Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/240

 

 

 

 

    

Баян-Ө аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М,  

улсын яллагч: Баян-Ө аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Е.М,   

шүүгдэгч М.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баян-Ө аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Мийн Дэд холбогдох эрүүгийн 2513001130187 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, И овогт Мийн Динмухамед, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Баян-Ө аймгийн Ө суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, Баян-Ө аймгийн Сагсай сумын төлбөр авах цэгт төлбөр хураагч ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Ө аймгийн Ө сумын 3 дугаар багийн ** тоотод оршин суудаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар: БД**

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч М.Д нь Зам, тээврийн хөгжлийн төвийн Баян-Ө аймгийн Сагсай сумын төлбөр авах цэгт төлбөр хураагчаар ажиллахдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2022 оны 8 дугаар сарын 16, мөн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрүүдэд тус тус төлбөр авах цэгээр гарах гэж байсан ** Х**, ** Х**, ** Х**, ** Х** улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг жин хэтрүүлж ачаа ачсан гэх үндэслэлээр саатуулж, бодит байдлыг нуух замаар хохирогч Г.Ог төөрөгдөлд оруулан хуурч, түүнээс 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 400,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 340,000 төгрөгийг тус тус Хаан банкинд байрших өөрийнхөө эзэмшлийн **** тоот данс руу шилжүүлэн авч, 740,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан гэм буруугийн дүгнэлт.

1. Шүүгдэгч М.Д мэдүүлэхдээ: “...тухайн үед буюу шөнийн 23 цагийн орчимд ирж, өглөөний 06 цагт явсан болно. Түүнийг 06 цаг хүртэл саатуулсан шалтгаан нь манай зүгээс бичиг баримтыг хураан авах болон ачааг тээврийн хэрэгслээс буулгах эрхтэй байсан бөгөөд энэ хүрээнд зохих хяналт шалгалтыг хэрэгжүүлсэн болно. Нэг автомашины хураамж нь 10,000 төгрөг байх бөгөөд тухайн үед иргэн нь картгүй, мөн бэлэн мөнгөгүй байсан тул миний данс руу шилжүүлээрэй, би өөрийнхөө картыг уншуулна гэж хэсэн. Үүний дагуу миний данс руу нийт 240,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд үүнээс 40,000 төгрөг нь дөрвөн автомашины хураамжийн төлбөр байсан болно. Үлдсэн 200,000 төгрөгийг “Та ч бас нэг гэр бүлийг асарч байгаа, бид бие биеэ ойлгож, цаашид ямар нэгэн асуудал үүсгэлгүй, харилцан саад болохгүй байя” хэмээн хүсэлт тавьж, дээрх мөнгөн дүнг сайн санааны үндсэн дээр шилжүүлсэн болно. Тухайн үед шалгагдсан тээврийн хэрэгслийн ачааны хэтрэлт нь нийт 30 тонн, зарим нь 25 тонн хэтрэлттэй байсан бөгөөд эдгээр нөхцөл байдлыг баталгаажуулах нотлох баримтуудыг бүрдүүлэн гаргаж өгсөн болно. Миний буруу болсон байна” гэв.

2. Улсын яллагчаас гаргасан дүгнэлтэд: “...шүүгдэгч М.Д нь албан тушаалын байдлаа ашиглан Сагсай сумын хяналтын постоор нэвтрэх гэж байсан тээврийн хэрэгслүүдийн жин хэтэрсэн гэх үндэслэлээр зохиомол нөхцөл байдал үүсгэж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Ог хуурч, түүнээс 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр, мөн 09 дүгээр сарын 08-ны өдөрт нийтдээ 740,000 төгрөгийг өөрийн Хаан банкны ** дугаартай данс руу шилжүүлэн авч, хохирогч Од 740,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл Зам, тээврийн хөгжлийн газрын төлбөр хураагчаар ажиллаж байх хугацаандаа буюу Баян-Ө аймаг руу нэвтрэх пост дээр төлбөр хураах чиг үүргийг хэрэгжүүлж байх явцдаа дээрх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд хэрэв шүүгдэгч уг албан тушаалд ажиллаагүй байсан бол тухайн гэмт хэргийг үйлдэх ямар нэгэн боломжгүй байсан болно. Шүүхийн шатнаас эхлээд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс тухайн цаг хугацаанд тээврийн хэрэгслүүдийн жин хэтэрсэн гэдгийг нотлох баримтуудыг гарган тавьж байгаа хэдий ч, шүүгдэгчийн зүгээс хохирогч О болон түүний ажилтнуудаас шилжүүлж авсан мөнгийг өөрийн эзэмшлийн данс руугаа шилжүүлэн авч, хувьдаа завшсан, өөрөөр хэлбэл тухайн мөнгийг залилан авсан, хуурч мэхэлсэн байдал тогтоогдож байгаа бөгөөд гэрч Аийн мэдүүлгээр 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ачаагаа буулгасан байсан ч “жин хэтэрсэн байна” гэсэн үндэслэлээр Х** ** гэсэн гүйлгээний утгатайгаар 100,000 төгрөг шилжүүлэн авсан нь батлагдсан. Мөн тухайн үед шүүгдэгчийн зүгээс жинг эвдэрсэн гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, тээврийн хэрэгслүүд өмнө нь жингээ хэмжүүлээд зөвшөөрөгдөх хэмжээнд байсан байхад үндэслэлгүйгээр саатуулсан тухай хохирогч болон гэрч нар мэдүүлсэн бөгөөд ингэснээр тухайн тээврийн хэрэгслүүдийн жин хэтэрсэн гэх зохиомол нөхцөл байдлыг бий болгож, бодит байдалд нийцэхгүйгээр хохирогчдыг төөрөгдүүлсэн нь тогтоогдож байгаа бөгөөд уг гэмт хэргийг үйлдэхдээ өмнөх төрийн авто тээврийн байцаагч болон холбогдох албан хаагч нарын авсан мөнгийг байгууллагын дансанд төвлөрүүлдэг байсан. Шүүгдэгч тухайн мөнгийг өөрийн хувийн хэрэгцээнд ашигласан баримт бүрэн тогтоогдож байгаа тул шүүгдэгч М.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан албан тушаалын байдлаа ашиглан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна.

Хохирлын хувьд 150,000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө 590,000 төгрөгийг хохирогч Огийн данс руу шилжүүлсэн баримтыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс гаргаж өгсөн тул шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр байхгүй” гэв.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтэд: “...бид нарын зүгээс гэм буруугийн хувьд маргахгүй. Миний үйлчлүүлэгчийн хийсэн үйлдэл нь өөрөө хууль бус үйлдэл. Харин яллаж байгаа гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд маргаантай буюу зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлүүлэх байр сууриас дүгнэлтийг гаргаж байна.

Баян-Ө аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

Эрүүгийн эрх зүйн онолд гэмт хэргийн нийгмийн хор аюулыг тухайн гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрх ашиг, сонирхол, харилцааны үнэлэмж, гэмт хэргийн үйлдэл, арга хэлбэр, ашигласан хэрэгсэл, түүнийг хэрэглэх арга, хувилбар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдэхэд үзүүлсэн сэдэл болон удирдлага болгосон зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэж буй этгээдийн хувийн байдал зэрэг олон үзүүлэлт, нөхцөл байдлыг харгалзан тодорхойлдог болно. Залилангийн гэмт хэргийн нийгмийн хор аюул нь бусдын өмчлөх эрхэд хуурч, мэхлэх, итгэл эвдэх замаар халдаж, эд хөрөнгө эсхүл өмчлөх эрхэд хохирол учруулдаг, итгэлцлийг үгүй хийдэг онцлогтой.

Харин миний үйлчлүүлэгч залилан мэхлэх гэмт хэрэг үйлдээгүй. Учир нь, миний үйлчлүүлэгчийг зохиомол байдал бий болгосон гэж байгаа ч энэ нь тухайн нөхцөлд байхгүй зүйлийг байгаа мэт итгүүлэх, идэвхтэй үйлдлээр төөрөгдөлд оруулах шаардлагатай. Гэтэл тухайн тээврийн хэрэгслүүд жин хэтрүүлсэн нь гэрчийн мэдүүлгээр нотлогдсон. Жолооч Аийн 2023 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн мэдүүлэгт “пүү дээр гарч үзэхэд 7–10 тонны хэтрэлттэй байсан” гэж мэдүүлсэн. Мөн Аийн хоёр дахь удаагийн мэдүүлэг болох хэргийн 35 дугаар талд авагдсан 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн мэдүүлэгт “тухайн тээврийн хэрэгсэлд ачсан ачааны даац хэтэрсэн байна. Нэг бол ачаагаа буулгаж тэнцүүлээд гар, эсвэл мөнгө өгч гар” гэхэд нь би 100,000 төгрөг шилжүүлж өгөөд гарч байсан” гэсэн мэдүүлэг байгаа. Мөн шүүгдэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь хавтаст хэргийн 88 дугаар талд авагдсан 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн мэдүүлэгт “2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 4 том оврын тээврийн хэрэгсэл ирсэн. Бүгд Ховд аймгийн дугаартай Х**, Х** гэсэн дугаарууд байсан санагдаж байна. Тухайн үед А гэх жолооч ирж, тээврийн хэрэгслүүдийг постоор гаргаж өгөөч гэж гуйсан. Улмаар надаас дахин дахин тээврийн хэрэгслүүдийн ачааны жин, тонн хэтэрсэн байсан ч “гаргаж өгөөч” гэж хүссэн. Тэд “Бид чамд мөнгө өгье. Бид нарыг явуулчих. Бид амьдрахын төлөө явж байна. Чи ч бас адилхан биз дээ” гэх зэргээр хэлсэн тул би зөвшөөрсөн” гэсэн мэдүүлэг өгсөн байдаг.

Эдгээр нөхцөл байдалд үндэслэн дүгнэхэд, 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр болон 9 дүгээр сарын 08-ны өдрийн тухайн тээврийн хэрэгслүүдийн ачаа нь Авто тээврийн үндэсний төвөөс тогтоосон MNS 4598:2020 стандартад заасан нийт жинг хэтэрсэн байсан нь тогтоогдож байгаа юм. Хэрвээ тухайн тээврийн хэрэгслүүд стандарт зөрчөөгүй байхад зөрчсөн мэт хуурч, мөнгө авсан бол залилангийн гэмт хэрэг болох боломжтой. Эсвэл “торгож байна, мөнгөө миний дансанд хий” гэх байдлаар шууд шаардсан бол авлигын шинжтэй байж болох ч, дээрх нөхцөлд тийм зүйл тогтоогдоогүй. Иймд гол үйл явдал нь миний үйлчлүүлэгч хийх ёсгүй үйлдэл хийж, шан харамж авсан нь тогтоогдож байгаа ч энэ нь залилан мэхлэх гэмт хэрэгт хамаарахгүй гэж дүгнэж байна.

Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дүгээр тогтоолд, залилан мэхлэх гэмт хэргийг тайлбарлахдаа “Залилан мэхэлж авах гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив  шинж болох хуурч мэхлэх буюу итгэл эвдэх нь бусдын эд хөрөнгө эсхүл өмчлөх эрхийг өөртөө олж авах санаа зорилго агуулсан, үүнд чиглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг тул хуурч мэхлэх, итгэл эвдэх ямар нэг үйлдэл хийгдээгүй бол гэмт хэрэгт тооцохгүй” гэж тогтоосон байдаг. Нөгөөтээгүүр, жин үнэхээр хэтэрсэн нөхцөлд А нарын 740,000 төгрөгийг шилжүүлж аваад тэднийг постоор нэвтрүүлээгүй, мөнгийг нь авч, амласан үйлдлээ хэрэгжүүлээгүй, хохирогчийг төөрөгдөлд оруулж, бодит байдлыг нуусан бол энэ нь залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байж болох юм. Гэвч тухайн нөхцөлд шүүгдэгч нь “жин хэтэрсэн асуудлыг шийдвэрлэж өгнө” гэж хэлсний дагуу мөнгийг авч, улмаар тухайн тээврийн хэрэгслүүдийг саатуулалгүй, постоор нэвтрүүлж явуулсан нь тогтоогдсон тул хуурч мэхлэх, төөрөгдүүлэх идэвхтэй үйлдэл хийгдээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Залилах гэмт хэргийн субьектив тал нь шууд санаа зорилго агуулсан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, залилагч нь анхнаасаа бусдыг хуурч мэхлэх замаар эд хөрөнгө олж авах зорилготойгоор уг гэмт хэргийг үйлддэг. Харин яллах дүгнэлтэд миний үйлчлүүлэгч нь хохирогч Ог хуурсан гэж үзэж байгаа боловч, Монгол хэлний тайлбар тольд “хуурах” гэдэг нь худал зүйл зүтгүүлэх буюу мэхлэх гэж тодорхойлсон байдаг. Гэтэл бодит байдал дээр шүүгдэгч нь О, эсвэл гэрч А нарыг хуурсан, төөрөгдүүлсэн, эсхүл бодит бус мэдээлэл өгсөн ямар нэг үйлдэл хийсэн тухай баримт тогтоогдоогүй байна. Мөн “зохиомол байдлыг зориудаар бий болгосон” гэх үндэслэл дурдагдсан боловч, хэрэгт энэ агуулгыг нотлох бодит баримт байхгүй байна.

Яллах дүгнэлтэд мөн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн гэж үзсэн. Гэвч Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ нь зөвхөн албан тушаалтны хувьд үйлдэгдсэн тохиолдолд хамаарах бөгөөд хууль тогтоогч уг заалтыг нийт албан тушаалтанд хамаарахаар хуульчилсан байдаг. Миний үйлчлүүлэгч нь Авто тээврийн үндэсний төвийн тасалбар хураагч, гэрээт ажилтан бөгөөд албаны эрх мэдэл бүхий этгээд биш, албан тушаалтны бүрэлдэхүүнд хамаарахгүй. Иймд тэрээр албан тушаалын байдлаа ашиглан гэмт хэрэг үйлдэх боломжгүй, улмаар Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүн хангагдахгүй гэж үзэж байна.

Хоёрдугаар дүгнэлт маань нь миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйл буюу хахууль авах гэмт хэрэг үйлдсэн байх магадлалтай гэж үзэж болно. Гэмт хэрэг үйлдэгдсэн хугацаа болох 2022 оны 8–9 дүгээр саруудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр бүлэг буюу “Нийтийн албан тушаалтан хахууль авах” тухай заалт хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр уг үйлдлийг бие даасан зүйл анги болгон хуульчилсан. Эрүүгийн хуулийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол...” гэж заасан. Миний үйлчлүүлэгчийн хувьд хийх ёсгүй үйлдлийг гаргасан нь тодорхой байна. Тухайлбал, гэрч Еын мэдүүлэгт “Зам тээврийн хөгжлийн төвийн төлбөр хураагч нар зөрчилтэй тээврийн хэрэгслийг илрүүлсэн тохиолдолд жолоочийн бичиг баримтыг түр хугацаагаар хураан аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, Авто тээврийн төвийн холбогдох албан тушаалтанд шилжүүлдэг. Харин торгуулийг тухайн тээврийн хэрэгслийн жолоочид ногдуулж, төлбөрийг тарифын дагуу авдаг журамтай. Сагсай сумын төлбөр авах цэгээр том оврын тээврийн хэрэгсэл нь тогтоосон дүрэм журмын дагуу 18-44 тонн хүртэл ачаатай зорчих боломжтой. Төлбөр хураагч нар нь авто пүү дээр тээврийн хэрэгслийг зогсоож, тэнхлэг бүрээр нь жинлэдэг бөгөөд жин хэтэрсэн тохиолдолд тээврийн хэрэгслийг төлбөр авах цэгийн хажууд саатуулж ачааг нь буулгаж, дахин жинг тохируулдаг журамтай байдаг” гэсэн. Иймд миний үйлчлүүлэгч нь албан тушаалын чиг үүргийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь илэрхий байна.

Улсын Дээд шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар тогтоолд зааснаар “албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх гэдэг нь хууль тогтоомж буюу эрх бүхий байгууллага албан тушаалтны гаргасан шийдвэр гэрээний дагуу өөрт нь олгогдсон бүрэн эрх үндсэн чиг үүргийг санаатайгаар огт биелүүлээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй байдлыг” гэж заасан. Гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийх гэдгийг албан тушаалтны хувьд өөрт нь олгогдоогүй эрх үүргийг хэрэгжүүлснийг ойлгоно гэсэн байна. Түүнчлэн, Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн хээл хахуультай холбоотой зүйл заалтуудын дагуу хээл хахууль гэдэг нь хууль бус зорилгоо биелүүлэхийн тулд өгсөн эдийн болон эдийн бус баялаг, мөн эд хөрөнгө гэх мэт зүйлсийг хэлдэг. Иймд, миний үйлчлүүлэгч нь албан тушаалын тодорхойлолтоор гүйцэтгэх ёстой үйлдлээ биелүүлээгүй харин пүү дээр жин хэтэрсэн тээврийн хэрэгслүүдийг постоор нэвтрүүлсэн нь илэрхий байна. Тээврийн хэрэгслүүдийг саатуулж, Замын цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтанд болон Авто тээврийн хяналтын улсын байцаагчид мэдэгдэж, жин стандартад нийцсэн тохиолдолд постоор нэвтрүүлэх үүрэгтэй байжээ. Авто тээврийн үндэсний төвийн хяналтын улсын байцаагч болон цагдаагийн албан хаагч нар нь Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 20 дахь хэсэгт зааснаар зөрчил үйлдэгдсэн эсэхийг шалгаад, түүнд тохирсон шийдвэр гаргах эрхтэй байсан. Гэтэл тухайн үйлдэл болоогүй, шалгагдаагүй байгаа нь албан үүргээ хэрэгжүүлээгүйг харуулж байна. Энэхүү үйлдэл нь бодит байдлыг нуух, залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй гэдгийг онцлох хэрэгтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дугаар зүйлд зааснаар шүүх нотлох баримтаас үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно гэж заасан байна. Иймд, уг хэрэгт холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлд зааснаар хахууль авах гэмт хэрэг болгон өөрчлөх нь зүйтэй. Яагаад гэвэл, прокуророос яллах дүгнэлтэд тусгаж байгаа залилан мэхлэх гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ялтай буюу хүнд гэмт хэрэгт хамаарах бол 22.13 дугаар зүйлд заасан хахууль авах гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтдаг. Энэ нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг сайжруулах, шүүхээр зөвөөр үнэлүүлэх шаардлагатай байна” гэв.

4. Эрүүгийн 2513001130187 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 06/5352 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан нотлох баримтууд /хавтаст хэргийн 03-24 дэх тал/, хохирогч Г.Огийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-33 дахь тал/, гэрч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23, 35 дахь тал/, гэрч К.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/, шүүгдэгч М.Дийн ХААН банканд дахь ** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 41-46 дахь тал/, мөрдөгчөөс иргэн М.Дийн ХААН банканд дахь ** дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 47 дахь тал/, шүүгдэгч М.Дийн ажилд томилогдсон тушаал, төрийн албан хаагчийн анкет, албан тушаалын тодорхойлолт, ажилд орохдоо бүрдүүлж өгсөн материалууд /хавтаст хэргийн 52-65 дахь тал/, яллагдагч М.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 88-89, 91 дэх тал/, шүүгдэгч М.Дийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүхийн шатанд гаргаж өгсөн Замын хөгжлийн төвийн Баян-Ө төлбөр авах цэгийн тээврийн хэрэгслийг жинлэсэн тухай нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

5. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Дийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Хэргийн үйл баримт.

6. Шүүгдэгч М.Д нь Зам, тээврийн хөгжлийн төвийн Баян-Ө аймгийн Сагсай сумын төлбөр авах цэгт төлбөр хураагчаар ажиллахдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2022 оны 8 дугаар сарын 16, мөн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрүүдэд тус тус төлбөр авах цэгээр гарах гэж байсан ** Х**, ** Х**, ** Х**, ** Х** улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг жин хэтрүүлж ачаа ачсан гэх үндэслэлээр саатуулж, бодит байдлыг нуух замаар хохирогч Г.Ог төөрөгдөлд оруулан хуурч, түүнээс 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 400,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 340,000 төгрөгийг тус тус Хаан банкинд байрших өөрийнхөө эзэмшлийн **** тоот данс руу шилжүүлэн авч, 740,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:  

6.1. Хохирогч Г.Огийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 16-ны шөнө Баян-Ө аймгийн Цэнгэл сумаас цемент ачаад Сэлэнгэ аймгийн чиглэлд явж байсан манай жолооч нар болох Б.А, Д нар над руу шөнийн 01 цагийн үед залгаад “...Баян-Ө аймгийн постонд ирсэн байна, жин тонн хэтэрсэн” гэх шалтгаанаар нэвтрүүлэхгүй байна...” гэхээр нь би “...ямар хүн байна, постын хүнтэй ярья...” гээд Б.Аийн утсаар тэр постын хүнтэй утсаар ярьсан. Тэгэхэд тэр хүн надад “...танай машинуудын жин 10, 10-н тооноор илүү зааж байна...” гэж хэлэхээр нь би “...одоо яах бэ, зөрчлөө арилгахын тулд яах ёстой бэ, танай пүү жин илүү зааж байгаа юм байна...” гэж хэлсэн чинь юм хэлэхгүй утсаа тасалчихсан. Тэгэхээр нь би тэнд байсан Б.А жолоочоор дамжуулж тэр хүний 9** гэх дугаарыг аваад залгахад “...жин тонн илүү учир нэвтрүүлэх боломжгүй...” гэж хэлэхээр нь би “...тэгвэл торгуулаад гарчихъя...” гэж хэлсэн чинь бас утсаа тасалчихсан. Тэгээд би хэсэг байж байгаад жолооч руугаа ярьсан чинь “...нэг машиныг 100,000 төгрөг өгөөд манай 4 машинд нийт 400,000 төгрөг өгөөд гар гэж байна...” гэж хэлэхээр нь би жолоочдоо “...өөрөөсөө шилжүүлээд гарчих...” гэж хэлсэн. Тэгээд манай жолооч тэр хүний М Д гэх нэртэй **** тоот данс руу 400,000 мянга төгрөг шилжүүлж гараад 4 машинаа постын цаад талд зогсоод нөгөө постод байсан хүнтэй “...хойноос дахин 2 машин ирж байгаа. Тэд нарын мөнгийг энэ 400,000-д багтаагаад гаргаад өгөөч...” гэж гуйсан чинь нөгөө хүн “...надтай заавал уулзаж тооцоо хийгээд гаргана шүү...” гэж хэлээд ээлжээсээ буугаад яваад өгсөн гэсэн.

Тэгээд хоёр өдрийн дараа манай хойд талаас ирж байсан 2 машин маань ирэхэд Баян-Ө аймгийн Ж гэдэг авто тээврийн байцаагч бас жин тонн хэтэрсэн гэдэг шалтгаанаар 150,000 төгрөгийг “... Сэлэнгэ аймагт хүртэл ямар нэгэн осол аваар, зөрчил гаргахгүй очвол мөнгийг чинь буцааж өгнө...” гэж хэлээд авсан. Тэр мөнгийг нь би жолооч Дийн данс руу хийж Д тэр постын хүний данс руу хийсэн гэж хэлсэн. Манай жолооч нар мөнгөө шилжүүлээд гарцгаасан гэж надад хэлсэн.

Дараагаар нь 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр манай 4 жолооч Улаанбаатар хотоос ачаа ачаад Баян-Ө аймгийн постоор орох гэтэл дээрх 400,000 төгрөг авсан хүн /танихгүй/ жин хэтэрсэн, өмнө нь 2 машин гаргахдаа надтай тооцоо хийхгүй, өөр хүнтэй тооцоо хийгээд гарсан байна...” гэх шалтгаанаар 400,000 төгрөг нэхэж машинуудын /ачааны 4 машин/ бичиг баримт хурааж аваад шөнийн 00:00 цагаас 06:00 цаг хүртэл өгөхгүй байж байгаад 06:00 цагийн үед би тэр хүний М Д гэх нэртэй **** тоот данс руу 240,000 төгрөг, манай жолооч Б.А 100,000 төгрөг тус тус шилжүүлж машинуудаа гаргасан.

Ж гэдэг хүнээс би мөнгөө нэхэж байгаад өөрийнхөө ** данс руу 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 150,000 төгрөгийг авсан. Данс нь **  байсан. Ямар ч хуулийн үндэслэлгүй жолооч нарыг шантаажилж мөнгө авдаг энэ үйлдлийг таслан зогсоомоор байна.

...740,000 төгрөгийн нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-33 дахь тал/,

6.2. Гэрч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Баян-Ө аймгийн Цагааннуур суманд очиж машин тус бүр дээр цементээ ачаад тухайн цемент ачсан газрын пүүн дээр жин хэмжээгээ үзээд хөдөлсөн. Ингээд 2022 оны 8 дугаар сарын 16-ны шөнө Баян-Ө аймгийн Сагсай сумын шар нуурын постод ирсэн. Бид нар тухайн үед тээвэрт явахад би өөрийнхөө 1 авто машинтай, манай ах Галбадрахын 1 авто машин, Г.О гэж хүний 3 авто машин нийт 5 машин явсан бөгөөд би өөрийнхөө машиныг жолоодоод, Галбадрах ахын машиныг түүний жолооч Отгонбулаг, Г.Огийн 3 авто машиныг түүний жолооч болох Д, Бат-Энэрэл болон түүний нөхөр Занданхүү нар жолоодоод явж байтал Занданхүүгийн жолоодож явсан авто машин Зэгстэйн даваанд эвдэрч пост дээр 4 машин ирсэн бөгөөд бид нар постоор нэвтрэх гэхэд постын ажилтан нь пүүн дээр гар гэсэн. Бид нар бүгд пүүн дээр гарч зогсоход анх тээвэр хийсэн газрын пүүнээс 7-10 тонн хэмжээ хэтрэлттэй байсан. Тэгээд бид нар одоо яах бэ анх пүүн дээр зогсоход яг тохирсон жингээрээ байсан шүү дээ гэж хэлсэн. Тухайлбал, миний машин анх пүүлэхэд 64 тонн байсан, гэтэл постын пүүн дээр 73 тонн гарч 9 тонн илүү заасан. Ингээд бид нар постоор нэвтрүүлдэг хүнээс одоо яах бэ гэхэд 100,000 төгрөг өгөөд гарвал гар гэж хэлсэн. Тэгэхээр нь надад шатахууны мөнгө гэж 3 сая төгрөг байсан болохоор би тухайн мөнгөнөөс 400,000 төгрөгийг Altangerel гэсэн нэрээр Д гэсэн хүний данс руу шилжүүлж 4 машинаа постоор гаргасан.

...тухайн үед Занданхүүгийн машиныг гаргахад мөн мөнгө нэхэхэд 150,000 төгрөгийг О эгч хийхээр болсон. Яг хэдэн төгрөг хэрхэн яаж хийснийг О эгч сайн мэдэж байгаа.

...ингээд бид нар ачаагаа ачаад Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд буулгаад 2022 оны 9 дүгээр сарын эхээр Улаанбаатар хотод ирээд Баян-Ө аймаг руу цемент, арматур ачуулна гэсэн хүн байхаар нь тухайн хүнтэй уулзаад ачаа ачсан. Тэгээд Галбадрах ахын 1 машин ачаа нь Ховд аймагт бууж, О эгчийн 3 машин болох тухайн үед жолооч нар болох Занданхүү, Д, Бат-Энэрэл бид нар Баян-Ө аймагт ачаагаа буулгахаар явж байтал 1 машин нь Толбо суманд ачаагаа буулгана гэж хэлэхээр нь би Толбо сум руу ороход Толбо суманд 20 тонн цемент буулгаад цааш нь 33 тонн ачаатай Баян-Ө аймаг руу орсон. Намайг Толбо суманд цементээ буулгаад очиход Г.О эгчийн 3 машин Баян-Ө аймгийн төвд ороод ачаагаа буулгаж байна гэсэн. Ингээд би нөгөө Сагсай сумын шар нуурын постод очиход пүүн дээр гараад зогс гэсэн, гараад зогсоход миний машины нийт жин 49 тонн гэж заасан. Би тухайн үед уг нь миний ачсан нийт ачаа 33 тонн байгаа та нар нар ингэж болохгүй гэхэд 100,000 төгрөг өгөөд гар гэхээр нь би тухайн үед өгсөн данс руу нь ** Х** гэж өөрийнхөө авто машины дугаарыг хийгээд шилжүүлж Баян-Ө аймаг руу нэвтэрсэн. Тэгээд буцаад шөнө гарч ирсэн дахин тухайн постоор нэвтрээгүй.

...постоор гарахдаа 44 тонн ачаатай гарах ёстой гээд мөнгө аваад байгаа юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23, 35 дахь тал/,

6.3. Гэрч К.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн зам тээврийн хөгжлийн төвийн төлбөр хураагч нар нь зөрчилтэй тээврийн хэрэгсэл илэрвэл жолоочийн бичиг, баримтыг түр хугацаагаар хурааж, аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, авто тээврийн төвийн холбогдох албан тушаалтанд хүлээлгэж өгдөг, бие дааж тээврийн хэрэгслийн жолоочид торгууль, шийтгэл оногдуулдаггүй. Тогтоож өгсөн үнэ тарифын дагуу төлбөр мөнгө авдаг. Сагсай сумын төлбөр авах цэгээр том оврын тээврийн хэрэгсэл нь тогтоосон дүрэм журмын дагуу 18-44 тонн хүртэлх ачаатай зорчин өнгөрч болно, тухайн тээврийн хэрэгслийн тэнхлэгээс хамаардаг буюу 3-н тэнхлэг 25 тонн, 4 тэнхлэг 32 тонн, 5-н тэнхлэг 40 тонн, 6 тэнхлэг 44 тонны ачаатай. Бүх жин буюу тээврийн хэрэгслийн жин, ачиж явж буй ачааны жинг оролцуулаад дээрх дурдсан тонн жинтэй байх ёстой юм. Төлбөр хураагч нар нь авто пүүн дээр тээврийн хэрэгслийг гаргаж зогсоож байгаад тэнхэг бүрээр нь жинлүүлдэг хэрэв тээврийн хэрэгслийн жин хэтэрсэн тохиолдолд тээврийн хэрэгслийг төлбөр хураах цэгийн хажууд байрлах түр саатуулах цэгт аваачиж ачааг нь буулгаж, дахиж пүүлж тохирох тоннд таруулж явуулдаг. Манай байгууллагын төлбөр хураагч нар нь жолооч нарт арга хэмжээ авах эрх байдаггүй юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,

6.4. Шүүгдэгч М.Дийн ХААН банканд дахь ** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 41-46 дахь тал/,

6.5. Мөрдөгчөөс иргэн М.Дийн ХААН банканд дахь 5** дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 47 дахь тал/,

6.6. Шүүгдэгч М.Дийн ажилд томилогдсон тушаал, төрийн албан хаагчийн анкет, албан тушаалын тодорхойлолт, ажилд орохдоо бүрдүүлж өгсөн материалууд /хавтаст хэргийн 52-65 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.  

7. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Эрх зүйн дүгнэлт.

8. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон ба “Залилах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба гэмт хэрэг үйлдэх арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын танил сайн харилцааг ашиглах, худал амлах, төөрөгдүүлэх, хуурамч баримт бичиг үйлдэх зэрэг аргаар үйлдэгддэг.

9. Мөн бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно.

10. Гэм буруугийн санаатай хэлбэр гэдэг нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

11. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд шүүгдэгч М.Д нь Зам, тээврийн хөгжлийн төвийн Баян-Ө аймгийн Сагсай сумын төлбөр авах цэгт төлбөр хураагчаар ажиллахдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2022 оны 8 дугаар сарын 16, мөн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрүүдэд тус тус төлбөр авах цэгээр гарах гэж байсан ** Х**, ** Х**, ** Х**, ** Х** улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн жинг хэмжиж, даац хэтрүүлсэн гэх зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн боловч ажлын байрны тодорхойлолтод заасан “...авто зам, замын байгууламжаар зорчиж буй авто тээврийн хэрэгслээс төлбөр авах үйл ажиллагааг зохион байгуулах, энэ талаар гарсан хууль тогтоомж, журмыг хэрэгжүүлж ажиллах, төвийн удирдлагыг мэдээллээр хангах” үүргээ зөрчсөн байна.

12. Шүүгдэгч М.Д нь тухайн цаг хугацаанд Зам, тээврийн хөгжлийн төвийн Баян-Ө аймгийн Сагсай сумын төлбөр авах цэгт төлбөр хураагчаар ажиллаж байсан, уг албан тушаалын байдлаа ашиглаж хохирогч Г.Од “тээврийн хэрэгсэл чинь жин хэтрүүлсэн” хэмээн бодит байдал буюу тээврийн хэрэгсэл жин хэтрүүлж ачаа ачсан гэх зөрчлийн шинжтэй үйлдлийг нотолж байгаа тээврийн хэрэгслийн жин хэтрүүлсэн баримтуудыг нуух замаар төөрөгдөлд оруулж, “мөнгө төлөөд гарвал гар” гэж хуурч, нийт 740,000 төгрөгийг өөрийнхөө дансанд шилжүүлэн авч, уг мөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан нөхцөл байдал бүрэн тогтоогджээ.

13. Шүүгдэгч М.Д нь шүүхийн шатанд хохирогч Г.Огийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл нь жин хэтрүүлж ачаа ачсан байдлыг илрүүлсэн гэх 8 ширхэг “Замын хөгжлийн төв, Баян-Ө ТАЦ” гэх баримтуудыг нотлох баримтуудаар гаргаж өгсөн боловч тухайн цаг хугацаанд хохирогч Г.Од бодит байдлыг энэхүү нотлох баримтуудад үндэслэн мэдэгдэж, ажил үүргээ албан тушаал болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу хэрэгжүүлж ажилласан нөхцөлд гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх бүрэн боломжтой байжээ.    

14. Гэвч шүүгдэгч М.Д нь үүргээ биелүүлээгүй бөгөөд түүний дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах” гэх үндсэн шинжийг, мөн шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдэхдээ төлбөр хураагчийн албан тушаалын байдлыг ашигласан нь мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Залилах” гэмт хэргийг “албан тушаалын байдлаа ашиглаж үйлдэх” гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байна. 

15. Шүүгдэгч М.Д нь хохирогч Г.Огийн эд хөрөнгө болох нийт 740,000 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 16, мөн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрүүдэд тус тус өөртөө шилжүүлэн авснаар уг гэмт хэрэг нь тус тусдаа төгссөн байна. 

16. Иймд шүүхээс шүүгдэгч М.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Залилах” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

17. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.Дийг “Залилах” гэмт хэргийн “зохиомол байдлыг зориудаар бий болгож” гэж ялласан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгч М.Д үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй, өөр гэмт хэргийн шинжтэй” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй, шүүгдэгч М.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Залилах” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэлээ.

18. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч М.Дийн өөрийн албан тушаалын байдлаа ашиглан мөнгө олох гэсэн шунахайн сэдэлт нь шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

19. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилсан байна.

20. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байна.

21. Шүүгдэгч М.Дийн үйлдсэн “Залилах” гэмт хэргийн улмаас хохирогч Г.Од 740,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд шүүгдэгч М.Д нь дээрх хохирлын мөнгийг хохирогч Г.Од бэлэн бусаар төлж өгсөн тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

22. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч М.Дэд 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлтийг,

23. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, мөн хохирлыг төлж өгсөн хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж түүнд 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг тус тус гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.

24. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.Дийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

25. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг гэж заасныг тус тус удирдлага болгов. 

26. Шүүгдэгч М.Дэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

27. Шүүгдэгч М.Д нь хувийн байдлын хувьд 1990 онд төрсөн, дээд боловсролтой, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь түүний хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаар тогтоогдож байна.

28. Шүүгдэгч М.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Залилах” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулсан байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

29. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж зааснаар шүүгдэгч М.Дэд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

30. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч М.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

31. Энэ хэрэгт шүүгдэгч М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй. 

32. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.Дэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овогт Мийн Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Залилах” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Дийг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дэд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.Дэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч М.Дэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.Т