| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | У.Сайнбилэг |
| Хэргийн индекс | 182/2022/04609/И |
| Дугаар | 182/ШШ2023/00070 |
| Огноо | 2023-01-02 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 182/ШШ2023/00070
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.С даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ДГ хаягт оршин суугч, Г.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ЧД хаягт оршин суугч Б.А-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 8,556,896 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Г.Э,
Хариуцагч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Энь Б.Б-дхолбогдуулж махны үнэ 8,306,896 төгрөг, шатахууны үнэд шилжүүлсэн 250,000 төгрөг, нийт 8,556,896 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Г.Э миний бие 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр малын мах гайгүй боломжийн үнэтэй байсан тул Улаанбаатар хотод мах борлуулахаар төлөвлөж, унаа хөлсөлж хот ачуулъя гэж ярилцаад манай нөхөр Б.Бтай холбогдож “Улаанбаатар руу аваачиж 60 толгой хонины мах борлуулах гэсэн юм, ачиж явах унаа машингүй байна, хөлс өртөгийг нь өгөөд мах ачих унаа байна уу” гэтэл Бат-Амгалан нь би мах ачих унаа олоод очъё, найдвартай унаа байгаа гэхээр бид бензиний болон тээвэрлэлтийн үнэ хөлсийг нь тохироод 2022 оны 09 сарын 12-ны өдөр Б.Б-ийн5019797677 тоот данс руу бензиний мөнгө 250.000 төгрөг шилжүүлсэн, тээвэрлэлтийн хөлсөнд нэг хонины мах өгөхөөр тохиролцсон.
Ингээд ДГгэх газраас 2022.09.12-ны орой нийт 59 толгой хонины махыг Б.Б-ийн унаж ирсэн 39-73 УАВ улсын дугаартай Вонго-3 маркийн машинд ачаад би өөрөө хамт хот руу явсан юм. Гэтэл замдаа машины дугуй нь хагарсан, запас дугуй байхгүй гэж худлаа хэлсэн бөгөөд Б.Б замдаа архи уугаад явахгүй байсан бөгөөд машиныг нь жолоодож явсан жолоочид замаа зааж өгөхгүй явсаар төөрч, бензингүй болсон бөгөөд өглөө үүрээр Цагаандэлгэр суман дээр ирж, колонк онгойхыг хүлээсэн бөгөөд 8 цагийн үед түлш аваад цаашаа явахад мөн л дугуй нь хагарсан, Б.Б мөн л архи уусаар явсан. Би сүүлдээ хотоос ачааны машин дуудуулж, махаа ачаад түрүүлээд явъя, мах муудах гээд байна гэтэл одоо өөр машин запас дугуй авчирч байгаа гээд машин ч дуудуулахгүй байсаар оройн 20.00 цаг хүргэсэн бөгөөд хотод 2022 оны 09 сарын 13-ны орой очсон. Очоод махаа зарах гэтэл мах үнэр орж ногоорсон байсан. Хүнсэнд хэрэглэх боломжгүй болсон.
Би 59 ширхэг хонины гулууз ачиж явснаас 7 ширхэгийг нь 1.090.000 төгрөгөнд зарсан. 20 ширхэг гулууз нь ямар ч авах юмгүй ногоорсон тул хаясан, 32 ширхэг гулуузыг хүнсэнд хэрэглэх боломжгүй гээд устгалд оруулсан. Би тухайн үед Улаанбаатар хотод хонины махыг 1 кг-ыг 7000 төгрөгөөр зарах байсан. Б.Б нь хонины 59 ширхэг гулууз махыг тээвэрлэх үүргээ гүйцэтгэж чадалгүй, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаж чадаагүй, өөрөө замдаа архи уусаар байгаад халууны улиралд махыг муутгаж, ногооруулснаас заримыг нь хаяж, заримыг нь устгасан. Улаанбаатар хот руу мах тээвэрлүүлэхээр анх Б.Бтай тохиролцож, хөлс өртгийг нь өгсөн тул Б.Бгаас нийт 52 гулууз махны үнэ 8,306,896 төгрөг, бензинд шилжүүлсэн мөнгө 250,000 төгрөг, нийт 8,556,896 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
2.Хариуцагч Б.Б хариу тайлбартаа:
Б.Б миний бие нь нэхэмжлэл гаргасан иргэн Г.Э-ийн нөхөр болох А.Дтай ахан дүүсийн холбоотой. Д над руу унаа олоод ирээч мах ачиж хот орох хэрэгтэй байна гэсний дагуу найзынхаа ахын БОНГО-З-г гуйж, найзаараа машиныг нь бариулаад хөдөө очсон. Очиход махаа бэлдээд дуусаж байсан 1 доор бүх махаа буюу 59 ширхэг гулуузыг толгой, гэдэстэй нь хамт ачихад даацны асуудал үүсэхгүй юу гэж анхааруулж сануулсан, зүгээр гэсний дагуу бүгдийг нь ачаад 9 сарын 12-ны шөнө 12 өнгөрч байхад хот руу гарсан. Би урд нь мах ачиж байгаагүй болохоор туршлага бол байгаагүй. Замдаа төөрөөд шатахуун дуусаад дугуй хагараад шөнөдөө Цагаандэлгэр гэдэг суман дээр очсон. Шөнө шатахуунаа аваад гарах гэсэн боловч онгорхой шатахуун өгөх газар байгаагүй учраас онгойхыг хүлээж байгаад өглөөний 8 өнгөрч байхад шатахуунаа аваад хөдөлсөн.
Замдаа даац хэтэрсэний улмаас хойд 4 дугуй нь ээлжилж хагарсаар байгаад Налайх дүүрэг рүү орж ирсэн. Дугуй хагарсан учраас Налайхаас Улаанбаатар луу явах боломжгүй болсон тул найз Ба-г машинтай нь дуудаж хотоос дугуй авчруулсан. Ирэнгүүт нь дугуйгаа сольж тавин унаж ирсэн унаанд нь бүх малын гэдэс, толгойнуудыг хувааж ачаад хөдөлсөн боловч дахиад дугуйнууд нь буудаад мөн шатахуун бас хийх шаардлагатай болсон. Махны эзэнд шатахуун хийх мөнгө байгаагүй тул ээж, энхэр хоёроосоо нийт 200 мянган төгрөг шилжүүлүүлж шатахуунаа авсан. Мөн унаж очсон машин маань Улаанбаатарт орж ирээд удаагүй хөдөө явахаас 2-3 хоногийн өмнө гааль дээрээс авч, дугаар гэрчилгээгээг авсан шинэ дугуйнуудтай, эд ангийн гэмтэлгүй машин байсан.
Ахан дүүс тул дүүдээ тусалъя гэж очоод буцахдаа надаас шалтгаалсан асуудал үүсээгүй учраас ийм өрөнд орж чадахгүй тул энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Замдаа миний бие архи уусан нь үнэн ч согтуугаар машин жолоодоогүй, тусдаа машин жолоодох жолоочтой очсон, замдаа архидан согтуурч айл хэсэж ямар нэгэн саад хийгээгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, хохирлын үнэлгээний тайлан, Хүнсний бүтээгдэхүүний ариун цэврийн лабораторийн шинжилгээний бичиг, устгал хийсэн акт, дансны хуулга зэрэг баримтыг,
Хариуцагчаас хариу тайлбарыг тус тус шүүхэд гарган өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Г.Энь “Хариуцагч Б.Б нь ачаа тээвэрлэх үүргээ гүйцэтгээгүй, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаагүй, архи ууж, төөрсний улмаас мах муудаж хохирол учирсан тул махны үнэ 8,306,896 төгрөг, шатахууны зардалд шилжүүлсэн 250,000 төгрөг, нийт 8,556,896 төгрөгийг хариуцагчаас гаргуулна” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
Хариуцагч Б.Б нь “Машин олоод өгөөч гэж гуйхад нь тусалсан, өөрсдөө даац хэтрүүлж ачаа ачсаны улмаас машины дугуй удаа дараа хагарч саатсан тул надаас шалтгаалаагүй” гэж тайлбарлан маргасан.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Г.Энь нөхрийн хамт 59 ширхэг хонины мах худалдан борлуулах зорилгоор Дундговь аймгаас Улаанбаатар хотод хүргэх автомашин олохоор 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийн нөхөр н.Даш нь Б.Бтай мах ачих унаа хэрэгтэй байгаа талаар хэлж холбогдсон байна. Хариуцагч Б.Б нь унаа сураглаж олж өгөх, нэхэмжлэгч тал шатахууны үнэд 250,000 төгрөгийг шилжүүлж, жолоочийн хөлсөнд 1 хонины мах өгөхөөр тохиролцсон байна.
Б.Б нь найзынхаа ахын Бонго маркийн автомашиныг гуйж, найзаараа жолоодуулан очсон гэж тайлбарласан ба тус автомашинд 2022 оны 09 дүгээр сарын 12-ны шөнө 59 ширхэг хонины гулууз махыг, толгой, гэдэс дотор болон арьс ширтэй нь цуг ачиж, нэхэмжлэгч Г.Э-ийн хамт ДГ-с УБ руу явсан байна. УБ хот орох замд автомашины дугуй олон удаа хагарч, зам төөрч, шатахуун дууссан зэрэг шалтгаанаар хугацаа алдаж явсаар 2022 оны 09 сарын 13-ны орой УБ хотод орж ирсэн байна. Энэ үед махны ихэнх хэсэг муудаж, хүнсэнд хэрэглэх боломжгүй болсон гэх бөгөөд эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй.
Чингэлтэй дүүргийн мал эмнэлгийн газар 32 ширхэг хонины гулууз маханд шинжилгээ хийж хүнсэнд тэнцэхгүй болсон тул 2022 оны 09 сарын 16-ны өдөр устгал хийж акт үйлдсэн байна. Нэхэмжлэгч нь ИЭ ХХК-иар үнэлгээ хийлгэсэн байх бөгөөд 32 ширхэг хонины гулууз махыг 5,100,000 төгрөгөөр үнэлсэн байна.
4.Зохигчдын тайлбараас дүгнэхэд нэг талаас унаа олж өгөхийг хүссэн, нөгөө талаас мах ачих унаа олж өгөхөөр буюу гуравдагч этгээдийг холбон зуучлахаар тохирсон талуудын тохиролцоо нь зуучлалын гэрээний шинжийг агуулж байна. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ.
5.Хариуцагч нь нэхэмжлэгчийн нөхөр н.Д-н хүсэлтээр, түүнтэй тохиролцсоны дагуу автомашинаар үйлчлэх этгээдтэй холбон зуучлах үүрэг гүйцэтгэсэн, улмаар өөрийн найзтай ярилцаж тохирсны үндсэн дээр Бонго-3 маркийн автомашиныг авч очсон, автомашиныг түүний найз гэх хүн жолоодсон болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Хариуцагч нь анх нэхэмжлэгчийн нөхөр н.А.Д-тай хэлцэл хийсэн байх боловч хохирол учирсан гэх эд хөрөнгө нь нэхэмжлэгч Г.Э-ийн эд хөрөнгө гэдэгт хариуцагч тал маргаагүй болно.
6.Нэхэмжлэгч нь хариуцагчийг ачаа тээвэрлэх үүргээ гүйцэтгээгүй гэж тээвэрлэлтийн гэрээний дагуу шаардах эрхээ тодорхойлж байна. Талуудын тайлбараас дүгнэхэд зохигчдын хооронд тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагч Б.Б нь ачаа тээвэрлэх үүрэг хүлээсэн гэж үзэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл, талууд тээвэрлэлтийн гэрээний гол нөхцлийн талаар тохиролцоогүй, хариуцагч нь ачаа буюу махыг тогтоосон хугацаанд заасан газарт хүргэх үүрэг хүлээгээгүй байна. Төөрсөн, шатахуун дууссан, автомашины дугуй хагарсан зэрэгт хариуцагч Б.Бг буруутай, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчийг “архи уусан” гэх боловч үүний улмаас дээрх нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэсгүй байна.
7.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Г.Э-ийн хариуцагч Б.Б-дхолбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б-дхолбогдох 8,556,896 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 151,860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ У.С