Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 63

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг,

Улсын яллагч А.Амгалан,

Шүүгдэгч П.Батсайхан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аюуш овогт Пүрэвийн Батсайханд холбогдох эрүүгийн 201716010106 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1964 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймаг Улиастай суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансар 5 дугаар гудамж, 48 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Аюуш овогт Пүрэвийн Батсайхан /РД:ИЮ64112575/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Батсайхан нь 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Гашуунсухайт дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор /гаалийн хилээр/ 87-09 ӨМӨ улсын дугаартай Хонгяанг маркийн хүнд даацын тээврийн хэрэгслийг жолоодож Монгол улсын хил нэвтрэхдээ хуулиар хориглосон буюу Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсгийг зөрчиж нэн ховор ургамал болох Цөлийн аргамжин цэцэг 63 кг-г, хязгаарласан буюу амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалтыг зөрчиж эд зүйл буюу адууны дайвар бүтээгдэхүүн болох 460 кг умсыг тус тус автомашины багажны хайрцаг, салхи зүсэгчид нууж нэвтрүүлэхийг завдан улсад 5,935,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Батсайхан мэдүүлэхдээ: “2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр “Милпорт” ХХК-ийн эзэмшлийн 87-09 ӨМӨ улсын дугаартай автомашинд нүүрс ачиж явж байх замдаа адууны дайвар бүтээгдэхүүн болох 460 кг умс, цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёо 63 кг-г нууж хил гаргах гэж байгаад хил дээр шалгагдаж, баригдсан нь үнэн. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна.” гэв.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 312 дугаар тушаалын тавдугаар хавсралт, шалгалт хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9 дүгээр хуудас/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12 дугаар хуудас/

Хохирогч Э.Өнөрмаагийн өгсөн. ”...Өнгөрсөн 6 дугаар сарын 07-ны өдөр Гашуунсухайт боомтоор П.Батсайхан гэж хүн машиндаа нууж хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан эд зүйл буюу адууны дайвар бүтээгдэхүүн болох умс 460 кг-г, мөн нэн ховор ургамал болох цөлийн аргамжин цэцэг 63 кг зэрэг зүйлийг авч яваад хил дээр баригдсан юм билээ. Энэ хэрэгт мэргэжлийн хяналтын байгууллагыг төлөөлөн хохирогчоор оролцож байгаа юм. ...эдгээр эд зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон байдаг бөгөөд цөлийн аргамжин цэцэг гэдэг ургамал нь нэн ховор ургамлын зүйлд багтдаг ба энэ ургамлыг түүж, бэлтгэхийг хориглодог юм. Дээрх эд зүйлээс адууны умсны 1 кг нь 4000 төгрөг, цөлийн аргамжин цэцэг гэдэг нэн ховор ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ нь 1 кг нь 65.000 төгрөг байдаг ба үүнийг 5 дахин нугалж төлдөг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/

Гэрч Ж.Одончимэгийн өгсөн: ”...Манай компани нь улс хоорондын ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд одоо Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт болон БНХАУ-ын Ганц модны боомтын чиглэлд нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа явуулж байна. Уг Хонгяанг маркийн 87-09 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай “Милпорт” ХХК-ийн эзэмшилд байдаг бөгөөд улс хоорондын тээвэрт явдаг юм. ...2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хилийн мэргэжлийн хяналтын газраас утсаар хэлсэн. Тэгж л би энэ талаар мэдсэн юм. Миний мэдэж байгаагаар бол уг тээврийн хэрэгслийн жолооч П.Батсайхан нь машины багажны хайрцаг, салхи зүсгэчиндээ адууны умс, цагаан гоёо зэрэг зүйлс гаргах гэж байгаад баригдсан гэж ойлгосон. Үүнээс өөр тодорхой мэдэж байгаа зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/

Гэрч Н.Эрдэнэбатын өгсөн:”...Би 2017 оны 6 дугаар сарын 07-ны өглөө Гашуун сухайт боомтын улсын хилээр нүүрс БНХАУ-руу гарах чиглэлд хориглосон, хязгаарласан эд зүйл хууль бусаар нууж хил нэвтрүүлж байгаа эсэхийг шалгаж байх явцад гаалийн хяналтын бүс рүү Фотон маркийн 87-09 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 17-99 ГЧ дугаартай чиргүүлтэйгээр орж ирсэн байсан. Уг тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд чиргүүлдээ нүүрс ачиж бүтээлгээр бүтээж лацадсан лац нь хөдлөөгүй хэвээрээ байсан. Харин кабины гадна нэлээн дээд талд байх салхи зүсэгчийн дотор талд хар өнгийн уутанд хийж скочоор битүү ороож боосон 3 ширхэг эд зүйл, мөн машины хоёр талын багажны хайрцагт 20 ш цагаан өнгийн ууттай зүйл тус тус байсныг гаргуулж үзлэг хийхэд салхи зүсэгчинд байсан 3 ууттай зүйл нь цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцэг гэдэг ургамал байсан, нөгөө 20 ш уутанд нь адууны хөлдөөсөн умс байсныг тус тус хураан авч зөрчлийн тэмдэглэл үйлдэж Ханбогд сумын Цагдаагийн тасагт уг машиныг жолоодож явсан жолооч П.Батсайханы хамт хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/

Гэрч М.Баасантогтохын өгсөн:”...П.Батсайхан ах бол төлөв томоотой үг дуу цөөтэй, хүнд тусархуу хэрэг зөрчилд холбогдож байгаагүй хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/

Б.Ариунболдын өгсөн:”...П.Батсайхан ах бол тусархуу хамт яваа хүнээ орхиж явдаггүй, ажилд сайн, хүнтэй тэр бүр муудалцаад байдаггүй яа талыг нь олж харьцаад явдаг сайн хүн байгаа юм. Архи дарс ч тэр бүр уугаад байдаггүй, хэрэг зөрчилд холбогдож байгаагүй хүн дээ” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын мал эмнэлэг, үржлийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн №57 тоот дүгнэлт /хх-ийн 33-34 дүгээр хуудасс/

Хөрөнгө эстимэйт ХХК-ийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 111/01 дугаартай дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/

Шүүгдэгч П.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:”...2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Цагаанхадны “Эрхэм сүлд Монгол” ХХК-ийн нүүрс ачиж буулгах талбайгаас өөрийн жолоодож явсан Милпорт ХХК-ийн эзэмшлийн 87-09 ӨМӨ улсын дугаартай автомашины 17-99 ГЧ дугаартай чиргүүлд нүүрс ачаад тэндээс гаалийн хяналтын байцаагчаар нүүрсээ лацдуулан Гашуунсухайтын боомт руу засмал замаар явсан юм. Ингээд шалган нэвтрүүлэх 4 дүгээр постыг өнгөрөөд замаар явж байтал хайлаасын орчимд ачаатай талын автомашины оочерт 21 цагийн үед хүрээд зогсож байтал үл таних нэг хятад хүн нэг өвөр монгол хүний хамт ирээд өвөр монгол хүн нь 3 шуудай борц, 20 шуудай адууны умс зэрэг зүйлийг хилээр БНХАУ руу оруулах гэсэн юм та машиндаа хийгээд гаргаад өгөөч хөлсөнд нь 2000 юань өгье гэсэн би ч зөвшөөрсөн. Тэр хоёр хүн бага оврын эсвэл старикс юмуу автомашинтай шөнийн 23 цагийн үед ирж миний машины хажууд нөгөө хилээр гарна гэсэн адууны умс гэх 20 уут, борц гэх 3 уут нийд 23 ширхэг ууттай эд зүйлийг буулгаж орхиод миний утасны дугаарыг аваад хил гарсан хойно утас руу чинь залгаж юмаа аваад мөнгийг нь өгнө гэж хэлчихээд яваад өгсөн. Би шөнө оочерт байсан жолооч нарыг унтсан хойно нөгөө эд зүйлийн 20 ширхэг уут бүхий умсыг нь автомашины багажны хайрцагт, борц гэх хар өнгийн гялгар уутанд хийж гадна талаар нь битүү скочоор боосон 3 ширхэг зүйлийг машины кабины орой дээр байх салхи зүсэгчид хийж нуугаад хоносон. Тэгээд маргааш нь өглөө буюу 2017 оны 6 дугаар сарын 07-ны өглөө 10 цагийн үед гаалиар гарах гэж байгаад байцаагчид баригдаж машинд нуусан байсан эд зүйлийг хураалган Ханбогд сумын цагдаа дээр очсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 дугаар хуудас/

Хураагдсан эд зүйлс хүлээн авсан тухай 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл /хх-ийн 70 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Ханбогд сумын бараа бүтээгдэхүүний устгалын 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн №03 дугаартай акт /хх-ийн 73 дугаар хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 94 дүгээр хуудас/

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 562 дугаартай тодорхойлолт /хх-ийн 59 дүгээр хуудас/

Шүүгдэгч П.Батсайханы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/

Шүүгдэгч П.Батсайханы хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-ийн 61-63 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017.07.28-ны өдрийн №/848 дугаартай тодорхойлолт /хх-ийн 66 дугаар хуудас/

Арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данс эзэмшдэг эсэх тодорхойлолтууд /хх-ийн 78-87 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газраас П.Батсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл хэсэг тохирсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн өөрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр П.Батсайхан нь 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Гашуунсухайт дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор /гаалийн хилээр/ 87-09 ӨМӨ улсын дугаартай Хонгяанг маркийн хүнд даацын тээврийн хэрэгслийг жолоодож Монгол улсын хил нэвтрэхдээ хуулиар хориглосон буюу Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсгийг зөрчиж нэн ховор ургамал болох цөлийн аргамжин цэцэг 63 кг-г, хязгаарласан буюу амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалтыг зөрчиж эд зүйл буюу адууны дайвар бүтээгдэхүүн болох 460 кг умсыг тус тус автомашины багажны хайрцаг, салхи зүсэгчид нууж нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Иймд шүүдэгч П.Батсайханыг хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхээр завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

П.Батсайханд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тус тус тооцож, түүний хувийн байдлыг харгалзан ял шийтгэл оногдууллаа.

Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсгийг зөрчиж нэн ховор ургамал болох Цөлийн аргамжин цэцэг 63 килограммыг, хязгаарласан буюу амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалтыг зөрчиж эд зүйл буюу адууны дайвар бүтээгдэхүүн болох 460 килограмм умс зэргийг автомашины багажны хайрцаг, салхи зүсэгчид нууж нэвтрүүлэхийг завдан, улсад 5,935,000 төгрөгийн хохирол учруулсан гэж байгаа боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ талаар нэхэмжлэл гаргаагүй, мөн эд мөрийн баримтаар хураагдсан 460 килограмм адууны умсыг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр устгасан, 63 килограмм Цөлийн аргамжин цэцгийг Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулвал зохих хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 460 кг адууны умсыг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр устгаж, 63 килограмм Цөлийн аргамжин цэцгийг Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн болохыг дурдах нь зүйтэй. /хх-ийн 73-74 дүгээр хуудас/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Аюуш овогт Пүрэвийн Батсайханыг хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Пүрэвийн Батсайханыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Батсайханд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Батсайхан нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч П.Батсайхан нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, П.Батсайханы иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 460 килограмм адууны умсыг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр устгаж, 63 кг говийн аргамжин цэцэг гэх ургамлыг Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах орон тооны бус зөвлөлд хүлээлгэн өгсөн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд П.Батсайханд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд П.Батсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН