Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2023/00210

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Д-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээ цуцалснаас учирсан хохирол 10,410,286 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж,

Хариуцагч Ч.Д, түүний өмгөөлөгч З.А,

Гэрч М.Р, Ч.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Днар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч Б.Бнь хариуцагч Ч.Дд холбогдуулан газар эзэмших эрх худалдах, худалдан авах гэрээ цуцалснаас учирсан хохирол 10,410,286 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  

Б.Бминий бие интернетэд байршуулсан газар зарна гэсэн зарын дагуу иргэн Ч.Дтай 2021.09.15-ны өдөр утсаар холбогдож уулзан Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах төмс, хүнсний ногооны зориулалттай, нэгж талбарын “18611321071031” тоот дугаартай 5000 м.кв газрыг 45.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулаад 30.000.000 төгрөгийг өгч газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгагдаж гарсны дараа үлдсэн 15.000.000 төгрөгийг өгөхөөр харилцсан тохиролцсон юм.

Энэ хугацаанд иргэн Ч.Д нь та нар газартаа нүүж ирээд ажлаа хийж байж болно гэдэг зөвшөөрлийг өгсөн ба гэрээний 2.2-т өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаж байхаар газрыг өмчлөлд шилжүүлнэ гэж заасны дагуу миний бие Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас өөрийн өмч хөрөнгө болох зөөврийн сууц, ачааны авто машин, трактор газар тариалангийн тоног төхөөрмжүүдийг карантай өргөгч машин хөлслөн зөөж авчруулан эрчим хүчний шугам тавиулахаар судалж холбогдох газар хүмүүстэй уулзаж байсан. Мөн байнга харуул хамгаалалттай эргэж тойрч байсан. Гэтэл иргэн Ч.Д нь газрын хэмжээ өөрчлөгдсөн газрын суурь үнэлгээгээр дуудлага худалдааны үнэ төлдөг та нар нэмж мөнгө төл гэсэн. Үүнийг миний бие хүлээн зөвшөөрөөгүй тохиролцсон гэрээ ёсоор явна өөр мөнгө нэмж төлж чадахгүй гэхэд би та нарт газраа зарахаа болилоо гээд нотариатын газраас бичиг баримтаа аваад гарсан. Тэгээд газар суллаж өгөөд урьдчилгаанд өгсөн мөнгөө аваарай гэсэн. Үүний дагуу дахин крантай машин хөлсөж зөөврийн сууцаа бусад техник хэрэгслээ авч нүүж газрыг нь хүлээлгэн өгч шилжүүлсэн мөнгөө буцаан авсан.

Нотариатын газар гэрээ байгуулахаар очсон үед газрын талбай өөрчлөгдсөн, үнэ нэмэгдсэн зэрэг шалтаг хэлж 5,000,000 төгрөг нэмж төлөхийг шаардсан. Бид гэрээ байгуулсны дараа мөнгөө өгнө гэтэл хариуцагч нь уурлаад, газраа шилжүүлэхээ болилоо гээд гараад явсан.

Гэрээнд заасан тохиролцсон ёсоор байж чадаагүй мөнгөө нэмж газраа худалахгүй иргэн намайг цаг хугацаа, хаврын тариалалт эхэлсэн байхад олон дахин нүүлгэж хохироосон тул худалдагч иргэн Ч.Дын буруутай үйлдлээр түүний санаачилгаар гэрээ цуцлагдсан тул гэрээ цуцалснаас учирсан хохирол авто машины түлш, бензин крантай машины төлбөр 10,410,286 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

            2.Хариуцагч Ч.Д хариу тайлбартаа:

Би өөрийн эзэмшлийн фермерийн аж ахуйг худалдахаар тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээний төслийг худалдан авагч тал үйлдэж би гарын үсэг зурсан. Гэрээний зорилго бол Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн Эх булагийн адаг газарт байрлалтай 27x9 харьцаатай үхрийн байр, 9x3 харьцаатай өсвөр үхрийн байр, 4x5 харьцаатай орон сууцны байр, 2,5x3 харьцаатай сауны байр, гүний худаг 2,5x2,5 харьцаа байрын хамт, 180 м блокон хашаа зэргийг худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа болонх 30 сая төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Би гэрээний дагуу газрын эрх шилжүүлэх гэрээ байгуулах асуудлаар нотариатын газар очсон. Тэнд очиход нэхэмжлэгчийн одоогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж нэг үл таних эмэгтэй хамт ирсэн. Тэд газар эзэмших гэрчилгээг шилжүүлэх гэрээг тэр эмэгтэйн нэр дээр байгуулах, газар эзэмших гэрчилгээ гарсны дараа үлдэгдэл 15 сая төгрөгийг төлнө гэсэн. Гэтэл гэрээний дагуу би нотариатын газарт дээр очин газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулснаар үлдэгдэл 15 сая төгрөгийг авах ёстой байсан. Эхний үед би газар шилжүүлэх гэрээг хийдэг юм билүү гэсэн бодолтой байсан боловч тэр эмэгтэй надыг хэл амаар доромжилж газар чинь таалагдахгүй байна наймаа буцсан ч яахав гэх мэтээр аашилсан учраас би дараахи шалгаануудын улмаас гэрээг тэр эмэгтэйтэй хийгээгүй. Яагаад гэвэл тэр үл таних эмэгтэйд Б.Бгөөс ямар нэгэн итгэмжлэл байгаагүй. Энэ эмэгтэйтэй урьд өмнө нь огт уулзаж харьцаж байгаагүй тул газар эзэмших эрхээ шилжүүлэх үндэслэлгүй юм. Би Б.Бтэй гэрээ хийсэн учраас Б.Б өөрөө ирсэн тохиолдолд барилга обьект болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг түүний нэр дээр хийх боломжтой гэж тухайн үед дээрх хүмүүст хэлсэн. Энэ нотариатын газарт уулзалт болсны 2 хоногийн дараа худалдан авахаас татгалзаж байна гэж тэр эмэгтэйтэй цуг ирсэн Ж /одоогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч/ мэдэгдээд урьдчилгаанд өгсөн мөнгөө эргүүлж өгөхийг шаардсан. Би татгалзсан хариу тухайн үед хэнд ч өгөөгүй бөгөөд харин асуудлаа эргэн харж шийдвэрлэхийг хүсэж байгаагаа Жд утсаар хэлж Б.Бг уулзуулахыг хүссэн. Урьд өмнө нь Б.Б чиний газар тог цахилгаан байхгүй тог цахилгаантай өөр газар 145 саяаар зарна гэж байна гэж өөр газар худалдаж авахыг сонирхож байгаа тухайгаа надад ярьж байсан. Ийм ч учраас өөрөө гэрээ хийхээр зориуд ирээгүй байх гэж би одоо бодож байна. Нэхэмжлэгч нэгэнт өөрөө худалдан авахаас татгалзсан учраас би 30 сая төгрөгийг буцаан шилжүүлсэн. Би өөрийн эзэмшлийн фермерийн аж ахуйг нэхэмжлэгчийн өмчлөлд акт баримтаар шилжүүлээгүй, гэрээний үүргийн гүйцэтгэл биелэгдээгүй байсан. Ийм учраас эд хөрөнгө авчирч байрлуулах талаар яригдаагүй болно. Ер нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр /нэр дурдсан зүйл байхгүй/ ямар эд зүйлс хэрхэн яаж авч ирснийг би мэдэхгүй. Нэхэмжлэгчийн гаргасан зардал гэж цуглуулсан бензин шатахууны баримт болон гаргасан зардал гэх мэт бүрдүүлсэн зүйлүүдийг хүлээн зөвшөөрөх ямарч үндэслэл байхгүй байна. Гэрээг нэхэмжпэгч өөрийн санаачлагаар цуцалсан учир хариуцлага хүлээх үндэслэлгүй.

Бензин шатахуун авсан баримт хавсаргажээ. Бензин шатахууны баримтыг нэг бүрчлэн хүснэгтлэн жагсааж үзэхэд 52 удаагийн үйлдлээр 5,515,297 орчим төгрөгийн шатахуун авсан байх юм. Нийт цуглуулсан баримтыг нэр төрлөөр нь ялгаж үзэхэд 90% орчим нь А93 бензиний баримт, бусад нь дизель түлшний баримт байна. Нийт цуглуулсан баримтыг үнийн дүнгээс хөөн 1л бензин тухайн үеийн ханшаар 2290 төгрөг гэж тооцож үзэхэд 2408,2 л буюу 2,41 тн бензин зарцуулсан болж байгаа бөгөөд явсан км-ыг суудлын тэрэг дунджаар 100 км-т 15 л бензин зарцуулна гэж тооцоход 16,056 км явсан дүн харагдаж байна. Эдгээр баримтыг цуглуулсан цаг хугацааг хянаж үзэхэд 2022 оны 1-р сараас 7-р сарын сүүлч хүртэл хотын эргэн тойрны маш олон колонкуудаас авсан, өөрсдийн хувийн хэрэгцээндээ болон бусдын хэрэглэсэн шатахууны баримт цуглуулсан болох нь харагдаж байна.

Баримтанд авагдсан дансны гүйлгээгээр 1,700,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 12-нд контейнер, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр кран гэж 850,000 төгрөг шилжүүлсэн гэжээ. Мөн 2022 оны 5 дугаар сарын 7-ны өдөр тээвэр гэж 500,000 төгрөг, 6 дугаар сарын 12-нд баярлалаа гэж 320,000 төгрөг, 6-р сарын 24-нд баярлапаа гээд 320,000 төгрөг, 06-р сарын 26-нд кран гээд 400,000 төгрөг данснаасаа шилжүүлсэн гэжээ. Гэрээний үүргийн гүйцэтгэл биелээгүй байхад ийм тийм зүйл авчирна гэж надтай гэрээ хийгээгүй, харилцан ярилцаж тохиролцоогүй билээ. Дээрхи баримтуудыг хэзээ хаана юунд зарцуулсан болохыг би хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй. Учир нь аж ахуйн ажил эрхэпдэг хүмүүс эдгээр зардлыг юунд ч зарцуулсан байж болох бөгөөд тухайн үедээ юунд зориулан гаргасан болохыг би мэдэхгүй, нотолж чадахгүй ийм зүйлээ ингээд аваад ирлээ гэж надад нэг ч удаа хэлж, тайлагнаж үзүүлж байгаагүй.

Мөн бид 2022 оны 5-р сарын 22 хүртэлх хугацаанд гэрээ цуцлах наймаа буцах талаар огт ярилцаж байгаагүй үеийн баримтуудыг цуглуулсан нь энэ хүмүүс эртнээс наймаа буцах сонирхолтой, баримт бүрдүүлж заргалдаад зардлаа авчихна гэсэн бодолтой байсан юм байна гэж одоо бодогдож байна. Энэ хүний гол зорилго хот орчимд ирэх шаардлагатай байсан бөгөөд өөрсдөө зорилгоо биелүүлж хотын ойролцоо нүүж ирсэн одоо ч хот орчимдоо байгаа өөр газар худалдаж авсан байгаа.

Ийм учраас би энэ хүнд ямар ч хохирол учруулаагүй. Тэгээд ч миний санаачлагаар гэрээ цуцлагдаагүй, газар нь таалагдаагүй шалтгаанаар өөрөө гэрээгээ цуцалж нүүсэн байна. Харин ч миний газрыг өөр газар сонгож олтлоо дамжин өнгөрөх баазаа болгож ашигласан гэж үзэж байна. Өнөөдрийг хүртэл өргөдөл гаргагч Б.Б нь гэрээ цуцалья гэж надтай уулзаж ярилцаагүй утсаар ч яриагүй энэ тухай зөвхөн Ж л утсаар мэдэгдэж ярьсан. Мөн Б.Б нь Гэрээний 1.8, 1.9, 2.1-д заасан нотариатын газар очиж гэрээ байгуулан үлдэгдэл мөнгөө үл маргах журмаар шилжүүлнэ гэсэн заалтуудыг зөрчин гэрээгээ цуцалсан болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3.Нэхэмжлэгч талаас: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021.09.15-ны өдрийн Газар эзэмших эрх зээлээр худалдах, худалдан авах гэрээ, шатахуун худалдаан авсан гэх баримтууд, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зургууд, итгэмжлэл, М.Ргийн иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн хуулбар, 5951 УАР, 4353 УБХ, 1074 УБХ, 3660 УБО, 5691 УБО, 2810 АЧ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээ зэрэг баримтыг,

Хариуцагч талаас хариу тайлбарыг тус тус гарган өгсөн.

Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр М.Р, Ч.Б нарыг гэрчээр оролцуулж мэдүүлэг авсан, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах 1801908370 нэгж талбарын дугаартай газрын хувийн хэргийг нотлох баримтаар гаргуулсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч Б.Бнь “хариуцагч Ч.Д нь гэрээний дагуу газар эзэмших эрх шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй гэрээ цуцалснаас олон дахин нүүж эд хөрөнгөө зөөж тээвэрлэх зардал гаргаж хохирол учирсан тул 10,410,286 төгрөг гаргуулна” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

Хариуцагч Ч.Д нь “нэхэмжлэгч нь өөрөө гэрээг цуцалсан, эд хөрөнгө авчирч байршуулах талаар тохиролцоогүй, энэ талаар мэдэгдээгүй, ямар ямар эд хөрөнгө хэрхэн авчирсныг мэдэхгүй, зардал гаргасан нь нотлогдоогүй” гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэв.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлэг, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.Талууд 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Газар эзэмших эрх зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах төмс, хүнсний ногооны зориулалттай газрын эзэмших эрхийг тус газарт байрлах үхрийн байр, өсвөр үхрийн байр, хувийн сууц, сауны байр, гүний худаг, блокон хашаа зэргийн хамт нийт 45,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцжээ. Гэрээгээр худалдан авагч Б.Бнь урьдчилгаанд 30,000,000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 15,000,000 төгрөгийг газрын гэрчилгээ гарсны дараа эрх шилжүүлэх гэрээ байгуулснаар төлж төлбөр тооцоог дуусгахаар, худалдагч Ч.Д нь газар эзэмших эрх сунгагдсан гэрчилгээг хүлээн авмагц нотариатын газар очиж гэрээ байгуулан газар эзэмших эрх шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн байна.

Нэхэмжлэгч Б.Бнь 2021.09.15-ны өдөр 30,000,000 төгрөгийг Ч.Дд шилжүүлэн өгсөн байна. Талууд эрх шилжүүлэх гэрээ байгуулахаар нотариатын газар очсон гэх ба үл ойлголцол үүссэний улмаас эрх шилжүүлэх гэрээг байгуулаагүй, хариуцагч нь 2022.06.258-ны өдөр 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн байна.

5.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Талууд тохиролцож хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдсэн бөгөөд гэрээг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Мөн хуулийн 260 дугаар зүйлийн 260.1.-д “Үүргийн агуулгад харшлахгүй бол эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах-худалдан авахад эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн заалтууд нэгэн адил хамаарна.” гэж, 260.3.-д “Эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй.” гэж тус тус заажээ.

6.Гэрээний 2.2-д Зээлээр худалдагч газар үхрийн байрны үнийг төлөхөөс өмнө зээлээр худалдан авагч талын өмчлөлд шилжүүлнэ. 4*5-ийн харьцаатай хувийн сууцнаас бусад эд хөрөнгийг захиран зарцуулж өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангана гэж зааснаас үзэхэд худалдагч нь гэрээний үнийг бүрэн төлөхөөс өмнө газрыг худалдан авагч талын эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг зөвшөөрсөн, худалдан авагч нь газрыг ашиглахаар бэлтгэл ажлаа хангахаар талууд харилцан тохирсон байх тул “эд хөрөнгөө байрлуулах, нүүж ирэх талаар тохироогүй” гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

7.Гэрээний агуулгаас хариуцагч нь Газар зохион байгуулалтын албанаас газар эзэмших гэрчилгээг хүлээн авч, газар эзэмших эрхийг шилжүүлж өгснөөр худалдан авагч нь үлдэгдэл 15,000,000 төгрөгийг төлөхөөр талууд тохирсон байна. Гэрч Ч.Бгийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбараас дүгнэхэд хариуцагч нь газрыг эзэмших эрхийг шилжүүлэн өгөхөөс татгалзаж, худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д зааснаар “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.”

8.Нэхэмжлэгч нь тухайн газарт нүүж ирэх, газар тариалангийн тоног төхөөрөмж, эд хөрөнгөө зөөж тээвэрлэхэд гарсан зардлаа нэхэмжилсэн. Нэхэмжлэгчийн дансны хуулга, гэрч М.Р, Ч.Б нарын мэдүүлгээр нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул 2-р баг гэх газраас зөөврийн сууц, комбайн, хавагч, трактор, үрлэгч, хураасан будаа тэжээл зэрэг эд зүйлээ кран зэрэг машин техник хөлсөлж Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах газарт нүүж ирсэн, гэрээ цуцалснаас хойш Наранцэцэг гэх хүний хашаанд зарим эд зүйлээ зөөж байршуулсан, Төв аймгийн Эрдэнэ сумын Арцат гэх газар луу эд зүйлээ мөн адил тээвэрлэж нүүсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна.

9.Иймд нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогдож буй 2021.11.12-ны өдөр “хөтөл контейнер тээвэр” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн 1,700,000 төгрөг, 2021.11.24-ны өдөр “кран” гэх утгаар шилжүүлсэн 850,000 төгрөг, 2022.05.07-ны өдөр “тээвэр” гэх утгаар шилжүүлсэн 500,000 төгрөг, 2022.05.12-ны өдөр “баярлалаа” гэх утгаар шилжүүлсэн 320,000 төгрөг, 2022.06.24-ний өдөр “crane” гэх утгаар шилжүүлсэн 1,200,000 төгрөг, 2022.06.26-ны өдөр “crane” гэх утгаар шилжүүлсэн 400,000 төгрөгийн зарлагын гүйлгээ буюу нийт 4,970,000 төгрөгийг эд зүйлээ зөөхөд зарцуулсан зардал гэж үзэж хариуцагчаас гаргуулж олгох үндэслэлтэй байна.

Харин шатахуун худалдан авч өөрсдийн унаагаар эд зүйлээ зөөсөн гэж тайлбарлан гарган өгсөн шатахуун худалдан авсан гэх баримтууд нь цаг хугацааны хувьд болон нэхэмжлэгчээс гарсан зардал эсэх нь эргэлзээтэй байх тул тус баримтаар тогтоогдож буй зардлыг гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол гэж тооцох боломжгүй гэж үзэв.

10.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д зааснаар талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах эрхийн үндсэн дээр гэрээг байгуулсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул талуудын хооронд байгуулагдсан Газар эзэмших эрх худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус гэх хариуцагч талын татгалзал үндэслэлгүй.

11.Дээрх үндэслэлээр хариуцагчаас 4,970,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,440,286 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,515 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94,470 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан зохицуулалтад нийцэж байна.

12.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШЗ2022/11218 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь мөн хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Даас 4,970,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,440,286 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,515 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94,470 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б.Бд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар тус шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШЗ2022/11218 дугаар захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь мөн хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.    

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              У.С