| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 196/2025/0157/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/175 |
| Огноо | 2025-09-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Манлайбаатар |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анужин,
Улсын яллагч Б.Манлайбаатар,
Насанд хүрээгүй хохирогч П.*******, түүний хууль ёсны төлөөлөгч Л.*******,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
Өсвөр насны шүүгдэгч Б.*******, түүний хууль ёсны төлөөлөгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Манлайбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 108/А дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ийн *******д холбогдох эрүүгийн 2507000000145 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* хотод төрсөн, тай, эрэгтэй, ын **** , ам бүл 3, өвөө, эмээгийн хамт ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
******* овогт ийн ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Өсвөр насны яллагдагч Б.******* нь “2025 оны 02 дугаар сарын 21-ний орой 22 цагийн үед хорооны нутаг дэвсгэрт ерөнхий боловсролын зөөх зориулалтын зөөх зориулалт бүхий улсын дугаартай Донг Фенг маркийн тээврийн хэрэгсэл дотор “миний вэйб алга болсон байна” гэх шалтгаанаар насанд хүрээгүй буюу 14 настай П.*******гийн гадна хүрмийн дотор халаасыг нэгжиж, “чиний мөнгийг би авчихмаар харагдаад байна уу” гэж шалтаглан толгойн тус газар нь олон удаа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Тэмцээнээ тараад автобусанд ортол ын электрон тамхи алга болсон гээд П.*******г нэгжиж байгаад маргаан үүссэн. Нэгжих гэтэл халаасанд байгаа мөнгө авчхав гэж хэлсэн. Тэгэхээр нь би чиний мөнгийг авахгүй гээд цохисон” гэв.
Насанд хүрээгүй хохирогч П.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Тэмцээнээ тараад автобусанд сууж байсан чинь *******ээ ах электрон тамхи алга болчихлоо бүгдийг нь нэгж гээд нэгжсэн .Нэгжих үед нь халаасанд байгаа мөнгө авчхав гээд хэлэхэд миний толгой руу цохиод байсан. Би гэртээ ороод энэ явдлаа аавдаа хэлсэн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
Улсын яллагчийн зүгээс: Хохирогч П.гийн аавын цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол хүсэлт /1хх 3/, насанд хүрээгүй хохирогч П.*******гийн мэдүүлэг /1хх 12-13, 14-15/, /1хх 190-191/, П.гийн яаралтай тусламж үйлчилгээ авсан 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 1484 дугаартай яаралтай тусламжийн хуудас /1хх 79/, шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 144 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 74-79/ шинжлэн судалж, насанд хүрээгүй гэрч Ц., Б., Б.******* нарын мэдүүлгийг тус тус хавтаст хэрэгт шинжлэн судалснаар тооцуулах саналыг шүүхэд гаргав.
Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч: Б.*******ий нас тоолсон тухай тэмдэглэл /1хх 25/, Б.*******ий биед гарсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт /1хх 84-85/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх тодорхойлолт /1хх 107/, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан хүсэлт /1хх 124/, түргэн тусламжийн төвийн бичиг баримт зэргийг шинжлэн судлав.
Өсвөр насны шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүх хуралдаанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлд зааснаар өсвөр насны яллагдагчид оногдуулах ялыг 2 дахин багасгаж оногдуулахыг шүүхэд гаргаж байна” гэх,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж өөрөөр хэлбэл шүүгдэгчийн хувьд энэ жил 12 дугаар анги буюу төгсөх ангийн өмгөөлөгчийн зүгээс яагаад үүнийг дурдаад байна вэ гэхээр нэгэнт 10 жилийн сургуулиа төгсөөд цаашдаа нийгэмд хөлөө олох мэргэжлээ сонгох эгзэгтэй мөчид шүүгдэгчийн энэ хувийн байдлыг шүүх харгалзаж 1 жилийн хугацаанд хянан харгалзахаар шийдвэрлэж өгнө үү. Прокурорын зүгээс 4 сар гэдэг байдлаар оруулсныг шүүх анхаарч үзэх байх. Шүүгдэгчийн хувьд өсвөр насны яллагдагч учир эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг өөрөө сонгох санкцтай. Шүүгдэгчийн хувьд тодорхой ажил эрхлэх боломжгүй сурч байгаа учраас торгох шийтгэл оногдуулах боломжгүй. Яагаад нийтэд тустай ажил хийлгэхэд шүүгдэгчийн хувьд ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа учраас энэ маань цаашид сурч боловсроход нь нөлөөлөх учраас нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулахгүйгээр түүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авч өгнө үү” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Өсвөр насны шүүгдэгч Б.******* нь 2025 оны 02 дугаар сарын 21-ний орой 22 цагийн орчимд хорооны нутаг дэвсгэрт ерөнхий боловсролын зөөх зориулалт бүхий улсын дугаартай Донг Фенг маркийн тээврийн хэрэгсэл дотор электрон тамхи хайх зорилгоор насанд хүрээгүй хохирогч 14 настай П.*******гийн гадна хүрмийн дотор халаасыг нэгжих гэж байх үед “мөнгө авчив гэж хэллээ, чиний мөнгийг би авчихмаар харагдаад байна уу” гэх шалтгаанаар нүүр лүү нь 2 удаа алгадаж, толгойн тус газар нь олон удаа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, өсвөр насны шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр буюу насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл өсвөр насны шүүгдэгч Б.******* нь насанд хүрээгүй хохирогч П.*******гийн биед халдаж эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогч, өсвөр насны шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас насанд хүрээгүй хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээч эмчийн 146 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Тиймээс өсвөр насны шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Өсвөр насны шүүгдэгч Б.*******ий гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч П.*******гийн биед хөнгөн хохирол учирсан ба насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нарын зүгээс “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул өсвөр насны шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.
Харин өсвөр насны шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Иймд өсвөр насны шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 130 цаг нийтэд тустай ажил хийх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Өсвөр насны шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Өсвөр насны шүүгдэгч Өндөр тайж овогт ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч 130 /нэг зуун гуч/ цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
4. Өсвөр насны шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ