2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/180

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  М.Буянзаяа,   

улсын яллагч Б.Манлайбаатар,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,

шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Манлайбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 105/А дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2507001200110 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* өдөр, ******* суманд төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* ажилтай, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт ******* сум тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ******* тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

******* овогт *******ын ******* /РД:*******/,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ц.******* нь согтуурсан үедээ, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газрын урд талын зам дээр улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно а/ согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.1 жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийн харгалзан тээрийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Ш.ын биед хэвлийн битүү гэмтэл, элэгний 6,7-р сегмент хальсан доорх голомтлог цус хуралт, няцрал, сээрний 12-р, бүсэлхийн 1,2,3-р нугалмын хугарал, нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл хүндэвтэр хохирол учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.******* шүүхийн  хэлэлцүүлэгт:  “2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр найзуудын хамтаар Тэрэлж гэх амралтын газар луу явсан. Очсон оройдоо 2.5 литрийн Сэнгүр гэх пивоноос  6 уусан. Өглөө нь хичээлтэй байсан тул яарч явж байгаад замд ийм зүйл болсон” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс:Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох” байр суурьтай. Хавтаст хэргээс хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-5/, Зам тээврийн осол тогтоосон акт, осол хэрэг газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-4-9/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-183-187/, жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл /хх-60-62/, хохирогч Ш.ын мэдүүлэг /хх-12, 84/, гэрч Б.гийн мэдүүлэг /хх-14/, гэрч Н.ын мэдүүлэг /хх-17/, шинжээчийн дүгнэлт /хх-29-33, 35-39/,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: гэмт хэргийг хөнгөрүүлэх” гэсэн байр суурьтай.  Хавтаст хэргээс Ц. хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-104-127/, хохирол төлсөн баримт /хх-132-139, 144-149/,  ял шалгуулах хуудас /хх-102/ зэрэг баримтуудыг шинжлэн судална. Мөн шүүхэд шинээр ажилд томилсон тушаал, нийгмийн даатгал төлсөн баримт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Ц. холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу  2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газрын урд талын зам дээр улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно а/ согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.1 жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийн харгалзан тээрийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Ш.ын биед хэвлийн битүү гэмтэл, элэгний 6,7-р сегмент хальсан доорх голомтлог цус хуралт, няцрал, сээрний 12-р, бүсэлхийн 1,2,3-р нугалмын хугарал, нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ц. өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 09-ний орой 23 цагийн үед би найзуудын хамт Налайх дүүргийн гэр амралтын газар очсон. Тухайн амралтын газар очоод орой нь би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хоноод маргааш өглөө нь хичээлтэй байсан учир 07 цагийн үед тухайн гэр амралтаас гараад явж байх үед амралтын газрын хажуугаар явж байх үед зам бага зэрэг цас ороод мөстчихсөн байсан тухайн мөсөн дээр машин шарваад хажуу тал руу онхолдсон. Тухайн үед би хичээлтэй байсан тул бага зэрэг хурдтай явж байсан. Нэг ухаан орох үед хажууд сууж байсан Б. машины гадаа гарчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би машины салхины шилийг өшиглөөд салхины шилээр гарах үед хойно сууж байсан Ш. машины хойноос намайг аваарай гээд орилоод байсан. Тэгэхээр нь би очоод татаж аваад машины гадна гаргаж ирсэн. Удалгүй түргэн болон цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 81 дүгээр тал/

 

   2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.ын өгсөн: “…2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод байх үед Б. над руу залгаад хэдүүлээ Тэрэлж явж амрах уу бид нар явах гэж байна очоод авъя гэхээр нь би зөвшөөрөөд 22 цаг өнгөрч байх үед намайг ирж байсан. Бид нар тэгээд Налайх дүүргийн ийн төв дээр гэр амралтад очоод бид нар 2,5 литрийн пивоноос 6 ширхгийг хувааж уусан. Тэгээд өглөө 08 цагийн үед өглөө хичээлээсээ хоцорчихлоо гээд бид нар хөдөлсөн. Тухайн үед / бүтэн нэрийг мэдэхгүй/ түрүүлээд явчихсан байсан хойноос нь Ц.******* болон Б. бид гурав Ц. машинтай явсан. Тухайн үед машинд хойно суугаад ороод шууд унтчихсан. Гэнэт түс тас гэх чимээгээр сэрсэн. Тэгсэн чинь урд сууж байсан орилоод байсан. Тэгээд ухаан балартаад эмнэлэгт сэрсэн, өөр юу болсон талаар мэдэхгүй байна. Миний биед нурууны Л-1 ээс Л4 хүртэлх сэртэн ясны хугаралтай элгэнд цус хуралттай өөр гэмтэл шарх байхгүй. Цус хуралт шимэгдчихнэ тийм учраас хагалгаа хийх шаардлагагүй, нуруу бас хагалгаанд ороогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар тал/,

 

      3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.гийн өгсөн: “…2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр найзуудаараа Налайх дүүргийн ийн төв дээр очоод гэр амралтын газар очсон /хаяг мэдэхгүй/ бид нар очоод 2,5 литрийн Сэнгүр гэх нэртэй пиво 5 ширхгийг уугаад 03 цагийн үед унтаад тэгээд өглөө нь 8 цаг өнгөрөөд бид нар хоёр машинтай зэрэг хөдөлсөн. Тухайн үед хамт хөдөлсөн машин түрүүлээд яваад өгчихсөн. Тэгээд бид нар ын урдуур явж байх үед машин шарваад замын эсрэг талын урсгал руу орсон. Тэгсэн өөдөөс 2 машин ирж байсан тул Ц.******* хажуу тал руу дараад замын хажуу тал руу ороод онхолдсон. Тухайн үед машин өнхрөөд эргэлдэж байх үед би машины цонхоор шидэгдчихсэн байсан зарим зүйлийг санахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 дүгээр тал/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.ын өгсөн: “… улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Ц.******* худалдан авч байсан. Тухайн үед ******* нь Сүхбаатар аймгийн хаягтай байсан тул Улаанбаатар хотын дугаар авах боломжгүй байсан. Тийм учраас миний нэр дээр аваад Улаанбаатар хотын дугаар авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/,

 

 

 

5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ЕГ0325/1714 дугаар: “Шинжилгээнд “241347109 дугаартай 4 мл вакум теанар савтай цус” гэж хаяглан ирүүлсэн “241347109” хуруу шилний дугаартай цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цусны дээжээс 0,8 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 0,8 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 29-33 дугаар тал/,

 

          6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ЕГ0725/3210 дугаартай дүгнэлтэд “ Ш.ын биед хэвлийн битүү гэмтэл элэгний 6,7-р сегмент хальсан доорх голомтлог цус хуралт, няцрал, сээрний 12-р, бүсэлхийн 1,2,3 дугаар нугалмын хугарал, нурууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт, /хх-ийн 35-39 дүгээр тал/

 

          7. Зам тээврийн осол, шалтгаан нөхцөлийг тогтоосон Цагаан шонхрын жигүүр НҮТББ-ын шинжээч Т.ын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 46-65/148 дугаартай: “...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн нэгдүгээр бүлэг нийтлэг үндэслэл 1.2.17 зам тээврийн осол гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д зам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг гэж заасан байх тул уг үйлд явдлыг зам тээврийн осол мөн гэж үзэж байна. Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад Toyota prius маркийн улсын дугаартай автомашины жолооч Ц.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно a/ согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.1 жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийн харгалзан тээрийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Toyota prius маркийн улсын дугаартай автомашины жолооч Ц.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А, 12.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна....” гэх дүгнэлт /хх-ийн 53-56 дугаар тал/,

 

8. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7 дугаар тал/

 

9. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 183-186 дугаар тал/

 

         10. Шүүгдэгч Ц. хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 99-124 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай.

Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, харин шинжээчийн дүгнэлтүүд, агуулгын хувьд зөрүүтэй боловч үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгох”-оор, 65 дугаар зүйлийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх”-ээр тус тус заажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Дүрэм батлах тухай 239 дүгээр тогтоолоор Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баталж, эрх зүйн системийн нэгдсэн санд бүртгэгдэж, хүчин төгөлдөр бөгөөд замын хөдөлгөөнд оролцогч нь энэхүү дүрмийг сахин биелүүлэх үүрэг хүлээсэн.

Шүүгдэгч Ц.******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гарган хохирогч Ш.ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн холимог хэлбэртэй байна.

Шүүгдэгч Ц.******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргаж хохирогч Ш.ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байх бөгөөд шүүгдэгч нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм  хэмжээний актыг зөрчсөн санаатай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүх хуралдаанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.ын биед хүндэвтэр хохирол учирсан. Хохирогч нь шүүдэгчээс ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй. Хоорондоо эвлэрсэн болохоо илэрхийлсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Гэм буруугийн шүүх хуралдаанаар Ц.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байх тул Ц.ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хохирогчид хохирол төлбөр төлсөн болон ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил 2 сарын хугацаагаар хасаж, 2 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Зорчих эрх хязгаарлах ялыг түүний ажил хөдөлмөр эрхэлдэг болон оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлах саналыг гаргаж байна. Ц.******* нь бусдад төлөх төлбөргүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцогдож ирээгүй. Хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйл байхгүй болохыг тус тус дурдаж байна” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “…Шүүгдэгч Ц.******* нь одоо , ажилладаг. Тухайн ажил нь өөрийн гэсэн онцгой нөхцөл байдалтай. дүүрэг гэлтгүй  Монгол улсад хаана онцгой гал түймэр гарна тэр үед хүчний байгууллага дуудагдаж очиж албан үүргээ гүйцэтгэж байгаа тул зорчих эрх хязгаарлах ял Ц. хувьд боломжгүй. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил 2 сарын хугацаанд хасаж өгнө үү гэж улсын яллагчийн зүгээс санал гаргасан. Анх удаа тохиолдлын чанартай гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, хохирол төлбөрийг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд тухайн заалтад заасан 3 жилийн хугацаагаар хасаж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах ялыг оногдуулж өгнө үү гэдэг саналыг өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

           Шүүгдэгч Ц.******* нь хохирогч Ш.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогч нь “эмчилгээний зардалд 1,500,000 төгрөг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх 138/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаагүй,

Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах ялыг оногдуулж өгнө үү” гэх санал гаргасныг шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт, талуудын мэтгэлцээний үндсэн дээр тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гарган хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал зэргийг үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд шүүгдэгч Ц.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсангэм буруутайд тооцож түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Бусад асуудлаар

Шүүгдэгч Ц.******* нь эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч ******* овогт *******ын ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсангэмт хэргийг үйлдсэн гэм  буруутайд тооцсугай.

 

  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.*******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

 3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.ыг эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суугаа болон ажил хөдөлмөр эрхэлдэг гэх  дүүргийн маршрутаар зорчихоос бусад тохиолдолд зорчихыг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/  жилийн хугацаагаар хасах хугацааг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 6.  Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй  болохыг тус тус дурдсугай.

 

 7.  Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 8.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЧИНЗОРИГ