Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 06

 

С.Э нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

       Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 133/ШШ2019/00025 дугаар шийдвэртэй,

Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, 3 дугаар баг, Жаргалант 7 гудамжны 7 тоотод хаягийн бүртгэлтэй, Есөнбулаг сум, Оргил баг 15 дугаар байрны 29 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ДО76112119, Харнууд овогт С Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Иргэний нисэхийн Ерөнхий газар, Говь-Алтай аймаг дахь Нисэх буудалд холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн иргэний хэргийг шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2005 онд Говь-Алтай аймаг дахь Нисэх буудалд галчаар ажилд орсон, үүнээс хойш тасралтгүй ажиллаж байсан. Тус байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, жил бүрийн 5 дугаар сарын 01-нээс амраад 10 дугаар сарын 01-нд ажилдаа ордог байсан. 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр амраад 10 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа орох гээд ирэхэд ярилцаж байгаад утсаар чинь дуудъя гээд явуулсан. Түүнээс хойш дуудахгүй байхаар нь өнөөдөр буюу 11 дүгээр сарын 01-ний өдөр ажил дээрээ ирж уулзаж ажилдаа орох гэхэд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул ажиллуулах боломжгүй гэсэн хариу өгсөн. Нисэх буудлын даргын 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай тушаалыг өнөөдөр буюу 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээж авлаа. Намайг хөдөлмөрийн гэрээний хугацааг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дуусгавар болгосон байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Говь-Алтай аймаг дахь Нисэх буудлын галчийн ажилд эгүүлэн тогтоож, шүүх хуралдаан болох өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхансан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Э нь 2005 оноос галч гэдэг албан тушаалаар 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан байгаа. Ажлаас халагдсан 5 дугаар сарын 01-ний өдрийн тушаалыг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр авч хуулбар үнэн даруулж, энэ өдрөө шүүхэд хандсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд гэрчээр орсон бичиг хэргийн ажилтан нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тушаалаа авсан. хуулбар үнэн хөтөлдөг дэвтэрт тэмдэглэл хөтлөөд өөрөөр нь гарын үсэг зуруулаад өгсөн гэдгийг нотолж хэлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор шүүхэд гаргана гэж заасан байгаа. Энэ хүн ажлаас чөлөөлсөн шийдвэрийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр аваад 1 сарын дотор шүүхэд хандсан. Үүн дээр ямар нэгэн хуулийн хугацаа хэтрүүлээгүй байна. Уг тушаалыг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гаргаад мэдэгдэж байсан гэж байгаа боловч энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т зааснаар ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш гэхээр мэдэгдсэн нь хамаагүй. Мэдэгдсэн талаар бичиг хэргийн эрхлэгч танилцууллаа. Мэдэгдсэн энэ хүний хувийн хэрэгт хийсэн. Яг гардуулсан нь 11 дүгээр сарын 01-нд гэж гэрчилж өгсөн учраас үүн дээр маргаан байхгүй байх. С.Энхбат нь хуулийн хугацаанд шүүхэд хандсан гэж үзэж болохоор байна. Ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-т заасныг үндэслэж чөлөөлсөн байгаа. 2005 оноос хойш 14 жил ажилласан энэ байгууллагын үндсэн ажилтан байгаа. Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан байгаа боловч ямар нэгэн маргаан байхгүй. Гэхдээ энэ хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан талаар шалтгаан нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд дурдаж байгуулж өгөөгүй байна. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан цаашид сунгагдахгүй болсон гэж байгаа. Тэгэхээр энэ хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаад цаашид сунгагдахгүй болсон шалтгаанаа юу гэж байна гэхээр энэ хүн олон нийтийн ажилд оролцдоггүй байсан. Сахилгын арга хэмжээ авагдсан. Эргэх холбоогүй гэж байгаа боловч сахилгын арга хэмжээ авагдсан тушаалыг харахаар архи уусан хүнийг хэлээгүй гээд сахилгын арга хэмжээ нэг сарын хугацаагаар авагдсан. Хугацаа нь дууссан. Хэрэгт энэ талаар тушаал байгаа. Мөн олон нийтийн ажилд оролцдоггүй. Эргэх холбоо байхгүй гэж байгаа боловч хавтаст хэрэгт байхгүй байна. Мөн хавтаст хэрэг шинжлэн судлахад 6 сард худаг засаж ажиллаад цалин хөлсөө авсан байгаа. Тэгэхээр эргэх холбоо байхгүй гэдэг нь нотлогдохгүй байна гэж үзэж байна. Энэ хүн тухайн амралтын хугацаанд шаардлага гараад дуудсан үед нь ажлаа хийдэг гэдэг нь цалин авсан баримтаар харагдах байх гэж бодож байна. Энэ ажлын байр байнгын ажлын байр. Үүн дээр 4 хүн ажилладаг гэсэн Энэ хүнийг ажлаас нь чөлөөлөөд өөр хүн авсан гэж байгаа. 4 галч ажиллаж байгаа гэдэг нь шүүх хуралдаан дээр ярьсан нэхэмжлэгч, хариуцагч нарын мэдүүлгээс тодорхой харагдаж байна. Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д хөдөлмөрийн гэрээг хугацаагүй хийхээр заасан боловч хугацаагүй хийсэн гэсэн дээр ямар шалтгаанаар хугацаагүй хийсэн нь хөдөлмөрийн гэрээнд тогтоогдохгүй байна. Мөн ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой зааж бичээгүй байна. Дээрээс батлагдсан орон тооны дагуу энэ хүний цалин хөлс орж ирдэг. Тэгэхээр энэ байнгын орон тоо учраас цалин хөлс дээрээсээ батлагдаж ирдэг. Ажилтан ажил олгогч хоёрын хооронд ганцхан хөдөлмөрийн гэрээ байгуулна. Өөр ямар нэгэн гэрээ байгуулахыг хориглосон байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийг үндэслэл болгоод хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоод байгаа бол ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг заавал барих ёстой байсан боловч үүнийг бариагүй. Ажил олгогч санаачилгаараа хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэдгээр чөлөөлсөн боловч ямар нэгэн хуулийн заалт үндэслэл заагаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж галчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Нийгмийн даатгалын дэвтэрт урд онуудад 6, 7, 8, 9 сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бичилт хийж явдаг байсан тул 6, 7, 8, 9 сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бичилт хийлгэж, 10, 11, 12, 2019 оны 1 сарын ажилгүй байсан 77 хоногийн цалинд 3.853.311 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Э нь 2005 оноос манай байгууллагад уурын зуухны галчаар ажиллаж байсан. Энэ хугацаанд ажлын онцлогоос шалтгаалан үндсэн ажилтан биш, хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Нисэх буудлын дарга Д.Б нь С.Э харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Үүнд С.Э нь өөрийн биеэр танилцаж гарын үсэг зурсан. Гэрээний хугацааны хувьд С.Э хэлсэн. Уурын зуухны ажил 10 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилладаг. 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажлын биш амралтын өдөр байсан учраас 10 дугаар сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Үйл ажиллагаа болон цалин нь 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс бодогдсон. 2018 оны 03 сард төрийн аудитын газраас Нисэх буудлын 2016, 2017 оны үйл ажиллагаанд нийцлийн аудит хийгээд хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа галч нарын гэрээний хугацааг дууссан тохиолдол болгонд гэрээг дуусгавар болгон буцаан авах эсэхийг байгууллага шийдвэрлэж бай гэсэн зөвлөмж өгсөн. Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар зөвхөн үндсэн ажилчдын ажиллаагүй байх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлнө гэсэн заалт байдаг. 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр С.Э байгуулсан гэрээний хугацаа дууссан тул Б/09 дугаартай Нисэх буудлын даргын тушаалаар гэрээг дуусгавар болгон галч Б.А, С.Э нарт тухайн өдөр мэдэгдсэн байна. Б.А нь тухайн өдөр тушаалыг авч гарын үсэг зурсан. Харин С.Энхбат нь санаатайгаар ирээгүй. Энэ талаар бичиг хэргийн ажилтан удаа дараа дуудсан боловч тушаалыг хүлээн аваагүй. Нисэх буудлын зүгээс С.Э гэрээний хугацаа дуусаад 11 сард авах эсэх асуудлыг шийдвэрлээд С.Э нь сахилгын шийтгэл авч байсан, олон нийтийн ажилд оролцдоггүй, эргэх холбоо байдаггүй зэргийг нь харгалзан ажилд авах боломжгүй болсон. Үүнээс харахад С.Э нь гэрээ дуусах хугацааг мэдээгүй гэж хэлсэн нь үндэслэлгүй байна. С.Э анх гэрээ байгуулахдаа дуусах хугацааг мэдэж байсан бөгөөд өөрийн гарын үсгээ зурж баталгаажуулсан. Мөн өөрийн буруутайгаас болж тушаалаа аваагүй. Хөдөлмөрийн тухай хуульд гэрээг цуцалсан болон халсан тохиолдолд шийдвэрийг заавал мэдэгдэх заалт байгаа боловч дуусгавар болоход заавал шийдвэрийг мэдэгдэх болон гардуулан өгөх талаар заагаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү? гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Харнууд овогт С Э Иргэний нисэхийн ерөнхий газар Говь-Алтай аймаг дахь нисэх буудлын галчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар Говь-Алтай аймаг дахь нисэх буудлаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 77 хоногийн олговорт 3.765.762 /гурван сая долоон зуун жаран таван мянга долоон зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Э олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 46.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж 75.202 /далан таван мянга хоёр зуун хоёр/ төгрөгийг хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар Говь-Алтай аймаг дахь нисэх буудлаас гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 133/ШШ2019/00025 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан “байнгын ажлын байр”-нд ажиллаж буй ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ нь ажилтантай тохиролцсоноос бусад тохиолдолд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар хугацаагүй байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т “...улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор тус тус заасан. Хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсгийн заалт нь ажилтан, ажил олгогчийн тохиролцооны үндсэн дээр тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах нөхцлийг зохицуулсан бөгөөд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахад ажил олгогчийн шахалт, шаардлага хөндлөнгийн оролцоогүйгээр ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээгээ хугацаатай байгуулах эрхтэй байх боловч ажил олгогч халаалт эхлэх үеэр ажилд авч хөдөлмөрийн гэрээг хугацаа зааж байгуулдаг талаар талууд тайлбарлаж байх тул 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэгч сайн дурын үндсэн дээр хугацаатай байгуулсан эсэх нь эргэлзээтэй байна.” гэжээ. Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “ Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал” зөвлөмжийн 1.3 дахь хэсгийн г-д “ Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасан ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтны ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар тус тус хугацаатай гэрээ байгуулж болох ба харин бусад тохиолдолд шинээр орж байгаа ажилтантай түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй гэж үзнэ.” Нэгэнт шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ 23 дугаар зүлийн 23.2.3 дахь нөхцөл байгаагүй талаар талууд  маргаагүй. Өөрөөр хэлбэл С.Энхбатын ажил үүрэг нь улирлын шинж чанартай ажил байгаа талаар талууд маргаангүй болно. С.Энхбат нь 2005 оноос хойш улирлын шинж чанараар хөдөлмөрийн гэрээ байгуулж, жил бүрийн 10 дугаар сард хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах замаар 13 жил ажилласан болохыг шүүх үнэлээгүй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсгийг үндэслэл болгосон байх бөгөөд 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэгсийг үндэслээгүй, хэрэглээгүй нь хэрэглэх ёстой байсан хуулийн заалтыг орхигдуулсан гэж үзэхээр байна. Нөгөө талаар 23.2.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хүч хэрэглэн хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулсан мэтээр хууль буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Шүүх хуралдааны тэмдэглэлд (Тэмдэглэлийн 6 дугаар тал ) ... Даргалагчаас: 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулсан уу? гэхэд Нэхэмжлэгч: байгуулсан гэв. Даргалагчаас: Үүн дээр гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч байна уу? гэхэд Нэхэмжлэгч: Зөвшөөрч байна гэв. Даргалагчаас: Гэрээний хугацаа 7 сар гэж заасан байна гэхэд Нэхмэжлэгч: Тийм. Манайх угаасаа л 7 сар гэж заадаг гэв.” Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааны тэмдэглэлээс нэхэмжлэгч өөрийн гарын үсэг мөн болох, хүсэл зоригийн илэрхийлэл байсныг хүлээн зөвшөөрсөн, нөгөө талаар 7 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулдаг болохыг ойлгосон атал шүүхээс хүч хэрэглэсэн, сайн дурын үндсэн дээр байгуулаагүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Говь-Алтай аймаг дахь Нисэх буудалд холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 133/ШШ2019/00025 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч С.Энхбатын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай тушаалыг ажил олгогчийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хуулбарлах авсан талаарх тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгэж, маргаагүй бөгөөд  гэрчээр оролцсон тухайн байгууллагын бичиг хэргийн эрхлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хуулбарлан нэхэмжлэгч С.Энхбатад өгсөн талаар мэдүүлсэн / хх-шүүх хуралдааны тэмдэглэл/ тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй” гэжээ. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл С.Энхбат нь 2005 оноос хойш жил бүрийн 5 дугаар сард Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгодог байх бөгөөд жил бүрийн 10 дугаар сард хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулдаг үйл баримтыг шүүх үнэлээгүй. 129 дүгээр зүйлд заасан ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ мэдэх боломжтой байсан хугацааг шүүх авч үзээгүй байна. Нөгөө талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ажлаа 5 дугаар сард хаяад явсан талаар үйл баримтыг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь үгүйсгээгүй болохыг шүүх үнэлээгүй байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдэвэрийн үндэслэл болгосон тушаалыг хуулбарлан авсан гэдэг үйл баримт нь иргэн өөрт хамааралтай шийдвэрийг хэдийд ч хуулбарлаж авах боломжтой бөгөөд энэ нь тушаалыг сүүлд гардан авсан гэх үндэслэл болохгүй, нөгөө талаар Хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Нотлох баримтыг буруу үнэлсэн.

Шүүх хариуцагчаас ирүүлсэн нотлох баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан эсэхэд дүгнэлт өгөөгүй.

Хариуцагчаас ирүүлсэн хөдөлмөрийн гэрээ, хэргийн гол нотлох баримт болох тушаал, бусад тушаал зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуулбар үнэн гэсэн баримтууд байх бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заассан шаардлагыг хангаагүй болно.” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д “... Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасны дагуу нотлох чадвараа алдах юм.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохдоо эрх зүйн харилцааг тогтоодог бөгөөд ямар хууль хэрэглэх шаардлагатайг тодорхойлдог. Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг, хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн ганцаарчилсан ба хамтын маргаан, хөдөлмөрийн нөхцөл, удирдлага, хяналт болон хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж талуудын харилцан эрх тэгш байдлыг хангахад оршино.” гэжээ.

 Иймд нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэрийг тус хэргийн гол нотлох баримт гэж үзэх үндэслэлтэй байна. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 133/ШШ2019/00025 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатын шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарчээ.

Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Говь-Алтай аймаг дахь Нисэх буудалд холбогдуулан уурын зуухны галчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг тайлбарлахдаа Говь-Алтай аймгийн Нисэх буудалд уурын зуухны галчаар 2005 онд ажилд орж тасралтгүй ажиллаж байгаа, жил бүрийн 5 дугаар сарын 01-нээс амраад 10 дугаар сарын 01-нд ажилдаа ордог байсан. 2018 оны 5 дугаар сарын 01-нд амраад 10 дугаар сарын 01-нд ажилдаа орох гээд ирэхэд ярилцаж байгаад утсаар чинь дуудая гээд явуулсан. 11 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа орох гэхэд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул ажиллуулах боломжгүй гэсэн гэжээ.

Харин хариуцагч байгууллага нь С.Э “түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээ” байгуулан улирлын чанартай ажилтнаар уурын зуухны галлагаа эхлэхэд түр авч ажиллуулаад галлагаа зогссон үед чөлөөлөгддөг, хөдөлмөрийн гэрээг тодорхой хугацаатай байгуулсан, хөдөлмөрийн гэрээний хугацаа 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон, сахилгын шийтгэл хүлээж байсан, олон нийтийн ажилд оролцдоггүй, эргэх холбоо байдаггүй зэргийг харгалзан ажилд авах боломжгүй болсон. Иймд түүний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч С.Э нь Говь-Алтай аймгийн Нисэх буудлын уурын зуухны галчаар 2005 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан, ажил олгогч 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дугаар тушаалаар “...С.Э байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож  С.Э үүрэгт ажлаас нь чөлөөлж, холбогдох эд хөрөнгийн гэрээг дүгнэж ажиллахыг нягтлан бодогч, сантехникийн механик, жолооч нарт үүрэг болгож шийдвэрлэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас үзэхэд Говь-Алтай аймгийн  Нисэх буудлын уурын зуухны галчийн ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан “байнгын ажлын байр” мөн байх бөгөөд С.Э нь ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар ажил үүргийг хийж гүйцэтгэж байжээ.

 

7.

 

 Мөн С.Э амралтын хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг цалин хөлсний доод хэмжээгээр тооцож ажил олгогч нь тогтмол төлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Харин ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан “байнгын ажлын байр”-д ажиллаж байгаа ажилтантай тухайн хийж гүйцэтгэх ажлын онцлогоос шалтгаалан харилцан тохиролцсоноос бусад тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах, мөн хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахгүй байх үүрэгтэйг хуульчлан зохицуулжээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь бодитойгоор үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 133/ШШ2019/00025 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасны дагуу хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75.202 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.БАТТОГТОХ

 

                                           ШҮҮГЧИД                               Ч.ЭНХТӨР

 

                                                                             Т.ЖАРГАЛСАЙХАН