Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2023/00330

 

 

 

 

 

 

2023 01 23

101/ШШ2023/00330

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О -ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: НШШГГт холбогдох

2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 7/2 дугаар тогтоол, 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 8/2 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/00682 дугаар захирамжаар Г.Оаас 103,000,000 төгрөг гаргуулж Б.Тт олгохоор шийдвэрлэсэн. Дээрх захирамжийн дагуу хариуцагч НШШГГ албадах ажиллагаагаар төлбөр төлөгч Г.О миний өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүргийн 4-р хороо, 5-р хороолол, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж, 38-р байр, 11 тоот байрлах 45.8 м.кв талбайтай орон сууцыг битүүмжилж, 2021.08.27-нд хураасан. Барьцаалагдсан Ү-2203026849 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр 2021.09.09-ний өдөр 136,820,738 төгрөгөөр үнэлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өмчлөгч Г.О би 2021 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Дуудлага худалдааны үнэлгээ болон 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдааны нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцтай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2022/00687 дугаар шийдвэрээр Дуудлага худалдааны үнэлгээг хэвээр үлдээж, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдааны нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцтай холбоотой хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Тус иргэний хэргийг Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 00749 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. Хариуцагч НШШГГ нь ажиллагааг 2022 оны 6 сарын 23-ны өдрөөс үргэлжлүүлэн явуулж эхэлсэн бөгөөд орон сууцыг 2022.07.08-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд, 2022.08.06-нд хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан. Нэгэнт энэ төлбөрийг би төлөх нь зайлшгүй учраас өөрөө зарж борлуулчих гээд л явж байгаа бөгөөд өртэй надад 30-40 сая төгрөг ч миний амьдралд хэрэгтэй байна. Гэтэл 2022.09.14-ний өдөр Г.О миний шуудангийн хаягаар 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг иргэн Г.Г-ын өмчлөлд шилжүүлсэн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай 8/2 дугаар тогтоол, мэдэгдэлийг хамт хүргүүлснийг мэдээд, тэр өдөртөө шийдвэр гүйцэтгэгчтэй очиж уулзахад орон сууцыг албадан чөлөөлөх мэдэгдэлийг гардуулаад байна.

Миний орон сууцанд явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхнээсээ хуульд заасны дагуу явуулаагүй, хууль тайлбарладаггүй, хуулийн хугацаанд мэдэгддэггүй, өмчлөгчийн эрх ашиг сонирхол зөрчигдөж байгаа учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 271.3 дугаар зүйлийн 271.3.1 дахь заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар Ерөнхий гүйцэтгэгч, хурандаа Ч.От 2022.9.14-ний өдөр гомдол гаргасан боловч Ерөнхий гүйцэтгэгчийн 2022.9.22-ний өдрийн 03/2197 дугаар албан бичгээр гомдлыг хүлээж аваагүй болно.

Иймээс нэхэмжлэгч Г.О би шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцээгүй байх тул Иргэний хуулийн 9 дүгээр 9.4.7-т заасан бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд дараах үндэслэлээр хандаж байна.

1. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 7/2 дугаар тогтоол хууль зөрчсөн байна.

Учир нь өмчлөгч миний хуулиар олгогдсон эрхийн дагуу 2021 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд хэргийг анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

Улмаар Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 00749 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. Тус иргэний хэрэг 00749 дугаар магадлалаар шүүх эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Уг магадлал гарч хүчин төгөлдөр болсон буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл арилмагц гүйцэтгэх ажиллагааг сэргээж, мөн өдрөөс хугацааг тооцож, үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа явуулах хуультай. Хуульд заасныг тооцон үзвэл 2022 оны 5 дугаар сард зохион байгуулах ёстой атал НШШГГ 2022.07.08-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулагдсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчийн үнэлсэн 2021.09.09-ний өдрөөс хойш 2-3 сарын дотор анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулах хуультай байна. НШШГГ нь албадан дуудлага худалдаа зохион байгуулах хугацааг буруу тооцоолж өөрсдөө 2021.09.09-ний өдрийн Хөрөнгө үнэлгээний А ХХК шинжээчийн 136,410,369 төгрөгийн үнэлгээ болон Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Шинжээч томилох тухай 9/203 дугаар тогтоолоо хүчингүй болгосон хууль бус үйлдэл байгаа юм. Иймээс НШШГГ-аас 2022.08.06-ны өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаа хуульд нийцээгүй хүчингүй бөгөөд бусдад хууль бусаар худалдан борлуулсан байна.

2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 8/2 дугаар тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10-т заасны дагуу мэдэгдээгүй нь хууль зөрчсөн байна.

НШШГГ миний орон сууцыг 2022.08.06-ны өдөр Хоёр дахь Албадан дуудлага худалдаагаар бусдад худалдсан бөгөөд Өмчлөх эрх шилжүүлэх тухай 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 8/2 дугаар тогтоолыг шийдвэр гүйцэтгэгч хуулиараа 14 хоногийн дотор мэдэгдэх ёстой байтал хугацааг өнгөрөөд надад шуудангаар 2012.09.08-ны өдөр шууданд хүргүүлж, би 2022.09.14-ний өдөр хүлээж авсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрт гомдолтой байна.

Шийдвэр гүйцэтгэгчид шинжээч үнэлсэнээс хойш 6 cap өнгөрсөн одоо үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ маш өндөр болсон байна дахин үнэлүүлээд өгөөч төлбөр авагчтайгаа тохиролцьё гэж хүсэлт гаргаж байсан ч ер хүлээж авдаггүй юм.

Иймд өмчлөгч Г.О миний өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203026849 дугаарт бүртгэлтэй 45,8 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч НШШГГ хууль зөрчиж бусдад худалдан борлуулсан байх тул хууль бус, эрхийн зөрчилтэй Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Шинжээч томилох тухай 9/203 дугаар, Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 7/2 дугаар тогтоол, Дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай 8/2 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү. гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 682 дугаар захирамжаар Г.Оаас 103,000,000 төгрөгийг гаргуулж Б.Тт олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаа явуулж төлбөр төлөгч Г.Оад шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү- 2203026849 дугаартай Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж, 38 дугаар байрны 11 тоотод байрлах 45,8 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талууд харилцан тохиролцож үнийн санал ирүүлэх тухай 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 4-187/14513 тоот мэдэгдлийг талуудад хүргүүлэхэд харилцан тохиролцож үнийн санал ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 9/203 тоот шинжээч томилох тогтоолоор АХХК-иар үнэлгээ тогтоолгоход 136,820,738 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэлгээний тайлантай танилцуулан 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 4-187/17078 тоот үнэлгээний мэдэгдлийг тус өдөр Г.Оад гардуулан өгсөн. Тус газраар 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан албадан дуудлага худалдаагаар Г.Оын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгө нь 107,500,000 төгрөгөөр худалдан борлогдсон. Төлбөр төлөгч Г.О нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэлгээ болон албадан дуудлага худалдаатай холбоотой гомдол гаргасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шүүхийн шийдвэрээр үнэлгээг хүчин төгөлдөрт тооцон албадан дуудлага худалгааг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 00749 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан. Магадлалыг 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан 2022 оны 7 дугаар сарын 08/-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т заасан хугацаанд албадан дуудлага худалдааг зохион байгуулсан байна. 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8/2 тоот албадан дуудлага худалдааны тогтоол болон 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 4-187/13807 тоот хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдлийн хамтаар Г.Оад 2022 оны7 дугаар сарын 26-ны өдөр гардуулан өгсөн. 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 146,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон. Төлбөр төлөгч Г.Оад 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 4-187/14455 тоот хөрөнгө худалдан борлогдсон тухай мэдэгдлийг 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төлбөр төлөгчид хүлээлгэн өгсөн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.гэв.

3. Нэхэмжлэгч тал хавтаст хэргийн 1-15, хариуцагч тал хавтаст хэргийн 19, 23-122 дугаар талд авагдсан баримтууд, шүүх хуралдаанд Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 23/01/02 тогтоолыг нотлох баримтаар гаргасан, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч НШШГГт холбогдуулан 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 7/2 дугаар тогтоол, 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 8/2 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах шаардлага гаргажээ.

2. Хариуцагч НШШГГ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, албадан дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг хуульд заасны дагуу төлбөр төлөгч Г.Оад гардуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тайлбар гаргаж байна.

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04ий өдрийн 101/ШШ2019/00682 дугаар шийдвэрээр, нэхэмжлэгч Б.Т нэхэмжлэлийн үнийн дүн 103,545,000 төгрөгийн 545,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 103,000,000 төгрөгийг хариуцагч Г.О төлөхийг хүлээн зөвшөөрч, 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 14,714,285 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор 14,714,285 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 14,714,285 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 14,714,285 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор 14,714,285 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 14,714,285 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 14,714,290 төгрөг тус тус төлж барагдуулах, уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203026849 дугаартай, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж, 38 дугаар байр, 11 тоот хаягт байрлах 45.8 м.кв талбайтай орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахыг зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-26/

4. Дээрх шийдвэрийн дагуу тус шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 30ы өдрийн 101/ШЗ2019/06820 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 101/ГХ2019/00564 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигджээ. /хх-25, 28/

5. Шүүхийн шийдвэр, захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн НШШГГ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, төлбөр төлөгч Г.Оад 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулж, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шүүхийн шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүрэлцэн ирэх мэдэгдлийг удаа дараа төлбөр төлөгчид хүргүүлсэн байна. /хх-33-39/

6. 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1926 1200/5 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-2203026849 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж, 38 дугаар байр, 11 тоот хаягт байрлах 45.8 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжилсэн байна. /хх-40 тал/

7. 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Г.Оын төлөөлөгч Л.Б нь Г.О нь орон сууцаа бусдад зарахаар тохирсон тул 2021 оны 04 дүгээр сарын 10-ны дотор төлбөр авагч Б.Тийн төлбөрийн асуудлыг яаралтай дуусгахаар тохиролцсон, төлбөрийг бэлэн мөнгөөр тохирч гүйцэтгэхээр болсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг баримтлан гүйцэтгэх баримт бичиг гүйцэтгэхийг хойшлуулах хүсэлт гаргажээ. /хх-43/

Үүнээс хойш 5 сарын хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй байна.

8. 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр орон сууцыг битүүмжлэн хурааж, Г.О нь өөрийн орон сууцыг зах зээлийн үнэ 150,000,000 төгрөгөөр үнэлэх саналтай талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгасан байна. /хх45/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж зааснаар анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналаа ирүүлэхийг өмчлөгч буюу төлбөр төлөгч Г.Оад 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 4-187/1453 албан бичгээр мэдэгдсэний дагуу мөн өдөр Г.О нь орон сууцаа 150,000,000 төгрөгөөр үнэлэх санал ирүүлсэн ба төлбөр авагч Б.Т үнэлгээг зах зээлийн үнээс хэт дээгүүр үнэлсэн тул шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хх-47-49/

 

9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө-ийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заасны дагуу Нийслэлийн 187-р тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 9-203 дугаартай тогтоолоор АХХК-ийн шинжээч Ч.Жг шинжээчээр томилж, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээллийг тодруулах, шинжээчид хууль тайлбарлах ажиллагаа хийсэн байна. /хх-50-51/

10. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө талууд харилцан тохиролцож тогтоох боломжтой ба ийнхүү талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг ийнхүү тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-т зааснаар шинжээчээр үнэлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 136,820,738 төгрөгөөр үнэлж, хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт үйлджээ. /хх-52-70/

11. 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шийдвэрийн гүйцэтгэгчийн тэмдэглэлд төлбөр төлөгч Г.Оад үнэлгээний мэдэгдлийг гардуулан өгч, тайланг танилцуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасан өөрийн хөрөнгийг худалдан борлуулах хугацаа авах талаар мэдэгдэхэд өмгөөлөгчтэйгээ зөвлөж хариу өгөх талаар тусгагджээ. /хх-71-73/

12. Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/15 тогтоолоор үл хөдлөх хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнийн 70 хувиар анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж энэ талаар төлбөр төлөгчид мэдэгдсэн ба улмаар үл хөдлөх хөрөнгө нь анхны албадан дуудлага худалдаагаар худалдагдсан. /хх-74-81/

13. Төлбөр төлөгч Г.Оад орон сууцыг 107,500,000 төгрөгөөр худалдсан талаар, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх шилжүүлэхийг мэдэгдсэн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 4-187/21175 дугаартай мэдэгдлийг түүнд шуудангаар хүргүүлсэн. /хх-82-83/

14. Г.О нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дээрх үнэлгээг хүчингүй болгуулах гомдлыг шүүхэд гаргаж, шүүгчийн захирамжийн дагуу орон сууцтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллага түдгэлзэж, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэр, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр давж заалдах шатны шүүхийн шийдвэр тус тус гарч, үнэлгээ хүчингүй болгох шаардлагыг хүчингүй болгож, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан анхны албадан дуудлага худалдааны тус орон сууцтай холбоотой хэсгийг хүчингүй болгосон байна. /хх-84-95/ /Үүнээс өмнө ажиллагаа шүүхийн шийдвэрээр дүгнэгдсэн байна./

15. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн магадлалыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гардан авч, Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 7/2 тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар тогтоож, энэ талаар төлбөр төлөгчийн Баянзүрх, Сүхбаатар дүүргийн хаягуудаар тус тус хүргүүлсэн байна. /хх-97/

16. Нэхэмжлэгч тал гомдлын шаардлагын үндэслэлээ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т заасан Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна гэснийг зөрчсөн, мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10-т заасан Дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд танилцуулна. Энэ хугацаа 14 хоногоос хэтрэхгүй байна гэснийг тус тус зөрчиж, үл хөдлөх хөрөнгийг шинжээч үнэлснээс хойш 6 сар өнгөрч зах зээлийн үнэлгээ өссөн, тогтоолыг хуульд заасан хугацаанд надад мэдэгдээгүй хууль зөрчсөн гэж тайлбарлажээ.

17. Шүүх гомдлын шаардлагад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

17.1 Үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн тайлан болон 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн анхын албадан дуудлага худалдааны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг төлбөр төлөгч шүүхэд гаргасан тул шийдвэр гүйцэтгэх байгууллага дуудлага худалдааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар 2 сарын дотор явуулах боломжгүй байсан ба шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хуульд заасан хугацаанд хариуцагч гардан авч үнэлгээ хүчинтэй тул уг үнэлгээний 70 хувиар анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоож, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дуудлага худалдааг зохион байгуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т Дуудлага худалдааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарснаас хойш 30 хоногийн дотор явуулна гэж заасантай нийцэж байна.

17.2 Ийнхүү үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2-т анхны санал болгосон үнэд хүрэх санал гараагүй үндэслэлээр дуудлага худалдааг зохион байгуулагч нь дуудлага худалдааг хүчингүйд тооцож хоёр дахь дуудлага дуудлага худалдааг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зохион явуулахаар 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 8/2 тогтоолоор шийдвэрлэжээ. /хх-106-116/

Энэ талаар төлбөр төлөгчид зохих журмын дагуу мэдэгдсэн баримт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хэрэгт авагдсан байна.

17.3 Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 8/2 дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны дотор мэдэгдэх байсан боловч 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мэдэгдсэн нь анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Учир нь төлбөр төлөгчийн орон сууц 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 146,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон талаар болон төлбөрөө бүрэн төлөөгүй тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх шилжүүлэх талаар, үл хөдлөх хөрөнгийг сайн дураар султган чөлөөлж шийдвэр гүйцэтгэгчид хүлээлгэн өгөх талаар төлбөр төлөгч Г.Оад 2022 оны 08 дугаар сарын 09, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрүүдэд тус тус мэдэгдэж байжээ.

Дээр дурьдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас үзэхэд хариуцагч НШШГГ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасан арга, журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийг шинжээч үнэлснээс хойш 6 сар өнгөрч одоо үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ маш өндөр болсон байна дахин үнэлүүлээд өгөөч төлбөр авагчтайгаа тохиролцоё гэж хүсэлт гаргаж байсан ч шийдвэр гүйцэтгэгч ер хүлээж авдаггүй гэх түүний тайлбар хэргийн баримтаар нотлогдоогүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоож болно гэж заасны дагуу дахин үнэлгээ тогтоох үндэслэл үүссэн талаар баримтгүй, ийнхүү хүсэлт гаргасан талаар баримтгүй байна.

Харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үйлдэгдсэн мэдэгдэл, мэдэгдэх хуудас, тэмдэглэл зэргээс үзэхэд төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, дурьдсан хаягтаа байхгүй, Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн өөр өөр хаягуудын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мэдэгдэл хүргэгдэж байсан.

Иймд НШШГГт холбогдуулан гаргасан 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 7/2 дугаар тогтоол, 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 8/2 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэгч Г.Оын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг баримтлан НШШГГт холбогдуулан гаргасан 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 7/2 дугаар тогтоол, 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 8/2 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэгч Г.Оын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч Г.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ