| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2024/0135/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/241 |
| Огноо | 2025-08-29 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/241
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,
хохирогч О.А,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.Н,
шүүгдэгч С.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Сын Дд холбогдох эрүүгийн 2413000750116 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т овогт Сын Д, 19*** оны *** дугаар сарын ***-ний өдөр Баян-Өлгий аймгийн С суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ах, бэр эгч, дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн С сумын *** дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар БИ***
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Д нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн С сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Б у” хэмээх газарт бэлчээрлэж байсан хохирогч Б.Бы өмчлөлийн 2 тооны үхрийг, хохирогч О.Айн өмчлөлийн 1 тооны үхрийг, нийт 3 тооны үхрийг буюу олон тооны бод малыг бэлчээрээс нь *** Б*** улсын дугаартай “Н 1” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлан авч, хохирогч Б.Бд 1,500,000 төгрөгийн, хохирогч О.Ад 1,000,000 төгрөгийн хохирол тус тус учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан дүгнэлт.
1. Шүүгдэгч С.Д мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мал хулгайлах гэмт хэргийг ганцаараа үйлдсэн, хохирогч нараас уучлалт хүсэж, хохирлыг нь төлж өгсөн, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.
2. Хохирогч О.А мэдүүлэхдээ: “...хохирлыг төлүүлж авсан, шүүгдэгч С.Дд гомдол саналгүй, түүнээс нэхэмжлэх зүйлгүй” гэв.
3. Улсын яллагчаас гаргасан дүгнэлтэд: “...шүүгдэгч С.Дгийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэв.
4. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтэд: “...шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй” гэв.
5. Эрүүгийн 2413000750116 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: иргэн Б.Б, О.А нараас 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 03 дугаар хуудас/, хохирогч Б.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 08, 174 дэх тал/, хохирогч Б.Баас хулгайд алдсан гэх үхэр малын гэрэл зургийг хүлээн авсан хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 09-12 дахь тал/, хохирогч Б.Бы мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2022, 2023 оны тооллого /1 дэх хавтаст хэргийн 13-15 дахь тал/, хохирогч О.Айн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 20, 177 дахь тал/, хохирогч О.Аэс гаргаж өгсөн 2023 оны мал тооллогын талаарх материал /1 дэх хавтаст хэргийн 23 дахь тал/, Баян-Өлгий аймгийн “Е ШТС”-ийн менежер Ж гаргасан тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 24 дэх тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 25-27 дахь тал/, шинжээч “А Б” ХХК-ны 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн БӨА-24-27 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 32-36 дахь тал/, шинжээч “А Б” ХХК-ны 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн БӨА-24-27 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 43-47 дахь тал/, шинжээч “А Б” ХХК-ны 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн БӨА-24-27 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 54-58 дахь тал/, гэрч Х.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 63-64 дэх тал/, гэрч Ө.Өийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 71-72 дахь тал/, гэрч А.Кын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 75-76, 163,164 дэх тал/, гэрч А.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 79-80 дахь тал/, гэрч О.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 83-84, 2 дахь хавтаст хэргийн 111-112 дахь тал/, гэрч Б.Бий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 87 дахь тал/, иргэн С.Дгийн “Хаан” банкан дахь *** тоот данс болон утсаар ярьсан ярианы жагсаалтанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 89 дэх тал/, яллагдагч С.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 154-155 дахь тал/, гэрч Ш.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 170-171 дэх тал/, гэрч М.Рын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 180 дахь тал/, шүүгдэгч С.Дгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
6. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Дгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Хэргийн үйл баримт:
7. Шүүгдэгч С.Д нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн С сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Б у” хэмээх газарт бэлчээрлэж байсан хохирогч Б.Бы өмчлөлийн 2 тооны үхрийг, хохирогч О.Айн өмчлөлийн 1 тооны үхрийг, нийт 3 тооны үхрийг буюу олон тооны бод малыг бэлчээрээс нь *** Б*** улсын дугаартай “Нyunday porter-1” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлан авч, хохирогч Б.Бд 1,500,000 төгрөгийн, хохирогч О.Ад 1,000,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
7.1. Иргэн Б.Б, О.А нараас 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 03 дахь тал/,
7.2. Хохирогч Б.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие С сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суудаг бөгөөд өөрийн гэсэн хэдэн тооны үхэр сүрэг байдаг ба С сумын нутаг дэвсгэр “Б у” гэх газарт Ө.Өийн өвөлжөө хавьд бэлчээрлэж байдаг. Уг үхэр сүргийг Ө.Өт захиж хариулуулж байсан ба 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр очиж тоолоход бүрэн байсан ба 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дахиж очиж үзэхэд үхэр сүрэг дотроос манай 2 тооны үхэр, хажууд нь манай сумын иргэн О.Айн нэг тооны үхэр байхгүй байсан. Тэгээд уг 3 тооны үхрийг 10 гаруй хоног хайж олоогүй болохоор хулгайд алдагдсаныг мэдсэн. Уг 3 тооны үхэр, үхэр сүргээс огт салдаггүй үхрүүд байсан ба О.Айн үхэр ч хамт байсан. Түүнээс хойш сураглаж хайгаад олоогүй. Тэгээд өнөөдөр Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Миний нийт 2 тооны үхэр хулгайд алдагдсан бөгөөд уг үхрийн зүс, им, тамгыг хэлж өгье. Том биетэй, эвэртэй, эвэр нь урагшаа ургасан, бүтэн халзан, цавь хэсгээр цагаантай, хар зүсмийн, им тамгагүй, 4-5 насны Монгол эх үхэр, 2 дахь үхэр нь бор алаг зүсмийн, им тамгагүй, жижиг эвэртэй, 2-3 насны гунан эр үхэр тус тус алдагдсан. Миний бие алдагдсан үхрийг өөрийн мотоцикл болон машинаар хайж явахад нийт 300,000 төгрөгийн бензин зарцуулсан. Тухайн үед авсан бензиний баримтуудыг дараа нь танд гаргаж өгөх болно. Алдагдсан үхрийн талаар үнэлгээ гаргахад түүний төлбөр нэмэгдэх байх гэж бодож байна. Миний бие малчин хүн учраас өөрийн мал сүргийг жил болгон тоолуулдаг ба алдагдсан 2 тооны үхрийг 2022 оны мал тооллогод тоолуулсан. Манай хөршүүд С.Д, Р, Х, нараас сэжиглэж байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 08 дахь тал/,
7.3. Хохирогч Б.Баас хулгайд алдсан гэх үхэр малын гэрэл зургийг хүлээн авсан хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 09-12 дахь
7.4. Хохирогч Б.Бы мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2022, 2023 оны тооллого /1 дэх хавтаст хэргийн 13-15 дахь тал/,
7.5. Хохирогч О.Айн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр очиж тоолоход бүрэн байсан ба 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дахиж очиж үзэхэд үхэр сүрэг дундаас манай 1 тооны үхэр, хажууд нь манай сумын иргэн Б.Б гэх хүний 2 тооны үхэр байхгүй байсан. Тэгээд уг 3 тооны үхрийг 10 гаруй хоног хайж олоогүй болохоор хулгайд алдагдсаныг мэдсэн. Миний нийт 1 тооны үхэр хулгайд алдагдсан бөгөөд уг үхэр нь том биетэй, эвэртэй, эвэрт ногоон будагтай, бүтэн халзан, цээж хэсгээр цагаантай, улаан хүрэн зүсмийн, зүүн талын чихний урдаас ухам, баруун талын чихний үзүүрээс дөрөөвч имтэй, 5-6 насны Монгол эх үхэр байсан. Миний бие алдагдсан үхрийг өөрийн мотоцикл болон машинаар хайж явахад нийт 350,000 төгрөгийн бензин зарцуулсан. Тухайн үед авсан бензиний баримтуудыг дараа нь танд гаргаж өгөх болно. Миний бие 1 тооны үхрийг 2022 оны мал тооллогод тоолуулсан. Манай хөрш болох С.Дг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 20 дахь тал/,
7.6. Хохирогч О.Агээс гаргаж өгсөн 2023 оны мал тооллогын талаарх материал /1 дэх хавтаст хэргийн 23 дахь тал/,
7.7.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 25-27 дахь тал/,
7.8. Шинжээч “А Б” ХХК-ны 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн БӨА-24-27 дугаартай малын үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 32-36 дахь тал/,
7.9. Шинжээч “А Б” ХХК-ны 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн БӨА-24-27 дугаартай малын үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 43-47 дахь тал/,
7.10. Шинжээч “А Б” ХХК-ны 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн БӨА-24-27 дугаартай “Hyundai porter 1” загварын тээврийн хэрэгсэл 6,000,000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 54-58 дахь тал/,
7.11. Гэрч Х.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хамаатан дүү болох О.М нь утсаар “нэг тооны нядлахаар үхэр байна та худалдаж авах уу” гэж хэлэхээр нь “манай гэрт аваад ир, харж байгаад авъя” гэхэд нь хэсэг хугацааны дараа О.М нь хажууд үл таних нэг залуугийн хамт өөрийн цагаан өнгийн *** Б*** улсын дугаартай “Hyunday porter-1” загварын машинаар 2 тооны үхэр ачиж Өлгий сумын 13 дугаар багт байрлах манай гэрт ирсэн. Уг 2 тооны үхрийн нэг нь эвэртэй хар халзан зүсмийн эх үхэр байсан ба нэг нь эвэртэй улаан халзан зүсмийн Монгол эх үхэр байсан. Тэгээд монгол эх үхэр нь таргандуу харагдахаар нь үнийг нь асуухад 800,000 төгрөгт өгнө гэж хэлсэн. Тэгээд хар халзан зүсмийн үхрийг 700.000 төгрөгт өгөх бол шууд худалдаж авна гэж хэлэхээр нь тохирч хар халзан зүсмийн Монгол эх үхрийг буулгаж авсан. Тэгээд хөрш айлын хүн болох А.Хуатхан гэх хүний хамт өөрийн идшинд нядалж авсан. Миний бие хар халзан зүсмийн эх үхрийг 700,000 төгрөгт үнэлэн худалдаж авсан ба хамаатан дүү болох О.Мт бэлнээр тоолж өгсөн. Манай гэрт *** Б*** улсын дугаартай портер загварын машинаар нийт 2 тооны Монгол эх үхэр ачиж ирсэн. Үүнд: нэг нь миний худалдаж авсан хар халзан зүсмийн, эвэртэй, эвэр нь урагшаа гарч ургасан, бүтэн халзан, цав хэсгээр цагаантай, хар зүсмийн им тамгагүй, 4-5 насны тарган Монгол эх үхэр байсан. Нөгөөх нь бүтэн халзан, эвэртэй, цээж хэсэг нь цагаантай, улаан хүрэн зүсмийн, им тамгыг сайн анзаараагүй, дунд зэргийн таргантай, 4-5 насны Монгол эх үхэр байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 63-64 дэх тал/,
7.12. Гэрч Ө.Өийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.Б нь “манай өвөлжөөнд явж байдаг үхэр сүргүүд дотор миний үхэр байгаа харж байгаарай” гэж захисан ба уг үхрүүд нь 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр гэнэт алга болсон. Уг үхрүүд манай хөршүүдийн өвөлжөө бэлчээрт бэлчдэг тул хүмүүс газраа хамгаалж хөөж явуулдаг болохоор нэг тийшээ явсан байх гэж бодсон. Уг үхэр дотор О.Айн үхэр ч байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 71-72 дахь тал/,
7.13. Гэрч А.Кын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай хавьд эзэнгүй байнга явж байдаг 5 тооны Монгол үхэр байсан ба уг үхрүүдийг манай хавийн хөрш айлууд болон бусад хүмүүсээс эзнийг олох гэж хайгаад хүмүүсээс асуухад уг үхрийн эзэн нь гараагүй. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 15-ны үед байх нэг өдөр С.Д надтай тааралдаж надаас “танай хавьд эзэнгүй бод мал байгаа юу хэдэн тооны үхэр алдсан” гэж асуусан. Тэгээд би манай хавьд эзэнгүй явж байсан 5 тооны Монгол үхрийг зүсээр нь хэлж өгөхөд “танай хавьд байсан үхрүүд миний алдсан үхрүүд мөн байна хэдэн хоногийн дараа очиж авах болно” гэж хэлсэн. Тэгээд 2024 оны 12 дугаар сарын 20-ны орой 23-аас 24-цагийн хооронд С сумын 3 дугаар багт байрлах манай өвөлжөө хотонд С.Д, хажууд нь М.А, жолооч О.М гэх хүний хамт цагаан өнгийн портер загварын машинаар ирж бид нарын хайж явсан үхрүүдийн гурав нь энд явж байгаа юм байна гэж үхрүүд дотроос нь 3 тооны үхрийг ачиж аваад аймаг руу явсан. Тухайн үхрүүдийн 1.Том биетэй, эвэртэй, эвэрт ногоон будагтай, бүтэн халзан, цээж хэсгээр цагаантай, улаан хүрэн зүсмийн, 5-6 насны Монгол эх үхэр, 2. Том биетэй, эвэртэй, эвэр нь урагшаа ургасан, бүтэн халзан, цав хэсгээр цагаантай, хар зүсмийн, им тамгагүй, 4-5 насны Монгол эх үхэр, 3. Бор алаг зүсмийн, им тамгагүй, жижиг эвэртэй, 2-3 насны гунан эр үхэр тус тус байсан. Тэгээд би С.Д руу залгаж “чиний ачиж явсан үхрийг эндээс нэг хүн хайж явж байна. Чи надад худлаа хэлсэн юм уу” гэхэд “танай хотноос авсан үхрүүдийн бүгдийг нь худалдсан учраас өөр хүмүүст битгий хэлээрэй” гэж хэлсэн. Тэгээд би өөрөө малчин хүн учраас тэд нараас айж цагдаагийн байгууллагад болон үхрийн эзэнд хэлж чадаагүй.
...С.Д надтай тэр өдөр уулзсанаас хойш 3 хоногийн дараа 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 22 цаг өнгөрч байх үеэр портер машинтай манай гэрт ирээд “...нөгөө үхрүүд хаана байна...” гэж асуухад би түүнд үхрүүдийг харуулахад тухайн үхрүүд дотроос 3 тооны үхрийг ялгаж аваад “миний алдсан үхэр мөн байна” гэж хэлээд машинд ачиж аваад явсан ба тэр үед би юу ч хэлээгүй явуулсан юм. Тухайн үед би С.Дтай ямар нэгэн үхрийн наймаа хийж, мөнгө төгрөг авсан, өгсөн зүйл огт болоогүй. Би Хаан банкны 5188218382 гэсэн дансыг эзэмшдэг. Тиймээ, би 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн төвд малдаа өвс авахаар ирсэн байсан. Тэр өдөр надтай С.Д тааралдсан бөгөөд тухайн үед би малын тэжээл авах гэхэд мөнгө дутсан тул С.Дгаас мөнгө зээлэхийг хүсэх үед С.Д надад миний Хаан банкны 5188218382 тоот дансанд 200,000 төгрөг шилжүүлж мөнгө зээлдүүлсэн. Тэгээд би С.Дгаас зээлж авсан 200,000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр би хөдөө мал дээр байсан учраас сумын төвд таньдаг ах болох Х.Аманхан гэх хүнээр дамжуулан С.Дн Хаан банкны *** тоот дансанд хийгээрэй гэж 190,000 төгрөг шилжүүлж өгсөн юм. Тухайн үед С.Дн над руу байнга залгаад “мөнгөө өгөөрэй” гээд байсан тул тэр өдөр зээлж авсан мөнгөө хийсэн юм. 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр би захаас өвс авах гээд явж байх үеэр С.Д нь хажуудаа зүс таних Р гэх залуугийн хамт явж байсан ба би тэр Р гэх залуутай надад “жороо морь байгаа, тухайн морийг зарна” гэх зэргээр тухайн залуутай яриа өрнүүлсэн болохоос би С.Дтай жороо морь зарна, худалдаж авна гэх яриа огт болоогүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 75-76, 163-164 дэх тал/,
7.14. Гэрч А.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “А.К нь манай намаржаа болон өвөлжөөний хөрш. 2023 оны 10 дугаар сард ... намаржаанд олон тооны монгол үхэр байсан. Тэгээд хөрш А.К надад ирж “манай хавьд 10 гаруй монгол үхэр явж байна, хэний үхэр гэдгийг нь сураглаад өгнө үү” гэж удаа дараа хэлж байсан. Манай хавийн бүх хүмүүст хэлж байсан. Уг 10 гаруй тооны үхэр дотор эвэртэй хар халзан, эвэртэй улаан халзан ...үхрүүд байсан. Зарим үед манай бэлчээр дотор орж ирдэг ба энэ үед бид хөөж явуулдаг байсан. Манай хөрш С.Д болон М.Х нар нь манай хавиас хулгайд алдагдсан үхрүүдийг хулгайлсан байж болзошгүй байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 79-80 дахь тал/,
7.15. Гэрч О.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие Өлгий сумын 9 дүгээр багт оршин суудаг ба өөрийн “Hyunday porter-1” маркийн *** Б*** улсын дугаартай тээврийн хэрэгслээр байнга таксинд явдаг. Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 17-аас 20-ны өдрүүдийн хооронд байх нэг өдөр орой гэрт байхад танил хүн болох С.Д миний гар утас луу залгаж “С сумын чиглэлд очиж нэг хүнээс мал авч ирэх гэсэн юмаа, та таксинд явах уу” гэхээр нь очих газрын км-ийг асуухад 40 км-ийн зайтай газар гэхээр 80,000 төгрөг хөлс өгөх бол явна гэж хэлсэн. Тэгээд С.Дн гэрт өөрийн залууг дагуулан гарч ирсэн. Тэгээд бид гурав С.Дгийн гэрээс гараад 10 гаруй км зам явж танил хүн болох А.К /К/ өвөлжөөнд очсон. Тэгээд А.К /К/ гэрээсээ гарч ирээд С.Дтай ярилцсан. Тэгээд С.Д, А.К, М.А нар нийт 3 тооны Монгол үхрийг барьж авч миний машинд ачсан. С.Д бид хоёр аймаг руу явж байхад машинд ачсан 3 тооны үхрийн нэг болох бор алаг зүсмийн 2- 3 насны эр гунан үхэр нь уяанд боогдож үхсэн. Тэгээд аймгийн төвд ирсэн. Тэгээд манай хамаатан ах болох Х.Б урьд нь идшинд үхэр худалдаж авна гэж захисан болохоор тухайн 2 тооны үхрийг хамаатан Х.Бд хар халзан үхрийг 700.000 төгрөгт худалдаж авахаар тохирч буулгаад авсан ба мөнгийг нь бэлнээр надад өгсөн. Тэгээд би 700,000 төгрөгийг С.Дд бэлнээр өгсөн. Нэг тооны эвэртэй улаан халзан үхрийг ачиж аймгийн төвд ороход С.Д машинаас бууж үлдсэн ба тухайн үхрийг ачиж гэрт ирэхэд хөрш айлын хамаатан Б.Б гэх хүн 800,000 төгрөгт худалдаж авахаар тохирч буулгаад авсан. Тэгээд маргааш нь Б.Б надад 600,000 төгрөг өгсөн ба уг мөнгийг газар дээр нь С.Дгийн Хаан банкны *** тоот дансанд хийсэн. Тэгээд дараа нь үлдсэн 200,000 төгрөгийг Б.Б надад өгсөн. Тэгээд С.Дд залгаж “үлдсэн 200,000 төгрөгийг бэлнээр авах уу дансаар авах уу” гэхэд 2 тооны үхрийг зарж өгсний шагнал гэж хэлээд надаас 200,000 төгрөгийг одоо хүртэл аваагүй. Уг үхрүүд нь 1.Том биетэй, эвэртэй, эвэрт ногоон будагтай, бүтэн халзан, цээж хэсгээр цагаантай, улаан хүрэн зүсмийн, 5-6 насны Монгол эх үхэр, 2. Том биетэй, эвэртэй, эвэр нь урагшаа ургасан, бүтэн халзан, цав хэсгээр цагаантай, хар зүсмийн, им тамгагүй, 4-5 насны Монгол эх үхэр 3. Бор алаг зүсмийн, им тамгагүй, жижиг эвэртэй, 2-3 насны гунан эр үхэр тус тус байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 83-84 дэх тал/,
7.16. Гэрч Б.Бий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...О.М нь өөрийн портер машинаар малын ченж нарын таксинд явдаг болохоор идшинд худалдаж авахаар үхэр захисан байсан. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 20-ны орой О.М гэрт өөрийн цагаан өнгийн портер машинаар нэг тооны эвэртэй улаан халзан Монгол үхэр ачиж ирсэн. Тэгээд уг үхрийг хараад очиж асуухад худалдахаар авч ирсэн үхэр гэж хэлсэн. 800,000 төгрөгт аваарай гэхээр нь “одоо надад 600,000 төгрөг бэлэн байгаа үлдсэн 200,000 төгрөгийг дараа нь өгье” гэж хэлэхэд шууд тохиролцож тухайн улаан халзан үхрийг машинаас буулгаж аваад маргааш нь өөрийн идшинд нядалсан. Тэгээд О.Мт маргааш нь буюу 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бэлэн 600,000 төгрөг өгсөн. Дараа нь үлдсэн 200,000 төгрөгийг он гараад мөнгөтэй болохоор өгсөн. О.Мээс нэг тооны монгол үхэр худалдаж авсан үхэр 1. Том биетэй, эвэртэй, эвэрт ногоон будагтай, бүтэн халзан, цээж хэсэгт цагаантай, улаан хүрэн зүсмийн, нас гүйцсэн тарган Монгол эх үхэр байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 87 дахь тал/,
7.17. Шүүгдэгч С.Дгийн “Хаан Банк”-ны *** тоот данс болон утсаар ярьсан ярианы жагсаалтад үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 89 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.
8. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
9. Эрүүгийн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч шүүгдэгч С.Д нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн С сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Б у” хэмээх газарт бэлчээрлэж байсан хохирогч Б.Бы өмчлөлийн 2 тооны, хохирогч О.Айн өмчлөлийн 1 тооны үхрийг тус тус өөрөө ганцаараа хулгайлахыг сэдэж, гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.
10. Хууль тогтоогчоос “Мал хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын малыг хулгайлсан бол” гэж тодорхойлж, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад “олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан” гэж энэхүү гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилжээ.
11. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “-Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна.”, “-Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно.” гэж заасан байх ба мал хулгайлах гэмт хэргийг “олон тооны мал хулгайлж”, “машин механизм ашиглаж” үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар тус тус хүндрүүлэн зүйлчлэхээр тогтоожээ.
12. Мөн машин механизм гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмуудыг хамааруулан ойлгоно.
13. Шүүгдэгч С.Д нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн С сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Б у” хэмээх газарт бэлчээрлэж байсан хохирогч Б.Бы өмчлөлийн 2 тооны үхрийг, хохирогч О.Айн өмчлөлийн 1 тооны үхрийг, нийт 3 тооны үхрийг буюу олон тооны бод малыг бэлчээрээс нь *** Б*** улсын дугаартай “Нyunday porter-1” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлан авч, хохирогч Б.Бд 1,500,000 төгрөгийн, хохирогч О.Ад 1,000,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, машин механизм ашиглаж үйлдэх гэмт хэргийн шинжийг хангажээ.
14. Иймд улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож шийвэрлэв.
15. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын гэм буруугийн санаатай хэлбэр, хялбар аргаар хөрөнгөжих гэсэн шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
16. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.
17. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.
18. Шүүгдэгч С.Дгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бд 1,799,980 төгрөгийн, хохирогч О.Ад 1,350,000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь хэрэгт авагдсан хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, Баян-Өлгий аймгийн “Е ШТС”-ийн менежер Жгаас гаргасан тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
19. Шүүгдэгч С.Д нь хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч Б.Б, О.А нарын шүүхэд гаргасан хүсэлт, Хаан банкны 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн шилжүүлгээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар.
20. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгч С.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 6 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах” дүгнэлтийг,
21. Хохирогч О.Аээс “...эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах саналгүй” гэх тайлбарыг,
22. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлж өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байгаа. Иймд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
23. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Дгийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
24. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг гэж заасныг тус тус удирдлага болгов.
25. Шүүгдэгч С.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
26. Шүүгдэгч С.Д нь хувийн байдлын хувьд 1999 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, ам бүл 7, ах, бэр эгч, дүү нарын хамт амьдардаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь түүний хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаар тогтоогдож байна.
27. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно: ...1.3. “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;”” гэж заасан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуулийн зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн бүрэн эрхэд хамаарах бөгөөд шүүх шударга ёсны зарчимд нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж хуулийн дээрх хэм хэмжээг хэрэглэх эсэхээ шийдвэрлэнэ.
28. Шүүгдэгч С.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогч нарт бүрэн төлж өгсөн, хохирогч нарын зүгээс шүүгдэгч С.Дд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай тайлбар, мэдүүлгээ өгсөн тул эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан шүүгдэгч С.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан хорих ял оногдуулах дүгнэлтийг хэсэгчлэн хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
29. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
30. Шүүхээс шүүгдэгч С.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлсөн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Дг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.
31. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг удирдлага болгон дээрх нөхцөл байдал тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч С.Дд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
32. Шүүгдэгч С.Д нь 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл нийт 85 хоног цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1. “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2. “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасныг үндэслэн шүүгдэгч С.Дгийн цагдан хоригдсон 85 хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцов.
33. Шүүгдэгч С.Дгаас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.
34. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус заасан байна.
35. Эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Д нь гэмт хэрэг үйлдэхдээ иргэн О.Мийн өмчлөлийн “Hyundai porter 1” загварын, 7585 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан болох нь тогтоогдсон байх ба шинжээч “А Б” ХХК-ны үнэлгээчин уг тээврийн хэрэгслийн үнийг 6,000,000 төгрөгөөр тогтоожээ.
36. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Дгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hyundai Porter-1” загварын 7585 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 6,000,000 төгрөгийг шүүгдэгч С.Дгийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.
37. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах, “Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэр болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Дг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дд оногдуулсан 1 жил, 2 сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дгийн цагдан хоригдсон 85 хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцсугай.
5. Шүүгдэгч С.Д нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Дгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн О.Мийн эзэмшлийн 7585 БӨҮ улсын дугаартай “Hyundai porter 1” загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 6,000,000 төгрөгийг шүүгдэгчийн ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах, “Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэр болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч С.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.Т