Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/252

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Т даргалж, Ерөнхий шүүгч А.Д, шүүгч К.Б нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,  

иргэдийн төлөөлөгч Х.Е,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,

хохирогч Ш.С,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.Н,

шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Тий Бад холбогдох эрүүгийн 2513000000095 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, С овогт Тий Б, 19*** оны *** дугаар сарын ***-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц суманд төрсөн, *** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Ц сумын *** дугаар бага сургуульд галч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ц сумын 2 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар: *** Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Т.Б нь 2025 оны 2 дугаар сарын 06-ны орой 21 цагийн орчимд согтуурсан үедээ Баян-Өлгий аймгийн Ц сумын *** дугаар багийн нутаг дэвсгэр, гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаа хүн болох эхнэр Ш.Стэй “малд тэжээл өгөхөд тусалсангүй” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар түүнийг өшиглөж, төмөр хайчаар нуруу тус газар хатгаж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нараас гаргасан дүгнэлт.  

1.Шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ: “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, тухайн үед согтуу байсан, хуулийн хөнгөлөлтийг хүсэж байна.” гэв.

2. Хохирогч Ш.С мэдүүлэхдээ: “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, нөхрөө уучилсан. Бидний ар гэрийн байдлыг харгалзаж өгнө үү, өр зээлтэй, бага насны хүүхдүүдтэй юм” гэв.

3. Улсын яллагчаас: “...шүүгдэгч Т.Бын үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг,

4. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...шүүгдэгч Т.Бын гэм буруугийн талаар маргаантай зүйл байхгүй. Хохирогч Ш.С нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж гэж мэдүүлсэн. Хохирогч Ш.Сийг эмчлүүлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 2,584,800 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төлж өгсөн” гэх дүгнэлтийг,

5. Иргэдийн төлөөлөгчөөс: “Яллагдагч Б нь архи согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүн Сийн биед гэмтэл учруулсан байна. Өөрөө хүлээн зөвшөөрсөн байна. Өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй.  Эхнэр нь уучилсан байна. Бага насны 3 хүүхэдтэй, ар гэрийн нөхцөл байдал тааруу малчин өрх байна. Иргэдийн төлөөлөгчийн хувьд “Гэр бүлээр нь нэг гэрт байлгаасай” гэж хүсэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

6. Эрүүгийн 2513000000095 дугаартай хэргээс яллах, өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: мөрдөгчөөс эд мөрийн баримт /төмөр хайч/-ад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-17 дахь тал/, хохирогч Ш.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/, гэрч С.Тий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/, гэрч С.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/, гэрч А.Еийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/, хохирогч Ш.Сийн Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн тухай 58 дугаартай өвчний түүх /хавтаст хэргийн 42-54 дэх тал/, шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай Х.Еын 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 220 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 55-56 дахь тал/, яллагдагч Т.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 93 дахь тал/, шинжээч Х.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 96 дахь тал/, иргэний нэхэмжлэгч А.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 104 дэх тал/, шүүгдэгч Т.Бын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад  нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

7. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Бын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

Хэргийн үйл баримтын талаар.

8. Шүүгдэгч Т.Б нь 2025 оны 2 дугаар сарын 06-ны орой 21 цагийн орчимд согтуурсан үедээ Баян-Өлгий аймгийн Ц сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаа хүн болох эхнэр Ш.Стэй “малд тэжээл өгөхөд тусалсангүй” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар түүнийг өшиглөж, төмөр хайчаар нуруу тус газар хатгаж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

8.1. Мөрдөгчөөс эд мөрийн баримт /төмөр хайч/-ад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-17 дахь тал/,

8.2. Хохирогч Ш.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие Т.Бтай 2017 онд гэр бүл болж Б.С /6 настай хүү/, Б.А 14 настай охин Б.А 13 настай охин/ нарын хамт тус аймгийн Ц сумын 2 дугаар багт амьдардаг.

2025 оны 2 дугаар сарын 06-ны орой 19 цагийн үед нөхөр Т.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирээд намайг “малд тэжээл өгөхөд тусалсангүй” гээд хэрүүл маргаан гаргасан. Тэгээд үглээд байхаар нь манай гэрийн хажууд байдаг нөхрийн хүргэн ах Аын /нас барсан/ хадам эгч ганцаараа гэртээ байсан ба тэдний гэрт очоод оройн 21 цаг өнгөрөөд байж байтал нөхөр Т.Б хүрч ирээд “чи энд юу хийж суугаа юм бэ, хүүхдүүддээ хоол хийж өгөөч” гээд тэдний гэрээс дагуулаад гарч явсан. Тэгээд гэрт орж ирээд над руу үглэж дайраад миний нуруу тус газарт нэг удаа өшиглөсөн. Тэр үед би газарт унасан ба тухайн үед ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Тэгээд гал дээр байсан тогоог авч байхад хойноос ирээд миний нуруу хэсэгт нэг зүйл чичиж дүрсэн. Тэгээд би эргээд харахад тэрээр гартаа гэрт байсан төмөр хайчийг барьчихсан байсан бөгөөд буцаагаад гал тогооны шүүгээн дээр ил тавьсан. Бид хоёр хэрэлдэж байхад Аын эхнэр нь хөрш айлын эмэгтэйчүүдийг дагуулж ирсэн бөгөөд тэд нар нөхрийг маань надаас салгасан. Тэгээд намайг хадам ах Авзалын гэрт дагуулж очоод багийн эмч Айнурыг дуудаж үзүүлэхэд тэрээр миний нурууны шархийг цэвэрлэж боолт хийж өгөөд сумын төв рүү явсан нь дээр байх гэж хэлсэн.

Тэгж байхад сумын төвөөс хадам аав Тилек, хадам дүү Жн хамт ирээд юу болсон талаар асуусан. Тэр үед би болсон асуудлын талаар хадам аавд хэлэхэд тэрээр нөхрийг маань загнаад машинаа асаагаад наад хүүхдээ сумын төвд очиж эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Нөхөр маань шөнийн 01 цагийн үед машинаа асаагаад намайг сумын төвд авч ирж сумын эмч Заманайд үзүүлэхэд тэр хүн миний шарханд оёдол тавьж өгөөд ЭХО-оор үзээд дотор эрхтэнд чинь гэмтэл учирсан байна, яаралтай аймаг руу явах хэрэгтэй гээд сумын Эрүүл мэндийн төвийн машинаар аймагт Нэгдсэн эмнэлэгт ирж хэвтэн эмчлүүлж байгаад өнөөдөр буюу 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн үед эмнэлгээс гарсан.

Тэр үед манай 3 хүүхэд орон дээрээ унтаж байсан, хайчаар дүрсний дараа хэрэлдээд зогсож байхад Аын эхнэр болон хөрш айлын Г, А, С гэх гурван эмэгтэйг дагуулж ирээд нөхрийг салгасан. Би хохирол нэхэмжлэхгүй, нөхөр маань урьд өмнө нь намайг зодож байгаагүй, анх удаа ийм зүйл гаргаж байна, архины гайгаар ийм зүйл хийсэн байна, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй,” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

8.3. Гэрч С.Тий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие тухайн өдөр Ц сумын 2 дугаар Хаг гэх газарт өөрийнхөө гэрт унтах гэж байхад буюу 21 цаг өнгөрч байсан юм. Миний хоёр дахь хүү болох У утас руу “Загаст нуур” гэх газраас Табигат гэх хүн над руу залгаад “Та хурдан ирэхгүй бол энд Б эхнэртэйгээ зодолдсон юм байна” гэж хэлсэн тул би морио унаад манайхаас 5 км зайд байрлах Бын гэрт очсон. Миний бэр С нь А гэрт хэвтэж байсан ба хажууд нь 2 дугаар багийн эмч А байсан ба Сийн цусыг цэвэрлэж боолт хийж өгч байсан.  Би эмчээс Сийн биеийн байдлын талаар асуухад “таны хүү Б нь Сийг ар нурууны хэсэгт иртэй зүйлээр дүрсэн /хутгалсан/ байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,

8.4. Гэрч С.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би Ш.Сээс “ямар шалтгааны улмаас шарх авсан” талаар асуухад “миний нөхөр Т.Б надтай маргалдаж улмаар хойш хараад зогсож нуруу хэсэг рүү нэг удаа хайчаар дүрсэн /чичилсэн/” гэж хариулсан. Өөр ямар нэгэн байдлаар зодсон талаар асуухад толгой хэсэг, бөөр хэсэг лүү нэг нэг удаа цохисон гэж хэлсэн. Нурууны гол хэсэгт шархтай, бусад хэсэгт ямар нэгэн ил харагдах шарх сорви гэмтэлгүй, хөхөрч няцарсан зүйлгүй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,

8.5. Гэрч А.Еийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ш.Сийг 2025 оны 2 дугаар сарын 08-ны өдөр буюу жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхад Ц сумаас ирсэн бөгөөд томографт оруулахад баруун талын 10 дугаар хавирга бяцарсан хугаралтай, баруун уушги гемотракстай, хийтэй гэж оношлогдсон тул яаралтай гуурс байрлуулж, мэс ажилбар хийж уушгинаас 200 грамм шингэн авсан. Дээрх иргэн нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт 7 хоног хэвтэн эмчлүүлж байгаад эмнэлгээс гарсан болно. Томографт уушги цоорсон гэж оношлогдсон байсан тул гэмтсэн гэсэн үг. Гадна биет буюу /хайчны үзүүр/ уушгинд гэмтэл учруулсан. Сийн хавирганы хугарал нь уушгийг гэмтээх хэмжээний хугаралтай байгаагүй болно.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,

8.6. хохирогч Ш.Сийн Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн тухай 58 дугаартай өвчний түүх /хавтаст хэргийн 42-54 дэх тал/, шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай Х.Еын 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 220 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

8.7. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай Х.Еын 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 220 дугаартай “...иргэн Ш.Сийн биед сээр нурууны дунд баруун хэсэгт 3 ширхэг оёдолтой шарх, баруун суганы доод хэсэгт 1 ширхэг оёдолтой шарх, баруун уушгины пневмоторакс, баруун плеврит араараа шингэнтэй /гемоторакс/, баруун уушгины доод дэлбэнд няцралтай, баруун талд 10-р хавирга хугаралтай, шархны ойролцоо зөөлөн эдэд хавантай, нурууны ойролцоо баруун талд зөөлөн эдэд үргэлжилсэн урт нарийн хийтэй гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдөр үүссэн байх боломжтой. 3. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

8.8. Яллагдагч Т.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...эхнэр Ш.Стэй малд тэжээл өгөхөд тусалсангүй гэх шалтгаанаар хэрүүл маргаан гаргасан нь үнэн. Тэр үед би эхнэртэйгээ хэрэлдэх үедээ хавирга тус газарт нэг удаа өшиглөсөн. Тэгээд эхнэр маань миний хавирга өвдөөд байна гэж хэлсэн. Мөн тэр үед эхнэр маань хоол цай, хийгээгүй, хүүхдүүдэд хоол цай хийгээгүй байхаар нь эхнэрээ яагаад гал түлээгүй, хоол хийгээгүй юм бэ гэж хэлээд гэрт байсан хайчаар нуруу хэсэгт нь нэг удаа хатгасан юм шиг байсан. Гэхдээ тэрийг би өөрөө сайн санахгүй байна. Учир нь, тухайн үед нэлээд согтчихсон байсан. Одоо болохоор эхнэрийн маань бие сайн байгаа, намайг уучилсан. Тэгээд ч эхнэр маань хөл хүнд гэдгийг аймагт Нэгдсэн эмнэлэгт ирээд хэвтэх үед мэдсэн. Эхнэр маань аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 8 хоног хэвтэн эмчлүүлэх үед хоол, цайг нь хүргэж өгч хажууд нь байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 93 дахь тал/,

8.9. Шинжээч эмч Х.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...иргэн Ш.Сийн баруун талын 10-р хавирга бяцарч, цөмөрч хугарсан хохирол нь дангаараа хүний эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. 2 ба түүнээс дээш хавирганы хугарал бол хүндэвтэр зэрэгт хамаарна. Ш.Сийн эрүүл мэндэд учирсан хохирлын хүнд зэргээр дээрх дүгнэлтийг гаргасан. Иргэн Ш.Сийн цээжний арын ханаар нэвтэрсэн шарх нь дотор эрхтэн болох уушгийг гэмтээж пневмоторакс /уушгины гялтангийн хөндийд хий хуримтлагдах/, плеврит /уушгины гялтангийн хөндийд шингэн хуримтлагдах/, гемоторакс /цус хуралдах/ гэмтэл учруулсан. Хүний биеийн цээжний арын хэсгээс уушги хүртэл ойролцоогоор 3-5 см зайтай байдаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 96 дахь тал/,

8.10. Иргэний нэхэмжлэгч А.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...иргэн Ш.С нь 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд эрүүл мэндийн даатгалын сангаас 2,584,729 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардал гарсан тул үүнийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 104 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

9. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүгдэгч Т.Быг гэм буруутайд тооцсон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрх зүйн дүгнэлт.

10. Хүний халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйл. “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 13/ халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй.” гэж тус тус баталгаажуулжээ.

11. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлсон “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

12. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр тусгажээ.  

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4. “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан байх ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 5.1.1.“гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. “Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна: 3.1.1.эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд; 3.1.2.тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү. 3.2.Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна.” гэж заасан байна.

14. Шүүгдэгч Т.Б, хохирогч Ш.С нар нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэрлэсэн болох нь хавтаст хэргийн 63 дахь талд авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь бие биедээ сэтгэл санааны дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй гаргахгүй байх үүрэгтэй юм.   

15. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт: “-Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.” гэж тайлбарласан байх ба шүүгдэгч Т.Бад холбогдох эрүүгийн хэргийн хамт хэргийн газрын үзлэгээр хураан авч, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн “Ажлын хэсэг нь хар өнгийн гэртэй, үзүүр хэсэг нь төмөр, гол хэсэгт PO1 болон хятад ханз бичиглэлтэй, ажлын хэсгийн урт 12,5 см, бариул хэсэг нь 11 см, нийт урт нь 33,5 см урттай, ажлын хэсгийн өргөн нь 2 см, үзүүр хэсэг нь хурц  иртэй, нэг талын үзүүр хэсэг нь хугарсан” 1 ширхэг хайч нь “зэвсэг”-т хамаарна.   

16. Дээрх байдлаас дүгнэхэд шүүгдэгч Т.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэж үйлдэх гэмт хэргийн шинжийг агуулж байна.

17. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

18. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “шүүгдэгч Т.Быг гэм буруутай” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд энэхүү нөхцөл байдал нь шүүхээс шүүгдэгч Т.Быг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудын хүрээнд бүрэн тогтоогдсон болно.

19. Шүүгдэгч Т.Б нь хохирогч Ш.С жирэмсэн болохыг түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд мэдсэн тул шүүгдэгч Т.Бын үйлдэлд өөр гэмт хэргийн шинжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

20. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Т.Бын согтуурсан байдал, зүй бус харилцаа шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

21. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

22. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн  510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.”, 511 дүгээр зүйлийн 511.3. “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1. “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” гэж тус тус заасан байна.

23. Шүүгдэгч Т.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Сийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирогч Ш.Сээс “...Би хохирол нэхэмжлэхгүй, нөхөр маань урьд өмнө нь намайг зодож байгаагүй, анх удаа ийм зүйл гаргаж байна, архины гайгаар ийм зүйл хийсэн байна, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” /хавтаст хэргийн 25-26 дахь тал/ гэж мэдүүлсэн, мөн шүүхийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогч Ш.Сийг эмчлүүлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 2,584,800 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тус сангийн 100900020080 дугаартай дансанд төлсөн тухай Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн тул шүүгдэгч  Т.Быг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

24. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгч Т.Бад 5  жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлтийг,

25. Хохирогчоос “...бидний ар гэрийн байдал хэцүү байна, бага насны хүүхдүүдтэй, өр зээлтэй” гэх тайлбарыг,

26. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс  “...шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас түүнд эрүүгийн харицлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан ял оногдуулах” дүгнэлтийг,    

27. Шүүгдэгч Т.Баас ...хуулийн хөнгөлөлтийг хүсэж байна” гэх тайлбарыг тус тус гаргасан болно.

28. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.Бын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Мөн шүүхээс шүүгдэгч Т.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

29. Шүүгдэгч Т.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

30. Эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.Б нь хувийн байдлын хувьд 1996 онд төрсөн, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Ц сумын 3 дугаар бага сургуульд галч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

31. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно: ...1.4. “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах”” гэж заасан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуулийн зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн бүрэн эрхэд хамаарах бөгөөд шүүх шударга ёсны зарчимд нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж хуулийн дээрх хэм хэмжээг хэрэглэх эсэхээ шийдвэрлэнэ.

32. Шүүгдэгч Т.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг төлж өгсөн, хохирогчийн зүгээс шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай мэдүүлсэн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан шүүгдэгч Т.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан хорих ял оногдуулах дүгнэлтийг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

33. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

34. Шүүгдэгч Т.Б нь “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, шүүхээс шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 3 жил, 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.

35. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасан байх ба шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Т.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дүгнэлт хийсний үндсэн дээр түүнд оногдуулсан 3 жил, 4 сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

36. Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.  

37. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хар өнгийн төмөр хайч 1 ширхгийг устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ.

38. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Т.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, мөн “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, түүнд өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Т.Бын эдлэх хорих ялыг 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Тий Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Быг 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бад оногдуулсан 3 жил, 4 сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хар өнгийн төмөр хайч 1 ширхгийг устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Т.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, мөн “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, түүнд өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Т.Бын эдлэх хорих ялыг 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсхүл эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Т.Бад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.Т

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.Д

                                 ШҮҮГЧ                                        К.Б