| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2022/01066 |
| Дугаар | 130/ШШ2023/00063 |
| Огноо | 2023-01-17 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 130/ШШ2023/00063
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
С аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С аймгийн Н сумын 9 дүгээр баг, Б тосгонд оршин суудаг, Ш овогт М.А,
Хариуцагч: С аймгийн Н сумын 9 дүгээр баг, Б тосгонд үйл ажиллагаа явуулдаг Б тосгоны ерөнхий боловсролын сургууль (захирал К.Г),
Нэхэмжлэлийн шаардлага: С аймгийн Б тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Багш М.Аийг ажлаас чөлөөлөх тухай” Б/58, Б/59 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, М.М.Аийг тус сургуулийн хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С,
Хариуцагч С аймгийн Б тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирал К.Г,
Хариуцагчийн өмгөөлөгч Х.Б,
Гэрчээр: С аймгийн Н сумын 9 дүгээр баг, Б тосгоны ерөнхий боловсролын сургуулийн багш гэрч Д.А, гэрч Б.А, гэрч Н.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М.М.А анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага хариуцагч С аймгийн Б тосгоны ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан “С аймгийн Б тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Багш М.А-ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/58 дугаартай тушаалыг хүчингүй болгож, М.М.Аийг тус сургуулийн хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай байсан.
Хариуцагч С аймгийн Б тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирал нь шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Багш М.А-ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/59 дугаартай тушаал гаргаж өгснөөр нэхэмжлэлийн шаардлагыг дахин зөвтгөн тодорхойлж, нэхэмжлэгч М.М.А хариуцагч С аймгийн Б тосгоны ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан “С аймгийн Б тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Багш М.М.Аийг ажлаас чөлөөлөх тухай” Б/58, Б/59 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, М.М.Аийг тус сургуулийн хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай гэж тодорхойлох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Нэхэмжлэгч М.М.А Б тосгоны ерөнхий боловсролын сургуульд дуу хөгжмийн багшаар олон жил ажиллаж байгаа юм. Гэтэл ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй байхад тус сургуулийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Багш М.А-ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/58 дугаартай тушаалаар дуу хөгжмийн багшийн ажлаас чөлөөлсөн байна. Ажил олгогчийн тушаал нь бодит байдалтай нийцэхгүй байгаа бөгөөд ажилтан сургуулийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчиж ажлын цагаар архи уугаагүй юм.
Ер нь сургуулийн захирал К.Г нь М.М.А ажлын байранд байнга дарамт үзүүлж ирсэн байна. Тэрээр урьд М.М.Аийг шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон асуудалд байнга өширхөх юм бол М.М.Аээс ямар нэгэн алдаа хайх зэргээр ажиллаж ирсэн. Нэхэмжлэгч М.М.Аээс уг хөдөлмөрийн маргааныг тус аймгийн ҮЭ-ийн дэргэдэх гурван талт маргааныг шийдвэрлэх комиссоор шийдвэрлүүлэх хүсэлт гаргахад аймгийн ҮЭ-ийн хорооноос маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх гэсэн хариу амаар өгсөн.
Иймд С аймгийн Б тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Багш М.М.Аийг ажлаас чөлөөлөх тухай” Б/58 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, М.М.Аийг тус сургуулийн хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн байна.
2.Хариуцагч С аймгийн Б тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирал К.Г нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:
2.1. Нэхэмжлэгч М.М.А нь 2022 оны 10 дугаар сард хоёр хоног дараалан ажил тасалж хичээлдээ ороогүй. Тухайн үед Д.А багшийн даадаг 2 дугаар ангид, дуу хөгжмийн хичээл орох ёстой боловч ороогүй. Д.А багш залгаж ярихад хуц гэж хэл амаар доромжилсон байна. Энэ асуудлаар 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Д.А багш гомдол гаргасан учир түүний асуудлыг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр сургуулийн ёс зүйн зөвлөлийн хурлаар авч хэлэлцээд сүүлчийн удаа сануулах арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. М.М.А ч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч тодорхойлолт бичиж өгсөн. Түүний тухайн зөрчилд нь сургуулийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/56 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх хэсэгт зааснаар өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
2.2.Дараа нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн үдээс хойш 4а, 4б, 1а ангиудад дуу хөгжмийн хичээл орох ёстой байсан боловч мөн ажилд ирээгүй. Анги удирдсан багш Б.А, Н.Г нараас энэ талаар надад мэдэгдсэнийг дагуу М.М.А руу залгаж ярихад согтуу байсан ба чи яагаад дандаа надтай зуралдаад байдаг юм вэ, надад сургуулийн сургалтын менежер хяналт тавьдаг болохоос чи биш захирал хяналт тавихгүй, чи захирал юм бол өөртөө захирал юм байгаа биз, “битгий хуц” гэж хэл амаар доромжилсон. Мөн хэсэг хугацааны дараа над руу өөрөө залгаж мөн хэл амаар доромжилсон.
2.3.Тэгээд бид түүний асуудлыг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ёс зүйн зөвлөлийн хурлаар дахин авч хэлэлцэхэд М.М.А хуралд орж ирсэн боловч надад буруу байхгүй, ажлаас халбал хал гээд хурлыг орхиж гарсан. Тэгээд би түүнийг ирж гэм буруугаа хүлээж уучлалт гуйх болов уу гэж хүлээсэн боловч ажилд ирээгүй. Би түүнийг 11 дүгээр сарын 07-ны өдрийн үдээс хойш, 11 дүгээр сарын 8, 9, 10-ны өдрүүдэд хүлээгээд ажилд ирэхгүй 3 хоног дараалан ажил тасалсан учир 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/59 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, М.М.Атэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дахь зүйлийн 3.1, 3.2, 3.3 дахь заалт, сургуулийн ёс зүйн хорооны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн сахилгын зөрчил давтан гаргасан, ажлын цагаар архи ууж хичээлд ороогүй ажил тасалсан зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.Иймд М.М.Аийн нэхэмжлэл үндэслэлгүй учир бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэсэн байна.
3.Нэхэмжлэгчээс С аймгийн Б тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “Багш М.А-ийг үндсэн багшаар авч ажиллуулах тухай” тушаал, С аймгийн Б тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/58 дугаартай “Багш М.А-ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаал, М.М.Аийн НДД№А000444 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Төрийн мэдээллийн сангаас гаргаж авсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”, М.М.Аийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр олгосон “Заах арга зүйч” мэргэжлийн зэргийн үнэмлэх, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр олгосон М.М.Аийн “Багш” мэргэшлийн үнэмлэх, Х.М.Аийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б тосгоны ерөнхий боловсролын сургуулийн манаач Х.С-ы гарын баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
4.Хариуцагчаас С аймгийн Б тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирал К.Г, нэхэмжлэгч Х.М.А нарын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан №13 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”, С аймгийн Б тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 21-ний №А/43 дугаартай “Ёс зүйн зөвлөлийн ажилтныг томилон ажиллуулах тухай” тушаал, багш Д.Аийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр С аймгийн Б тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захиралд гаргасан өргөдөл, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Ёс зүйн зөвлөлийн хурал”-ын тэмдэглэл, А.М.Аийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр бичсэн гарын баримт, С аймгийн Б тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 10 дүгээр сарын 21-ний өдрийн Б/56 дугаартай “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаал, Б тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн багш ажилчдын ирцийн бүртгэл (2022 оны 09, 10-р сар), 2022 оны 11-р сар, Б тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны 10 сарын 03-ны өдрөөс мөрдсөн “Хичээлийн хуваарь”, Б.А, Н.Г нарын баримт, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Хөгжмийн багш М.М.Аийн ёс зүй алдсантай холбоотой ёс зүйн зөвлөл, дотоод хяналт, бага дунд ангийн заах аргын нэгдлийн ахлагчдыг оролцуулан хийсэн хурал”-ын тэмдэглэл, С аймгийн Б тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/59 дугаартай “Багш М.-дийн ажлаас чөлөөлөх тухай” тушаал, С аймгийн Б тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/47 дугаартай тушаалаар баталсан “Б тосгоны ерөнхий боловсролын сургуулийн дотоод журам”, Б тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирлын М.М.Атэй утсаар ярьсан ярианы бичлэгийн СД-1ш зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд гэрч Б.А, гэрч Н.Г, хариуцагчийн хүсэлтээр гэрч Д.А нар шүүх хуралдаанд гаргасан гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангах нь зүйтэй байна.
2.Нэхэмжлэгч М.М.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...миний бие ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй байхад тус сургуулийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/58 дугаартай тушаалаар дуу хөгжмийн багшийн ажлаас чөлөөлсөн ба ажил олгогчийн тушаал нь бодит байдалтай нийцэхгүй байгаа тул ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан.
3.Хариуцагч С аймгийн Б тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирал К.Г нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... нэхэмжлэгч М.М.Аийн гаргасан асуудлыг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ёс зүйн зөвлөлийн хурлаар дахин авч хэлэлцэхэд М.М.А хуралд орж ирсэн боловч надад буруу байхгүй, ажлаас халбал хал гээд хурлыг орхиж гарсан. Тэгээд би түүнийг ирж гэм буруугаа хүлээж уучлалт гуйх болов уу гэж хүлээсэн боловч ажилд ирээгүй. Би түүнийг 11 дүгээр сарын 07-ны өдрийн үдээс хойш, 11 дүгээр сарын 8, 9, 10-ны өдрүүдэд хүлээгээд ажилд ирэхгүй 3 хоног дараалан ажил тасалсан учир 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/59 дугаар тушаалаар сахилгын зөрчил давтан гаргасан, ажлын цагаар архи ууж хичээлд ороогүй ажил тасалсан зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд М.М.Аийн нэхэмжлэл үндэслэлгүй учир бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Хариуцагч С аймгийн Б тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирал К.Г нь Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалт, С аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 130/ШШ2021/00101 дугаартай шийдвэрийг тус тус үндэслэн М.М.Аийг 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр тус сургуулийн дуу хөгжмийн үндсэн багшаар авч ажиллуулсан нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай тушаалаар нотлогдож байна.
4.2.Хариуцагч (ажил олгогч) С аймгийн Б тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирал К.Г, нэхэмжлэгч (ажилтан) Х.М.А нар 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр №13 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”-г хугацаагүй байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1–д заасан зохицуулалтад тус тус нийцэж байна.
4.3.Нэхэмжлэгч М.М.А нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хичээл ороогүй, багш Д.А учрыг мэдэх гээд залгахад хэл амаар доромжилсон гэх асуудлаар багш Д.Аийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр С аймгийн Б тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захиралд өргөдөл гаргасан байна.
Тус сургуулийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 21-ний №А/43 дугаартай тушаалаар батлагдсан тус сургуулийн” Ёс зүйн зөвлөл”-ийн хурлаар 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хэлэлцээд А.М.Аэд хамгийн сүүлчийн удаа сануулах арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн, мөн нэхэмжлэгч А.М.А 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Миний бие 10 сард шалтгаангүй 2 өдөр ажил тасалсан тул үнээс хойш ямар нэг шалтгаангүй хичээл таслахгүй үнэнчээр ажиллана. Намайг хүндэлж боломж олгосон та бүхэнд баярлалаа. Та бүхийн итгэлийг дааж ажиллах болно” гэж гарын баримт бичиж өгсөн байна.
С аймгийн Б тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 10 дүгээр сарын 21-ний өдрийн Б/56 дугаартай “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалаар Хөдөлмөрийн гэрээг зөрчиж 2 өдөр шалтгаангүй хичээл ороогүй алдаа гаргасан учир дуу хөгжмийн багш М.М.Аэд сахилгын шийтгэлийн сануулах арга хэмжээ авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх заалтад нийцэж байна.
4.4.Нэхэмжлэгч М.М.А нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр буюу Пүрэв гарагт Бага ангийн 2-р ээлжийн хичээлийн 2 дугаар цагт дуу хөгжмийн хичээл Б.А багштай 4 а ангид, 3 дугаар цагт Н.Г багштай 4б ангид, 4 дүгээр цагт С.Л багштай 1а ангид дуу хөгжмийн хичээл ороогүй, ажил тасалсан болох нь Б тосгоны ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны 10 сарын 03-ны өдрөөс мөрдсөн “Хичээлийн хуваарь”, Б тосгоны ерөнхий боловсролын сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн багш ажилчдын 2022 оны 11-р сарын “ирцийн бүртгэл”, Б.А, Н.Г нарын гарын баримт болон шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Тодруулбал, Б тосгоны ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер гаргаж, тус сургуулийн захирал баталж, 2022 оны 10 сарын 03-ны өдрөөс эхлэн мөрдсөн Б тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн “Хичээлийн хуваарь”-ийн Бага анги, 2-р ээлж гэдэг 9-т хичээлийн нэр: Хөгжим, багшийн нэр: М.А,...Пүрэв: 2 дугаар цагт 4а, 3 дугаар цагт 4б, 4 дүгээр цагт 1а ангид хөгжмийн хичээлтэй байна.
Б тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн багш ажилчдын 2022 оны 11-р сарын ирцийн бүртгэл”-дийн 19-т М.М.А 11 дүгээр сарын 03-ны өглөө 10.00-13.00 ирсэн; өдөр “ирээгүй” гэж тэмдэглэсэн байна.
Шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.А мэдүүлэгтээ: “...2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 3 дугаар цагт М.М.А багш манай ангид хичээл орох ёстой байсан боловч цагтаа орж ирсэнгүй. Тухайн үед багш хүний хувьд хүлээгээд сууж байсан. Бага ангийн сурагчид удаан хугацаагаар хүлээх чадвар муутай байдаг. Хүүхдүүд надаас дуу хөгжмийн хичээл хэзээ орох вэ гэж дахин дахин асуугаад байсан. Ирэх байх гэж хүлээсэн боловч ямар нэгэн шалтгаангүйгээр тухайн өдрийн хичээлд ороогүй. М.М.А багш ядахдаа тухайн үед хичээл ороогүй шалтгаанаа хэлэх ёстой байсан боловч ямар нэгэн шалтгаан дурдаагүй гэв. Сургуулийн удирдлагад энэ талаар хэлээгүй ба ямар ч байсан М.М.А багш хичээл ороогүй гэж сургалтын менежерт мэдэгдсэн...”
Мөн Шүүх хуралдаанд оролцсон гэрч Н.Г мэдүүлэгтээ: “...2022 оны 11 дүгээр сарын 03-ны пүрэв гараг байсан. Хичээлийн хуваарийн дагуу дуу хөгжмийн багш М.М.А манай 4б ангид 1 цаг хичээл орох ёстой байсан. Тухайн үед манай хамаатны хүн нас бараад би тийшээ очих шаардлагатай байсан боловч М.М.Аийг хүлээсэн. М.М.А орох ёстой цагтаа ирж хичээл ороогүй учраас би 5 цаг хүртэл өөрөө байгаад, сурагчдыг тараагаад явсан. Тухайн өдөр үдээс хойш орох 2 дугаар ээлжийн хичээлийн хуваарьт М.М.А 3 дугаар цагт 4б ангид хичээл орох талаар тэмдэглэгдсэн байгаа...”
4.5.Хариуцагч С аймгийн Б тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирал 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/58 дугаартай “Багш М.А-ийн ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар (нэхэмжлэгч) М.М.А нь сургуулийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчин ажлын цагаар архи ууж хичээлд ороогүй, ажил олгогчийг хэл амаар доромжилж ёс зүйн зөрчил, сахилгын давтан зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Хариуцагч энэ тушаалд Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.2.7 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, Сургуулийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/53 дугаар тушаал, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар хэсгийн 3 дахь зүйлийн 3.1, 3.2, 3.3 дахь заалт, Сургуулийн ёс зүйн хорооны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэл болгосон байна.
4.6.Хариуцагч С аймгийн Б тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/58 дугаартай тушаалд үндэслэл болгосон Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.2.7 дахь заалт болон Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт нь ажил олгогч (хариуцагч) С аймгийн Б тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирлын эрх хэмжээтэй холбоотой байна.
Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар хэсгийн 3 дахь заалтад “Ажилтан доорх зөрчлүүдийн аль нэгийг гаргасан нь тогтоогдсон тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар энэхүү гэрээг цуцална. /Ажил үүргийн онцлогтой холбоотой ажил олгогч ажилтан нар харилцан тохиролцож ноцтой зөрчлүүдийг нэрлэн заах/ Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-д заасан ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрлөх эрхийн гэрээг цуцалж, дуусгавар болгоно” гэж заасан байна.
Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар хэсгийн 3 дахь заалтын 3.1-д “ажлын байранд ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн” гэж заасан ба нэхэмжлэгч М.М.А 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр үдээс хойш ажилд ирээгүй болох нь дээрх Б тосгоны ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн цагийн бүртгэлээр нотлогдож байгаа ба согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгийг нотлох баримт байхгүй байна.
Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар хэсгийн 3 дахь заалтын 3.2-т “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш хоног ажил тасалсан” гэж заасан ба дээрх Б тосгоны ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн цагийн бүртгэлээр нэхэмжлэгч М.М.А өглөө 10.00-13.00 ажилдаа ирсэн, өдөр үдээс хойш 2 дугаар цагт, 3 дугаар цагт, 4 дүгээр цагт хичээл ороогүй нийтдээ 3 цаг ажил тасалсныг 2-оос дээш хоног ажил тасалсан гэж дүгнэх нь бодит байдалтай нийцэхгүй байна.
Мөн нэхэмжлэгч М.М.А нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр буюу Пүрэв гарагт үдээс хойш 2 дугаар цагт 4а ангид, 3 дугаар цагт 4б ангид, 4 дүгээр цагт 1а ангид дуу хөгжмийн хичээл ороогүй нийт 3 цагийн хэрхэн ажлын 2 дээш хоногт тооцсоныг хариуцагч нотолж чадаагүй болно.
Иймд нэхэмжлэгч М.М.А нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэдгийг нотлох баримт байхгүй байна.
4.7.Мөн хариуцагч С аймгийн Б тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/58 дугаартай тушаалд (нэхэмжлэгч) М.М.А нь сургуулийн дотоод журмыг зөрчсөн гэж дурдсан боловч хөдөлмөрийн дотоод журмын холбогдох зүйл заалтыг баримтлаагүй, мөн ажлын цагаар архи уусан гэдгийг тогтоогоогүй, мөн ажил олгогч (хариуцагч)-ийг хэл амаар доромжилсон тухай эрх бүхий байгууллагад хандаж, энэ талаарх үйл баримтыг тогтоолгосон хууль ёсны нотлох баримт байхгүй тул хариуцагчийн нэхэмжлэгчтэй утсаар ярьсан гэх бичлэгээр нэхэмжлэгч хариуцагч (ажил олгогч)-ийг хэл амаар доромжилсон гэж дүгнэх боломжгүй байна.
8.Харин Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар хэсгийн 3 дахь заалтын 3.3-т “Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан буюу өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь удаа дараа биелүүлээгүй” гэж заасан ба нэхэмжлэгч М.М.А урьд нь 2 өдөр шалтгаангүй хичээл ороогүй алдаа гаргасан учир сануулах сахилгын шийтгэлтэй болох нь Б тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/56 дугаар тушаал, тус сургуулийн ёс зүйн хорооны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хурлын шийдвэрээр нотлогдож байгаа болохоос бусдыг хэл амаар доромжилсон гэдгийг нотлон тогтоосон, сахилгын арга хэмжээ авсан нотлох баримт байхгүй байна.
Иймд нэхэмжлэгч ажлын цагаар архи ууж хичээл ороогүй, ажил олгогчийг хэл амаар доромжилж ёс зүйн зөрчил, сахилгын давтан зөрчил гаргасан гэж дурдсан боловч аль аль зөрчлийг давтан гаргасан болохыг нотолж тогтоогоогүй, тайлбар аваагүй холбогдох нотлох баримт байхгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д зааснаар нэхэмжлэгч М.М.А нь ямар сахилгын зөрчлийг давтан гаргасан болох хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдохгүй байна.
4.9.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д “ ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ...” гэж заасан ба ажил олгогч (хариуцагч) Б тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирал (нэхэмжлэгч) М.М.Аэд ажлаас халах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай мэдэгдэж, тайлбар авсан эсэх нь тодорхойгүй байна.
Учир нь, Б тосгоны ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Хөгжмийн багш М.А-ийн ёс зүй алдсантай холбоотой ёс зүйн зөвлөл, дотоод хяналт, бага дунд ангийн заах аргын нэгдлийн ахлагчдыг оролцуулан хийсэн хурлын тэмдэглэл”-ээр...Ёс зүйн асуудал гаргасан багш (нэхэмжлэгч) М.М.Аийн талаар авч хэлэлцсэн... ба багш (нэхэмжлэгч) М.М.А “өөрийн буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, ажлаас халбал хал” гээд хурлыг орхин гарсан гэж тэмдэглэн бичсэн боловч багш (нэхэмжлэгч) М.М.Аийн сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг хэрхэн харгалзсан нь тодорхойгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн аль заалтыг сонгосон эсэх нь тодорхой бус, ямар шийдвэр гаргасныг мөн тодорхойгүй үлдээсэн байна.
5.Хариуцагч С аймгийн Б тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирал К.Г нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б/58 дугаартай “М.М.Аийг ажлаас чөлөөлөх тухай” эхний тушаалаа гаргаж нэхэмжлэгч (ажилтан)-д гардуулсан мөртлөө, мөн өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б/59 дугаартай “М.М.Аийг ажлаас чөлөөлөх тухай” дараагийн тушаал гаргасан үндэслэлээ хариуцагч тайлбарлаж чадаагүй баБ/59 дугаар тушаалыг нэхэмжлэгч (ажилтан)-д гардуулаагүй хууль зөрчсөн байна.
6.Дээрх нотлох баримтуудаар М.М.Аийг ажлаас чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д заасныг үндэслэн хариуцагч С аймгийн Б тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Багш М.М.Аийг ажлаас чөлөөлөх тухай” Б/58, Б/59 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч М.М.Аийг тус сургуулийн хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
7.Нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын тушаалд нэхэмжлэгчийн нэрийг М.А гэж бичигдсэн боловч нэхэмжлэгчийн Монгол Улсын Иргэний үнэмлэхэд нэр нь М.А гэж бичигдсэн байх тул нэхэмжлэгчийн нэрийг шийдвэрт М.А гэж зөвтгөн бичсэн болно.
8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч С аймгийн Б тосгоны ерөнхий боловсролын сургуулиас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч С аймгийн Б тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Багш М.М.Аийг ажлаас чөлөөлөх тухай” Б/58, Б/59 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Шу овогт М.Аийг тус сургуулийн хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч С аймгийн Б тосгоны ерөнхий боловсролын сургуулиас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор С аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК