| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | У.Сайнбилэг |
| Хэргийн индекс | 182/2022/03909/И |
| Дугаар | 182/ШШ2022/03569 |
| Огноо | 2022-12-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 182/ШШ2022/03569
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.С даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Япон улс, Токио хот, 311 Баруми, Акасака 4-5-21 Акасака Минато-ку, Токио-то 107-0052 хаягт оршин суугч Япон улсын иргэн Ф.С /Fukui Seiji/, /пасспортны дугаар: TS2714619/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 40 50 мянгат, Ноён хутагт Данзанравжаа гудамж, 17/1-р байр, 2 давхарт 201, 202 тоот хаягт байрлах ГИФ ХХКХХК /рд:4397622/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 22,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г..Ц,
Хариуцагчийн төлөөлөгч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Днар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ф.С нь хариуцагч ГИФ ХХКХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
Ф.С нь 2016 оны 10 сарын 04-ний өдөр “ГИФ ХХК ББСБ” ХХК-тай (гэрээ байгуулах үеийн хуулийн этгээдийн нэр “Аргатайн голын хүү” ББСБ) зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээгээр зээлдэгч “ГИФ ХХК ББСБ-д 22.500.000 /хорин хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг 36 сарын хугацаатай, 12 сард 20 хувийн /татвар орсон/ хүү төлөхөөр тохиролцон зээлийн гэрээ байгуулсан. Улмаар зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсон.
Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч миний Хаан банк дахь дансанд шилжүүлж болох талаар мэдэгдсэн боловч, хариуцагч компанийн зүгээс дансаар хийх боломжгүй, биечлэн ирж хүсэлт гарган авах шаардлагатай гэсэн хариуг өгсөн. Гэтэл 2020 оноос дэлхий нийтийг хамарсан цар тахал гарсны улмаас зээлдүүлэгч миний бие биечлэн Монгол Улсад очиж чадахгүй нөхцөл байдал үүссэн.
Улмаар 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд Монгол улсад биечлэн очиж зээлийн төлбөрөө хүүгийн хамт буцаан авах хүсэлтийг гаргасан. Гэтэл хариуцагч байгууллагын зүгээс ажлын 5 хоногийн дотор зээлийн төлбөрийг бэлнээр буцааж гаргах боломжтой гэсэн хариуг өгсөний улмаас Монгол Улсад байрлах хугацаандаа зээлийн төлбөрөө буцаан авч чадаагүй. Ингээд төлөөлөгч Г..Цт итгэмжлэл үлдээн нутаг буцсан.
Хариуцагчийн зүгээс үндсэн зээл болон хүүг хамтад нь өгнө гэдгээ илэрхийлж байсан боловч, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр зээлийн хүү болох 13.104.000 (арван гурван сая нэг зуун дөрвөн мянга) төгрөгийг төлж, үлдсэн 22.500.000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн дотор төлж барагдуулна гэсэн албан бичиг өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 22.500.000 төгрөгийг төлөөгүй байгаа болно. Удаа дараа утсаар болон ажлын байран дээр очиж шаардсан боловч, “захирал байхгүй”, “би мэдэхгүй” гэх шалтгаан хэлээд буцаадаг.
Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үндсэн үүрэг болох 22.500.000 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 270450 төгрөг, нийт 22.770.450 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2.Хариуцагч ГИФ ХХКХХК хариу тайлбартаа:
ГИФ ХХК ББСБ-ын гүйцэтгэх захирал Б.Б би нэхэмжлэгч Ф.С нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. ГИФ ХХК” ББСБ нь 2014 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Б.Б миний бие тус байгууллагын гүйцэтгэх захирлаар 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа болно.
Тус байгууллага нь 2016 оны 10 сарын 04-ний өдөр Япон улсын иргэн Ф.Стэй 01/041016 тоот зээлийн гэрээ байгуулсан ба 22,500,000 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 20 хувийн /татвар орсон/ хүү төлөхөөр харилцан тохиролцсон байна. Манай байгууллага нь дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковид-19 улмаас зээлдэгч нараас зээлийн хүү болон үндсэн төлбөрийг авах боломжгүй, зээлийн хугацаат төлбөрийн хуваарийг зохицуулах байгууллагаас хойшлуулах захирамжийн улмаас төлөвлөгөөт зээлийн эргэн төлөлтүүд орж ирэх боломжгүй болсон тул уг байдлаа зээлдэгчид албан бичгээр мэдэгдэж, эхний удаа хүүгийн төлбөр болох 13,104,000 төгрөгийг төлж үндсэн төлбөр болох 22,500,000 төгрөгийг төлөх хугацаа авсан боловч тухайн хугацаанд зээлийн эргэн төлөлтүүд орж ирээгүй учир төлж чадаагүй болно. Иймд үндсэн төлбөр болох 22,500,000 төгрөгийг хугацаа тохироод төлөх хүсэлтэй байна гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2016.10.04-ний өдрийн 01/041016 дугаар Зээлийн гэрээ, ГИФ ХХК ББСБ-ын 2022.06.20-ны өдрийн хх01/20/1111890 тоот албан бичиг, итгэмжлэл, хадгалуулсан мөнгөө эргүүлэн авах тухай хүсэлт, бэлэн мөнгөний зарлагын баримт, кассын орлогын ордер зэрэг баримтыг,
Хариуцагч талаас: Хариу тайлбар, улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм зэрэг баримтыг тус тус шүүхэд гарган өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч Ф.С нь хариуцагч ГИФ ХХКХХК-д холбогдуулан 22,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй бөгөөд хугацаа тохироод хэсэгчлэн хуваан төлөх санал гаргасныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2016.10.04-ний өдрийн 01/041016 дугаар Зээлийн гэрээ, ГИФ ХХК ББСБ-ын 2022.06.20-ны өдрийн хх01/20/1111890 тоот албан бичиг, итгэмжлэл, хадгалуулсан мөнгөө эргүүлэн авах тухай хүсэлт, бэлэн мөнгөний зарлагын баримт, кассын орлогын ордер, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.Япон улсын иргэн Ф.С нь Аргатайн голын хүү ББСБ ХХК /хуулийн этгээдийн гэрээ байгуулах үеийн нэр/ нар нь 2016.10.04-ний өдөр 01/041016 дугаар зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч Ф.С нь 22,500,000 төгрөгийг жилийн 20 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгох, зээлдэгч Аргатай голын хүү ББСБ ХХК нь зээлийн гэрээнд заасан хугацаа дуусмагц зээл, түүний хүүг зээлдүүлэгчид төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Аргатай голын хүү ББСБ ХХК хуулийн этгээд нь нэрээ өөрчлөн ГИФ ХХКХХК болсон байна.
5.Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
6.Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
7.Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг зохих ёсоор, хугацаанд нь төлөөгүй тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй. Хариуцагч нь зээлийн хүүд 13,104,000 төгрөгийг төлсөн бөгөөд үндсэн төлбөрт 22,500,000 төгрөгийг төлөх үүрэгтэй болохоо хүлээн зөвшөөрсөн.
8.Дээр дурдсан үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч ГИФ ХХКХХК-иас 2016.10.04-ний өдөр 01/041016 дугаар зээлийн гэрээний үүрэгт 22,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Япон улсын иргэн Ф.С д олгохоор шийдвэрлэв.
9.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 270,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч ГИФ ХХКХХК-иас 22,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ф.С д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ГИФ ХХКХХК-иас 270,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ф.С-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ У.С