Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2022/03528/И

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.С даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: СМК ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НГ-т холбогдох, 

Нэхэмжлэлийн шаардлага:

2014.08.28-ны өдрийн №БЗДХААА-14/601 дугаартай гэрээний дагуу барьцаанд байршуулсан 55,130,487 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч СМК ХХКнь гэрээний дагуу барьцаанд байршуулсан 55,130,487 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд: 

            СМК ХХКнь НГ-тай 2014 оны 8-р сарын 28-ны өдөр БЗДХААА-14/601 дугаартай "Баянзүрх дүүргийн хороодод хэв журмын нөхцөл байдлыг хянах камерын системийг нийлүүлж, суурилуулах ажлын гэрээ"-г байгуулсан. Энэхүү гэрээний дагуу хүлээсэн ажлыг зохих ёсоор хийж гүйцэтгэн 2015 оны 5-р сарын 27-ны өдөр 15/60 тоот "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт" үйлдэн хүлээлгэж өгсөн.

Талуудын хооронд байгуулагдсан БЗДХААА-14/601 тоот гэрээний нийтлэг үндэслэл хэсгийн 3-р зүйлд гэрээт ажлын нийт үнийн дүнг 1,102,609,741 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Мөн гэрээний тусгай нөхцөлийн 27.10-т "барьцаа хөрөнгийн хувь нь 5% байна. Чанарын баталгаат хугацаа 3-н жил байна" гэсний дагуу НГ-снийт 1,102,609,741 төгрөгийн санхүүжилт олгох ёстойгоос 1,047,479,254 төгрөгийг манай компанид шилжүүлж, харин 55,130,487 төгрөгийг барьцаа хэлбэрээр авч үлдсэн болно. Ингээд чанарын баталгаат хугацаа дуусгавар болж хариуцагч НГ-тбарьцаа 5%-ийн төлбөрийг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан бөгөөд талууд 2020 оны 1-р сарын 28-ны өдрийн 20/232 тоот албан бичгээр гэрээний үлдэгдлийг баталгаажуулж акт үйлдсэн болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д "Бараа, ажил, үйлчилгээний чанарын баталгаат болон зүгшрүүлэх тохируулах хугацаанд гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээний үнийн дүнгийн 5-10 хувийг уг хугацаа дуустал барьцаалах нөхцөлийг захиалагч тендерийн баримт бичигтт тусгаж болно” гэж, мөн Барилгын тухай хуулийн 14-р зүйлийн 14.3-т "Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна", 14.6-д "Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна." гэж тус тус заасан бөгөөд СМК ХХКнь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу 2015 оны 5-р сарын 14-ний өдрийн 15-Т/534 тоот албан бичгээр БЗДХААА-14/601 тоот гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хүрээнд суурилуулсан тоног төхөөрөмжид 3 жилийн чанарын баталгаат хугацааг зааж, 6 сарын хугацаанд үзлэг, үйлчилгээг үнэ төлбөргүй хийж гүйцэтгэж байсан бөгөөд энэ хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнтэй холбоотойгоор ашиглагч байгууллага болох БЗД-ийн цагдаагийн газраас ямар нэг гомдол санал гаргаж байгаагүй болно.

Манай компани хариуцагч НГ-тудаа дараа албан бичгээр хандаж барьцаа хөрөнгийг чөлөөлөх хүсэлт гаргаж байсан бөгөөд НГ-сбарьцаа хөрөнгийг чөлөөлөн өгөхөд татгалзах зүйлгүй гэх боловч өнөөдрийг хүртэл хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй гэрээний үлдэгдэл /барьцааны төлбөр/-ийг чөлөөлж өгөх үүргээ биелүүлэхгүй нэхэмжлэгч СМК ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөөр байна.

Гэрээгээр СМК ХХКнь баримт бичгийн бүрдлээ хангаад барьцаа чөлөөлөх талаар ямар нэгэн хүлээсэн үүрэг байхгүй. НГ-с2022.03.23-ны өдөр ирсэн албан бичигт шаардлагатай баримт бичгийг бүрдүүл гэсний дагуу албан бичгийг ашиглагч байгууллага Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 болон 2 дугаар хэлтэст, мөн түүнчлэн Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт, Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба гэсэн газруудад удаа дараа албан бичиг явуулж “гэрээгээ дүгнээд акт үйлдэж өгнө үү” гэдэг шаардлага тавьсаар ирсэн. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар бид нарт 30 хоногийн дотор ямар нэгэн хариу өгөх ёстой. Гэтэл уг байгууллагуудаас ямар нэгэн хариу өнөөдрийн байдлаар ирээгүй. Ингээд НГ-т2022.09.15-ны өдөр албан бичиг явуулж, уг байгууллагууд бид нарт албан бичиг тодорхойлолт гаргаж өгөхгүй байна, гэрээний дагуу зөвхөн бид нар уг баримт бичгийг бүрдүүлэх талаар үүрэг хүлээгээгүй гэдэг албан бичгийг 2022.09.15-ны өдөр явуулсан. НГ-стус газруудаас албан бичиг шаардсан эсэхийг мэдэхгүй байна. Өнөөдрийн байдлаар уг байгууллагуудаас ямар нэгэн албан бичиг ирээгүй. Ийм учраас талуудын хооронд байгуулагдсан 2015.08.28-ны өдрийн гэрээнд санхүүжүүлэх үүргийн Нийтлэг үндэслэлийн 1.2 дахь заалтаар НГ хүлээж байгаа. Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаанд захиалагч болон ашиглагч байгууллагаас гомдлын шаардлага гаргаагүй тул биет байдлын доголдол гаргаагүй гэж үзэж байна. Хууль болон гэрээгээр захиалагч өөрийн үүргийг гүйцэтгэгчээс шаардаад барьцаа хөрөнгийг чөлөөлөхгүй байгаа нь хууль болон гэрээнд нийцэхгүй байна.

Иймд БЗДХААА-14/601 дугаартай гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын чанарын баталгаат болон зүгшрүүлэх хуульд заасан хугацаа дууссан байх тул 2014 оны 8-р сарын 28-ны өдрийн № БЗДХААА-14/601 дугаартай "Баянзүрх дүүргийн хороодод хэв журмын нөхцөл байдлыг хянах камерын системийг нийлүүлж, суурилуулах ажлын гэрээ"-ний үлдэгдэл төлбөр 55,130,487 төгрөгийг НГ-сгаргуулж өгнө үү гэв.

            2.Хариуцагч НГ ОНӨААТҮГ нь хариу тайлбартаа:

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Зөвшөөрөхгүй байгаа гол шалтгаан нь тус төсөл, арга хэмжээ нь нийслэлийн төсвийн хөрөнгөөс санхүүжсэн. НГ нь захиалагчийн техник хяналтыг тавих эрхтэй. Гэрээнийхээ санхүүжилтийг авахдаа бүх материалаа бүрдүүлж ирээд уг бүрдүүлсэн материалыг нь манай байгууллага хянаад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн хэлтэст явуулдаг. Уг газраас бүх мөнгө олгогддог. Гэрээний үлдэгдэл 5 хувийн төлбөрийг авахдаа тодорхой хэмжээний материалын бүрдүүлбэр хангасан тохиолдолд СМК ХХК-иас хүлээн аваад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн хэлтэст хүргүүлдэг. Ингэж хүргүүлэхэд шаардлагатай материалын бүрдэл хангагдахгүй байгаа юм. Энэ нь ямар учиртай гэхээр тухайн барилга байгууламжийг хүлээж авахад ашиглагч байгууллага нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 болон 2 дугаар хэлтэс гэсэн байгууллага байгаа. Камерууд одоог хүртэл хэвийн ашиглагдаж байгаа, ямар нэгэн доголдол байхгүй гэсэн албан бичгийг СМК ХХКбуюу гүйцэтгэгч компанид олгоогүй. Уг бичиг нь олгогдохгүй учраас манай байгууллагын зүгээс гэрээний үлдэгдэл барьцаа хөрөнгийг дүгнээд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сан руу явуулах боломжгүй байгаа юм. Энд шаардагдах гэрээ дүгнэсэн протокол, албан бичиг, тооцоо нийлсэн акт, ашиглагч байгууллагын тодорхойлолт, хурлын тэмдэглэл, нэхэмжлэх зэрэг материал бүрдүүлэхээс ашиглагч байгууллагын хурлын тэмдэглэлийг Барилгын тухай хуульд зааснаар захиалагч, зохиогч, гүйцэтгэгч, ашиглагч байгууллагууд хуралдсан байх ёстой. Уг хурлын тэмдэглэл дутуу учраас бид дутуу материалыг аваад Нийслэлийн төрийн сан руу хүргүүлэх боломжгүй учир уг төлбөрийг гаргаж өгөх боломжгүй байна. Уг материалыг бүрдүүлээд ирвэл материалыг хүлээж аваад Төрийн сан руу шилжүүлж өгнө гэх албан бичгийг 2022.03.23-ны өдөр хүргүүлсэн. Ийм учраас бид дутуу материалыг өгөх боломжгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 

Одоо нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн болох 55,130,487 төгрөг байхгүй биш байгаа. Нийслэлийн Төрийн сангийн хэлтсийн дансанд байгаа. Уг мөнгө нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дансанд байдаггүй гэдгийг уг гэрээний дагуу санхүүжилт авч байсан байгууллагын хувьд ойлгож байгаа байх. Уг ажилтай холбогдуулаад Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Хяналтын инженер н.О болон миний зүгээс байгууллагын хийсэн ажилтай холбогдуулаад ямар нэгэн байдлаар албан бичиг өгнө үү гэдэг талаар цагдаагийн байгууллагатай тухай бүрд нь ярьсан. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015.05.27-ны өдрийн 15/60 дугаартай акт гарсан. Уг комиссын актад Цагдаагийн 1 болон 2 дугаар хэлтсээс холбогдох хүмүүс орсон байдаг. Олгохгүй гээд байгаа шалтгаанаа тухайн үед ажиллаж байсан хүмүүс байхгүй учраас ашиглагч байгууллагын зүгээс ямар нэгэн албан бичиг явуулахгүй, өгөхгүй ээ гэдэг хариултыг өгч байгаа. Манай байгууллагын зүгээс хүмүүс нь солигдох нь хамаагүй, төрийн алба тасралтгүй явагдах ёстой гэдэг утгаараа ямар нэгэн албан бичиг өгнө үү гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна гэв.

3.Нэхэмжлэгч талаас: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Нийслэлийн Засаг даргын 2014.04.04-ний өдрийн А/245 дугаар захирамж, түүний хавсралт, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014.06.12-ны өдрийн А/263 дугаар захирамж, 2014.08.05-ны 10 дугаар Гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмж, 2014.08.28-ны өдрийн БЗДХААА-14/601, 2015.04.07-ны өдрийн БЗДХААА-14/601-01 дугаар  Баянзүрх дүүргийн хороодод хэв журмын нөхцөл байдлыг хянах камерийн системийг нийлүүлж, суурилуулах ажлын гэрээ, гэрээний хавсралтууд, СМК ХХК-ийн 2015.03.25-ны 15-т/422 тоот, 2014.08.18-ны 721, 2014.08.28-ны 755 тоот, 2015.05.14-ний 15-т/533, 15-т/534 тоот албан бичиг, Техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэл, Техникийн тодорхойлолт, Төсөвт өртгийн нэгдсэн товчоо, 2014.05.12-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, 2015.07.29-ний өдрийн Гэрээ дүгнэсэн протокол, Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэлийн материал, ажлын гүйцэтгэлийн зургууд, 2015.05.27-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, түүний хавсралт, СМК ХХК-ийн 2020.01.28-ны өдрийн 20/232 тоот Үлдэгдэл баталгаажуулах тухай албан бичиг, НГ-ын 2022.03.23-ны өдрийн 2/1009 тоот албан бичиг, СМК ХХК-ийн 2022.02.18-ны 22/454 тоот, 2022.02.21-ний 22/456 тоот, 2022.03.10-ны өдрийн 22/477 тоот, 2022.04.26-ны 22/303, 22/304, 2022.05.18-ны 22/337 тоот, 2022.09.15-ны 22/1094 тоот албан бичиг, Худалдаа хөгжлийн банкны 2022.12.02-ны 7-463/547 тоот тодорхойлолт зэрэг баримтыг өгсөн байна.

Хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч СМК ХХКнь хариуцагч НГ-тхолбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт барьцаанд байршуулсан 55,130,487 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

3.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд: Гэрээний дагуу гүйцэтгэх ажлыг зохих ёсоор хийж гүйцэтгэсэн, ашиглагч болон захиалагч байгууллагуудаас ямар нэг гомдлын шаардлага гаргаагүй, баталгаа болон зүгшрүүлэх хугацаа дууссан, нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрийг авахдаа баримт бүрдүүлэх үүрэг гэрээгээр хүлээгээгүй тул барьцаа болгон авч үлдсэн гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй гэж тайлбарлав.

4.Хариуцагч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Гэрээний үлдэгдэл төлбөрийг олгоход тодорхой баримтуудыг бүрдүүлэх ёстой, ашиглагч байгууллагын зүгээс доголдолгүй хэвийн ашиглагдаж байгаа талаар болон холбогдох бусад баримтыг бүрдүүлсэн тохиолдолд бид хянаад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн хэлтэс рүү явуулах боломжтой, уг газраас мөнгө олгогддог гэж тайлбарлан маргасан.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2014.08.28-ны өдрийн БЗДХААА-14/601, 2015.04.07-ны өдрийн БЗДХААА-14/601-01 дугаар  Баянзүрх дүүргийн хороодод хэв журмын нөхцөл байдлыг хянах камерийн системийг нийлүүлж, суурилуулах ажлын гэрээ, гэрээний хавсралтууд, СМК ХХК-ийн 2015.03.25-ны 15-т/422 тоот, 2014.08.18-ны 721, 2014.08.28-ны 755 тоот, 2015.05.14-ний 15-т/533, 15-т/534 тоот албан бичиг, Техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэл, Техникийн тодорхойлолт, Төсөвт өртгийн нэгдсэн товчоо, 2014.05.12-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, 2015.07.29-ний өдрийн Гэрээ дүгнэсэн протокол, Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэлийн материал, ажлын гүйцэтгэлийн зургууд, 2015.05.27-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, түүний хавсралт, СМК ХХК-ийн 2020.01.28-ны өдрийн 20/232 тоот Үлдэгдэл баталгаажуулах тухай албан бичиг, НГ-ын 2022.03.23-ны өдрийн 2/1009 тоот албан бичиг, СМК ХХК-ийн 2022.02.18-ны 22/454 тоот, 2022.02.21-ний 22/456 тоот, 2022.03.10-ны өдрийн 22/477 тоот, 2022.04.26-ны 22/303, 22/304, 2022.05.18-ны 22/337 тоот, 2022.09.15-ны 22/1094 тоот албан бичиг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

6.СМК ХХКнь НГ-тай2014 оны 8-р сарын 28-ны өдөр БЗДХААА-14/601 дугаартай "Баянзүрх дүүргийн хороодод хэв журмын нөхцөл байдлыг хянах камерын системийг нийлүүлж, суурилуулах ажлын гэрээ"-г байгуулсан. Тус гэрээгээр гүйцэтгэгч СМК ХХКнь хэв журмын нөхцөл байдлыг хянах камерын системийг нийлүүлж, суурилуулах ажлыг 1,102,609,741 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр талууд харилцан тохиролцжээ. 2015.04.07-ны өдрийн БЗДХААА-14/601-01 гэрээгээр талууд гэрээний хугацааг сунгасан байна.

7.Нэхэмжлэгч нь гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн байх бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 15/60 дугаар “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт” гарсан байна. Гэрээний тусгай нөхцөлийн 27.10-т "барьцаа хөрөнгийн хувь нь 5% байна." гэж заасны дагуу НГ-сгэрээний үнэ болох 1,102,609,741 төгрөгөөс 1,047,479,254 төгрөгийг олгож, 55,130,487 төгрөгийг олгоогүй буюу барьцаа болгон авч үлдсэн үйл баримтын талаар талууд маргаагүй. Түүнчлэн, нэхэмжлэгчээс 2020.01.28-ны өдрийн 20/232 тоот Үлдэгдэл баталгаажуулах тухай албан бичгийг НГ-тхүргүүлж, талууд 55,130,487 төгрөгийн үлдэгдэл байгааг баталгаажуулсан байна.

8.Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний баталгаат хугацаа дууссан тул гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж 2022.03.10-ны өдрийн 22/477 тоот албан бичгээр хариуцагч талд хандсан боловч хариуцагч НГ-с“...Иймд тус ажлын барьцаа хөрөнгийг чөлөөлөхөд шаардлагатай бичиг баримтын бүрдэл болох албан бичиг, гэрээ, ажил дуусахад үйлдсэн гэрээ дүгнэсэн протокол, комиссын акт, тооцоо нийлсэн акт, ашиглагч байгууллагын тодорхойлолт, хурлын тэмдэглэл, нэхэмжлэх зэргийг бүрэн хангаж ирүүлсэн тохиолдолд 55,130,487 төгрөгийг олгоход татгалзах зүйлгүй болно” гэх хариуг 2022.03.23-ны өдрийн 2/1009 тоот албан бичгээр хүргүүлжээ.

9.Нэхэмжлэгч СМК ХХКнь шаардлагатай баримтыг бүрдүүлэхээр 2022.02.18-ны өдрийн 22/454 тоот Тодорхойлолт хүсэх тухай албан бичгийг Баянзүрх дүүргийн худалдан авах ажиллагааны албанд, 2022.02.21-ний өдрийн 22/456 тоот Тодорхойлолт хүсэх тухай албан бичгийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт, 2022.04.26-ны өдрийн 22/304 тоот Хүсэлт гаргах тухай албан бичгийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст, 2022.04.26-ны өдрийн 22/303 тоот Хүсэлт гаргах тухай албан бичгийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн  хоёрдугаар хэлтэст, 2022.05.18-ны өдрийн 22/337 тоот Хүсэлт гаргах тухай албан бичгийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газарт тус тус хүргүүлж тодорхойлолт бичиг гаргаж өгөхийг хүссэн байна.

10.Тухайн байгууллагуудаас холбогдох хариуг өгөөгүй гэж нэхэмжлэгч тайлбарласан. Энэхүү нөхцөл байдлын талаар хариуцагч талд 2022.09.15-ны өдөр 22/1094 тоот албан бичгээр дахин хандсан байна. Хариуцагч талын зүгээс дээрх үйл баримтыг нотолж “холбогдох байгууллагуудад хандсан боловч тухайн үед ажиллаж байсан хүмүүс байхгүй гэдэг шалтгаанаар баримт бичиг гаргаж өгөхөөс татгалзсан” гэх агуулга бүхий тайлбарыг гаргасан.

11.Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна. Талууд тохиролцож хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдсэн бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу талууд гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

12.Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.-д “Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна.” гэж, 14.6.-д “Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна.” гэж, Гэрээний тусгай нөхцөлийн 27.10-д “Чанарын баталгаат хугацаа 3-н жил байна” гэж тус тус заажээ.

Мөн, Гэрээний 9-д “Захиалагч нь гэрээний дагуу гүйцэтгэгчийн хийсэн ажил болон түүнтэй холбоотой зөрчил, гологдол гарсан тохиолдолд шаардлагатай арга хэмжээг авахуулсаны дараа гэрээний төлбөрийг гүйцэтгэгчид төлөх” гэж, Гэрээний тусгай нөхцөлийн 25.2.2-д Баталгааны шалгалтыг гэрээ амжилттай дуусгавар болсноос хойш 1 жилийн дотор хийж гүйцэтгэнэ.” гэж заасан байна.

13.Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлага гаргах эрхтэй.  Ажлыг хүлээлгэн өгч акт үйлдсэнээс хойш хууль болон гэрээнд заасан дээр дурдсан баталгаат хугацаа өнгөрсөн байх бөгөөд захиалагч болон ашиглагч байгууллагуудаас баталгаат хугацааны дотор ажлын гүйцэтгэл, доголдлын талаар гомдлын шаардлага гаргасан талаар үйл баримт тогтоогдоогүй.

14.Захиалагч НГ нь гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаагүй бөгөөд шаардаж буй 55,130,487 төгрөгийг олгох боломжтой боловч нэхэмжлэгч нь шаардлагатай баримт бичгийн бүрдлийг хангаагүй гэж тайлбарласан. Нэхэмжлэгч нь хариуцагчийн шаардлагын дагуу холбогдох баримтыг бүрдүүлэхээр зохих байгууллагуудад хандсан боловч хариу өгөөгүйн улмаас тухайн баримтыг бүрдүүлэх боломжгүй болсон байна. Нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрийг авахдаа хариуцагчийн шаардаж буй баримтыг бүрдүүлж өгөх үүрэг гэрээгээр хүлээгээгүй, шаардсан баримт бичгийг бүрдүүлж өгөөгүй нь гэрээний үлдэгдэл төлбөрийг олгохгүй байх үндэслэл болохгүй байна. Иймд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзэв.

15.Ажил гүйцэтгэгч СМК ХХКнь гэрээнд заасны дагуу ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн, хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь тогтоогдож байна. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1.-д зааснаар захиалагч нь гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлсийг төлөх үүрэгтэй.

16.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч НГ ОНӨААТҮГ-аас 55,130,487 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч СМК ХХК-д олгохоор шийдвэрлэв.

17.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 433,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 433,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д  заасныг баримтлан хариуцагч НГ ОНӨААТҮГ-аас 55,130,487 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч СМК ХХК-д олгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 433,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч НГ ОНӨААТҮГ-аас 433,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч СМК ХХК-д олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ                               У.С