Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/17

 

 

 

Э.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Э.А,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Ариунжаргал нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЗ/197 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч Э.Т-т холбогдох, эрүүгийн 2119000000021 дугаартай, 1 хавтас, 214 хуудас бүхий хэргийг прокурор Э.А-ын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Яллагдагч: Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын * дугаар баг, Холбооны ** дугаар байрны *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Амгалан цагдаа хотхон **** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн  2019/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/1946 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, Б овогт Э-ийн Т-т холбогдуулан Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.А-оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

            Яллагдагч Э.Т нь 2021 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, эмнэлгийн 27 дугаар байрны 39 тоотод оршин суух Б.Б-ийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Б-тэй маргалдан улмаар нуруу тус газар нь хутгаар хатгаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, мөн тэдний зодооныг салгахаар дундуур нь орсон С.Э-ын зүүн дал орчим нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Яллагдагч Б овогт Э-ийн Т-т холбогдох эрүүгийн 2119000000021 дугаартай хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Дорноговь аймгийн Прокурорын газарт буцааж,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн шар өнгийн иштэй, иш нь хугарсан, бариул салсан хутгыг хэргийн хамт прокурорт шилжүүлж, хэргийг прокурорт очих хүртэл яллагдагч Э.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захирамжийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Прокурор Э.А эсэргүүцэлдээ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 491 дүгээр тогтоолд ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан үндэслэлээс “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэх үндэслэлийг тайлбарласан тайлбарт ...гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг прокурор өөрийн эрх, үүргийн хүрээнд нотолж яллах дүгнэлт үйлдэх бөгөөд үүнийг тогтоох эсхүл үгүйсгэх эрх, үүрэг шүүхийн бүрэн эрхэд хамаарах асуудал юм. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанд мөрдөн байцаалт зөрчилтэй хийгдсэн болон огт хийгдээгүй аль ажиллагаа хамаарч болохыг заажээ.

            Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт дурдагдсан ...Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЗ/125 дугаар захирамжид дурдагдсан ажиллагааг бүрэн гүйцэт хийгдээгүй байна ... яллагдагч Э.Т нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ...500.000 төгрөгийн торгох ялыг биелүүлсэн ба баримт нь Улаанбаатар хотод байгаа гэж мэдүүлснээс үзэхэд яллагдагч хуулийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолоор оногдуулсан хорихоос өөр төрлийн ялыг биелүүлсэн эсэх нь тодорхойгүй гэх заалтыг прокурорт хэргийг хүлээн авч яллагдагч Э.Т-ийн урьд шийтгүүлсэн хорихоос өөр төрлийн 2 ялыг биелүүлсэн эсэх лавлагааг авч хэрэгт хавсаргасан, уг албан бичигт яллагдагч Э.Т нь тухайн хорихоос өөр төрлийн ялыг биелүүлээгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -419 дүгээр нээлттэй хорих ангийн даргын 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1/524 дугаартай албан бичгээр нотлогдож, энэ ажиллагааг хийж гүйцэтгэсэн нь харагдаж байна.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 419 дүгээр нээлттэй хорих ангийн дарга, хурандаа Д.Х 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1/524 дугаартай албан бичигт ...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1946 дугаартай шийтгэх тогтоолоор 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлсэн Б овогт Э-ийн Т-д холбогдох хувийн хэрэг тус газрын хяналтанд байгаа болно. Ялтан Э.Т нь дээрх хорихоос өөр төрлийн ялыг эдлэхээс зайлсхийж өнөөдрийг хүртэл биелүүлээгүй гэжээ.  

            Үүнээс үзэхэд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1946 дугаартай шийтгэх тогтоолоор 500 нэгж буюу 500.00 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн нь шийтгэх тогтоолоор харагдах ба Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн дарга, хурандаа Д.Х 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1/524 дугаартай албан бичигт бичиг техникийн алдаа гарсан байгаа нь яллагдагчийг шүүхэд шилжүүлж түүний гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаан товлогдох хугацаанд залруулга хийлгүүлэх боломжтой ажиллагаа юм.

            Шүүх хуралдаанд яллагдагч Э.Т нь “...уг торгох ялыг Улаанбаатарт байхдаа 2021 оны 02 дугаар сарын сүүлээр ахаар төлүүлсэн боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд тушаах байтал татварын дансанд тушааж, буруу дансанд хийснээс торгох ял биелэгдээгүй гэж гарсан байсныг 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр тушаасан байгаа, энэ талаар баримт байхгүй гэж мэдүүлсэн ...гэжээ.

            Энэ нь яллагдагч Э.Т-ийг хорихоос өөр төрлийн ялыг сайн дураараа тогтоосон хугацаанд биелүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй, яллагдагчийн мэдүүлгийг шүүгч захирамжийн тодорхойлох хэсэгт үндэслэл болгож дурдаж, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж дүгнэсэн нь шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчсөн гэж үзлээ.

            Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэрэг хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана гэж заасан.

            Дээрх заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар бүлэг, 2.1 дүгээр зүйлд заасан ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны харьяаллыг зөрсөн гэж дүгнэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан ба хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан.

            Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Э.Т-ийн үйлдсэн гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, хор уршиг, яллах, цагаатгах талын нотлох баримтуудыг адил тэгш цуглуулж хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт тогтоосон, яллагдагч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргадаггүй нь хэрэгт хавсаргагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогддог.

            Харин шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох үүрэг болохыг хуульчилсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг заасан гэжээ.

            Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дэх хэсэг ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа шүүгдэгчид энэ бүлэгт заасан эрх, үүрэг нэгэн адил хамаарна. ...7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг ...баримт сэлт гаргаж өгөх, ...эрхтэйг хуульчлан өгсөн.

            Тэрээр шүүгчийн захирамжийн үндэслэл болсон яллагдагч Э.Т-ийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй бөгөөд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар яллагдагч нь тухайн хорихоос өөр төрлийн ялыг биелүүлсэн талаарх бичгийн баримтаа шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүх бүрэлдэхүүнд гарган өгч болох ба яллагдагч Э.Т-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэх боломжтой юм.

            Иймд яллагдагч Э.Т-т холбогдох хэргийг прокурорт буцаасан Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЗ/197 дугаартай шүүгчийн захирамж хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурор Э.А-ын эсэргүүцлийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад “хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.А-оос яллагдагч Э.Т-ийг Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, эмнэлгийн ** дугаар байрны ** тоотод оршин суух Б.Б-ийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Б-тэй маргалдан улмаар нуруу тус газар нь хутгаар хатгаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, мөн тэдний зодооныг салгахаар дундуур нь орсон С.Э-ын зүүн дал орчим нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

Анхан шатны шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж “...яллагдагч Э.Т нь торгох ялыг биелүүлсэн эсэх нотлох баримтыг мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох хуульд заасан үүргээ биелүүлээгүй. ...” гэсэн үндэслэлээр энэхүү ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэргийг прокурорт буцаажээ.

 

Анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчсөн, энэхүү журамд нийцээгүй байна.

 

Тодруулбал хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд яллагдагч Э.Т нь урьд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолоор /хх-91/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/1946 дугаартай шийтгэх тогтоолоор /хх-81/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан байх ба Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 419 дүгээр нээлттэй хорих ангийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1/257 дугаартай албан бичиг /хх-77/, 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1/524 дугаартай албан бичиг /хх-176/ зэргээс үзэхэд яллагдагч Э.Т нь эдгээр ялыг биелүүлээгүй, эдлээгүй гэж үзэхээр байна.

 

Гэхдээ одоо түүнд холбогдуулан прокурор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, тухайн зүйл хэсэгт ялын төрлийг торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулахаар зааснаас үзэхэд дээрх урьд оногдуулсан ялын биелэлтээс шалтгаалж яллагдагчийн эрх зүйн байдал дордох нөхцөлгүйн гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар прокурор энэ талаар дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлээгүйг шүүх анхаарсангүй.

 

Өөрөөр хэлбэл торгох ялыг болон хорихоос өөр төрлийн ялыг биелүүлээгүйгээс уг ялыг хорих ялаар солих тухай санал, дүгнэлтийг прокурор нэгэнт шүүхэд ирүүлээгүй тул яллагдагчид Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах үндэслэлгүй ба дээрх хуульд заасан ялууд нь хорихоос өөр төрлийн ялууд учраас тэдгээрийг тус тусад нь эдлүүлэхэд яллагдагчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөхгүй гэж үзнэ.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

                Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЗ/197 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж, прокурор Э.А-ын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар яллагдагч Э.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БОЛОРМАА

 

                                  ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

 

                                                                                      Н.БАТЧИМЭГ