| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | У.Сайнбилэг |
| Хэргийн индекс | 182/2022/03405/И |
| Дугаар | 182ШШ2023/00210 |
| Огноо | 2023-01-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 182ШШ2023/00210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.С даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Р ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ЭЖ ХХК
Хариуцагч: С.А
Хариуцагч: Б.Б нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 84,817,776 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн нэхэмжлэлтэй,
46-32УБР улсын дугаартай Хонда инсайт /Honda insight/ маркийн автомашиныг барьцаанаас чөлөөлж, бичиг баримтыг нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгах тухай С.А-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Н,
Хариуцагч ЭЖ, С.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.
/Хариуцагч Б.Б нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Р ХХКнь хариуцагч ЭЖ, С.А, Б.Б нарт холбогдуулан Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 84,817,776 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
Манай компани нь газрын тос, түлш худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ЭЖ-тай 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн Худалдах, худалдан авах гэрээг байгуулсан юм. Өнгөрсөн хугацаанд ЭЖ-ийн захирал С.Ань манай компаниас түлш авсан боловч түүнийхээ тооцоог бүрэн хийгээгүй байгаа болно. Манай компанийн зүгээс ЭЖ-д нийтдээ 1,510,758,800 төгрөгийн түлш нийлүүлсэн ба үлдэгдэл төлбөр 60.497.600 төгрөгийг манайд шилжүүлэхгүй байгаа юм. Манай компанийн зүгээс хариуцагчийг төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй, хүлээн авсан түлшний төлбөрөө төлөхгүй байна.
Гэрээний 3.2-д худалдан авагч гэрээний хугацаанд төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн 7 хоног тутамд 1 л шатахуун дээрх үнэ 50 төгрөгөөр нэмж тооцон худалдагч талд төлнө гэж заасан. Хариуцагч нь гэрээний үндсэн төлбөрөө огт төлөөгүй бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэл үндсэн төлбөрийн нийт алданги 24,320,176 төгрөг болж байгаа болно. Иймд хариуцагч ЭЖ, С.А нараас нийлүүлсэн түлшний үлдэгдэл төлбөр 60,497,600 төгрөг, алданги 24,320,176 төгрөг, нийт 84,817,776 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Талууд гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Барьцааны гэрээ байгуулсан бөгөөд уг барьцааны гэрээгээр хариуцагч нь 06-39 УНГ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашин, 46-32 УБР улсын дугаартай Хонда инсайт маркийн автомашиныг тус тус барьцаалсан бөгөөд автомашинуудын өмчлөх эрхийг Р ХХК-ийн ажилтан болох Б.Б-ыннэр дээр шилжүүлэн өгсөн болно. Барьцааны гэрээний 1.3-д Барьцаалуулагч нь Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаалагч нь барьцаанд тавьсан хөрөнгөөс зээлээр худалдан авсан газрын тосны бүтээгдэхүүний үнэ, хэтрүүлсэн хугацаанд ногдох алдангийн төлбөрийг тэргүүн ээлжинд гаргуулна гэж заасан. Иймд барьцааны зүйл болох дээрх автомашинуудаар үүргийн гүйцэтгэлийн зарим хэсгийг хангуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч ЭЖ, С.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж хариу тайлбартаа:
Аж ахуй нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17.-д бүх төрлийн шатахуун импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй гүйцэтгэнэ гэх хуулийн зохицуулалттай байна. Гэтэл Р ХХКнь тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж, худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Уг бүтээгдэхүүн нь онцгой татвартай, бусдын эд хөрөнгөд шууд хохирол учруулах аюултай бүтээгдэхүүн бөгөөд шатамхай бодис учраас үүнийг хадгалах, хамгаалах, худалдан борлуулахдаа шинжилгээ дүгнэлт гаргадаг гэх мэтчилэн олон шаардлага байдаг. Уг шаардлагуудыг хангаагүй этгээд манайд худалдан борлуулна гээд ЭЖ болон С.Ан артай гэрээ байгуулжээ.
Уг нэхэмжлэлтэй холбоотойгоор нотлох баримт гэж падаануудыг хавсаргасан байна. Уг падаанууд дотор С.А гэх хүлээн авсан гарын үсэгтэй нэг ч баримт байхгүй. Мөн тооцоо нийлсэн актад С.А баталгаажуулж гарын үсэг зураагүй. Хариуцагчийн зүгээс шатахууны төлбөрийг нэхэмжлэгч талд бүрэн төлсөн бөгөөд хэрэгт авагдсан баримтаас харвал Р ХХКнь борлуулсан нийт бүтээгдэхүүнийхээ үнийг авсан нь харагдаж байгаа.
Р ХХКнь иргэн н.Мөнхбат болон хэд хэдэн компаниудын шилжүүлсэн мөнгөнд шатахуун өгдөггүй, С.А-тайтооцоотой гэдэг. Гэтэл С.Ад ийм бүтээгдэхүүн өгсөн, ийм бүтээгдэхүүнийг дутаасан, ийм төгрөгийг манайх авсан ёстой юм аа гэсэн нотлох баримтыг гаргаж өгч чаддаггүй. Нэхэмжлэгч 60,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч үүнийгээ нотолж чадахгүй байгаа юм. Мөн 24,320,176 төгрөгийн алдангийг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2.-т 7 хоног тутам 1 литр шатахууны үнэ дээр 50 төгрөг нэмж тооцно гэж заасан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлд гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангах аргууд байдаг Жишээлбэл, 100 тонн шатахуун байлаа гэхэд 50,000,000 төгрөгийн алданги хүлээх юм уу. Ийм хууль зөрчсөн гэрээг байгуулсан байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэгэнт С.Ань төлөх төлбөргүй, нэхэмжлэгч компанид учруулсан хохиролгүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Хариуцагч Б.Б хариу тайлбартаа: Иргэн Б.Б би нэхэмжпэгч Р ХХК-д гэрээгээр ажилладаг бөгөөд хариуцагч ЭЖ нь Р ХХК-д Барьцааны гэрээний дагуу шилжүүлсэн 46-32 УБР улсын дугаартай, 2009 оны Цэнхэр өнгийн Хонда инсайт суудлын автомашин болон 06-39 УНГ улсын дугаартай, 2009 оны Сувдан цагаан Тоёота приус 30 суудлын автомашинуудын өмчлөх эрхийг нэхэмжлэгч Р ХХК-ийн ажилтан болох иргэн Б.Б миний нэр дээр шилжүүлэн өгсөн болно.
Хариуцагч ЭЖ, С.А нар нь өнөөдрийг хүртэл нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох түлшний үнэ 60.497.600 төгрөгийг нэхэмжпэгч компанид төлөхгүй байгаа тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Барьцааны гэрээгээр миний нэр дээр шилжүүлсэн автомашинууд буюу барьцааны зүйлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангуулахад татгалзах зүйлгүй бөгөөд миний зүгээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болно. Иймд хариуцагч Б.Б миний эзгүйд шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй гэжээ.
4.Хариуцагч С.А нь 46-32УБР улсын дугаартай Хонда инсайт /Honda insight/ маркийн автомашиныг барьцаанаас чөлөөлж, бичиг баримтыг нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Р ХХКманай компанийн хооронд 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн худалдан борлуулах гэрээ байгуулсан бөгөөд барьцаа хөрөнгө байршуулах шаардлага тавьсан тул 2021 оны 02 сарын 03-ны өдөр барьцааны гэрээ байгуулан 46-32УБР улсын дугаартай Хонда инсайт маркийн цэнхэр өнгийн автомашин, 0639УНГ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн авто машиныг барьцаалсан юм. Би уг компаниас газрын авч байсан боловч ямар нэгэн тооцоо байхгүй. Харин зуучилж мөнгийг нь шилжүүлүүлсэн этгээдийн газрын тосийг өгөөгүй, би өөрийнхөө дансаар дамжуулан шилжүүлсэн бусад этгээдүүдийн газрын тосыг өгөөгүйгээс үүдэлтэй маргаан цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байгаа. Миний эд хөрөнгө болох 46-32УБР улсын дугаартай Хонда инсайт маркийн цэнхэр өнгийн 0639УНГ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн авто автомашиныг Р ХХК-ийн борлуулалтын менежер Больсоль өөрийн дүү Балжиннямын нэр дээр бичиг баримтыг шилжүүлэн барьцаал гэсний дагуу шилжүүлж өгсөн юм. Одоо 46-32УБР улсын дугаартай Хонда инсайт маркийн цэнхэр өнгийн авто машины бичиг баримт Балжиннямын нэр дээр барьцаанд байгаа боловч машин над дээр хадгалагдаж байгаа.
Иймд Р ХХК-ийн барьцаалбараас миний 46-32УБР улсын дугаартай Хонда инсайт маркийн цэнхэр өнгийн автомашиныг чөлөөлж, бичиг баримтыг миний нэр дээр гаргуулахыг даалгаж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй, нотлох баримтгүй гэв.
6.Нэхэмжлэгч талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Р ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, тооцооны баримт, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан бичиг, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, итгэмжлэл, 2021.01.28-ны өдрийн Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, 2021.02.03-ны өдрийн Барьцааны гэрээ, алдангийн тооцоо, Тод петролиум ХХК, Р ХХКнарын хооронд байгуулсан 2021.01.19-ний өдрийн Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулбар, Шатахууны зарлагын падаанууд, шатахууны борлуулалт, төлөлтийн тооцооны баримт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, тээврийн хэрэгслийн лавлагаа, хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтыг,
Хариуцагч ЭЖ, С.А нараас Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2120000560586 дугаар, 2108018830589 дугаар Прокурорын тогтоол,
Хариуцагч Б.Бнь хариу тайлбарыг тус тус шүүхэд гарган өгсөн.
Шүүхээс хариуцагч талын хүсэлтээр тусгай зөвшөөрөл, Р ХХК-ийн Хаан банкин дахь дансны хуулга, Б.Б Хаан банкин дахь дансны хуулга, нэхэмжлэгч талын хүсэлтээр 06-39 УНГ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашины лавлагаа, тус тус нотлох баримтаар гаргуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Р ХХКнь хариуцагч ЭЖ нь Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй, төлбөрийг дутуу төлж үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байгаа тул түлшний үнэ болох 60,497,600 төгрөг, алданги 24,320,176 төгрөг, нийт 84,817,776 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
Хариуцагч ЭЖ, С.А нар нь төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, үлдэгдэл төлбөргүй тул барьцаа хөрөнгө болох 46-32 УБР улсын дугаартай Хонда инсайт маркийн автомашиныг барьцаанаас чөлөөлж, бичиг баримтыг С.А-ийннэр дээр гаргуулахыг даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн ба сөрөг нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Б.Бнь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Р ХХКнь хариуцагч ЭЖ-тай 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба талууд бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, марк, чанар, стандарт, үнэ болон нийлүүлэх нөхцөлийг худалдан авалт тухай бүрт тохирч, худалдагч Р ХХКнь бүтээгдэхүүнийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч ЭЖ нь худалдан авсан бүтээгдэхүүний үнийг төлөхөөр харилцан тохиролцжээ.
Талууд гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Барьцааны гэрээ байгуулсан ба уг барьцааны гэрээгээр хариуцагч нь 06-39УНГ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн автомашин, 46-32УБР улсын дугаартай Хонда инсайт маркийн автомашиныг тус тус барьцаалж, автомашинуудын өмчлөх эрхийг Р ХХК-ийн ажилтан болох Б.Б-ыннэр дээр шилжүүлсэн байна. /хх-28-35/
4.Р ХХК, ЭЖ-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 156 дугаар зүйлд зааснаар худалдах, худалдан авах гэрээ, барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, талууд тохиролцож хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлджээ. Гэрээ байгуулсан, түүний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
5.Р ХХКнь гэрээний дагуу ЭЖ-д 2021.01.20-ны өдрөөс 2021.05.14-ний өдрийн хооронд 1,510,758,800 төгрөгийн 831,325 литр дизель түлш нийлүүлсэн, хариуцагч нь 1,450,260,850 төгрөгийн төлөлт хийж, 60,497,950 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй гэж шатахууны зарлагын баримтууд болон ЭЖ, иргэн С.Аралжигмаагийн тооцоо, банкны дансны хуулга зэрэг баримтыг /хх-86-94/ үндэслэл болгон тайлбарласан ба хариуцагч ЭЖ, С.Анарын зүгээс төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж маргасан.
Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар талууд гэрээний дагуу нэхэмжлэгч нь дизель түлш нийлүүлсэн, хариуцагч нь хүлээн авч, үнийг төлж байсан үйл баримт тогтоогдож байх боловч дээрх тооцооны баримтад тусгагдсан 2021.03.12-ны өдрийн 6,709,700 төгрөгийн, 2021.03.25-ны өдрийн 540,000 төгрөгийн, 2021.05.14-ний өдрийн 49,050 литр 92,214,000 төгрөгийн, нийт 99,463,700 төгрөгийн дизель түлшийг хариуцагчид шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гарган өгсөн тооцооны баримтад тусгагдсан 1,510,758,800 төгрөгийн борлуулалтаас 1,411,295,100 төгрөгийн борлуулалт нь шатахууны зарлагын баримтаар нотлогдож байна. Харин хариуцагч ЭЖ, С.Анарын зүгээс 1,450,260,850 төгрөгийн төлөлт хийсэн болохыг талууд хүлээн зөвшөөрч маргаагүй.
Иймд хариуцагч ЭЖ, С.Ань 60,497,950 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй нь нотлогдоогүй тул төлбөрийг бүрэн төлсөн гэх хариуцагч талын тайлбар үндэслэлтэй гэж үзэв. Нэгэнт хариуцагч нь гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлсөн байх тул алданги 24,320,176 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Түүнчлэн, нэхэмжлэгчийн алданги шаардах үндэслэл болсон худалдах, худалдан авах гэрээний 3.2-д худалдан авагч нь гэрээний хугацаанд төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн 7 хоног тутамд 1 л шатахуун дээрх үнэ 50 төгрөгөөр нэмж тооцон худалдагч талд төлнө гэж заасан нь Иргэний хуульд нийцээгүй тул талууд алдангийн хувь хэмжээг гэрээгээр тохиролцож тогтоосон, хариуцагч нь алданги төлөх үүрэг хүлээсэн гэж үзэхгүй. Иймд Р ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
6.Нэгэнт хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн буюу худалдан авсан шатахууны үнийг бүрэн төлсөн, барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон тул автомашиныг барьцаанаас чөлөөлөхийг Р ХХК-иас шаардах эрхтэй ба нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн хувьд барьцааны зүйлийн өмчлөгч, эзэмшигчийн талаар маргаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 46-32УБР улсын дугаартай Хонда инсайт /Honda insight/ маркийн автомашиныг барьцаанаас чөлөөлж, бичиг баримтыг С.А-ийннэр дээр шилжүүлэн өгөхийг нэхэмжлэгчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
7.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 740,500 /460,500+280,000/ төгрөг, хариуцагч С.Агаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Р ХХК-иас 70,200 төгрөг гаргуулж хариуцагч С.Ад олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан зохицуулалтад нийцнэ.
8.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШЗ2022/00049 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар хариуцагч ЭЖ, С.Анарын эд хөрөнгө, мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн 84,817,776 төгрөгийн хэмжээгээр битүүмжилж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан байна. Дээрх захирамж нь мөн хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан 46-32УБР улсын дугаартай Хонда инсайт /Honda insight/ маркийн автомашиныг барьцаанаас чөлөөлж, бичиг баримтыг С.А-ийннэр дээр шилжүүлэн өгөхийг Р ХХК-д даалгаж, хариуцагч ЭЖ, С.А, Б.Бнарт холбогдох Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 84,817,776 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Р ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 740,500 төгрөг, хариуцагч С.Агаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Р ХХК-иас 70,200 төгрөг гаргуулж хариуцагч С.Ад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШЗ2022/00049 дугаар захирамжид заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь мөн хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ У.С