан, уг уулзалтын талаар орон нутгийн телевизээр цацсан” гэжээ. Гэтэл тэр өдөр С.Х нь тухайн өдөр намайг зодож гэмтээн тус аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж, мэдүүлэг байцаалт өгч, үзлэг эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлт гарч байсан, мөн гэрчүүд мэдүүлэг өгч байсан.

2.2.Мөн “Х.А нь намайг олон нийтэд муулж, Х-ын автомашин, гэр байшин нь бидэнд ноогдлоо, Х-ын эхнэр К.Б нь автомашинаар хүүхэд дайрлаа, С.Х нь Казахстан руу нүүх гэж байна, Казахстан руу хүн оруулдаг гэх мэтээр байнга ярьж явдаг” гэжээ.

Харин тэгвэл 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүхийн шийдвэрээр Х-ын Жаас нэг хүүхдийн тэтгэлэг гаргуулж, миний охин А.Ж олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэрийн дагуу Х.Жын нэр дээр бүртгэлтэй 0000 тоот улсын бүртгэлийн дугаартай Б сумын 5-р багт байршилтай 288 м.кв талбайтай, 20 өрөө, 3 давхар амины орон сууцны захиран зарцуулах эрхийг аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс түдгэлзүүлсэн байсан. Энэ талаар нотлох баримт надад байна. Тэрнээс биш энэ талаар олон нийтэд ямар нэгэн байдлаар мэдээлэл тараасан асуудал бол байхгүй.

2.3.Харин 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр би зээ хүү Аы хамт аймгийн төв Х банкны байрнаас гараад зам руу гараад алхаж байх үед С.Х-ын эхнэр К.Б нь өөрийн улаан өнгийн 9199 гэсэн улсын дугаартай суудлын тээврийн хэрэгслээр хүү Аыг дайрсан үйл явдал болсон ба бид тэр даруй цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргаж байсан. Тухайн үед хүү А, К.Б нараас тайлбар мэдүүлэг авч байсан, насанд хүрээгүй хүүхдээс мэдүүлэг авах үед аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэргэжилтэн оролцуулсан. Тухайн үед А биедээ гэмтэл авсан тул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 10 хоног Сэргээн засах эмчилгээ хийлгэсэн. Энэ бол үнэн бодит байдал юм.

2.4.Хариуцагч тухайн үед зөвхөн болсон үйл явдлын хүрээнд, үнэн зүйлийн талаар үг хэлсэн. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч С.Х хариуцагч Х.А нь түүнийг хэрхэн гутаан доромжилсныг нотолж чадаагүй. Х.А тухайн үед болоогүй үйл явдлын талаар хэлээгүй. Үүгээрээ С.Хыг хариуцагч Х.А доромжилсон гэдэг нь үгүйсгэгдэж байна. А нь С.Х-ын ач хүү мөн ба түүний тэтгэлгийг С.Х-ын эхнэр К.Б төлж байгаа талаар баримтууд хэрэгт авагдсан. Аыг К.Б машинаар шүргэсэн болох нь тухайн үед гомдол гаргасан Х.А болон хохирогч хүүхэд А нарын гомдол, мэдүүлгээр нотлогдож байна. Тухайн үед Аы биед гэмтлийн зэрэгт хамаарах гэмтэл учраагүй учраас прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг нээхээс татгалзсан.

2.5.Хэрэв Х.А хүнийг гэмт хэрэгт гүтгэсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хариуцлага хүлээх ёстой. Х.Аийн хэлсэн үг нь худал бол тухайн үед нэхэмжлэгч энэ талаар зохих байгууллагад гомдол гаргаж, Х.Аэд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх бүрэн боломжтой байсан. Үүнээс үзэхэд Х.Аийн хэлсэн үг нь хүнийг гүтгэсэн аястай худал зүйл биш, харин ч болсон бодит явдал байна гэж үзэхээр байна. Хариуцагчийн охин А.Ж-ийн хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч С.Х шинжилгээний объектыг хууль бусаар өөрчилж, шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээсэн. Шүүхийн шинжилгээний албаны ажилтан ч энэ асуудлаар эрүүгийн хариуцлага хүлээсэн.

2.6.Иймд нэхэмжлэгч мөнгөн дүнгээр гэм хорын хохирлыг арилгахыг шаардаагүй ч гэсэн гэм хорын хохирлыг арилгахыг хариуцагчид даалгахыг хүсэж байгаа учраас бид татгалзлынхаа үндэслэлийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгч болсон зүйлийг болоогүй мэтээр тайлбарлаж байгаа учраас нэхэмжлэгч С.Х-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна гэв.

3.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд: Миний бие С.Х гуайг мундаг хүн гэж боддог байсан, маш муу хүн байна, нэхэмжлэл нь үндэслэлгүй гэсэн байна.

4.Нэхэмжлэгчээс уулзалтын бичлэгийн флаш-1ш, С аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 30\4811 тоот албан бичиг, С.Х, К.Б нарын С аймаг дахь Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Ө.Танатад 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр гаргаж байсан хүсэлт,

5.Хариуцагчаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 3\6548 дугаартай албан бичиг, С аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 01\620 дугаартай албан бичиг, С аймаг дахь Гаалийн газрын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01\129 дугаартай албан бичиг, Гаалийн Ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 01-2\3730 дугаартай албан бичиг, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №01\2210 дугаартай албан бичиг, С аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 130\*******2018\00004 дугаартай шийдвэр, С аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2021\ШЦТ\118 дугаартай шийтгэх тогтоол, С аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх \цагаатгах\ тогтоол гардуулсан, танилцуулсан тухай 2021\БА\1261 Баримт №12, Цагдаагийн Ерөнхий газар мөрдөн байцаах албаны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 11\1-6828 дугаартай албан бичиг, Мобикомын утасны ярианы жагсаалт, хүү Аы Сэргээн засах эмчилгээний карт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №8843 дугаартай “ДНХ-ийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт”, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн №10749 дугаартай “Шинжээчийн дүгнэлт” зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

6.Шүүхээс нэхэмжлэгч С.Х, хариуцагч Х.А нарын тус шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 130\ШЗ2022\03398 дугаартай захирамжийг үндэслэн дараах баримтуудыг шүүхэд холбогдох байгууллагуудаас хүргүүлсэн болно.Үүнд:

С аймгийн Прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01\63 дугаартай албан бичиг, С аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №26 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол, С аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №32 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол, С аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гэрч Х.Аээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2022 оны 8, дугаар сарын 13-ны өдөр гэрч К.Бээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Х.Аээс мэдүүлэг авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр холбогдогч К.Бээс мэдүүлэг авсан тухай эрх бүхий албан тушаалтын тэмдэглэл, 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн насанд хүрээгүй хохирогч Ж.Ааас дараах удаа мэдүүлэг авсан тухай эрх бүхий албан тушаалтын тэмдэглэл, С аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн №494 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт”, 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн №0029903 дугаартай Шийтгэлийн хуудас, 2002 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Х.А С аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга гаргаж байсан хүсэлт, С аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн №31 дугаартай “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай” тогтоол, С аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №240 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол, С аймгийн Цагдаагийн газар 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 30\267 дугаартай албан бичиг, С аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №5\06 дугаартай “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” тогтоол, С аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №81 дугаартай “Шинжээчийн дүгнэлт” зэрэг  нотлох баримт хэрэгт авагдсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

2.Нэхэмжлэгч С.Х дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ха.Ба С аймагт ирж, С аймгийн ард иргэдтэй уулзах үеэр хариуцагч Х.А нь эрхийнхээ дагуу микрофон аваад үг хэлэхдээ намайг хийгээгүй гэмт хэрэгт гүтгэж, олон түмний дунд миний нэр төрд халдаж, Аймгийн Засаг дарга асан, одоогийн аймгийн Гаалийн газрын дарга С.Х өөрийг нь өрөөндөө оруулж аваад камерын бичлэг хийгээд зодсон талаар үг хэлсэн.  Х.Аийн энэ  хэлсэн үг нь манай аймгийн бүх телевизүүдээр цацагдаж, олон түмэнд хүрсэн. Энэ бичлэг одоог хүртэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын сайтад байршиж, сонирхсон хүмүүс үзэж, сонирхоод, сэтгэгдэл бичих боломжтой хэвээр байгаа тул нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан С.Х надаас уучлалт гуйхыг Х.Аэд даалгах нэхэмжлэл гаргасан.

3.Хариуцагч Х.А болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн байна. Үүнд: ...Миний бие нэхэмжлэгчийн нэр хүндийг гутаасан талаар олон нийтэд ямар нэгэн байдлаар мэдээлэл тараасан асуудал бол байхгүй, би болсон явдал, үнэн бодит байдлын талаар мэдээлэл өгсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:

4.1.Нэхэмжлэгч С.Х нь хариуцагч С.А-эд холбогдуулан “С.Х-ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан С.Хаас уучлалт гуйхыг Х.Аэд даалгах тухай” Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “ иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадаагүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж ,

мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадаагүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж  тус тус заасан байна.

4.2.Нэхэмжлэгч С.Х-ын талаар С аймгийн Хөгжимт драмын театр 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Б-ын ард иргэд буюу хөдөлмөрчидтэй хийсэн уулзалтын үед хариуцагч Х.А нь “С.Х аймгийн Гаалийн даргын өрөөнд оруулж аваад, камерын бичлэг хийж намайг зодсон...” гэж миний нэр төр, алдар хүндийг гутаасан үндэслэлгүй зүйл ярьсан гэсэн асуудлын талаар:

Хариуцагч Х.А нь “аймгийн Гаалийн газрын дарга С.Х миний эрх чөлөөнд халдсан” гэж аймгийн Цагдаагийн газарт гомдол гарган шалгуулж байсан нь С аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн №5\06 дугаартай “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” тогтоол, мөн С аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №81 дугаартай “Шинжээчийн дүгнэлт”-ээр тогтоогдож байна.

Тодруулбал, С аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №81 дугаартай “Шинжээчийн дүгнэлт”-ээр иргэн Х.Аийн биед баруун бугалгад 4 ширхэг хөх ягаан туяатай өнгөц цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтыг агуулах гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл ба 5-10 хоногт үүссэн гэмтэл болно гэсэн байна.

С аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн №5\06 дугаартай “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” тогтоолд... Материалд авагдсан нотлох баримтаас үзэхэд С.Х нь А-ийг зодсон нь тогтоогдоогүй буюу хяналтын камерт ямар нэгэн бичлэг үйлдээгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэгт хамаарах гэмтэл тогтоогдоогүй учраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлгүй байна гэсэн байна....Иргэн Х.Аийн гаргасан “... хэргийг сэргээн шалгуулж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна.

4.3.Мөн нэхэмжлэгч С.Х нь хариуцагч Х.А нь гүтгэлгийн шинж чанартай намайг олон нийтэд муулж “С.Х-ын автомашин, гэр байшин нь бидэнд ноогдлоо, Х-ын эхнэр К.Б нь автомашинаар хүүхэд дайрлаа, С.Х нь Казахстан руу нүүх гэж байна. Казахстан руу хүн оргуулдаг” гэх мэтээр миний нэр төр, алдар хүндийг гутаасан гэсэн асуудлын талаар:

Хариуцагч Х.А нь “2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр К.Б нь өөрийн 91-99 улсын дугаартай тээврийн хэрэгслээр миний охины хүү Ж.Аыг дайрсан” гэх гомдлоо С аймаг дахь Цагдаагийн газарт гаргаж шалгуулж байсан нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна Үүнд:

С аймаг дахь Цагдаагийн газрын НХЖХТ-ийн хэсгийн байцаагчийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Х.Аээс мэдүүлэг авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл болон С аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гэрч Х.Аээс мэдүүлэг авсан тэмдэглэлд: “...Би өнөөдөр 12 цагийн үед Б сумын 5 дугаар багт байрлах Х банканд орох үед надтай өш хонзонтой явдаг К.Б гэдэг хүн сууж байсан. Тэр хүн над руу муухай харж, сонин дуу, авиа гаргасан тул би банкнаас гараад охины хүү болох 7 настай Аыг домборын дугуйлангаас аваад замдаа банкаар мөнгө авахаар дахиад уг банканд орж ирсэн. Тэр үед К.Б банкнаас гараад яваад өгсөн. Тэр үед хүү маань гадаа гармаар байна гэхээр хүү бид хоёр гадаа гараад банкны баруун талын хашаа дагаад талбай руу явж байхад К.Б өөрийн улаан өнгийн машинаар огцом тойрч ирээд бид нарыг мөргөх шахсан... машинаар бид нарыг мөргөх шахсан тул тэр хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байгаа эсэхийг шалгаж өгнө үү” гэж мэдүүлсэн байна.

Мөн С аймаг дахь Цагдаагийн газрын НХЖХТ-ийн хэсгийн байцаагчийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр холбогдогч К.Бээс мэдүүлэг авсан тухай эрх бүхий албан тушаалтын тэмдэглэл болон С аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гэрч К.Бээс мэдүүлэг авсан тэмдэглэлд: “...Тэр өдөр би 12 цагийн үед Б сумын 11 дүгээр багт байдаг Х банкны төвд очсон...хэсэг хугацааны дараа  Х.А хүүхдийг дагуулаад ороод ирсэн. Тэгээд Х.А нь нэг юм гаргах юм байна гэдгийг мэдээд өөрөө түрүүлж банкнаас гараад явсан үед Х.А нь хүүхдийг дагуулж миний араас гарч ирээд машиндаа суугаад хөдлөх гэхэд Х.А нь хүүхдийг хөтөлж надад зам тавьж өгөхгүй, миний машины урдуур алхаад явж байсан... тэгээд би хажуугаас зөрөөд яваад өгсөн. Тухайн үед би машин жолоодож явсан нь үнэн. Гэхдээ ямар ч хүүхэд шүргэж, мөргөсөн асуудал гараагүй. Уг нь би өөрийн замаараа явж байхад эхнээс нь эхэлж Х.А надтай хэрүүл маргаан гаргах гэж хүүхдийг хөтөлж миний араас гарч ирж, улмаар миний машины урд ирж хэрүүл маргаан гаргасан. Гэвч би түүнтэй юу ч ярихгүйгээр яваад өгсөн...” гэж мэдүүлсэн байна.

Мөн С аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн “Насанд хүрээгүй хохирогч Ж.Ааас дараах удаа мэдүүлэг авсан тухай эрх бүхий албан тушаалтын тэмдэглэлд-д: ”....эндээс хэдэн өдрийн өмнө өвөө бид хоёр Х банкнаас гараад явж байхад нэг улаан өнгийн машин намайг шүргэж явсан...уг машин миний баруун талаас ирж, баруун талын гарыг шүргэж явсан...Тухайн үед өвөөд машин шүргэсэн талаар хэлсэн, мөн уйлсан, тухайн үед би газар унасан...” гэж мэдүүлсэн байна.

Мөн С аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн №494 дугаартай “Шинжилгээний дүгнэлт”-д: Ж.Аы биед гэмтэл тогтоогдоогүй...гэсэн байна.

Хавтас хэрэгт авагдсан С аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №240 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолд ...К.Б нь С аймгийн Б сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Х банкны урьд талаас 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр өөрийн эзэмшлийн 91-99БӨН улсын дугаартай Ниссантида маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож эхэлсэн болох нь тогтоогдож байх боловч насанд хүрээгүй хохирогч Ж.Аыг мөргөсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. ....Х.Аээс гаргасан Б/420 дугаартай гэмт хэргийн талаар гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан гэсэн байна.

4.4.Нэхэмжлэгч С.Х-ын хариуцагч Х.А нь намайг олон нийтэд муулж “С.Х-ын автомашин, гэр байшин нь бидэнд ноогдлоо, С.Х нь Казахстан руу нүүх гэж байна. Казахстан руу хүн оруулдаг” гэх мэтээр байнга ярьж явдаг гэх асуудлын талаар:

Нэхэмжлэгч Х.Х-ын хүү Жын (нэг хүүхдийн тэтгэлэг төлөгч) эзэмшилд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, хариу ирүүлэх тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 3\6548 дугаартай албан бичгээр Шийдвэр гүйцэтгэх албаны мэдээлэл лавлагаа, дүн шинжилгээний хэлтэст хандаж байсан нь,

Улмаар “Wolksvagon Touarged” маркийн 00-00БӨТ дугаартай тээврийн хэрэгсэл нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Х.Жын нэрээр Монгол Улсын Гаалийн хилээр гарсан бөгөөд буцаж улсын хилээр нэвтрээгүй болох нь С аймаг дахь Гаалийн газрын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01\129 дугаартай албан бичиг, Гаалийн Ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01-2\3730 дугаартай албан бичгээр,

 Мөн С.Х Жын нэр дээр бүртгэлтэй 1111 тоот улсын бүртгэлийн дугаартай Б сумын 5 дугаар багт байршилтай 288 м.кв талбайтай 20 өрөө 3 давхар амины орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тухай С аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 01\620 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдож байна.

4.5.Хавтаст хэрэгт авагдсан С аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №32 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолоор С.Х-ын “С ноцтой мэдээ нэртэй сайтад 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр миний нэр төрд халдсан мэдээ, мэдээлэл олон нийтэд цацагдсан” гэж Х.Аэд холбогдуулан гаргасан гэмт хэргийн талаарх Б/012 дугаартай гомдол мэдээллийг шалгаад...хувьд хүний нууцыг задруулсан, илт худал мэдээлэл тараасан нөхцөл байдал тогтоогдоогүй... хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан нь, 

мөн К.Бийн “Б сумын иргэн Х.А гэгч надаас их хэмжээний мөнгө нэхэмжилсэн, намайг айлган сүрдүүлж, заналхийлдэг тул хуулийн дагуу шалгаж өгнө үү” гэх гомдол мэдээллийг шалгаж... К.Бийг заналхийлсэн үйл баримт тогтоогдоогүй....К.Бийн гаргасан Б/015 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан болох нь С аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №26 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолоор тус тус тогтоогдож байна.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан байна.

Хуулийн энэ заалтын дагуу С аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 130\*******2018\00004 дугаартай шийдвэр, С аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2021\ШЦТ\118 дугаартай Шийтгэх тогтоол, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №8843 дугаартай “ДНХ-ийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт”, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн №10749 дугаартай “Шинжээчийн дүгнэлт” зэргээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.

            6.Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн С аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 30\4811 тоот албан бичиг, С.Х, К.Б нарын С аймаг дахь Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Ө.Танатад 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр гаргаж байсан хүсэлт, мөн хариуцагч талаас гаргаж өгсөн К.Б нь тээврийн хэрэгслээ даатгалд даатгуулаагүй зөрчилд шийтгэл оногдуулсан 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн №0029903 дугаартай “Шийтгэлийн хуудас”, Х.Аийн мөрдөгчийг татгалзах тухай 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр С аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн даргад гаргаж байсан хүсэлт, Х.Аийн мөрдөгчийг татгалзах тухай хүсэлтийг хангахаас татгалзсан С аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн №31 дугаартай “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай” тогтоол, Цагдаагийн Ерөнхий газар мөрдөн байцаах албаны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 11\1-6828 дугаартай албан бичиг, “Мобисом” ХХК-аас гаргаж өгсөн утасны ярианы жагсаалт, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №01\2210 дугаартай албан бичиг, С аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх \цагаатгах\ тогтоол гардуулсан, танилцуулсан тухай Баримт №12 зэрэг бичмэл баримтууд нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно. 

         7.Хэрэгт цугларсан дээр нотлох баримтаар С аймгийн Хөгжимт драмын театрт 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр тус аймгийн Хөгжимт драмын театрт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Б хөдөлмөрчидтэй хийсэн уулзалтын үед хариуцагч Х.Аэд нь нэхэмжлэгч С.Х-ын талаар ярьсан зүйл, үйл явдал нь тухайн үед цагдаагийн байгууллагаар шалгагдаж байсан, бодит үйл баримт болох нь нотлогдож байна.

Мөн хариуцагч Х.А нь С.Х-ын нэр, нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүндийг гутаасан илт худал мэдээлэл тараасан гэдэг нь тогтоогдохгүй байгаа ба хариуцагч Х.Аийн С.Х-ын талаар ярьсан үйл баримт нь бодит байдалд нийцэж байгаа нь дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдож байна.

8.Мөн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн нэхэмжлэгч С.Х-ын нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна гэсэн агуулга бүхий дүгнэлт нь эрх зүйн үндэслэлтэй байна.

9.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Х-ын хариуцагч Х.Аэд холбогдуулан гаргасан “С.Х-ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан С.Хаас уучлалт гуйхыг Х.Аэд даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 

 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Х-ын хариуцагч Х.Аэд холбогдуулан гаргасан “С.Х-ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан С.Хаас уучлалт гуйхыг Х.Аэд даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч С.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор С аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЖАРХЫНГҮЛ

 

ШҮҮГЧИД                                                       К.БҮЛДИРГЕН

 

Б.МАНГИЛИК