| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | У.Сайнбилэг |
| Хэргийн индекс | 182/2022/03133/И |
| Дугаар | 182/ШШ2023/00136 |
| Огноо | 2023-01-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 182/ШШ2023/00136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.С даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “ЧХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.А-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 19,376,280.81 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ч,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Днар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “ЧХ” ХХК нь хариуцагч С.А-тхолбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,376,280.81 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
С.А нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр №4388/01/1С-2019 тоот Цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулж, 12,000,000.00 төгрөгийг жилийн 20 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн болно. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр №4388/01/1С-2019 тоот Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-01 тоот гэрээг байгуулсан бөгөөд зээлдэгч С.А-днэмж 16,300,000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээний ерөнхий хугацааг 24 сараар сунгаж зээлийн гэрээний хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болохоор харилцан тохиролцсон байна. Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дууссан боловч зээлдэгч С.Ань тус зээлийг авснаас хойш зээлийн гэрээний төлбөрийн хуваарийн дагуу зээлийн төлөлт хийгээгүй тул банкны зүгээс зээлийн эргэн төлөлтийг төлөхийг удаа дараа мэдэгдэж, сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон үндсэн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан уг хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 451.2-т зээлийг гэрээг бичгээр хийнэ гэж зааснаар ЧХХХК нь зээлийн гэрээний дагуу 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 12,000,000.00 төгрөг, Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн дагуу 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 16,300,000.00 төгрөг, нийт 28,300,000.00 төгрөгийг зээлдэгч С.А-дшилжүүлсэн ба зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул ЧХХХК нь үүргийн биелэлтийг шаардах нь үндэслэлтэй.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан, мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд энэ талаар харилцан тохиролцсон байх тул зээлдэгч нь зээлийг ашигласны хүү, хугацаандаа төлөөгүйн хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна. Иймд зээлдэгч С.Амараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15,736,951.82 төгрөг, үндсэн хүү 3,108,715.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 530,613.42 төгрөг, нийт 19,376,280.81 төгрөгийг гаргуулж, ЧХХХК-д олгож өгнө үү гэв.
2.Хариуцагч тал хариу тайлбартаа:
Хариуцагчийн зүгээс зээлийн үндсэн үүрэгт маргаагүй буюу үндсэн зээлийн үлдэгдэл 15,736,951.82 төгрөг, үндсэн хүү 3,108,715.57 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд өчигдөр 18 сая төгрөгийн төлөлт хийсэн боловч одоогоор энэ талаар өгөх баримтгүй байна. Харин нэмэгдүүлсэн хүүний төлбөрөөс чөлөөлж өгөхийг хүсэж байна. Учир нь С.Ань цалингийн зээл авсан. Тухайн үед ковид 19 цар тахал гарч аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа зогсонги байдалд орж, сул зогсолт, хөл хорионд орох зэргээр зээлдэгч нь зээлээ төлөхөд хэцүү болж, нийгэм эдийн засгийн хүнд нөхцөл байдал үүссэн байсан. Энэ нь нийтэд илэрхий үйл баримт юм. Иймд нэмэгдүүлсэн хүүний төлбөр болох 530,613.42 төгрөгийн төлбөрөөс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгч талаас: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2019.01.25-ны өдрийн 4388/01/IC-2019 дугаартай Цалингийн барьцаат зээлийн гэрээ, төлбөрийн хуваарь, бэлэн бус гүйлгээний баримт, Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, төлбөрийн хуваарь, Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцоолол зэрэг баримтыг,
Хариуцагч талаас: Итгэмжлэл, хариу тайлбар зэрэг баримтыг тус тус шүүхэд гарган өгсөн.
Шүүхээс хариуцагч талын хүсэлтээр: Зээлийн хувийн хэргийн материал, Зээлийн дансны хуулга, Цалингийн зээл олгох журам, улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийн даалгавар зэргийг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч ЧХХХК нь хариуцагч С.А-тхолбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,376,280.81 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу зээлийн үндсэн төлбөр, үндсэн хүүний төлбөрийг хүлээн зөвшөөрч, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 530,613.42 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2019.01.25-ны өдрийн 4388/01/IC-2019 дугаартай Цалингийн барьцаат зээлийн гэрээ, төлбөрийн хуваарь, бэлэн бус гүйлгээний баримт, Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, төлбөрийн хуваарь, Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцоолол, Зээлийн хувийн хэргийн материал, Зээлийн дансны хуулга, Цалингийн зээл олгох журам зэрэг нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.Хариуцагч С.Ань ЧХХХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр №4388/01/1С-2019 тоот Цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулж, 12,000,000.00 төгрөгийг жилийн 20 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлжээ. 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр №4388/01/1С-2019 тоот Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-01 тоот гэрээг байгуулж 16,300,000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээний хугацааг 24 сараар тогтоож, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болохоор талууд харилцан тохиролцсон байна.
Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дууссан боловч зээлдэгч С.Ань зээл төлөх хуваарийг зөрчиж, зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна.
5.Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
6.Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байх бөгөөд зохигчдын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
7.Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг зохих ёсоор, хугацаанд нь төлөөгүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар болон, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч зээлийн төлбөр буюу үндсэн зээл, хүүгийн төлбөрийг шаардах эрхтэй байна.
8.Зээлдэгчийн авсан зээл нь хувийн хэрэглээний зориулалттай цалингийн барьцаат зээл байх бөгөөд зээл, хүүгийн төлбөрийг төлөх 2019.02.15-ны өдрөөс 2022.01.25-ны өдрийг хүртэлх хугацаанд дэлхий нийтийг хамарсан ковид-19 өвчин дэгдэж, цар тахлын улмаас 2020 оны 11 сараас 2022 оны 05 дугаар сар хүртэл Засгийн газрын тогтоолоор удаа дараа бүх нийтийг хамарсан хөл хорио тогтоосон нийтэд илэрхий үйл баримт болсон байна. Хөл хорио тогтоосон дээрх цаг хугацаанд зээлдэгч нь зээлийн төлбөрийг зохих ёсоор төлөх боломжгүй байсан гэх тайлбар үндэслэлтэй байна. Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.-д Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. гэж заасныг баримтлан зээлдэгчийг нэмэгдүүлсэн хүүний төлбөр болох 530,613.42 төгрөгийн төлбөрөөс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.
9.Дээр дурдсан үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу үндсэн зээлийн төлбөр 15,736,951.82 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 3,108,715.57 төгрөгийн шаардлагыг хангаж, хариуцагч С.А-с 18,845,667.39 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЧХХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 530,613.42 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
10.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,831 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 252,178 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан хариуцагч С.А-с 18,845,667.39 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЧХХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 530,613.42 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,831 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А-с 252,178 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЧХХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ У.С