Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2023/00186/И

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.С даргалж, шүүгч И.А, Ц.Н нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.У-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 1,360,652 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б, хариуцагч Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Днар оролцов.

/Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно/   

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Т.Ут холбогдуулж гэм хорын хохиролд 1,360,652 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:  

            Т.У нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн үед Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Мишээл экспо худалдааны төвийн үүдэнд эхнэр Б.Б-тай хардаж миний эрүүл мэнд, бие махбодид гэмтэл учруулж хохироосон. Хариуцагч Т.У нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/583 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутай болох нь тогтоогдсон бөгөөд тус тогтоолоор хохирогч нь өөрт учирсан хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн.

Миний бие нь ИХБХХК-д Борлуулалт, үйлчилгээ хариуцсан менежер албан тушаалд ажилладаг бөгөөд сарын 1,100,000 төгрөгийн цалинтай болно. Т.Уын гэм буруутай үйлдлийн улмаас 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ажил хөдөлмөрөө эрхлэх боломжгүй болж, цалингийн орлогоо алдсан тул тухайн хугацаанд ногдох цалингийн орлогыг олох байсан орлого буюу өөрт учирсан хохирол гэж үзэж ийнхүү шаардаж байна. Миний ажилгүй байсан хугацаа болох 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 21 ажлын өдөрт ногдох цалингийн орлого 1,360,652 төгрөг болж байна. Иймд хариуцагч Т.Уаас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1,360,652 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

            2.Хариуцагч Т.У хариу тайлбартаа:

Иргэн Ч.Б нь миний гэр бүлийн хүн болох Б.Б-тайдотно харилцаа үүсгэж намайг доромжилсноос үүдэж би биеэ барьж чадалгүй 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр биед нь хөнгөн гэмтэл учруулсан. Хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэж, хохирогчийн буруутай үйлдлээс болж шүүгдэгч тухайн хэргийг үйлдсэн гэж үзсэн бөгөөд торгуулийн ял оногдуулсан. Одоогоор би торгуулийн ялыг 90 хоногийн хугацаанд хуваан төлж байгаа. Гэм буруугийн хувьд маргахгүй. Хохирогчид учирсан бодит хохирлыг шүүх хурлаас өмнө бүрэн төлж барагдуулсан.

Ч.Бын нэхэмжилсэн тухайн үеийн цалин хөлсийг төлөх санхүүгийн бололцоо байхгүй. Учир нь би ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээдэг. Хүүхэд 3 настай, эхнэр ажилгүй, одоо 5 сартай жирэмсэн. Мөн Хас банкны зээлтэй зэрэг нөхцөл байдлын улмаас Ч.Бын нэхэмжилсэн цалин хөлсийг төлөх чадваргүй байна. Үүнээс гадна би учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хуулийн дагуу хариуцлагаа хүлээж торгуулийн ялыг биелүүлж байгаа. Нэхэмжлэгч нь өөрийнхөө бурууг ухамсарлахгүй байна. Гэр бүлтэйг мэдсээр байж хүний эхнэртэй дотно харилцаа үүсгээгүй бол ийм нөхцөл байдалд хүрэхгүй байх байсан гэв.

3.Нэхэмжлэгчээс Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/583 дугаартай шийтгэх тогтоол, төлбөрийн баримт, ИХБХХК-ийн 2022.08.22-ны өдрийн 47 тоот албан бичиг зэрэг баримтыг, хариуцагчаас Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2022/02816 дугаар захирамж, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Зүүн түгээх төвийн 2022.11.09-ний өдрийн 337 тоот албан бичиг зэрэг баримтыг тус тус шүүхэд гарган өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Ч.Б нь “Хариуцагч Т.Уын гэм буруутай үйлдлийн улмаас 21 хоног хөдөлмөр эрхлэх чадваргүй болж авах байсан цалингийн орлого болох 1,360,652 төгрөгөөр хохирсон тул хариуцагчаас гаргуулна” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байна.

Хариуцагч Т.У нь “Учирсан бодит хохирлыг төлсөн, нэхэмжлэгчийн буруутай ажиллагааны улмаас энэ байдал үүссэн, цалин хөлсний хохирлыг төлөх санхүүгийн боломжгүй” гэж тайлбарлан маргасан.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Т.У нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар  хорооны нутаг дэвсгэр, Мишээл экспо худалдааны төвийн үүдэнд хардалтын улмаас эхнэр Б.Б-тайхамт ажилладаг Ч.Быг зодож, хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/583 дугаартай шийтгэх тогтоолоор Т.Уыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял шийтгэсэн байна.

Т.У нь эрүүгийн хэрэг шалгагдах үед хохиролд 755,800 төгрөгийг Ч.Бт төлсөн байх бөгөөд тус тогтоолоор шүүгдэгч Т.У нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг, хохирогч Ч.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн зардал цалин хөлс, цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурджээ.

4.Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан ба дээрх шийтгэх тогтоолоор Т.Уыг гэм буруутайг тогтоосон тул гэм буруугийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

   5.Т.Уын гэм буруутай үйлдлийн улмаас Ч.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд улмаар 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 15 хоног, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 5 хоног, нийт 20 хоног хөдөлмөрийн чадвараа түр алдаж ажил хөдөлмөр эрхлээгүй болох нь Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас, шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж зааснаар нэхэмжлэгч Ч.Б нь Т.Уын гэм буруутай үйлдлийн улмаас дутуу авсан цалин хөлсөө шаардах эрхтэй.

6.Нэхэмжлэгч Ч.Б нь 20 хоног хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацаанд хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиар буюу нийт 422,544 төгрөгийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж тогтоолгон авсан болох нь Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсаар тогтоогдсон.

Дээрх баримтаар нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвараа алдахаас өмнөх бүтэн ажилласан гурван сар буюу 3, 4, 5  дугаар сарын цалингийн нийлбэр 2,746,538 төгрөг, нийт 65 хоног ажилласан байх бөгөөд нэхэмжлэгчийн нэг өдөрт ногдох хөдөлмөрийн хөлс, орлогыг 42,254 төгрөгөөр тооцсон нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1-д “Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан түүний сүүлийн бүтэн ажилласан гурван сарын хөдөлмөрийн хөлснөөс... бодож олгоно” гэж заасантай нийцсэн, шүүх тус баримтаар тогтоогдож буй 1 өдрийн дундаж цалинг үндэслэн дутуу авсан цалин хөлсийг тооцох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь 20 хоног ажил хөдөлмөр эрхлээгүй тул авах байсан цалин хөлс 845,080 төгрөг /42,254*20/ байх бөгөөд үүнээс хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжид авсан 422,544 төгрөгийг хасч тооцвол дутуу авсан цалин хөлсөд 422,536 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

7.Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1.-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.” гэж заасан. Нэхэмжлэгч нь гэр бүлтэй эмэгтэйтэй дотно байдлаар харилцсаны улмаас гэр бүлийн хүмүүсийн хоорондын харилцаанд зөрчил үүсгэж, улмаар хардах, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бий болсон буюу гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйл ажиллагаа, хэт болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн байгааг харгалзан үзэж хариуцагчаас гаргуулах төлбөрийг 50 хувиар бууруулан 211,268 төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

8.Иймд нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж 211,268 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,149,384 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6,988 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан зохицуулалтад нийцнэ.

9.Сонгогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, зохигчид түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулахад татгалзахгүй гэх зөвшөөрлийг бичгээр гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хэлэлцсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Уаас 211,268 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,149,384 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Уаас 6,988 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Бт олгосугай.   

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  У.С

                                          ШҮҮГЧИД                                  И.А

                                                                                                Ц.Н