2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/176

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

Улсын яллагч Э.Оюундарь,

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Оюундарийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 101 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2507001750114 дугаартай нэг хавтаст хэргийг 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,******* өдөр ******* төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, , ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт *******, ******* оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******гийн ******* /РД:*******/;

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.******* нь Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Б.*******гийн гээгдүүлсэн байсан “Самсунг А-54” загварын гар утсыг, газраас олж бусдын эзэмшлийнх гэдгийг нь мэдсээр байж авч, завшсаны улмаас хохирогч Б.*******д 934,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Эмнэлэг рүү явж байхдаа утас олсон. Машиныхаа урд хайрцагт хийгээд мартсан байсан. Мал төллөх болсон байсан тул хөдөө ганцаараа байсан. Тэгсэн эхнэр, хүүхдүүд ирээд утас эвдэрчихсэн гэхээр нь миний машины урд талд утас байгаа гэж хэлээд гаргаад өгсөн. Цэнэггүй болсон байхаар нь цэнэглээд хэрэглэсэн.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

Улсын яллагчийн зүгээс: Хавтаст хэргээс хохирогчийн мэдүүлэг /хх-7-8/, дамно хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх-18-19/, юнител группийн албан бичиг /хх-50/  зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн зүгээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.*******гийн гээгдүүлсэн “Самсунг А-54” загварын гар утсыг газраас олж бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш 934,600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.*******ын өгсөн: “…Би 2025 оны 03 дугаар сарын дундуур байх өдрийг нь сайн санахгүй байна Налайх дүүргийн хуучин захаас гар утасны цэнэглэгч авчхаад машиндаа суугаад захаас чигээрээ уруудаад баруун гар тийшээ эргэх үедээ машин зам дээр түрийвч хэлбэртэй зүйл хэвтэж байхаар нь яг хажууд нь машинтайгаа очиж зогсоод машинаасаа буугаад хартал цэнхэр өнгийн хавтас нь дэлгэгдсэн гар утас зам дээр хэвтэж байхаар нь аваад машиныхаа урд тавиад цаашаа хөдөлсөн. Намайг тэр гар утсыг олох үед гадна талын кейс нь цөмөрч эвдэрсэн байсан ба гар утсыг зам дээр хэвтэж байхад нь машин дээгүүр нь гарсан бололтой машины дугуйны мөр утсан дээр үлдсэн байсан. Мөн гар утас дээд хэсэгтээ дэлгэц нь сэтэрч эвдэрсэн байсан боловч асаалттай хэвийн ажиллаж байсан учир би гар утсыг машиныхаа урд тавиад Төв аймаг явж байх замд гар утсанд дуудлага ирээд дуугараад байхаар нь дуудлагыг авах гэсэн боловч гацаад авч болохгүй болохоор нь машиныхаа урд хайрцагт хийгээд тэр чигтээ мартсан байсан. Хэд хоногийн дараа гэнэт санаад гаргаж ирээд 7 настай зээ охины гар утас эвдэрсэн гэхээр нь түр барьж бай гээд өгсөн чинь охин симийг нь аваад өөрийнхөө сим картыг хийгээд ашиглаж байсан. Тэгээд зээ охин маань тухайн гар утсыг 2 хоног барьж байгаад өөрийнхөө утсыг засуулж бариад тухайн гар утас нь гэрт үлдээсэн байсныг би цагдаагийн алба хаагчдад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/,

 

2.  Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.*******гийн өгсөн: “...Би 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 12 цаг 40 минутад Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах ангиас замын унаанд цүнхтэй хувцастайгаа суусан. Машинд суухад миний гар утас цүнхний урд талын кармад байсан. Тэгээд Налайх дүүргийн гадна зах руу уруудаад өнцөг дээр буусан. Би машинд явахдаа хөдөө орон нутаг руу явах тушаалаа бодоод сэтгэл санаа таагүй анхаарал болгоомжгүй явж байсан. Машинаас буугаад гар утсаа авах гээд цүнхээ харахад миний утас алга болчихсон байсан. Тэр үед би хяналтын камерыг шүүж үзэхэд миний буусан хэсэг камерт харагдахгүй байсан. Тэгээд гар утсаа гээгдүүлсэн учир цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-19 дүгээр тал/,

3. Юнител группийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 12-01/1752 дугаартай албан бичгийн хариу болох гар утасны имей кодын лавлагаа /хх-ийн 50 дугаар тал/,

 

4.  “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн НД-25-55 дугаартай: “...шинжилгээний объектын зах зээлийн үнэлгээ ...нийт 934,600 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар тал/,

 

5. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 33-42 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хохирогчийг “Самсунг А-54” загварын гар утсаа гээгдүүлснийг мэдсээр байж авч, захиран зарцуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

“Гээгдэл эд хөрөнгө” гэж өмчлөгч, эзэмшигчийн эзэмшлээс хүсэл зоригоос гадуур алдагдсан ба хэн нэгэн илрүүлж олсон аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг /эд хөрөнгө/ хэлдэг.

 

“Завших” гэж алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшил байгаа, өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.

 

Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт, тайлбар:

Улсын яллагчаас: “...Иймд шүүгдэгч Б.*******ын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэж байгаа тул гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх саналыг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас тухайн гар утсыг 934,600 төгрөг гэж үнэлсэн байх боловч хохирогч тухайн гар утсыг биет байдлаар хүлээн авсан тул шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдаж байна. Тухайн гэмт хэргийг үйлдсэн Б.******* гэм буруу дээрээ маргахгүй байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох саналтай байна. Тухайн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй холбогдуулан хохирогчийн зүгээс баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна. Шүүгдэгч Б.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тул шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна.” гэх тайлбар, дүгнэлтийг гаргав.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид 934,600 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг биет байдлаар төлсөн, хохирогч нь “гомдол саналгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөр төлөгдсөн байдал,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэв.

 

Харин шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэм буруутайд тооцож түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд улсын яллагчийн “…Шүүгдэгчийн хөдөө ажил эрхлэх байдалтай холбоотойгоор утас нь холбогдохгүй нөхцөл байдал тогтоогдсон. Эхнэртэй нь холбогдохоор манай нөхөр хөдөө мал маллаж байгаа ирэхээр нь хэлье гэдэг зүйл ярьдаг. Тэрнээс оргон зайлсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэх,

Шүүгдэгчийн “…Хөдөө байж байхад над руу 4-5 удаа залгасан. Дуудах болгонд нь би хаа байсан Дорнод аймгаас ч ирдэг байсан. Нэг утас олсон биш үнэхээр хэцүү байна. Наад асуудлаа хурдан шийдэж болдоггүй юм уу? гэж асуухад болохгүй гэж хэлсэн. Энэ хугацаанд би цагдаа дээр 3 удаа, прокурор дээр 1 удаа ирсэн. Тэгээд цагдаа дээр очихоор одоо таныг шүүхээс дуудна шүү гэж хэлсэн” гэх мэдүүлгүүд өгсөн ба дээрх гэмт хэрэг нь 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдэж хохирогчид алдагдсан Samsung Galaxy A54 гар утсыг нь 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь мөрдөгчийн “эд зүйл хүлээлгэн өгсөн” /хх-61/ тэмдэглэлээр тогтоогдож байна.

Гэтэл улсын яллагч нь 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн байх ба яллагдагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оргон зайлсан, эрэн сурвалжлагдсан нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байхад яллах дүгнэлт үйлдэгдсэнээс хойш 3 сарын дараа буюу шүүгдэгчид 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр яллах дүгнэлтийг гардуулан өгсөн нь улсын яллагч хянах үүргээ биелүүлээгүйгээс оролцогчдын эрхийг зөрчсөн нөхцөл байдал байх тул дээрх зөрчлийг гаргахгүй байхыг цаашид анхаарах нь зүйтэй.

 

Бусад асуудлаар

Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсангэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ