Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2022/03391

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.С даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.А-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлж, гарахыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2015.09.24-ний өдөр байгуулагдсан Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, Газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хувийн сууц, газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч Н.А-гийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х,

Хариуцагчийн өмгөөлөгч О.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч Г.Онь Н.А-дхолбогдуулж “үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлж, гарахыг даалгах” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

            Г.Онь хариуцагч Н.Агаас түүнд зээлдүүлсэн мөнгө, түүний хүү зэрэг авлагад тооцон 2015.09.24-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А 8 дугаар гудамжны 156 тоот хаягтай, улсын бүртгэлийн Ү-2202022840 дугаарт бүртгэлтэй 62 мкв талбай бүхий 2 өрөө хувийн сууц, мөн хаягт байрлалтай улсын бүртгэлийн Г-2202005115 дугаарт бүртгэлтэй 421 мкв өмчлөгдсөн газар зэргийг шилжүүлж авсан.

Г.Онь 2015.09.29-ний өдөр Н.А-д15,000,000 төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүтэй зээлүүлсэн. Уг хугацаандаа мөнгөө өгөөгүй тул 1 сарын хугацаагаар сунгасан ч мөн хугацаанд мөнгөө хариуцагч өгөөгүй. Ингээд 2 сар өнгөрч талууд хүүг бодож тооцоо нийлээд 18,000,000 төгрөгийг өгөх тооцоо гарч шаардлага тавихад “би уг мөнгөө одоо өгч чадахгүй учир хашаа байшин, газраа өөрийн чинь нэр дээр өрөндөө тооцоод шилжүүлж өгье. Гэхдээ 1 сарын дотор надад мөнгө орж ирэх учраас сарын дараа бүх мөнгөнүүдээ өгөөд хашаа байшин, газраа буцаан авч болох уу” гэх саналыг нэхэмжлэгч зөвшөөрч худалдах худалдан авах гэрээ байгуулаад шилжүүлж авсан. Тухайн үед тэр газар 18,000,000 төгрөгийн үнэтэй байсан бөгөөд талууд харилцан тохиролцоод нэр дээрээ шилжүүлж авсан. Үүний дараа нэмээд 3,000,000 төгрөг зээлүүлээч, би н.Алтансувд гэх найзтайгаа Архангай аймгаас цагаан идээ авч ирж борлуулах ажил байна гэсэн тул 3,000,000 төгрөгийг зээлүүлсэн. 3,000,000 төгрөгөө Н.А, н.Алтансувд нар ирж аваад Архангай аймгаас цагаан идээ авахаар явсан. Хариуцагч Н.А нь 3,000,000 төгрөгөө ч 18,000,000 төгрөгөө ч буцааж өгөөгүй байдалтай байгаа. Н.А нь Г.О-д 18,000,000 төгрөгийн өрөндөө хашаа, газраа шилжүүлж өгье, гэвч би одоогоор мөнгөгүй тул гэрээ байгуулсан хураамжийг та өөрөө төлчих гэж хэлээд худалдах, худалдан авах гэрээний борлуулалтын төлбөрийг Г.О-р төлүүлсэн байдаг. Нийт 18,000,000 төгрөгийн төлбөрийн үүрэгтээ тооцож хувийн сууц, хашаа, газрыг 2015.09.24-ний өдөр шилжүүлсэн. Ингэж шилжүүлэхдээ газраа 2,500,000 төгрөгөөр, үл хөдлөх хөрөнгийг 2,500,000 төгрөгөөр тооцоод худалдах худалдан авах гэрээ байгуулан шилжүүлсэн. Учир нь Н.А нь борлуулалтын орлогын 2 хувийг төлөх чадвар байхгүй тул үнийн дүнг багасгаад 2,500,000 төгрөгөөр бодож гэрээ байгуулахаар харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ хийж шилжүүлсэн.

Дээрх газрын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ тухайн үед Г.О-гийн нэр дээр шилжиж, өмчлөх эрх үүссэн боловч А нь 3 сар уг байшинд түр амьдарч байя, энэ хугацаанд урьд авсан зээл, түүний хүүг төлөөд дээрх газар, үл хөдлөх эд хөрөнгийг буцааж худалдаж авна гэж хэлсэн боловч өнөөг хүртэл нэг ч төгрөг төлсөн зүйл байхгүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр болсон болно.

Хариуцагч Н.А-ддээрх өмч газрыг чөлөөлж өг гэдэг шаардлагыг урьд өмнө удаа дараа тавьж байсан боловч үл ойшоож өнөөг хүрсэн болно. Иймд дээрх өмчлөгдсөн газар, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж, гарахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

            2.Хариуцагч тал хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Н.А нь нэхэмжлэгч Г.О-с зайлшгүй мөнгөний хэрэгцээ гараад 6,500,000/зургаан сая таван зуун мянган/ төгрөг зээлсэн, Мөн түүний дараа дахин мөнгө хэрэгтэй болоод 7,200,000/долоон сая хоёр зуун мянган/ төгрөг зээлсэн.

Үүний дараа Г.О надаас мөнгө зээлсэн юм чинь хашаа байшингаа миний нэр дээр шилжүүлээд өгчих би зээл авах гэсэн юм. Чиний нэр дээр зээл гарахгүй тэгээд ч хоёулаа бие биеэ танихгүй хүмүүс биш би ч бас чамд итгээд мөнгө зээлсэн юм чинь, би хашаа байшинг чинь зарж үрэхгүй надаас зээлсэн мөнгөө төлөөд буцаагаад хашаа байшингаа авчихгүй юу гэж хэлсэн. Г.О-с мөнгө зээлчихсэн мөн таньдаг болохоор зөвшөөрөөд Г.О-гийн нэр дээр Чингэлтэй дүүрэг 7-р хороо Хувьсгалчдын А-8-р гудамж 156 тоот хаягт байрлах 62 м2 талбай бүхий хоёр өрөө хувийн сууц мөн тус хаягт байрлах 421 м2 талбайтай газрын гэрчилгээг тус тус шилжүүлсэн. Тухайн үед түр амьдарна шүү гэж хэлж байгаагүй мөн би гурван сар түр амьдарч байя гэж гуйж байгаагүй.

Тухайн үед хашаа байшингийн гэрчилгээ шилжүүлэхдээ буцааж өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авах болохоор үнийн дүнд нь төдийлөн анхаарал хандуулаагүй зээлсэн мөнгөө төлчихөд болно гэж итгээд хэлцэл байгуулсан. Иймд Чингэлтэй дүүрэг 7-р хороо Хувьсгалчдын А-8-р гудамж 156 тоот хаягт өөрийн ээж, хүүхэд, өнчин дөрвөн дүүгийн хамт амьдардаг тул зээлсэн 13,700,000 төгрөгөө төлөөд хашаа, байшингаа буцааж авах хүсэлтэй байна гэв.

3.Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулж “худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хувийн сууц, газрын өмчлөгчөөр тогтоолгох” сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Н.А, Г.Онарын хооронд 2015.05.29-ний өдөр “Зээлийн гэрээ” байгуулагдаж, тус гэрээгээр Г.Онь Н.А-д15,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Н.А нь дээрх гэрээний хугацаанд зээлийг төлж чадаагүй учир талуудын хооронд 2015.07.24-ний өдөр дахин зээлийн гэрээ байгуулагдаж, Г.Онь Н.А-д18,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 5 хувийн хүүтэйгээр олгохоор тусгагдсан байна. Гэвч энэ гэрээгээр мөнгө буюу эд хөрөнгө Г.О-с Н.А-дшилжээгүй, харин өмнөх зээлийн гэрээ буюу 2015.05.29-ний өдөр зээлдүүлсэн 15,000,000 төгрөгийн хүү, алдангийг нийлүүлж 18,000,000 төгрөг гэх дүнг гаргаж Г.Онь Н.А-дзээлдүүлсэн мэтээр зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн гэрээг дагалдаж 2015.07.24-ний өдөр “Барьцааны гэрээ”-г байгуулж, Н.Агийн өмчлөлийн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7-р хороо, Хувьсгалчид а-8 гудамж, 156 тоот хаягт байршилтай, 62 м.кв талбайтай Хувийн сууц, тус хаягт байрлах 421 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

2015.07.24-ний өдөр 1 жилийн хугацаатайгаар байгуулагдсан Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2015.09.23-ны өдөр Г.О, Н.А нар нь “Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл” гэх баримтыг үйлдэж, тус хэлцэлд “Талуудын 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн тул гэрээг дуусгавар болсонд тооцов, Үүрэг гүйцэтгүүлэгч тал, үүрэг гүйцэтгэгч талын үүргийн гүйцэтгэлийн барьцаанд бариулсан Ү-2202022840 дугаартай /62 м.кв/, Г-2202005115 /421 м.кв/ дугаартай хувийн сууц, газрыг барьцаанаас чөлөөлөхийг зөвшөөрч байна" гэх агуулгыг тусгасан байна.

Дээр дурдсан Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл үйлдэгдсэний маргааш нь буюу 2015.09.24-ний өдөр “Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ”, “Газар худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус байгуулж Улсын бүртгэлийн Ү-2202022840 дугаартай, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7-р хороо, Хувьсгалчид а-8 гудамж, 156 тоот хаягт байршилтай, 62 м.кв талбайтай Хувийн сууц, Улсын бүртгэлийн Г-2202005115 дугаартай, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7-р хороо, Хувьсгалчид а-8 гудамж, 156 тоот хаягт байршилтай 421 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус бүр 2,500,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар газар болон хувийн сууцны өмчлөх эрх Г.О-гийн өмчлөлд шилжсэн байна.

Дээрх хувийн сууц болон газар худалдах, худалдан авах гэрээ нь анхнаасаа хууль зөрчиж хийгдсэн хэлцэл юм. Тодруулбал, Г.Онь банк эрх бүхий этгээдээс зээл авахын тулд Н.Агийн өмчлөлийн хувийн сууц, газрыг хууль бус худалдах худалдан авах гэрээ байгуулан өөрийн нэр дээр шилжүүлүүлэн авч улмаар банк санхүүгийн байгууллагаас зээл авч, Н.Агаас шилжүүлэн авсан хувийн сууц, газрыг зээлийн барьцаанд бариулсан байдаг.

2015.09.24-ний өдрийн “Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ”, “Газар худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулахаас өмнө Г.Онь Н.А-д“зээл авахад барьцаа хөрөнгө дутаж байгаа тухай хэлж, хувийн сууц, газрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн өгөхийг хүсэж, зээлийг төлж дуусгасны дараа хувийн сууц газрыг буцаан шилжүүлэн өгнө" гэх зүйлийг хэлж, санал тавьсныг Н.А зөвшөөрч хууль бус худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгүүдийг Г.Од шилжүүлсэн байдаг.

Дээрх үйл баримтыг талууд баталгаажуулж 2015.10.19 -ний өдөр “Хэлцэл” гэх баримтыг үйлдсэн байна. Уг хэлцэлд “...зээлийн гэрээ дуусгавар болоогүй байхад А талд өгөх 19,800,000 төгрөгийг үлдэгдэл үлдсэн байхад А талтай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2015.09.25-ны өдөр өөрийн эзэмшлийн хашаа байшин үл хөдлөх хөрөнгөө худалдах худалдан авах гэрээ хийж А талын үйл ажиллагаа нь дээр зээл авахын тулд шилжүүлсэн болно. Одоогийн байдлаар А талд өгөх ёстой 20,370,000 төгрөгийг өгөх нь үнэн болно.” гэж тусгасан байна.

Г.О, Н.А нар нь 2015.09.24-ний өдрийн “Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ”, “Газар худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус байгуулахдаа эрх зүйн үр дагавар үүсгэхийг хүсээгүй, Н.А нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг үнэн санаанаасаа Г.Од шилжүүлээгүй, харин зөвхөн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг Г.Од дүр үзүүлэн шилжүүлж, улмаар Г.Онь зээл авахдаа барьцаа болгон ашиглахаар гэрээ байгуулсан болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2015.09.24-ний өдөр байгуулагдсан “Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ”, “Газар худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7-р хороо, Хувьсгалчид а-8 гудамж, 156 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2202022840 дугаартай, 62 м.кв талбайтай хувийн сууц болон мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2202005115 дугаартай, 421 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

4.Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Хашаа, газраа худалдан борлуулах, өрөндөө тооцож шилжүүлэх хүсэл зориг байгаагүй гэдэг нь худал. Г.Онь зээл авахын тулд барьцаанд тавихаар шилжүүлсэн асуудал огт байхгүй.  Г.Онь насаараа төмөр замд ажиллаж байсан, амьдралын хувьд төмөр замын 3 өрөө байртай, хувийн автомашин, гарааш, аж ахуйн компанитай бололцооны амьдралтай хүн байгаа юм. Иймд хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Тухайн орон сууц, газрыг өрөндөө тооцож шилжүүлсэн боловч нэхэмжлэгч нь 1 сардаа багтаагаад 18,000,000 төгрөг болон 3,000,000 төгрөгөө төлчих юм бол 21,000,000 төгрөгт хувийн сууц, газрыг буцаагаад шилжүүлж өгч болно гэдэг талаар хэлж байсан. Мөн, хэрвээ зээлээ 1 сарын хугацаандаа төлж чадахгүй бол та нар хашаа, газраа чөлөөлж өгөөрэй, та нарт зориулж худалдах худалдан авах гэрээний үнийг зориуд багаар бичлээ, гэрээг үүрэг дуусгавар болгосон хэлцлээр дуусгавар болгоод өрөндөө тооцож авч байгаа шүү гэдгийг нэхэмжлэгч хэлж байсан.

Сөрөг нэхэмжлэл нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргасан гэж үзэхээр байна. Үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах, худалдан авах гэрээ 2015.09.24-нд талуудын хооронд байгуулагдаж хүчин төгөлдөр болсон байна. 2022.09.13-нд сөрөг нэхэмжлэл гаргах хүртэл 7 жил өнгөрсөн байна. Иргэний хуулийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байна гэж заажээ. Иймд сөрөг нэхэмжлэл гаргагч Н.А нь энэ талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, одоо энэ талаар шаардах үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5.Нэхэмжлэгч талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Чингэлтэй дүүргийн 7-р хороо, Хувьсгалчид а-8 гудамж, 156 тоот хаягт байршилтай газар болон хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, 2015.09.24-ний өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээ, 2015.09.24-ний өдрийн Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар зэрэг баримтыг,

Хариуцагч талаас: Иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, хариу тайлбар, 2015.07.24-ний өдрийн Зээлийн болон барьцааны гэрээ, Чингэлтэй дүүргийн 7-р хороо, Хувьсгалчид а-8 гудамж, 156 тоот хаягт байршилтай газар болон хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, 2015.10.19-ний өдрийн Хэлцэл, 2015.05.29-ний өдрийн Зээлийн гэрээ, 2015.09.23-ны өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний өр төлбөрт тооцож газар, үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн бөгөөд зээлийн төлбөрөө төлж уг эд хөрөнгөө эргүүлэн авахаар нэхэмжлэгчтэй тохирсон боловч төлбөрийг төлөөгүй тул худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэгч нь уг үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч мөн” гэж тодорхойлсон.

3.Хариуцагч нь “нэхэмжлэгч Г.Онь зээл авах гэсэн юм хашаа байшингаа миний нэр дээр шилжүүлээд өгчих гэсэн хүсэлтийн дагуу түүнд итгэн, мөн өөрөө түүнээс зээл авсан байсан тул шилжүүлж өгсөн, түүнд үл хөдлөх хөрөнгөө худалдаагүй” гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн.

4.Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “Талууд хүсэл зоригоо илэрхийлж худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан газар болон хувийн сууц худалдах, худалдан авах гэрээнүүд нь нэхэмжлэгч Г.Огийн хүсэлтийн дагуу түүний авах зээлийн барьцаанд тавихын тулд дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж тодорхойлсон.

 

5.Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг “Талуудын хооронд хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээ хийх хүсэл зориг байгаагүй гэдэг нь худал бөгөөд О-гийн зүгээс зээлээ төлвөл буцааж өгч болно гэсэн байдаг. Сөрөг нэхэмжлэл нь үл хөдлөх эд хөрөнгө, гэрээний үүрэгтэй холбоотой байх тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн.” гэж тайлбарлан маргасан.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, 2015.09.24-ний өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээ, 2015.09.24-ний өдрийн Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, 2015.07.24-ний өдрийн Зээлийн болон барьцааны гэрээ, 2015.10.19-ний өдрийн Хэлцэл, 2015.05.29-ний өдрийн Зээлийн гэрээ, 2015.09.23-ны өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

7.Талуудын хооронд 2015.05.29-ний өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж зээлдүүлэгч Г.Онь Н.А-д15,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлдүүлсэн байна. 2015.07.24-ний өдөр зээлийн гэрээг шинэчлэн байгуулж 18,000,000 сая төгрөгийн зээлийг 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй байхаар тохиролцон Зээлийн гэрээ байгуулсан байна. Мөн өдөр Барьцааны гэрээ байгуулж, Н.Агийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 7-р хороо, Хувьсгалчид а-8 гудамж, 156 тоот хаягт байршилтай газар болон хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.

8.Улмаар 2015.09.23-ны өдөр Үүрэг дуусгавар болох тухай хэлцэл гэх баримтыг үйлдсэн байх бөгөөд тус хэлцэлд “талуудын 2015.07.24-ний өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн тул уг гэрээг дуусгавар болсонд тооцов” гээд үүрэг гүйцэтгүүлэгч Г.Обарьцааны зүйл болох газар, хувийн сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхийг зөвшөөрч байна гэжээ.

9.Талуудын хооронд 2015.09.24-ний өдөр “Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ”, “Газар худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан байна. Тус гэрээний дагуу Н.А нь өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 7-р хороо, Хувьсгалчид а-8 гудамж, 156 тоот хаягт байршилтай 421 м2 гэр бүлийн хэрэгцээний газар болон 62 м2 талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус бүрийг 2,500,000 төгрөгөөр үнэлэн Г.Од өмчлөх эрхийг шилжүүлэн өгч, дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Г.Обүртгүүлж 2015.09.29-ний өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна.

10.Талууд 2015.10.19-ний өдөр Хэлцэл гэх баримтыг үйлдсэн байх бөгөөд тус баримтад “...Б тал миний бие А талаас 2015.05.29-нд 15,000,000 төгрөг 10 хувийн хүүтэй авсан. 2015.07.29-нд хүүтэйгээ нийлээд 18 сая төгрөг болсон. Үүнийг харилцан тохирсоны үндсэн дээр хүүг бууруулж  5 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлийн гэрээ дуусгавар болоогүй байхад А талд өгөх 19 сая 800 мянган төгрөгийн үлдэгдэл үлдсэн байхад А талтай харилцан тохирсоны үндсэн дээр 2015.09.25-ны өдөр өөрийн эзэмшлийн хашаа байшин үл хөдлөх хөрөнгөө худалдах, худалдан авах гэрээ хийж А талын үйл ажиллагаан дээр зээл авахын тулд шилжүүлсэн болно... А тал Оролмаа, Б тал Амарбаясгалан” гэжээ.

11.Талуудын хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар газар, хувийн сууц болох үл хөдлөх эд хөрөнгийг тус бүрийг нь 2,500,000 төгрөгөөр худалдах худалдах, худалдан авах гэрээ хийх хүсэл зоригийг илэрхийлээгүй, нэхэмжлэгч Оролмаа нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч зээл авах зорилгоор талууд тохиролцож, дүр үзүүлэн худалдах, худалдан авах гэрээг хийсэн болох нь зохигчийн тайлбар, дээрх үйл баримтаар тогтоогдож байна.

12.Талуудын хооронд 2015.10.19-ний өдөр хийсэн “хэлцэл” гэх баримтаар Б тал буюу Н.А нь А тал буюу Г.Огийн үйл ажиллагаанд зээл авахын тулд үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ хийж шилжүүлсэн болохоо илэрхийлж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд зохигчид тус баримтыг үйлдсэн талаар маргаагүй. Түүнчлэн, маргаан бүхий гэрээ 2015.09.24-ний өдөр байгуулагдсанаас хойш нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу хөрөнгийг шилжүүлэн өгөхийг шаардаж байсан нь тогтоогдоогүй, харин зээлийн төлбөрийг шаардаж байсан зэргээс дүгнэхэд “үл хөдлөх хөрөнгүүдийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлсэн, нэхэмжлэгч Г.Од зээл авах шаардлага байгаагүй” гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй гэж үзэв.

13.Иймд Г.О, Н.А нарын хооронд байгуулагдсан 2015.09.24-ний өдрийн “Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ”, “Газар худалдах, худалдан авах гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус байна.

14.Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь ийнхүү хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээгээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж аваагүй, хууль ёсны өмчлөгч гэж үзэхгүй, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардах эрхгүй байх тул үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлж, гарахыг даалгах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

15.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно” гэж зааснаар хэлцэл хийсэн талууд энэхүү хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй. Хариуцагч тал худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага гаргасан бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэлд дурдсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэдэг нь нэхэмжлэлийн үндэслэл бөгөөд шүүх хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэнэ.

16.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй бөгөөд тодруулбал, гэрээ хүчин төгөлдөр бус тул гэрээний дагуу шилжүүлсэн зүйлийг харилцан буцаах үүрэг үүснэ. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:” гээд 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон;” гэж заасан ба хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу Г.Од үл хөдлөх хөрөнгө шилжсэн тул Н.А нь шаардах эрхтэй байна. Хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгоно гэх хариуцагчийн сөрөг шаардлага нь хөрөнгийг өмчлөлдөө буцаан авах агуулга бүхий шаардлага байна гэж шүүх тодруулав. 

17.Дээр дурдсан үндэслэлээр Чингэлтэй дүүргийн 7-р хороо, Хувьсгалчид а-8 гудамж, 156 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Г-2202005115 дугаартай, 421 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2202022840 дугаартай, 62 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Н.Агийн өмчлөлд буцаан шилжүүлэн өгөхийг нэхэмжлэгч Г.Од даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

18.Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хариуцагч сөрөг нэхэмжлэлийн дагуу  шаардах эрхгүй гэж нэхэмжлэгч тал маргасан. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага бус, хэлцэл хүчин төгөлдөр бус болох талаар, түүний үр дагаварыг шийдвэрлүүлэхээр шаардлага гаргасан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Хууль өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна.” гэжээ. Хэлцлийн хүчин төгөлдөр байдалтай холбоотой шаардлага гаргахад тоолох тусгай хугацааг хуулиар тодорхойлоогүй тул тус шаардлагын хувьд хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа буюу арван жилээр тооцож шаардлага гаргах хугацааг тодорхойлох нь хуульд нийцэж байна. Хэлцэл хийсэн 2015.09.24-ний өдрөөс хойш тооцвол хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй байна.

19.Нэхэмжлэгч нь хариуцагчтай холбогдох зээлийн гэрээний үүргийн талаар шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

20.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байна.

21.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,000 төгрөг, хариуцагчаас төлсөн 219,800 /54,950*4/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 219,800 төгрөг гаргуулж хариуцагчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 115.2.3-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн 7-р хороо, Хувьсгалчид а-8 гудамж, 156 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Г-2202005115 дугаартай, 421 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2202022840 дугаартай, 62 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Н.Агийн өмчлөлд шилжүүлэн өгөхийг нэхэмжлэгч Г.Од даалгасугай.

 2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлж, гарахыг даалгах тухай нэхэмжлэгч Г.Огийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,000 төгрөг, хариуцагчаас төлсөн 219,800 /54,950*4/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 219,800 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ                                    У.С