Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2023/00232

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.С даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т ХХК

Хариуцагч: М ХХК холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, П апартмент-2 орон сууцны хотхоны А блок 1 орц, 2 давхар 203 тоот 52.84 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөгчөөр бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э,

Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.

/Хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нэ шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч Д.Бнь хариуцагч Т ХХКболон М ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөгчөөр бүртгүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:   

Д.Бминий бие 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Т ХХК-тай 21/032 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж Хан-Уул дүүрэг, 10 хороо, П апартмент-2 орон сууцны хотхоны А блок 1 орц, 2 давхар 203 тоот 52.84 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 мкв талбайг 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр тооцож нийт 63.408.000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож, орон сууцны нийт үнийг 2021 оны 02 сарын 26-ны өдөр гүйцэтгэгч байгууллагын Голомт банкны 1205150191 тоот харилцах дансанд бүрэн шилжүүлсэн.

Орон сууц захиалгаар бариулах гэрээний 2.1.2 дахь хэсэгт “гүйцэтгэгч нь гэрээнд заасан орон сууцыг 2021 оны 04 дүгээр улиралд барьж ашиглалтад оруулна”, 4.1.1 дэх хэсэгт “орон сууны үнийг бүрэн төлөөгүй тохиолдолд гэрээний зүйлийг захиалагч талын өмчлөлд шилжүүлэн өгөхөөс татгалзах эрхтэй”, 4.2.4 дэх хэсэгт “гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй байх” үүрэг хүлээхээр харилцан тохиролцсон.

Гүйцэтгэгч нь гэрээгээр тогтоосон хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүй бөгөөд захиалгын гэрээний 4.2.4 дэх хэсэгт үүргээ зөрчиж захиалсан орон сууцны үнийг 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр нэмэгдүүлэхгүй бол гэрээг цуцална” гэж тулган шаардсан мэдэгдлийг 2022 оны 03 сарын 25-ны өдөр надад ирүүлсэн, мөн миний захиалсан орон сууцыг худалдан борлуулахаар зар тавьсан байгааг олж мэдсэний дагуу 2022 оны 04 сарын 01-ний өдөр Т ХХК-д хариу өргөдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Иймд миний бие өөрийн захиалсан орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан учраас Хан-Уул дүүрэг, 10 хороо, П апартмент-2 орон сууцны хотхоны А блок 1 орц, 2 давхар 203 тоот 52.84 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Д.Бнамайг Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, П апартмент-2 орон сууцны хотхоны А блок 1 орц, 2 давхар 203 тоот 52.84 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөгчөөр бүртгүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

            2.Хариуцагч Т ХХКхариу тайлбартаа:

Хариуцагч Т ХХК нь захиалагч нь М ХХК-ны захиалгаар П апартмент-2 төслийн угсралт, цонх, дотор цахилгааны ажлыг гэрээгээр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулж ажлын хөлсөндөө бартераар байрууд авч тус байрнуудаа гэрээт ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай бараа материал, ажиллах хүчээ цалинжуулах зорилгоор худалдаж борлуулсан. 2021 оны 02-р сарын 26-ны өдөр Дугаар 21/032 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан байдаг. Тус гэрээний хугацаа дууссан, мөн тус гэрээний үнийн дүн болох 1 мкв-ийн 1,200,000-р худалдах боломжгүй талаар мэдэгдсэн байдаг. Ковид-19 өвчний тархалтаар үүдэлтэй бараа материалын түүхий эдийн үнэ өссөнтэй холбоотойгоор 1 мкв үнээ нэмэхээс өөр аргагүй нөхцөл байдалд үүссэнийг мөн дурьдсан.

Нэхэмжлэгчийн 1-р шаардлага болох маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага шийдэгдэж байж дараагийн шаардлагын талаар шүүх хууль зүйн дүгнэлт хийгдэхээр байна. Иймд хариуцагч нь талуудын хооронд хийгдсэн гэрээний хугацаа дууссан, тус гэрээ нь хугацаандаа хэрэгжээгүй, гүйцэтгэгч нь нийгэмд үүсээд буй цар тахлын нөлөөгөөр үүссэн давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдал зэргээс үүдэн барилгын гадаад болон дотоод түүхий эд материалын үнэ өссөн. Тус төслийн төсөвт өртөг нь өссөнтэй холбоотойгоор гэрээний үнэд өөрчлөлт оруулах саналыг хүргүүлсэн. Захиалагч нь 1 м.кв-н үнээ 600,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн гүйцэтгэгчийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь үнийн дүнгийн зөрүүтэй, эвийн журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэн нэхэмжлэгч Д.Б-ийн2021 оны 02-р сарын 26-ны өдөр гүйцэтгэгчийн Голомт банк 1205150191 тоот дансанд тушаасан 63,408,000 төгрөгийг буцаан олгох саналтай байна гэжээ.

3.Хариуцагч М ХХК хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Хан-Уул дүүрэг, 21 хороо, П апартмет-2 хотхоны А блок 1 орц 2 давхар 203 тоот 52,84 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц нь 2020 оны 03 дугаар сарын 18-ний өдрийн “П2-А-АГГ-20/21” дугаартай “Цонх угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу дээрх орон сууц нь Т ХХК-ийн өмч бөгөөд дээрх гэрээгээр маргааны орон сууцыг захиран зарцуулах эрхтэй байна.

Д.Бнь дээрх орон сууцтай холбоотой манай байгууллагатай “Орон сууц захиалан бариулах гэрээ” болон бусад гэрээг байгуулаагүй, мөн Т ХХК нь манай байгууллагатай байгуулсан гэрээний дагуу маргаан бүхий орон сууцны өмчлөгч болсон. Байр ашиглалтад орсны дараа манай компаниас холбогдох баримт бичгийг өмчлөгчид гаргаж өгөх боломжтой. Тус маргаан нь Т ХХК болон иргэн Д.Бнарын хооронд байгуулсан “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний маргаан тул М ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4.Нэхэмжлэгч талаас: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2021.02.26-ны өдрийн 21/032 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ, Голомт банкны дансны хуулга, Т ХХК-ийн 2022.03.01-ний өдрийн 22/02 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Д.Б-ийн2022.03.30-ны өдрийн Т ХХК-нд гаргасан өргөдөл, шуудангийн баримт, зэрэг баримтыг,

Хариуцагч Т ХХК-иас Улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хариу тайлбар, 2020.03.18-ны өдрийн П2-АГГ-20/21 дугаартай Цонх угсралтын ажил гүйцэтгэх гэрээ,

Хариуцагч М ХХК-иас Улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл хариу тайлбарыг тус тус гарган өгсөн.

Шүүхээс талуудын хүсэлтээр Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооноос цонхны материалын үнийн өсөлтийн мэдээлэл, М ХХК-иас барилгын ажлын гүйцэтгэлийн мэдээлэл, 2022.03.25-ны өдрийн 002/104 тоот албан бичгийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар маргаан бүхий орон сууцны ажлын явц, улсын комиссын акт гарсан эсэх мэдээллийг тус тус нотлох баримтаар гаргуулсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Д.Бнь “Орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу орон сууцны үнийг бүрэн төлсөн, хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээгээр тохирсон орон сууцны үнийг нэмэгдүүлж, гэрээ цуцална гэж тулган шаардсан тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөгчөөр бүртгүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үүгэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

Хариуцагч Т ХХК нь “давагдашгүй хүчин зүйл ковид 19 цар тахлын нөлөөгөөр бараа материалын үнэ өссөн тул 1 м.кв талбайн үнийг нэмэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн, гэрээний хугацаа дууссан, хугацаандаа хэрэгжээгүй, нэхэмжлэгч нь гэрээний үнэд өөрчлөлт оруулах захиалагчийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул төлбөрийг буцаан олгох саналтай” гэж,

Хариуцагч М ХХК ньТус компани нь нэхэмжлэгч Д.Б-тэйгэрээ байгуулаагүй, маргаан нь Т ХХКболон иргэн Д.Бнарын хооронд байгуулсан “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний маргаан, маргаан бүхий орон сууц нь гэрээний дагуу Т ХХК-д шилжсэн” гэж тус тус тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэв.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.Т ХХК, иргэн Д.Бнар нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 21/032 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, Т ХХКнь Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, П апартмент-2 орон сууцны хотхоны А блок 1-р орц, 2 давхар 203 тоот 52.84 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьж ашиглалтад оруулж захиалагч талд хүлээлгэн өгөх, захиалагч Д.Бнь орон сууцны үнэ 63,408,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ. Нэхэмжлэгч Д.Бнь гэрээгээр тохирсон орон сууцны үнэ болох 63,408,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр бүрэн төлсөн гэх бөгөөд гэрээ байгуулсан, түүний хүчин төгөлдөр байдлын талаар болон гэрээний үнийг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй.   

Хариуцагч Т ХХКнь 2022.03.01-ний өдрийн 22/02 тоот албан бичгээр гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулан 1 м.кв талбайн үнийг 1,800,000 төгрөг болгосныг мэдэгдэж, хүлээн зөвшөөрөхгүй бол гэрээг цуцлах талаар мэдэгдлийг  Д.Б-тхүргүүлсэн байна.

5.Т ХХКболон М ХХК нарын хооронд Цонх угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба, М ХХК нь ажлын хөлсний төлбөрт тооцож маргаан бүхий орон сууцыг Т ХХК-д шилжүүлж өгөхөөр тохиролцсон байна.

Тодруулбал, Т ХХКнь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт шилжүүлэн авсан орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг иргэн Д.Б-тхудалдан борлуулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд гэрээний агуулгаас дүгнэхэд Т ХХК, иргэн Д.Бнарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Талууд тохиролцож хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдсэн, гэрээг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

6.Хариуцагч Т ХХК нь маргаан бүхий орон сууцыг өөрийн бараа материал, зардлаар барьж гүйцэтгэсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул Ковид-19 цар тахлын нөлөөгөөр бараа материал, түүхий эдийн үнэ өссөнтэй холбоотойгоор үнийг нэмсэн гэх Т ХХК-ийн тайлбар үндэслэлгүй гэж үзэв. Түүнчлэн, гэрээний хугацаа дууссан, гэрээ хэрэгжээгүй гэж тайлбарлан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж байгаа нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасантай нийцэхгүй байна.

7.Гэрээгээр тохирсон үл хөдлөх хөрөнгийн үнийг нэхэмжлэгч Д.Бнь бүрэн төлсөн буюу хүлээсэн үүргээ биелүүлсэн тул хариуцагч Т ХХК-иас орон сууцыг шилжүүлэн өгөхийг шаардах эрхтэй. Иймд хариуцагч Т ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Д.Б-ийнХан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, П апартмент-2 орон сууцны хотхоны А блок 1-р орц, 2 давхар 203 тоот 52.84 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөгчөөр бүртгүүлэхийг хариуцагч Т ХХК-д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

8.М ХХК нь нэхэмжлэгч Д.Б-ийнөмнө гэрээгээр үүрэг хүлээгээгүй, тэрээр нэхэмжлэгчийн хувьд үүрэг бүхий этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч М ХХК-д холбогдох Д.Б-ийннэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

9.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 545,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 545,190 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан зохицуулалтад нийцэж байна.

10.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШЗ2022/08862 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь мөн хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ийнХан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, П апартмент-2 орон сууцны хотхоны А блок 1-р орц, 2 давхар 203 тоот 52.84 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөгчөөр бүртгүүлэхийг хариуцагч Т ХХК-д даалгаж, хариуцагч М ХХК-д холбогдох Д.Б-ийннэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 545,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 545,190 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-толгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШЗ2022/08862 дугаар захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь мөн хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              У.С