Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2022/03527

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.С даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ЗНО ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ГД ХХК

Хариуцагч: Н.Б нарт холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага:

Гэрээний үүрэгт 311,953,500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №108/2019/ГД/01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай хариуцагч Н.Бийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц,

Хариуцагч ГД ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г,

Хариуцагч ГД ХХК-ийн өмгөөлөгч Б.Ба,

Хариуцагч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Х,

Гэрч Г.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч ЗНО ХХКнь хариуцагч ГД ХХК, Н.Б нарт холбогдуулж, гэрээний үүрэгт 311,953,500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

            ГД ХХКнь манай компанитай 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр №108/2019/ГД/01 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор 108/2019/БГД/01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг мөн өдөр байгуулж ГД ХХК-ийн хувьцаа эзэмшигч Н.Бийн өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэр /17060/ гудамж 33-р байр, 21 тоот хаягт байршилтай, Улсын бүртгэлийн Ү-2206062297 дугаартай, 70.18 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд авсан.

Гэрээний хавсралтын 1 дэх хэсэгт 40,000 литр шатахууныг нэгж үнэ 1940 төгрөг гэж, мөн тус хавсралтын 4.3 дахь хэсэгт 1 километр тутамд 1 тонн шатахууныг 165 төгрөгөөр, хариуцагчийн шатахуун хүлээж авах уурхай хүртэл нийт 410 км гэж тооцон литр тутмын нэгж үнэ дээр 60 төгрөг нэмж, 1 литр шатахууныг 2,000 төгрөгөөр гүйцэтгэхээр харилцан тохиролцож баталгаажуулсан. Бидний зүгээс гэрээний дагуу дараах байдлаар шатахуун нийлүүлсэн. Үүнд:

2019 оны 06-р сарын 08-ны өдөр 22,220 литр дизель түлшийг 2,000 төгрөгөөр,

2019 оны 06-р сарын 12-ны өдөр 20,000 литр дизель түлшийг 2,000 төгрөгөөр,

2019 оны 07-р сарын 02-ны өдөр 20,000 литр дизель түлш 2,000 төгрөгөөр,

2019 оны 07-р сарын 23-ны өдөр 21,100 литр дизель түлш 1,910 төгрөгөөр,

2019 оны 09-р сарын 04-ны өдөр 22,880 литр дизель түлш 1,850 төгрөгөөр, нийт 106,200 литр буюу 208,419,000 төгрөгийн үнэ бүхий шатахууныг нийлүүлсэн.

Мөн 2019 оны 08-р сарын 20-ний өдөр 21,100 литр буюу 39,035,000 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг дээрх гэрээнээс тусдаа бэлэн мөнгөний нөхцөлөөр худалдан авах санал гаргасны дагуу нийлүүлсэн. Өөрөөр хэлбэл 39,035,000 төгрөгийн үнэ бүхий шатахууны нийлүүлэлт, төлбөр төлөлт нь №108/2019/ГД/01 дугаартай гэрээнд хамааралгүй тусдаа харилцаа юм.

Монгол улс нь дотооддоо шатахуун үйлдвэрлэх боломжгүй улс бөгөөд ОХУ-с импорт хийдэг улс тул шатахууны үнийн өөрчлөлт нь гадаад хил үнээс шууд шалтгаалж байдаг учраас дээрх 6 удаагийн ачилтын нэгж үнэ тухайн сарын зах зээлийн ханшаар өөр үнэтэй борлуулагдсан. Бид Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 06 дугаар сараас 09 дүгээр сар хүртэлх хугацаанд Наушки-Сүхбаатар боомтоор манай улсад нийлүүлэгдсэн дизель түлшний хил үнэ болон дотоодын зах зээл дээрх дизель түлшний бөөний дундаж үнийн мэдээллийг авч үзэхэд дээрх 6 удаагийн ачилт нь нийлүүлэлт гүйцэтгэх сарын зах зээлийн дундаж үнээр нийлүүлэгдсэн болох нь харагдаж байна.

“ЗНО” ХХК болон “ГД” ХХК-ийн хооронд байгуулагдсан №108/2019/ГД/01 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний 5.2.1-т “Худалдан авагч нь гэрээний салшгүй хэсэг болох хавсралтуудад заасан барааны төлбөрийг Худалдагчийг бараа нийлүүлсэн өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор бүрэн буюу 100% төлж барагдуулсан байна гэж, мөн гэрээний 5.2.2-т "Худалдан авагч гэрээний төлбөрийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх алданги төлнө гэж, мөн 5.2.3-т “Худалдан авагч нь энэ гэрээний 5.2.1 дэх хэсэгт заасан хугацаанд нийлүүлсэн барааны үнийг бүрэн төлж барагдуулаагүй, хавсралтаар нийлүүлсэн барааны төлөгдөөгүй төлбөр зээлийн шугамын үнэд хүрсэн тохиолдолд худалдагч тал барааны нийлүүлэлтийг зогсоож, төлөгдөөгүй үнийн дүнгийн 5 хувътай тэнцэх торгууль ногдуулна.” гэж тус тус заасан байдаг.

ГД ХХКгэрээний дагуу нийлүүлсэн Дизель түлшний төлбөр 208,419,000 төгрөгийг төлөх үүргээ 678-766 хоногоор хэтрүүлсэн байх тул гэрээний 5.2.2, 5.2.3 болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу анзын хэмжээг тооцож үзэхэд нийт 10,353,450 төгрөгийн торгууль, 93,181,050 төгрөгийн алданги төлөх тооцоо гарч байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 108/2019/ГД/01 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах- худалдан авах гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 208,419,000 төгрөг болон торгууль 10,353,450 төгрөг, алданги 93,181,050 төгрөг, нийт 311,953,500 төгрөгийн төлбөрийг хариуцагч “ГД” ХХК-иас гаргуулж, дээрх төлбөрийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгө болох Н.Бийн өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэр /17060/ гудамж 33-р байр, 21 тоот хаягт байршилтай, Улсын бүртгэлийн Ү-2206062297 дугаартай, 70.18 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч ГД ХХК хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч нь ГД ХХК-д 6 удаагийн ачилтаар 127,300 литр буюу 247,454,000 төгрөгийн үнэ бүхий дизель түлш нийлүүлснээс 208,419,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэжээ. Тус компанийн хувьд ЗНО ХХК-аас гэрээний дагуу Дизель түлш авч байсан боловч 6 удаагийн ачилтаар 127,300 литр буюу 247,454,000 төгрөгийн үнэ бүхий дизель түлш авч байсан удаагүй. Өөрөөр хэлбэл дээрх хэмжээний дизель түлшний захиалга өгч байгаагүй бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн “Шатахуун тослох материалын зарлагын падаан” дээр хүлээн авсан гэх этгээдүүдийн зарим нь тус компанийн ажилтан биш буюу компанид хамааралгүй хүмүүс юм. Мөн ГД ХХК-аас тэдгээр хүмүүст дизель түлшийг хүлээн авах эрхийг олгож байгаагүй тул компанийн хүлээн авсан дизель түлшний хэмжээ болон үнийн дүн нь нэхэмжлэлийн шаардлагатай нийцэхгүй юм.

Мөн талуудын байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ гэрээний дагуу нийлүүлэгдэх барааны зээлийн шугамын үнэ 105,000,000 төгрөг байна” гэж, 5.1.1-д Гэрээний хавсралтуудаар нийлүүлж буй барааны төлөгдөөгүй үнийн дүн зээлийн шугамын хэмжээнээс хэтрээгүй байна” гэж тус тус заасан бөгөөд гэрээнд зээлийн шугамын дээд хязгаарыг тогтоосон атал ямар ч итгэмжпэлгүй, байгууллагын ажилтан бус этгээдүүдэд зээлийн шугамын хязгаараас хэтрүүлэн дизель түлш худалдсан гэх нэрээр ГД ХХК-ийн нэр дээр өр төлбөр үүсгэсэнд харамсаж байна.

Цаашлаад “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.2-д “Энэхүү гэрээний хүрээнд нийлүүлэгдэх газрын тосны бүтээгдэхүүний худалдан авалт бүрийн тусгай нөхцөлүүдийг хавсралтаар баталгаажуулна” гэж заасан атал ямар хэмжээний дизель түлшийг, хэзээ, хэнд хэрхэн хүргэж өгөх талаар худалдан авалтын захиалга баталгаажуулсан хавсралт үйлдэгдээгүй бөгөөд энэ талаар баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй буюу үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Хариуцагч Н.Б хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

4.Хариуцагч Н.Б нь нэхэмжлэгч ЗНО ХХК-д холбогдуулж, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №108/2019/ГД/01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1/ Н.Б нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд уул, уурхайн ажил хийх зорилгоор ГД ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Н-тай хамтран ажиллахаар тохиролцож, тус компанид хөрөнгө оруулалт хийхийн тулд ГД ХХК-ийн 50 хувийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэх, гүйцэтгэх удирдлагыг бие даан хэрэгжүүлэх буюу гүйцэтгэх захирлаар Н.Бийг томилох, үйл ажиллагаанаас олсон ашгийг 50 хувиар тэнцүү хуваах болзолтойгоор тохиролцсон байдаг. Улмаар Н.Бөөс хөрөнгө оруулалт татаж уурхайн үйл ажиллагааг явуулах зорилгоор тухайн үед ГД ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан М.Н нь нийт хувьцааны буюу 50 хувь болох 151.151 ширхэг хувьцааг Н.Бөд, мөн адил 50 хувийн хувьцаагаа өөрийн дүү болох Э.О-д шилжүүлж, Компанийн гүйцэтгэх захирлаас М.Н-г чөлөөлж, Н.Бийг томилохоор болсон. М.Н нь Компанийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр гаргаж, ГД ХХК-ийн 50 хувийн хувьцааг Э.О-д, 50 хувийн хувьцааг Н.Бөд тус тус хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлж, компанийн дүрмийг шинэ хувьцаа эзэмшигчдийн хурлаар 2019.05.14-ний өдөр шинэчлэн баталсан.

Ингээд Н.Б тухайн үед өөрийгөө гүйцэтгэх захирал болсон гэж бодон компанийн өөрчлөлттэй холбоотой баримтыг М.Н-гаас авч улсын бүртгэлд бүртгүүлэхээр очиход улсын бүртгэгч нь хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт засвар оруулах шаардлагатай, алдаатай гарсан байх тул засаж ир гэсэн байдаг. М.Н-д энэ талаар утсаар хэлэхэд би амжихгүй, чи өөрөө хурлын шийдвэрийг засаад миний гарын үсгийг зураад өгчих гэж тухайн үед хэлсэн тул уг хурлын шийдвэрийг нь танихгүй хүнээр гуйж засуулж бичүүлээд М.Н-ийн гарын үсгийг дуурайлган зурж улсын бүртгэлд материалыг хүлээлгэн өгсөн байдаг.

Уурхайн үйл ажиллагааг явуулахын тулд түлш авах шаардлагатай болсон бөгөөд ЗНО ХХК-иас зээлээр түлш худалдан авах санал гаргахад барьцаа хөрөнгө шаардсан. Энэ талаар М.Н-тай ярилцахад “компанийн нэр дээр хөрөнгө байхгүй тул чи барьцаа хөрөнгө ол” гэхээр нь аргагүйн эрхэнд өөрийн нэр дээр байсан орон сууцыг барьцаалахаар болсон. ЗНО ХХК-тай 2019.06.06-ны өдрийн №108/2019/ГД/01 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2019.06.06-ны өдрийн №108/2019/ГД/01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд ГД ХХК-ийг төлөөлж, хувьцаа эзэмшигч Н.Б миний бие гарын үсэг зурж, компанийн тамга дарсан.

Уурхайн үйл ажиллагаанд оролцох гэсэн боловч 2019 оны 7 сараас Н-тай үг ойлголцол үүсч, ажил явахаа больсон, энэ хүртэлх хугацаанд надаас уурхайн тохижилт түрээсийн тоног төхөөрөмж, ажилчдын цалин зэрэгт 740.000.000 төгрөгийн зардал гарсан. Гэтэл М.Н нь надад мэдэгдэхгүйгээр миний гарын үсгийг миний өмнөөс зурж 2019.09.09-ний өдөр компанийн улсын бүртэлд өөрчлөлт оруулж, өөрийгөө гүйцэтгэх захирал гэж бүртгүүлэн, ГД ХХК-ийн “ДЗЭА” ХХК-тай байгуулсан 5 жилийн хугацаатай гэрээг надаас санал авахгүйгээр өөрийн дураар цуцалж, өөрийн хамаарал бүхий “ТЭЗ” ХХК-ийг оролцуулж, дахин гэрээ байгуулан олборлолтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэсэн байсан. Өөрөөр хэлбэл, ГД ХХК-ийн үйл ажиллагаанд санхүүжилт авахын тулд надад анхнаасаа худал ярьж компанийн хувьцаагаа шилжүүлэн өгч, чи захирал болсон гэж итгүүлэн маш их хэмжээний хөрөнгө оруулалт надаар хийлгээд, дараа нь хууль бусаар компанийн гүйцэтгэх удирдлагыг хүртэл шилжүүлэн авсан байдаг.

Улмаар хуурамч бичиг, баримт үйлдэн компанийн гүйцэтгэх удирдлагыг хууль бусаар хэрэгжүүлсний улмаас Н.Б надад маш их хохирол учруулсан гэдэг үндэслэлээр Сүхбатаар дүүргийн цагдаагийн хэлтэст М.Нг шалгуулахаар гомдол гаргасан. Цагдаагийн байгууллагаас 2019.10.04-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгаад Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020.11.11-ний өдрийн 3839 дугаартай прокурорын тогтоол гаргасан бөгөөд “Дүгнэх” хэсэгт “...2019.05.17-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал болсон мэтээр хуурамч баримт бүрдүүлж 2019.06.06-ны өдөр улсын бүртгэлд ГД ХХК-ийн бичиг баримтыг бүрдүүлж өгсөн Н.Бийн үйлдэл, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гаргак Н.Бийн гарын үсгийг дуурайлган зурж 2019.09.10-ны өдөр улсын бүртгэлд ГД ХХК-ийн бичиг баримтыг бүрдүүлж өгсөн М.Н-ийн үйлдлүүд нь тус тусдаа Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийн шинжтэй байна. Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, ялагдагчаар татаж болохгүй нөхцөл байдал үүсэн байх тул хэрэг бүртгэлтийн хэргийг хаав” гэсэн дүгнэлт хийж, хэрэг бүртгэлтийн 190903709 дугаартай хэргийг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр хааж шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийг Н.Бийн зүгээс эс зөвшөөрч, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор, Нийслэлийн Прокурорын газарт гомдол гаргасан боловч 2021.04.02-ны өдрийн 5/378 тоот албан бичиг, 2021.06.21-ний өдрийн 1/478 тоот албан бичгээр тус тус гомдлыг хангах боломжгүй гэсэн хариуг Н.Бөд өгсөн. Мөн Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргасан боловч тус газрын 2021.08.12-ны өдрийн 1/1775 тоот албан бичгээр “Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020.11.11-ний өдрийн 3839 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж” шийдвэрлэсэн. Эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад ГД ХХК-ийн бичиг баримтыг бүрдүүлж 2019.05.17-ны өдөр улсын бүртгэлд өгсөн Н.Бийн үйлдэл, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гаргаж, Н.Бийн гарын үсгийг дуурайлган зурж 2019.09.10-ны өдөр улсын бүртгэлд бичиг баримтыг бүрдүүлж өгсөн М.Н-ийн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийн шинжтэй болохыг Прокурор тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл Н.Б, М.Н нар нь хэн аль нь компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэхээр улсын бүртгэлд өөрчлөлт оруулахдаа хууль бус үйлдэл хийсэн болохыг цагдаа, прокурорын байгууллагаас тогтоосон байдаг.

ГД ХХК-ийн 2019.06.06-ны өдрийн улсын бүртгэлд бүртгүүлсэн дүрэм нь Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9-д зааснаар хүчин төгөлдөр болсон бөгөөд маргаан бүхий гэрээ хэлцлийг байгуулахад уг дүрмийн 3.6-д зааснаар М.Н гүйцэтгэх захирал буюу Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3, 83.8-д зааснаар хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд байсан байна. Улсын бүртгэлийн байгууллагаас Н.Бийг захирлаар бүртгэсэн хэдий ч ГД ХХК-ийн дүрэмд захирал гэх албан тушаалын талаар зохицуулсан зүйлгүй, зөвхөн гүйцэтгэх захиралтай байхаар компанийн 2019.06.06-ны өдрийн байдлаарх хүчин төгөлдөр дүрэмд заасан байна.

Гэтэл Н.Б нь хэдийгээр хувьцаа эзэмшигч байсан ч гэсэн ЗНО ХХК болон ГД ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019.06.06-ны өдрийн №108/2019/ГД/01 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-нд гүйцэтгэх захирлын удирдлагыг хэрэгжүүлж, “ГД” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлж, барьцаалуулагчийн өмнөөс гарын үсэг зурах боломжгүй байсан. Мөн ГД ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох М.Н нь Н.Б тухайн хэлцлийг хийх зөвшөөрлийг олгосон аливаа итгэмжлэл олгоогүй байхад Н.Б нь ГД ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэж гэрээнд төлөөлөн 2019.06.06-ны өдрийн №108/2019/ГД/01 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-г байгуулсан нь Иргэний хууль, Компанийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, мөн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна.

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-т “бичгээр олгосон итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх шардлагыг хангасан байна” гэж, мөн хуулийн 64.3-т “Энэ хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заасан бөгөөд энэ шаардлагыг хангасан итгэмжлэл хийгдээгүй байдаг.

2/ Түүнчлэн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4.1-т “Барьцаалагч нь өөрийн шаардлагыг тэргүүн ээлжинд хангуулахаар барьцаалуулагчийн үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалсан иргэн, хуулийн этгээд байна.” гэж заасан байх боловч барьцаалуулсан үл хөдлөх эд хөрөнгө нь Барьцаалуулагч ГД ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө биш, иргэн Н.Бийн хөрөнгөд хамаарч байгаа. Талуудын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний 1.1-т Барьцаалуулагч нь ГД ХХКбайхаар заасан байна. Мөн 2019.06.06-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний 2.2-т “Энэхүү гэрээний зорилго нь талуудын хооронд байгуулагдсан Үндсэн гэрээ, түүний хавсралтуудаар нийлүүлсэн барааны төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаалуулагчийн эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалах, барьцааны зүйлтэй холбоотой талуудын эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлоход оршино” гэж зааснаас үзэхэд барьцаалуулагч ГД ХХК-ийн эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалахаар тохирсон байдаг.

Мөн хуулийн 4.4.-т “Үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч нь хуулийн этгээд бол барьцаагаар хангагдах үүргийг хуульд заасан журмын дагуу нягтлан бодох бүртгэлд тусгана гэж заасан. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний барьцаалуулагчаар буюу үүрэг гүйцэтгэгчээр ГД ХХКбөгөөд нягтлан бодох бүртгэлд туссан эсэх нь тодорхой бус байхаас гадна барьцааны гэрээг байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авахаар хуульд заасан бол зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр авсан байхыг шаарддаг /ҮХЭХБТХ-9.2/ Гэтэл ГД ХХК нь барьцааны гэрээний үүрэг гүйцэтгэгч болж байгаагийн хувьд гуравдагч этгээдийн зөвшөөрлийг хуулийн дагуу авсныг нотлох баримт байхгүй. Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3.-т “Барьцааны гэрээнд тухайн зүйл нь барьцаалуулагчийн өмч мөн болохыг нотлох баримтыг тусгахаар заасан байна. Маргаан бүхий барьцааны гэрээний барьцаалуулагч нь ГД ХХКбөгөөд иргэн Н.Бийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан үйл баримт тогтоогддог, харин ГД ХХК-ийн өмч болохыг нотлох баримт байхгүй. Тэгвэл Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Энэ хуулийн 11 дүгээр зүйл болон улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасан журмыг зөрчсөн гэрээг улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно.” гэж, мөн хуулийн 12.3.-т “Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна.” гэж тус тус зааснаар 2019.06.06-ны өдрийн №108/2019/ГД/01 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ" нь хүчин төгөлдөр бус байна.

Иймд хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн буюу ГД ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал М.Н-ийн зөвшөөрөлгүй, аливаа итгэмжлэлгүйгээр, мөн илтэд хууль зөрчиж хийгдсэн тус компанийн хувьцаа эзэмшигч Н.Бийн барьцаалуулагч ГД ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан 2019.06.06-ны өдрийн №108/2019/ГД/01 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-г дээр дурдсан үндэслэлүүдээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Улсын бүртгэлийн Ү-2206062297 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо. Үйлдвэр/17060/ Үйлдвэр гудамж ЗЗ дугаар байр, 21 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэв.

5.Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Тухайн цаг хугацаанд Н.Б нь гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байсан нь тогтоогдсон. Компанийн гүйцэтгэх удирдлага М.Н байсан, Б-г захирлаар л бүртгэгдсэн гэж тайлбарладаг боловч Н.Б нь улсын бүртгэлд компанийн гүйцэтгэх удирдлагаар бүртгэгдсэн учраас түүнийг тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлтэй. Тэр үед гүйцэтгэх захирлаар М.Н гэж хүн байгаагүй. Хуурамч бичиг баримт үйлдсэн нь тогтоогдсон гэх асуудлын хувьд шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор тухайн үйлдлийг гэм буруутай эсэхийг тогтоохоос бус прокурорын тогтоолоор тогтоогдсон гэж үзэхгүй. Барьцааны гэрээний хувьд Компаний тухай хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг зөрчөөгүй, барьцаалсан хөрөнгө нь ГД ХХК-ийн хөрөнгө биш гэж байгаа нь үндэслэлгүй, Компанийн тухай хууль болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийг буруу тайлбарлаж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

6.Нэхэмжлэгч талаас: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.06.06-ны өдрийн 108/2019/ГД/01 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, тус гэрээний 2019.06.06-ний өдрийн 1 дугаар хавсралт, 2019.06.06-ны өдрийн 108/2019/БГД/01 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, нэхэмжлэх, тооцоо, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17060/ Үйлдвэр гудамж 33 байр 21 тоот хаягт байрлах Ү-2206062297 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.06.06-ны өдрийн Итгэмжлэл, Шатахуун тослох материалын зарлагын падаанууд, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.02-ны өдрийн 182/ШЗ2020/06994 дугаар, 2020.06.04-ний өдрийн 182/ШЗ2020/06038 дугаар шүүгчийн захирамжууд, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.21-ний өдрийн 183/ШЗ2021/12565 дугаар захирамж, ГД ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, нэхэмжлэх, нэмэлт тодруулга, Ашигт малтмал газрын тосны газрын 2022.08.23-ны 9/4250, 9/4252 тоот албан бичгүүд зэрэг баримтыг,

Хариуцагч ГД ХХК-иас: Итгэмжлэл, хариу тайлбар, тодруулга,

Хариуцагч Н.Бөөс: итгэмжлэл, хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020.11.11-ний өдрийн 3839 дугаартай Прокурорын тогтоол, 2021.04.02-ны өдрийн 5/378 тоот Хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн прокурорын газрын 2021.06.21-ний 1/1478 тоот Хариу мэдэгдэх хуудас, Улсын Ерөнхий прокурорын газрын 2021.08.12-ний 1/1775 тоот Хариу мэдэгдэх хуудас, тодруулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс талуудын хүсэлтээр: Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020.11.11-ний өдрийн 3839 дугаартай Прокурорын тогтоол, тээврийн хэрэгслийн лавлагаанууд, гэрч Б.Д, В.Б, Д.Б, Г.Э нараас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, ГД ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлт зэрэг баримтыг бүрдүүлсэн байна. 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч ЗНО ХХКнь ГД ХХК, Н.Б нарт холбогдуулан гэрээний үүрэгт 311,953,500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан ба хариуцагч Н.Б нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

3.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: Хариуцагч ГД ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн гэж тодорхойлсон.

4.Хариуцагч ГД ХХК нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Түлш авч байсан боловч нэхэмжлэлд дурсан хэмжээний түлш аваагүй, түлш хүлээн авсан гэх хүмүүс нь компанийн ажилчид биш тул хүлээн авсан нь тодорхойгүй, зээлийн шугамын хязгаараас хэтрүүлэн дизель түлш худалдсан, худалдан авалтын захиалга баталгаажуулсан хавсралт болон талуудын хооронд тооцоо нийлсэн болон санхүүгийн анхан шатны баримт үйлдэгдээгүй, компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргажээ.  

5.Хариуцагч Н.Б нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байна. Үүнд: Гэрээг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан нь Иргэний хууль, Компанийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж, Барьцааны гэрээ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан журмыг зөрчсөн тул мөн хуулийн 12.3-т зааснаар барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж тодорхойлж маргасан.

6.Нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Н.Б нь тухайн цаг хугацаанд компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байсан нь улсын бүртгэлийн баримтаар тогтоогддог, нэхэмжлэгчийн хувьд бүртгэл үнэн зөв гэж үзэх тул хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй. Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг зөрчөөгүй тул барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр гэв.

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2019.06.06-ны өдрийн 108/2019/ГД/01 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, тус гэрээний 2019.06.06-ний өдрийн 1 дугаар хавсралт, 2019.06.06-ны өдрийн 108/2019/БГД/01 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, нэхэмжлэх, тооцоо, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17060/ Үйлдвэр гудамж 33 байр 21 тоот хаягт байрлах Ү-2206062297 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.06.06-ны өдрийн Итгэмжлэл, Шатахуун тослох материалын зарлагын падаанууд, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.02-ны өдрийн 182/ШЗ2020/06994 дугаар, 2020.06.04-ний өдрийн 182/ШЗ2020/06038 дугаар шүүгчийн захирамжууд, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.21-ний өдрийн 183/ШЗ2021/12565 дугаар захирамж, ГД ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, нэхэмжлэх, нэмэлт тодруулга, Ашигт малтмал газрын тосны газрын 2022.08.23-ны 9/4250, 9/4252 тоот албан бичгүүд, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020.11.11-ний өдрийн 3839 дугаартай Прокурорын тогтоол, 2021.04.02-ны өдрийн 5/378 тоот Хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн прокурорын газрын 2021.06.21-ний 1/1478 тоот Хариу мэдэгдэх хуудас, Улсын Ерөнхий прокурорын газрын 2021.08.12-ний 1/1775 тоот Хариу мэдэгдэх хуудас, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020.11.11-ний өдрийн 3839 дугаартай Прокурорын тогтоол, тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрч Б.Д, В.Б, Д.Б, Г.Э нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, ГД ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлт зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

8. ЗНО ХХК, ГД ХХК нар нь 2019.06.06-ны өдөр 108/2019/ГД/01 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон талууд 2019.06.06-ны өдөр 108/2019/БГД/01 дугаар барьцааны гэрээг байгуулж Н.Бийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206062297 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17060/ Үйлдвэр гудамж ЗЗ дугаар байр, 21 тоот хаягт байршилтай 70,48 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. Эдгээр гэрээг ГД ХХК-ийг төлөөлж Н.Б байгуулжээ. /хх 8-14/

9. ЗНО ХХК-иас ГД ХХК-д 106,200 литр буюу 208,419,000 төгрөгийн дизель түлшийг гэрээний дагуу нийлүүлсэн гэх бөгөөд хариуцагч нар нь ийм хэмжээний түлш хүлээн аваагүй гэж маргасан.

9.1.Хэрэгт авагдсан Шатахуун тослох материалын зарлагын падаан гэх баримтаар Жаст ойл ХХК, Петро ойл трейд ХХК-иудын агуулахаас 2019.06.08-ны өдөр 22,220 литр, 2019.06.12-ны өдөр 20,000 литр, 2019.07.02-ны өдөр 20,000 литр, 2019.07.23-ны өдөр 21,100 литр, 2019.08.20-ны өдөр 21,100 литр, 2019.09.04-ний өдөр 22,880 литр буюу нийт 127,300 литр дизель түлшийг ачуулсан, борлуулагч буюу нийлүүлэгч байгууллага нь Зууннайман ойл ХХК, хүлээн авагч ГД ХХК гэжээ. Эдгээр нийлүүлсэн түлшээс 2019.08.20-ны өдрийн 21,100 литр түлшийг дээрх гэрээнээс тусдаа бэлэн мөнгөөр худалдсан, харин 106,200 литр түлшийг гэрээнд заасны дагуу нийлүүлсэн бөгөөд төлбөрийг барагдуулаагүй гэж нэхэмжлэгч тал тайлбарласан. /хх 19-21/

9.2.Дээрх түлшийг тээвэрлэсэн гэрч Б.Д нь “06.08-ны 22,220 литр шатахууныг хүлээн авч ГД ХХК-нд тээвэрлэж хүргэсэн” гэж, гэрч В.Б нь “Миний машин 21,100 литр багтаамжтай, 7,8 саруудад олон компанийн ачаа тээвэр хийсэн. Би тэр үед Шарын гол, Архангай, Сэлэнгийн Бугант Өвөрхангай Уянга сум руу ачаа тээвэр хийсэн” гэж, гэрч Д.Б нь “дизель түлшийг 108 ойл ХХК-иас хүлээн авч Сэлэнгэ аймгийн Бугант тосгоноос хойшоо 10-15 км яваад ГД гэдэг компанид буулгасан” гэж, гэрч Г.Э нь “Тухайн үед Сэлэнгийн Бугант руу түлш ачиж байсан санагдаж байна. Компанийн нэрийг сайн санахгүй, бид буулгаж өгөөд л явдаг” гэж тус тус мэдүүлжээ. Түүнчлэн, хариуцагч нар нь нэхэмжлэгчээс дизель түлш авч байсан талаар үгүйсгээгүй бөгөөд шатахуун тослох материалын зарлагын падаан, гэрч нарын мэдүүлэг зэргээр ГД ХХК нь 106,200 литр дизель түлшийг хүлээн авсан болох нь тогтоогдож байна.  /хх 146, 152, 177/

10.Компанийн дүрэмд гүйцэтгэх захирлаар М.Н-г томилсон, төлөөлөх эрх бүхий этгээд нь М.Н байсан тул дээрх гэрээнүүд нь төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн, хуульд заасан журмыг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж хариуцагч нь маргасан.

10.1.Н.Б нь ГД ХХК-ийн захирал М.Н-тай хамтран ажиллахаар тохиролцсон гэх бөгөөд хамтын ажиллагааны явцад хөрөнгө оруулалт, компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор маргаан үүсч хохирол учруулсан гэх асуудлаар Н.Б нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ба гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгасан байна. Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020.11.11-ний өдрийн 3839 дугаар прокурорын тогтоолоор Н.Б, М.Н нар нь улсын бүртгэлд баримт бичиг бүрдүүлэн өгөхдөө гарын үсэг дуурайлган зурсан гэх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй боловч хөөн хэлэлцэх хугацаа дуусч, яллагдагчаар татаж болохгүй нөхцөл байдал үүссэн гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна. /хх 99-105/ 

10.2.М.Н нь 2019.05.17-ны өдөр ГД ХХК-ийн өөрийн эзэмшлийн хувьцааны 50 хувийг Э.О-д, 50 хувийг Н.Бөд худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн байх бөгөөд компанийн улсын бүртгэлийн мэдээлэлд 2019.06.06-ны өдөр холбогдох өөрчлөлт хийгдэж Н.Б нь компанийн гүйцэтгэх удирдлага буюу захирлаар бүртгүүлсэн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-83, 154-174/

10.3.Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээг 2019.05.17-нд байгуулж Н.Б, Э.Онарт хувьцааг шилжүүлсэн боловч ГД ХХК-ийн дүрмийг 2019.05.14-ний өдөр баталсан байгаа нь ойлгомжгүй бөгөөд тухайн дүрэм нь үнэн зөв баримт эсэх нь эргэлзээтэй, дүрмийг үндэслэн гүйцэтгэх удирдлага нь М.Н байсан гэж үзэх боломжгүй байна. /хх 154-174/

10.4.Хариуцагч Н.Б нь “компанийн гүйцэтгэх захирлаас М.Нг чөлөөлж, Н.Б-гтомилохоор болсон, тухайн үед өөрийгөө компанийн гүйцэтгэх захирал болсон гэж ойлгосон” гэж тайлбарладаг. Н.Б нь өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэж өөрийн хүсэл зориг, сайн дурын үндсэн дээр ГД ХХК-ийг төлөөлсөн, мөн өөрийн хөрөнгийг барьцаалах бүрэн эрхийг 2019.06.06-ны өдрийн итгэмжлэлээр компанид олгож маргаан бүхий гэрээнүүдийг байгуулсан байх бөгөөд дээр дурдсан үйл баримтаас дүгнэхэд гэрээ байгуулах тухайн цаг хугацаанд компанийн гүйцэтгэх удирдлагыг Н.Б хэрэгжүүлж байсан гэж үзэхээр байна. 

10.5.Нөгөө талаар, Н.Б нь компанийг төлөөлөх эрхийг дур мэдэн хэрэгжүүлсэн гэж үзэх тохиолдолд талуудын хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй, дээрх хэлцлүүд нь зохих этгээдийн зөвшөөрлөөр хийхээр хуульд заагаагүй тул мөн хуулийн 56.1.8-д заасан ...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэх үндэслэлд  хамаарахгүй гэж үзэв. Түүнчлэн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдсэн мэдээлэл нь гуравдагч этгээдийн хувьд үнэн зөв байх бөгөөд нэхэмжлэгч Зууннайман ойл ХХК нь бүртгэл буруу ташаа гэдгийг мэдэх боломжгүй байна.

10.6.Хуульд зааснаар барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, гуравдагч этгээд байж болох бөгөөд барьцааны гэрээ нь Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль зөрчсөн гэх байдал тогтоогдсонгүй. Иймд дээрх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэх үндэслэлгүй байна.

11.Иймд ЗНО ХХК, ГД ХХК нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 156 дугаар зүйлд зааснаар газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, талууд тохиролцож хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдсэн бөгөөд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна.

12.Худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдагч нь хавсралтад заагдсан хэмжээгээр дизель түлш нийлүүлэх, худалдан авагч нь төлбөрийг бараа нийлүүлсэн өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор бүрэн төлөх үүргийг тус тус хүлээжээ. Гэрээний 3.2, 3.2.2-д гэрээний хүрээнд нийлүүлэгдэх газрын тосны бүтээгдэхүүний худалдан авалт бүрийн тусгай нөхцөлүүдийг хавсралтаар баталгаажуулах, гэрээний хавсралтууд нь түүний салшгүй хэсэг болохоор заасан байна.

13.Талууд гэрээний дагуу 2019.06.06-ны өдөр 1 дугаартай хавсралтыг үйлдсэн ба тус хавсралтын дагуу 40,000 литр дизель түлшийг нэгжийн үнэ 1,940 төгрөгөөр тооцон нийт 77,600,000 төгрөгөөр худалдахаар, нийт төлөх төлбөр тээврийн зардлын хамт 80,000,000 төгрөг байхаар тохирчээ. Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч нь гэрээний үнэ, гэрээний 5.2.2, 5.2.3-д зааснаар торгууль, алданги шаардах эрхтэй байна. Иймд гэрээний хавсралтаар нотлогдож байгаа хэмжээнд 80,000,000 төгрөг, түүнд тооцсон торгууль, алданги болох 40,000,000 төгрөг, нийт 120,000,000 сая төгрөгийг гэрээний дагуу хариуцагч ГД ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

14.Бусад нийлүүлсэн түлшний хувьд худалдан авалтыг баталгаажуулсан хавсралт үйлдэгдээгүй, түлшийг гэрээний дагуу авсан гэх үндэслэлгүй байна. Харин дээр дурдсанаар ГД ХХК106,200 литр дизель түлш нийлүүлэгдсэн нь тогтоогдсон тул хариуцагч нь гэрээний хавсралтад зааснаас илүү түлшийг хүлээн авснаар бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:”, 492.1.1.-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон;” гэж зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн тайлбарт дурдсанаар гэрээний хавсралтад заасан 40,000 литр түлшийг 2019.06.08-ны 2019.06.12-ны өдөр нийлүүлсэн гэж үзвэл тус хэмжээнээс илүү гарсан 2,220 литр, 2019.07.02-ны 20,000 литр, 2019.07.23-ны 21,100 литр, 2019.09.04-ний 22,880 литр, нийт 66,200 литр дизель түлшний үнийг тухайн үеийн зах зээлийн ханш буюу нэхэмжлэхэд дурдсан ханшаар тооцож 127,069,000 төгрөгийг хариуцагч ГД ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

15.Нэхэмжлэгч нь 66,200 литр түлшний тээвэрлэлтийг хариуцсан эсэх, аль хугацааны тээвэрлэлтийн зардал болох нь тодорхойгүй байх тул тээврийн хөлс гэж шаардсан 1,350,000 төгрөг, гэрээний бусаар нийлүүлсэн түлшний хувьд нэхэмжлэгч нь анз шаардах эрхгүй тул 127,069,000 төгрөгт тооцсон торгууль, алдангийн 63,534,500 төгрөг, нийт 64,884,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

16.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1., 175 дугаар зүйлийн 175.1.-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй бөгөөд үл биелүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар заасан.  

Барьцааны гэрээний 5.1, 5.2-д зааснаар газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний барьцаагаар хангагдах шаардлага нь 120,000,000 төгрөг байх тул нэхэмжлэгч нь энэ хэмжээнд барьцаа хөрөнгийн үнээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй. Тиймээс хариуцагч ГД ХХК төлбөрөө сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс 120,000,000 төгрөгийн хэмжээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

17.Дээр дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж 247,069,000 төгрөгийг хариуцагч ГД ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 64,884,500 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Н.Бийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

18.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-д зааснаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байна.

19.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,787,917 /1,717,717+70,200/ төгрөг, хариуцагч Н.Бөөс төлсөн 753,150 /682,950+70,200/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ГД ХХК-иас 1,393,295 төгрөг, хариуцагч Н.Бөөс 70,200 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 115.2.3-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч ГД ХХК-иас 247,069,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЗНО ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 64,884,500 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Н.Бийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч ГД ХХК нь дээрх төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Н.Бийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206062297 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17060/ Үйлдвэр гудамж ЗЗ дугаар байр, 21 тоот хаягт байршилтай 70,48 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнээс 120,000,000 төгрөгийн хэмжээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,787,917 төгрөг, хариуцагч Н.Бөөс төлсөн 753,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ГД ХХК-иас 1,393,295 төгрөг, хариуцагч Н.Бөөс 70,200 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Зууннайман ойл ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ                                    У.С