| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2022/01118 |
| Дугаар | 130/ШШ2023/00099 |
| Огноо | 2023-01-31 |
| Маргааны төрөл | Төрийн албаны тухай хуулиар бусад, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 130/ШШ2023/00099
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д аймгийн С сумын 4 дүгээр багт оршин суудаг, Ш овогт А-ы Б,
Хариуцагч: Д аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Д аймгийн ШХГ (даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.А),
Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөнөөс дутуу олгосон 3,799,968 (гурван сая долоон зуун ерэн есөн мянга есөн зуун жаран найман) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С,
Хариуцагч Д аймгийн Б газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ахмарал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.Б, хариуцагч Д аймгийн ШХГт холбогдуулан төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөнөөс дутуу олгосон 3,799,968 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Нэхэмжлэгч А.Б нь Д аймгийн Б сумын “У” амралтын газарт 1985 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал үйлчлэгчээр, Д аймгийн Б сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг дуустал худалдагчаар нийтдээ улсад 5 жил 4 сар улсын төсөвт байгууллагад ажилласан.
1.2.Нэхэмжлэгч А.Б нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан юм. Анх Д аймгийн С сумын цэцэрлэгийн эрхлэгч А.Бд өндөр насны тэтгэвэрт гарахад төрөөс нэг удаа олгох тэтгэмжийн хэмжээг 13,200,000 төгрөгөөр тогтоож өгөхийг хүсэж, уг саналыг аймгийн Р газарт уламжилсан. Гэтэл аймгийн Р газар нь А.Бд 9,400,032 төгрөгийн тэтгэмж өгч үлдсэн, 3799,988 төгрөгийг өгөлгүй хохироосон байна. Уг 3,799,988 төгрөг нь А.Б-ийн Б сумын У амралтын газар болон Б сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажилласан 5 жил 4 сард ноогдох хугацааны тэтгэмж юм.
1.3.Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын санхүү нь А.Б-ийн Б У амралтын газар болон Б сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажилласан 5 жил 4 сарын хугацааг төрд ажилласан хугацаанд тооцохоос татгалзсан. Бодит байдал дээр, 1990-ээд оноос өмнө хувийн байгууллага гэж байхгүй ба амралтын газар, худалдаа бэлтгэл анги нь улсаас санхүүжүүлдэг төсөвт байгууллага учраас А.Бд төрөөс нэг удаа олгох тэтгэмжийг авах эрх үүссэн гэж үзэж байна.
1.4.Иймд аймгийн Б газраас төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөнөөс дутуу олгосон 3799968 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Бд олгож өгнө үү гэсэн байна.
2.Хариуцагч Д аймгийн Б газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.А болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:
2.1.Нэхэмжлэгч А.Б нь 1985 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Б сумын У Пионерын лагерьд үйлчлэгчээр 3 сар, 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Б сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар 5 жил 1 сар, 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл С сумын Хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар 12 жил, 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нөхөн тооцуулж, баталгаажуулсан байна.
2.2.Засгийн газрын 2019 оны 7 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 3.1.2 болон 3.1.4 дэх заалт мөн заалтын тайлбар болон Хөдөлмөрийн Нийгмийн Хамгааллын Яамны 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №3/439 тоот албан бичигт мөн Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамнаас манайд хүргүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №6/2848 тоот албан бичигт тус тус 1990 оноос өмнө болон хойших хугацаанд үйлдвэр аж ахуйн газруудад ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулахгүй гэсэн байна.
2.3.А.Б-ийн 1985 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Пионерын лагерьд үйлчлэгчээр ажилласан 3 сар болон 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Б сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажилласан 5 жил 1 сар болох нийт 5 жил 1 сар төрийн алба хаасан хугацаанд оруулах боломжгүй болно.
2.4.Иймд Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Засгийн газрын тогтоолыг үндэслэж олгосон.
Тодруулбал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн үйлчлэлийн хүрээнд нөхөн тооцуулж, баталгаажуулсан 3 жил 7 сар мөн С сумын хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар ажилласан 12 жил нийт төрийн алба хаасан хугацааг нь 15 жилээр тооцож нийт 9,434,850 төгрөгийн тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг шилжүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэсэн байна.
3.Нэхэмжлэгчээс Д аймгийн Архивын тасгийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн №347 дугаартай “Архивын лавлагаа”, А.Б-ийн №098806 дугаартай “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн хуулбар, Д аймгийн Б сумын хэрэглээний хоршооны даргын 1991 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн №13 дугаартай “Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай“ тушаал, Монгол Улсын Хүн Амын Бодлого Хөдөлмөрийн Яамны 1996 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн №4/282 дугаартай “Д аймгийн Засаг даргад хаягласан “Танай 2/174 тоотын хариу” гэсэн албан бичиг, Хүн амын бодлого, Хөдөлмөрийн сайдын 1995 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн №108/133 дугаартай “Төрийн албан хаагчийн тухайн албан тушаалд ажилласан хугацааг тооцож, цалингийн шинэ сүлжээг мөрдөх тухай” тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
4.Хариуцагчаас Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №6/2848 дугаартай Д аймгийн Р газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ад хаягласан “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №3/439 дугаартай Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хаягласан “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн №8/521 дугаартай Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ч.Ж-д хаягласан “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, Д аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын ня-бо Н.М-ын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тооцоо бодсон “А.Б-ийн тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн тооцоо” зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2.Нэхэмжлэгч А.Б дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... аймгийн Р газар нь надад 9,400,032 төгрөгийн тэтгэмж өгч үлдсэн, 3799,988 төгрөгийг өгөлгүй хохироосон тул үлдсэн тэтгэмжийн мөнгийг гаргуулахаар шүүхэд хандсан.
3.Хариуцагч Д аймгийн ШХГ нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...1990 оноос өмнө болон хойших хугацаанд үйлдвэр аж ахуйн газруудад ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулахгүй тул нэхэмжлэгч А.Б-ийн 1985 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Пионерын лагерьд үйлчлэгчээр ажилласан, мөн 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Б сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулах боломжгүй болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч А.Б нь Д аймгийн Б сумын У Пионерын лагерьд үйлчлэгчээр 1985 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 3 сар, Б сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 5 жил 1 сар, С сумын Хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 12 жил, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нөхөн тооцуулж тэтгэвэр тогтоолгосон нь талуудын тайлбараар нотлогдож байгаа ба энэ үйл баримтын талаар талууд маргаагүй болно.
4.2.Нэхэмжлэгч А.Б нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн тул Төрийн албан тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй болно.
Нэхэмжлэгч А.Б С сумын Хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 12 жил 23 хоног, НДШ-ийн баталгаажилтын хуудсаар 1991 оны 6 дугаар сараас 1994 оны 12 дугаар сар хүртэл 3 жил 7 сар, нийдээ төрийн албад ажилласан жил 15 жил 7 сар 23 хоногийн хугацаанд оногдох төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж 9,434,850 төгрөгийг олгосон нь зохигчдын тайлбар болон хариуцагчаас гаргаж өгсөн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “А.Б-ийн тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн тооцоо” зэрэг баримтуудаар нотлогдож байна.
4.3.Мөн нэхэмжлэгч А.Б Д аймгийн Б сумын У Пионерын лагерьд үйлчлэгчээр 1985 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, Б сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ажилласан үйл баримтын талаар нэхэмжлэгч А.Б-ийн №098806 дугаартай “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн бичилт хийгдсэн, мөн Д аймгийн Б сумын хэрэглээний хоршооны даргын 1991 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн №13 дугаартай “Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай“ тушаал зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ын 3-ын 4-д улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал, захиргааны ажилтан, бусад ажилтан (хөлсөөр түр ажилласан орохгүй)-аар 1996 оны 8 дугаар сарын 01-ээс 2008 оны 5 дугаар сарын 06-ны хүртэл ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцохоор заасан.
Иймд нэхэмжлэгч А.Б нь Д аймгийн Б сумын У Пионерын лагерьд үйлчлэгчээр 1985 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, Б сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцогдох хууль зүйн үндэслэл байхгүй болно.
Мөн Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 6\2848 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт...Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 3.1.2-т “Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албан хаагч болсон иргэний 1990 оны 03 дугаар сарын 23-аас өмнөх нам, олон нийтийн төв, орон нутгийн байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан хугацаа”, 3.1.4-т “улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал, захиргааны ажилтан бусад ажилтан (хөлсөөр түр ажиллагч орохгүй)-аар 1996 оны 08 дугаар сарын 01-ээс 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх ажилласан хугацаа”-г төрийн албанд ажилласан хугацаанд оруулж тооцохоор тус тус заасан. Иймд уг журмын зохицуулалтаар 1990 оноос өмнөх болон хойших хугацаанд нэгдэл болон үйлдвэр, аж ахуйн газарт ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулж тооцох боломжгүй гэсэн байна.
Мөн Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ын 3-ын 2-д “төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албан хаагч болсон иргэний 1990 оны 3 дугаар сарын 23-аас өмнө нам, олон нийтийн төв, орон нутгийн байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан хугацааг төрийн алба хаасан хугацаатай адилтган тооцон” гэж заасан байна.
Д аймгийн Б сумын У Пионерын лагерь болон Б сумын Худалдаа бэлтгэлийн анги нь улсын өмчит үйлдвэрийн газрууд хэдий ч улсын төсөвт байгууллагаа биш бөгөөд тухайн тооцоон дээр үйлдвэр, үйлчилгээ эрхэлдэг байсан тул дээрх журмын заалт хамааралгүй болно.
5.Хариуцагчаас Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн З\439 дугаартай Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хаягласан “Хариу өгөх тухай” албан бичгийн хуулбарыг гаргаж өгсөн ба энэ нь хэрэгт хамааралгүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн хуулийн зохицуулалтад нийцээгүй байна.
6.Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Монгол Улсын Хүн Амын Бодлого Хөдөлмөрийн Яамны 1996 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн №4/282 дугаартай “Д аймгийн Засаг даргад хаягласан “Танай 2/174 тоотын хариу” гэсэн албан бичиг, Хүн амын бодлого, Хөдөлмөрийн сайдын 1995 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн №108/133 дугаартай “Төрийн албан хаагчийн тухайн албан тушаалд ажилласан хугацааг тооцож, цалингийн шинэ сүлжээг мөрдөх тухай” тушаал, мөн Д аймгийн Архивын тасгийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн №347 дугаартай “Архивын лавлагаа”, мөн хариуцагчаас гаргаж өгсөн Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн З\439 дугаартай Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт “Хариу өгөх тухай” албан бичгийн хуулбар нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.
7.Хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үгүйсгэгдэж байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-ийг баримтлан хариуцагч Д аймгийн Б газраастөрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөнөөс дутуу олгосон 3,799,968 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч А.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
8.Энэ нэхэмжлэл нь тэтгэмжтэй холбоотой тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-ийг баримтлан хариуцагч Д аймгийн Б газраас төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөнөөс дутуу олгосон 3,799,968 (гурван сая долоон зуун ерэн есөн мянга есөн зуун жаран найман) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Шт овогт А-ы Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Д аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК