Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/1065/З |
Дугаар | 128/ШШ2023/0168 |
Огноо | 2023-02-27 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2023/0168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.А*******
Хариуцагч: Монгол *******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.М*******, Д.Д*******
Маргааны төрөл: Н.А*******од улс төрийн намын эрх бүхий этгээдийн гишүүдийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, хурлын тэмдэглэлийг улс төрийн намын хуулийн этгээдийн хувийн хэрэгт хэрхэн агуулдаг /оруулдаг/ талаар мэдээлэл өгөхийг Монгол *******эд даалгах нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчээс Монгол *******эд холбогдуулан “Н.А*******ын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, ******* нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.12-т заасан мэдээлэл буюу улс төрийн намын эрх бүхий этгээдийн гишүүдийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, хурлын тэмдэглэлийг улс төрийн намын хуулийн этгээдийн хувийн хэрэгт хэрхэн агуулдаг /оруулдаг/ талаар мэдээлэл өгөхийг даалгах” тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч нь Монгол *******эд 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “эрх барих этгээдийн гишүүдийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, хурлын тэмдэглэл”-ийг улс төрийн намын хуулийн этгээдийн хувийн хэрэгт хэрхэн агуулдаг талаар мэдээллийг авах тухай хүсэлтийг гаргажээ.
3. Нэхэмжлэгч нь дээрх хариуг эс зөвшөөрч 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* Тамгын газрын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 05/4887 дугаар албан бичгээр улс төрийн намын эрх барих этгээдийн гишүүдийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, хурлын тэмдэглэл зэргийг ******* бүртгэхээр Улс төрийн намын тухай хуульд заагаагүй тул эдгээр асуудлуудыг ******* нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээгүй байна гэх хариуг хүргүүлжээ.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
“******* нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.12-т заасан мэдээлэл буюу улс төрийн намын эрх барих этгээдийн гишүүдийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, хурлын тэмдэглэлийг улс төрийн намын хуулийн этгээдийн хувийн хэрэгт хэрхэн агуулдаг /оруулдаг/ талаарх үйл ажиллагааны талаарх мэдээлэл өгөхийг хүссэн.
Уг хүсэлтийн хариунд *******ийн Тамгын газраас 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр "Хариу хүргүүлэх тухай" 05/4488 дугаар албан тоотоор хариу өгсөн боловч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.12-т заасан мэдээлэл буюу улс төрийн намын эрх барих этгээдийн гишүүдийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, хурлын тэмдэглэлийг улс төрийн намын хуулийн этгээдийн хувийн хэрэгт хэрхэн агуулдаг /оруулдаг/ талаарх мэдээллийг иргэнд өгсөнгүй. Үүнээс шалтгаалж миний бие хүсэлтэд дурдсан мэдээллийн хариуг авч чадсангүй.
*******ийн Тамгын газраас 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 05/4488 дугаар албан тоотод дээд шүүхээс улс төрийн намын бүртгэлийг хэрхэн хөтлөх талаар дурдсан хэдий ч улс төрийн намын хувийн хэргийг хэрхэн хөтөлдөг талаар тодорхой дурдаж хариу өгсөнгүй.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар хуулийн этгээдийн бүртгэл хөтлөх, хувийн хэрэг хөтлөх харилцаа нь тусдаа бие даасан харилцаа, журмаар зохицуулагддаг ажээ. Тухайлбал:
Хуулийн этгээдийн бүртгэл хөтлөх хуулийн зохицуулалт | Хуулийн этгээдийн хувийн хэрэг хөтлөх хуулийн зохицуулалт |
8.1.1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд улсын бүртгэл хөтлөх, энэ тухай хуульд заасны дагуу цахим хуудсаар нийтэд мэдээлэх; | 8.1.3.энэ хуулийн 9.5-д заасан журмын дагуу хуулийн этгээдийн хувийн хэрэг хөтлөх; |
8.4.Хуулийн этгээд... ыг улсын бүртгэлд хөтлөх журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. | 9.5.Хуулийн этгээдийн хувийн хэрэг хөтлөх журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална. |
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Мэдээлэл хариуцагч өөрийн чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгана: 8.2.1.эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл, тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн;" гэж заасан.
*******ээс улс төрийн нам гэх хуулийн этгээдийг бүртгэдэг этгээдийн хувьд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д заасан чиг үүргийн хүрээнд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-10.1.14-д заасан үйл ажиллагаа нь буюу улс төрийн намын хувийн хэргийг хэрхэн хөтөлдөг талаарх үйл ажиллагаа, үйлчилгээ, зохион байгуулалт нь ил тод нээлттэй гэж үзэж байна. Түүнчлэн уг асуудлыг хуульд ямар нэг байдлаар хязгаарлалттай, хаалттай, төрийн нууц гэж үзээгүй байна.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Төрийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор мэдээлэл хариуцагчийн чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт... үзүүлж байгаа үйлчилгээ болон хуулиар хаалттай, хязгаарлалттай гэж тогтоосноос бусад мэдээллийг ил тод, нээлттэй байлгана." гэж заасан.
Иймд миний бие *******эд хандан үйл ажиллагааны талаарх тодорхой нээлттэй мэдээлэл авахыг хүссэн боловч өгөөгүй буюу нээлттэй мэдээлэл авах эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа учир Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасан эрхийн хүрээнд шүүхэд гомдол гаргаж байна.
Н.А*******ын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, ******* нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.12-т заасан мэдээлэл буюу улс төрийн намын эрх бүхий этгээдийн гишүүдийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, хурлын тэмдэглэлийг улс төрийн намын хуулийн этгээдийн хувийн хэрэгт хэрхэн агуулдаг /оруулдаг/ талаар мэдээлэл өгөхийг даалгаж өгнө үү.” гэжээ.
5. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “*******ийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 38 дугаар тогтоолоор улс төрийн нам, Ардчилсан нам дахь хуулийн этгээдийн эрх барих этгээд болох үндэсний бодлогын хорооны гишүүдийн нэрсээс нь үзэхэд гээд шийдвэрлэгдсэн байгаа. Ямартай ч хуулийн этгээдийн улс төрийн намын эрх барих этгээдийг сонгосон томилсон шийдвэрүүдийн протоколууд нь ялангуяа нэрсүүд нь байдаг гэж ойлгосон. Огт байхгүй биш, агуулдаггүй биш, хадгалдаггүй биш тэгэхээр яагаад өнөөдрийг хүртэл иргэндээ энэ мэдээллийг өгөхгүй байгааг ойлгохгүй байгаа, үндсэндээ иргэнийхээ эрхийг дорд үзэж байгаа л гэж ойлгож байгаа.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д улс төрийн намыг бүртгэнэ гэж заасан. Бүртгэлийн хүрээнд маш олон чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан. Бүртгэх явцдаа ямар журмаар яаж оруулдаг талаар мэдээлэл авахыг хүссэн юм. Дотоод чиг үүрэгтэй холбоотой мэдээллийг төрийн нууц, хаалттай мэдээлэл гэж үзэхгүй байна. Сүүлд гарсан 10 дугаар тогтоол бол нэхэмжлэгч миний маргаад байгаа асуудал бол зөв юм байна гэдгийг батлаад байгаа. Дээд шүүх тогтоолоо гаргахдаа ашигласан мэдээллээ өгөхгүй огт бүртгэл байхгүй гээд байгааг ойлгохгүй байна. Эцэст нь хэлэхэд Дээд шүүхийн тамгын газарт биш Улсын Дээд шүүхэд гэж хаягласан.” гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
“1/ Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.8-д ******* нь "улс төрийн намын бүртгэл хөтлөх”-өөр заасан, харин ******* нь улс төрийн намын талаарх ямар асуудлаар бүртгэл хөтлөхийг Улс төрийн намын тухай хуульд нарийвчлан зохицуулжээ. Тодруулбал,
I.шинээр үүсгэн байгуулагдсан намыг бүртгэх /9.1/;
II.намын дарга өөрчлөгдсөнийг бүртгэх /9.3.1/;
III.намын хаягийн өөрчлөлтийг бүртгэх /9.3.5/;
IV.намууд нийлсэн, нэгтгэгдсэн тохиолдолд шинээр бүртгэх /15.3/;
V.өөрчлөн байгуулагдах замаар үйл ажиллагаагаа зогсоосон намыг улсын бүртгэлээс хасах /15.7/;
VI.намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэх /21.2/;
VII.намын мөрийн хөтөлбөрт орсон нэмэлт өөрчлөлтийг бүртгэх /21.2/;
VIII.намын хүсэлтээр үйл ажиллагаа зогсоосныг бүртгэх /23.1/ зэрэг болно.
Дээрх бүртгэлийг хөтлөхдөө Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “*******ийн нийт шүүгчийн хуралдаанаар энэ хуулийн 25.7.3, 25.7.4, 25.8-д заасан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол гаргана.” гэж заасны дагуу нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол гаргахаар заасан.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Бүх шатны шүүх Ерөнхий шүүгч, шүүгчээс бүрдэнэ.”, 15.2-т “Шүүхийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч тэргүүлнэ.” гэж заасан бөгөөд *******ийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг мөн хуулийн 27 дугаар зүйлд тусгайлан заахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан өргөдөл, гомдолд албан бичгээр хариу өгөх талаар хуульчилсан.
Харин иргэн Н.А*******оос 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн хүсэлт нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1.9-д “/Тамгын газар нь/ иргэн, хуулийн этгээдээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуульд заасны дагуу шийдвэрлэж, хариу өгөх;”-өөр зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох “Н.А*******ын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, ******* нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.12-т заасан мэдээлэл буюу улс төрийн намын эрх бүхий этгээдийн гишүүдийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, хурлын тэмдэглэлийг улс төрийн намын хуулийн этгээдийн хувийн хэрэгт хэрхэн агуулдаг /оруулдаг/ талаар мэдээлэл өгөх” чиг үүргийг *******ийн Тамгын газар хариуцдаг болно. Тиймээс Тамгын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 05/4887 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн байна.
Шүүх дээрх асуудлыг *******эд хамаатуулж хариуцагчаар татан захиргааны хэрэг үүсгэн ажиллагаа явуулж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино.” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.
2/ Н.А*******оос *******эд 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан хүсэлтийн хариу албан бичгийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1.9-д заасны дагуу *******ийн Тамгын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 05/4887 дугаар албан бичгээр … хүргүүлсэн нь хууль болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, Тамгын газраас өгөх өөр мэдээлэл байхгүй, хүсэлтийн хүрээнд мэдээллийг бүрэн өгсөн гэж үзэж байна.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “улс төрийн намын эрх барих этгээдийн гишүүдийг сонгосон, өөрчилсөн, тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, хурлын тэмдэглэл” зэргийг ******* бүртгэдэггүй, эдгээртэй холбоотой асуудлыг нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцдэггүй, хуулиар эдгээрийг бүртгэхээр заагаагүй, заавал хувийн хэрэгт авч хадгалах шаардлага тавигдаагүй.
Улс төрийн нам нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд бүртгэхээр заасан бусад "хуулийн этгээд”-ээс ялгаатай, уг хуулиар хуулийн этгээдийн хувьд заавал бүртгүүлэхээр заасан зарим бүртгэл нь улс төрийн намын хувьд хамаарахгүй буюу ******* бүртгэхгүй талаар нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 27 дугаар тогтоолоор тодорхой тайлбарлаж, шийдвэрлэсэн байдаг. Иймд, нэхэмжлэгч Н.А*******ын “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.1.12-т заасан мэдээллийг ******* заавал бүртгэх ёстой” гэх агуулгатай нэхэмжлэл үндэслэлгүй.
Түүнчлэн, дээрх асуудлуудаар *******ийн нийт шүүгчийн хуралдааны тогтоол гардаггүй буюу манайх ийм бүртгэл хөтөлдөггүй гэж тодорхой хариуг өгсөөр байтал “энэ талаарх мэдээллийг улс төрийн намын хувийн хэрэгт хэрхэн оруулдаг талаар мэдээлэл өгсөнгүй” гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй, нэхэмжлэгч яг ямар хариу авах хүсэлтэй нь тодорхойгүй, хувийн хэрэгт оруулдаггүй мэдээллийг “хэрхэн оруулдаг талаар” мэдээлэл өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Монгол *******ийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дүгээр тогтоолын хавсралтаар "Улс төрийн намын бүртгэл хөтлөх журам" батлагдсан бөгөөд журам нь батлагдсан хугацаанаас хойш *******ийн www.supremecourt.mn цахим хуудаст олон нийтэд нээлттэйгээр байршуулсан.
Уг журмын 5.3-д “Улс төрийн намын улсын бүртгэлд бүртгэлтэй намын дүрэм, мөрийн хөтөлбөрт өөрчлөлт орсон, нам нэрээ өөрчилж, эсхүл өөрчлөн байгуулагдсан тухай өргөдөл, түүнд хавсаргасан бичгийн болон цахим хэлбэрийн баримтуудыг зохих бүртгэлд тусгаж, өргөдлийг хангасан эсэхээс үл хамааран эдгээр болон шүүхийн ажиллагааг тусгасан бусад баримт, эрхийн актыг тухайн намын хувийн хэрэгт хуудас бүрээр товъёоглон, мөн цахим хэлбэрээр тус тус хадгална." гэж заасан.
*******ийн Тамгын газар нь Улс төрийн намын тухай хуульд заасан улс төрийн намын бүртгэл хөтлөхтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн нийт шүүгчийн хуралдаанаас гарсан тогтоолын хүрээнд иргэн Н.А*******од лавлагаа, мэдээлэл өгөх боломжтой бөгөөд энэ хүрээнд Н.А*******ын хүсэлтэд дурдсан, манайд байгаа мэдээллийн талаарх лавлагааг цаг тухайд нь гаргаж өгсөн, хүсэлтэд дурдсан зарим асуудал нь *******ийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээгүй, бүртгэгдээгүй, манайд хадгалагддаггүй талаар тодорхой хариуг албан бичгээр өгсөн байна.
3/ Хууль тогтоомжид заагаагүй асуудлаар Тамгын газар дур мэдэн үйл ажиллагаа явуулдаггүй. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд захиргааны байгууллагаас гаргасан эрх зүйн акт нь захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагаа бол захиргааны акт гэж үзэхээр заасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар дээр дурдсан захиргааны актын шинжийг агуулсан шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхээр тусгасан.
Монгол *******ийн Тамгын газраас иргэн Н.А*******ын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан хүсэлтэд хариу хүргүүлсэн бөгөөд хүсэлттэй холбоотой ямар нэг шийдвэр гаргаагүй, гаргах ч эрх зүйн үндэслэлгүй. Уг албан бичгээр хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон шинжийг агуулаагүй, мэдээллийн шинжтэй буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон зохицуулалт агуулсан шийдвэр биш тул захиргааны актын шинжийг хангахгүй гэж үзэж байна.
Иймд *******ийн хуульд заасан бүрэн эрх, чиг үүрэгт хамааралгүй асуудлаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Манайх бол *******эд шууд туслах чиг үүрэгтэй байгууллага. Би бол дээд шүүхийн итгэмжлэлээр төлөөлж байгаа. Яагаад тамгын газар хариу өгсөн гэдэг талаас нь хариу тайлбараа өгсөн бэ гэхээр Шүүхийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1.9-д иргэн, хуулийн этгээдээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдолд Тамгын газар хариу өгөхөөр хуульчилсан. Нэхэмжлэгчийн зүгээс гаргасан үндэслэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай хамааралгүй маргаан гэж харж байгаа юм. Энэ хүрээнд бид хууль тогтоомжид заасан чиг үүргийн дагуу хариу хүргүүлсэн. *******ийн Ерөнхий шүүгч бол Шүүхийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хариу өгнө гэж хуулиар тусгайлан заасан. Тэгэхээр нэхэмжлэгчийн зүгээс *******ээс хариу өгөх байсан гэж магадгүй. *******ийн Ерөнхий шүүгч ямар өргөдөл, хүсэлтэд хариу өгөх талаар хууль тогтоомжид тусгайлан заасан. Бид хууль тогтоомжид заасан чиг үүргийн хүрээнд хариу өгсөн гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн гаргаад байгаа хүсэлтийг Тамгын газраас албан бичгээр 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 4887 дугаар албан бичиг мөн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлаар удаа дараа хариу өгч байгаа.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд ******* нь улс төрийн намыг бүртгэх эрх бүхий этгээд бөгөөд хэдийгээр улс төрийн намын эрх барих этгээдийн гишүүдийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, хурлын тэмдэглэл зэргийг бүртгэхээр хуульд тусгайлан заагаагүй боловч улс төрийн намын хувийн хэрэгт агуулах бүрдэл байхаар заасан байна.
Нэхэмжлэгч нь дээрх мэдээллийг хувийн хэрэгт хэрхэн агуулдаг, оруулдаг талаар мэдээллийг авахаар хүсэлт гаргахад хариуцагч нь *******ийн Тамгын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 05/4887 дугаар албан бичгээр “... улс төрийн намын эрх барих этгээдийн гишүүдийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, хурлын тэмдэглэл зэргийг ******* бүртгэхээр Улс төрийн намын тухай хуульд заагаагүй тул эдгээр асуудлуудыг ******* нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээгүй” гэх хариуг өгсөн нь үндэслэлтэй хариу өгсөн гэж үзэхээргүй байна.
Учир нь дээрх хуульд зааснаар улс төрийн намын эрх барих этгээдийн гишүүдийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, хурлын тэмдэглэл нь тус намын хувийн хэрэг дэх мэдээлэл болохын хувьд энэ талаарх мэдээллийг ******* иргэн, хуулийн этгээдэд өгөх үүрэгтэй байна.
Гэвч ******* нь улс төрийн намыг бүртгэх чиг үүргийнхээ дагуу хуулиар ил тод нээлттэй байхаар заасан мэдээллийг авахаар хүссэн иргэнд үндэслэл бүхий хариуг өгөөгүй нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.“Мэдээлэл хариуцагч тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой, хуулиар нээлттэй, ил тод байлгах мэдээллийг хүн, хуулийн этгээдэд тэдгээрийн хүсэлтийг үндэслэн бүрэн гүйцэд, үнэн зөв, тодорхой өгнө.” гэж заасантай нийцээгүй байх тул нэхэмжлэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, улс төрийн намын эрх бүхий этгээдийн гишүүдийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, хурлын тэмдэглэлийг улс төрийн намын хуулийн этгээдийн хувийн хэрэгт хэрхэн агуулдаг /оруулдаг/ талаар мэдээлэл өгөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.12, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д заасныг тус тус баримтлан Н.А*******оос *******эд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, Н.А*******ын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, улс төрийн намын эрх бүхий этгээдийн гишүүдийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, хурлын тэмдэглэлийг улс төрийн намын хуулийн этгээдийн хувийн хэрэгт хэрхэн агуулдаг /оруулдаг/ талаар мэдээлэл өгөхийг *******эд даалгасугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН