Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/18

 

 

Ж.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Б.М,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Ц /зайнаас цахимаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Г.Ц /зайнаас цахимаар/,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Ариунжаргал нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЗ/190 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч Ж.Г-д холбогдох, эрүүгийн 1919001660126 дугаартай, 3 хавтас, 603 хуудас бүхий хэргийг прокурор Б.М-ийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Яллагдагч: Монгол Улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, **** тоотод оршин суух, урьд Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 84 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар 280000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө хурааж, 300 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн, М овогт Ж-ийн Г-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.М-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Яллагдагч Ж.Г Дорноговь аймгийн Замын-Үүд сум чиглэлийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто зам дээр 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Норд бенз маркийн 00-** ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас хохирогч Ц.О-г зам хөндлөн гарч байхад нь мөргөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Г-д холбогдох эрүүгийн 1919001660126 дугаартай хэргийг прокурорт буцааж,

 

хэргийн прокурорт очтол шүүгдэгч Ж.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, яллагдагчийн иргэний бичиг баримт ирээгүй бөгөөд хэргийн газрын үзлэгийн үйл явцыг бэхжүүлсэн СД-г хэргийн хамт хүргүүлж,

 

Захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Прокурор Б.М бичсэн эсэргүүцэлдээ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ж.С хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нартай удаа дараа утсаар холбогдон мэдэгдэж, дуудан ирүүлэх, мөн хавтаст хэргийн материалыг танилцуулахаар Улаанбаатар хот руу 2 удаа авч явах зэргээр боломжтой бүхий л арга хэмжээ авсан боловч Д.Ц “шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, манай хүүхдийг буруутай гэсэн нь үндэслэлгүй, хэргийг урьд хянаж байсан прокурор, шалгасан мөрдөгч нарыг авлигатай тэмцэх газарт өгсөн, түүний хариуг аваагүй байгаа, хэргийн материалтай танилцахгүй” гэх шалтгааныг зааж, хавтаст хэргийн материалтай танилцаагүй, энэ талаар холбогдох баримтуудыг сиди-нд хуулбарлан хэрэгт хавсаргасан. Мөн мөрдөгчөөс “...хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид хэргийн материал танилцуулж, гомдол, хүсэлт гаргах эрхийг эдлүүлэх” талаар боломжтой бүхий л арга хэмжээг авсан боловч хохирогч Ц.О, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Ц нар “шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирэх, “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам сахих” үүргээ биелүүлээгүй ба санаатайгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ирээгүй, хэргийн материалтай танилцаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан. Гэтэл “мөрдөн шалгах ажиллагаа” гэдэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-т зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад прокурорын зөвшөөрлөөр, эсхүл мөрдөгч бие даан явуулах энэ хуульд заасан ажиллагааг хэлнэ” гэж тодорхой заасан. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанд мөрдөн байцаалтад зөрчилтэй хийгдсэн болон огт хийгдээгүй аль ч ажиллагаа хамаарч болох бөгөөд мөрдөн байцаалтаар “хийгдсэн ажиллагаа” зөрчилтэй болохыг тогтоосон, зөрчлийг гаргасан шатанд нь буцааж дахин засуулахаас өөрөөр үнэлэх, үгүйсгэх, хэргийн нөхцөл байдлыг тогтоох боломжгүй болсон, эсхүл шүүхээс шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх шийдвэрийн аль нэгийг гаргахад нөлөөлж болохуйц гэж үзсэн ажиллагаанууд хамаарна. Шүүхийн шатанд хавтаст хэргийн материалтай хохирогч Ц.О, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Ц нарт танилцуулах боломжтой.             Иймд Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 190 дугаартай шүүгчийн захирамжийг хянуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүүхдийн бие муу байгаа. 2 жил гаран болж байгаа энэ хугацаанд миний охин асран хамгаалагчтай 6 хагалгаанд орсон. Шинжээчийн дүгнэлтийг Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хэлтэс дээр очиж 1 сар 10 хоногийн дараа гарын үсэг зурсан. Дахиад нэг шинжээчийн дүгнэлтийг ирснээсээ хойш Хандсүрэн өмгөөлөгч бид хоёр 1 сар 5 хоногийн дараа шүүхийн шинжилгээний албанаас хүн авч ирж гарын үсэг зуруулсан, гудамжинд гарын үсэг зуруулсан. Бидний сэтгэл санаа хүнд, маш их эмзэглэж байгаа. Миний охин зам хөндлөн гараагүй, замын эсрэг талд байсан гэдгээ өөрөө санаж байгаа. 6500000 төгрөгийн их хүнд хагалгаанд ороход баримт бүрдүүлж өгсөн. Гэтэл одоо 3000000 төгрөгийн баримт бүрдүүлж өгсөн гээд байгаа. 3500000 төгрөгийн баримт нь байхгүй байна. Нөхөн үзлэг гэх зүйл дээр би биеэрээ очсон, эсрэг талын өмгөөлөгч үзүүлэхгүй гэж хэлсэн. Би холоос өвчтэй хүүхдээ тэргэн дээр түрж яваа учраас би ороогүй татгалзсан. Гэтэл Ж.Г-ын өмгөөлөгч тэгж метрлэхгүй ингэж метрлэнэ гэж тэр хүмүүсийн метрийг булааж авч байсан. Тэгэхэд Ж.Г А цэгийг тавина гээд шороон зам дээр тавихад “мал минь тэгж тавьдаггүй юм засмал замын голд авчирч тавь” гэж хэлж  байсан. Ийм үзлэг гэж байхгүй ээ, өчнөөн олон хүний амь амьдрал миний хүүхдийн эрхийг зөрчиж байна. Миний хүүхэд би зам хөндлөн гараагүй, машинаасаа буугаад нэг, хоёр л алхсан гэж байгаа. Тэнд байснаараа энэ хүний амь, эд хөрөнгийн аварсан. Аваарт орсон өдөр Ж.Г миний хүүхдийг дамжлаад машинд суулгаад түргэнд хүргээд өгсөн бол бас өөр. Машинууд тойроод бидэнд туслаагүй. Ж.Г эмнэлэг дээр ирж өөртөө дусал хийлгэчхээд гараад явсан. Удаа дараа Фэйсбүүкээр шандын зам дээр согтуу хүүхэн урдуур ордог шүү болгоомжлоорой гэсэн юм тавьдаг. Дахин сая 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр чи согтуугаар урдуур гүйсэн гэж гүжирдэж байна энэ хүүхэд ерөөсөө зам хөндлөн гараагүй би машинаасаа буугаад хоёр л алхсан тэгээд л мэдэхгүй гэж байгаа. Би зам хөндлөн гараагүй гэдгийг өөрөө хэлж байгаа. Гомдолтой байна” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...190 дугаартай шүүгчийн захирамж үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дахь хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн эдлэх 12 эрхийг тодорхой хуульчилсан байгаа. Эдгээр эрх бүхэлдээ хангагдаагүй байна. Мөрдөн байцаалтын шатанд 6500000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн боловч 3500000 төгрөгийн баримт дутсан талаар сая дурдаж байна. Мөрдөгч ажлын бус цагаар дууддаг, гудамжинд гарын үсэг зуруулдаг, хэргийг хэт нэг талыг барьж шалгасан, удаа дараагийн шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа байгаа гэх асуудал дурдагдсан байна, энэ дүгнэлтүүдэд гомдол гаргаж чадаагүй зүйл ярьдаг. Хохирогч нар хууль зүйн мэдлэггүй хүмүүс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даан оролцоод мэтгэлцэх ийм нөхцөл байдал боломж байхгүй. Хэргийн материалтай мөрдөн байцаалтын шатанд танилцана гэдэг нь өөрөө тухайн хэрэг шүүхэд шилжих хүртэлх хугацаанд хэргийн материалыг судлаад шүүх дээр урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулах мөрдөгчийн гаргасан алдаа прокурорын орхигдуулсан зүйл дээр хэргийг буцаах үндэслэл байна уу, алдаа дутагдал байна уу гэх зүйлийг гаргаж ирж урьдчилсан хэлэлцүүлгээр ярих ёстой юм. Тиймээс хохирогчийн эрх зөрчигдөн байна. Иймд анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, “хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангахаар шийдвэрлэлээ.  

 

Тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “...мөрдөгчөөс мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ, хэргийн материалтай оролцогч мөрдөгчөөс тогтоосон хугацаанд танилцах ба мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ” гэж заасны дагуу энэхүү хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж үзэхэд;

 

Мөрдөгчөөс мөрдөн байцаалт дууссаны дараа хавтаст хэргийн материалтай танилцах эрхийг нь хангахаар хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчтэй удаа дараа утсаар холбогдож /2хх 151-156/, хавтаст хэрэгтээ танилцахыг мэдэгдсэн боловч тэдгээр оролцогч нараас хэргийн материалтай танилцаагүй төдийгүй танилцахгүй гэж мэдэгдсэнийг мөрдөгчөөс тэмдэглэлдээ тусгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шилжүүлсэн хэргийг Анхан шатны шүүхээс 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 49 дугаар шүүгчийн захирамжаар “...мөрдөн байцаалт дууссан бол хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах” хохирогчийн эрхийг хангаагүй гэсэн үндэслэлээр  “Хэргийг прокурорт” буцааж шийдвэрлэжээ.

 

Шүүгчийн захирамжийн дагуу мөрдөгчөөс дахин “хавтаст хэргийн материалтай танилцуулах”-аар боломжит бүхий л байдлаар буюу хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нартай удаа дараа /3хх 31-34, 38/ утсаар холбогдсон боловч танилцуулж чадаагүй байх ба улмаар хавтаст хэрэгтэй танилцуулахаар Улаанбаатар хот руу мөрдөгч хавтас хэргийг авч явсан, хууль ёсны төлөөлөгчийн гэрт эхний удаа очиход эзгүй, дараагийн удаа очихдоо хохирогчийн төлөөлөгч Д.Ц-той утас руу нь залгаж  холбогдоход “...шүүх хурал болох үед очиж хэргийн материалтай танилцана гээд утсаа тасалсан”, мөрдөгчөөс түүнийг хавтаст хэрэгтэй танилцуулж чадалгүй буцсан зэрэг үйл баримт болсон байх ба энэ нь мөрдөгчийн тэмдэглэлүүд, мөрдөгчөөс хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчтэй хэд хэдэн удаа утсаар холбогдож, ярьсан бичлэг, гэрт нь очсон тухай видео бичлэгийг СД-нд хуулбарласан зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримтуудыг хавтаст хэрэгт хавсарган хэргийг шүүхэд шилжүүлснийг, Анхан шатны шүүхээс 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 190 дугаар шүүгчийн захирамжаар дахин “...хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид хэргийн материалыг танилцуулж, гомдол хүсэлт гаргах” хохирогчийн эрхийг эдлүүлээгүй гэсэн үндэслэлээр “Хэргийг прокурорт” буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.  

 

Учир нь мөрдөгчөөс хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлээгүй, оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс, давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... хэрэгт 3500000 төгрөгийн хохирлын баримт байхгүй байна, шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй” гэж хэлж байгаа боловч энэ нь хэргийг заавал нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэл болохгүй юм.

 

Өөрөөр хэлбэл хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь мөрдөгчөөс тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хавтаст хэрэгтэй танилцаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам сахих үүргээ биелүүлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд удаа дараа саад учруулсан нөхцөл байдал тогтоогдож байх тул “...хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах хохирогчийн эрхийг хангаагүй” гэж хэргийг дахин прокурорт буцаах үндэслэлгүй бөгөөд шүүгчийн захирамжид заасан дүгнэлтийг нотлох баримтаар нотлогдохгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхийн зэрэгцээ шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэхгүй.  

 

Түүнчлэн шинжээчийн дүгнэлтэнд дурдагдсан үйл баримтын хувьд хохирогч өөрт эргэлзээтэй гэж үзсэн асуудлаар шинжээчдийг шүүх хуралдаанд оролцуулах замаар энэ талаарх эрхээ хангах боломжтой тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанчлан энэ үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэлгүй болно.

 

Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор, мөрдөгчөөс хэргийн оролцогчдын “хуулийн өмнө эрх тэгш” байх эрхийг бүрэн хангасан, оролцогчдоос гаргасан хүсэлтэд хариу өгөөгүй орхигдуулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Тиймээс  Анхан шатны шүүх нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх хуульд заасан шаардлагын дагуу хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Харин Анхан шатны шүүхээс 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр яллагдагчийг  “цагдан хорих” таслан сэргийлэх  арга хэмжээ авсныг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга авахаар өөрчилсөн болох нь шүүгчийн захирамж /3хх-5/ болон Цагдан хорих байрнаас яллагдагчийг дуудан ирүүлэх тухай баримт /3хх-1/-аар тогтоогдож байх боловч шүүгчээс 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “Шүүх хуралдаан товлон зарлах” тухай захирамж /2хх-245/-даа цагдан хорьсон байгаа яллагдагчийн таслан сэргийлэх арга хэмжээний талаар “...урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаан хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй” гэж буруу бичсэн байгааг магадлалд тэмдэглэж байна.       

 

                Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЗ/190 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж, прокурор Б.М-ийн эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар яллагдагч Ж.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                 ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                                           

                                                                                     Н.БОЛОРМАА