| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2022/00333/И |
| Дугаар | 146/ШШ2023/00022 |
| Огноо | 2023-01-19 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 146/ШШ2023/00022
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: багт оршин суух овгийн РД: *******/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: баг оршин суух ******* /РД: *******/-д холбогдох
26,528,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяа /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гандөш, нарийн бичгийн дарга Н.Ням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хариуцагч *******д холбогдуулан 26,528,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******* миний бие Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 2-р хорооны Орон зай худалдааны төвийн 3 давхарт С-3 тоотод байрлах Нано Шоп- гэх нөүтбоок оруулж ирж борлуулдаг газарт ажиллаж байх хугацаандаа энэ компанийн захирал Сайнаагийн хүү О.Баянсанд компанийн орлогоос над руу хий гэх бүрд нь удаа дараа 2021 оны 04 дүгээр сараас 2022 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд мөнгө шилжүүлсэн. Миний бие О.Баянсангийн Хаан банкны эзэмшлийн ******* тоот, ******* тоот данс руу байр түрээслэх гэж байна мөнгө төгрөгөөр туслаач, мөнгөний хэрэг гараад байна би эргүүлээд өгнө, би хувиараа бизнес хийнэ, хаус бариад түүнийгээ түрээслээд мөнгө олно, энэ ажилд туслаад мөнгө зээлээч гэх зэргээр олон удаа надаас мөнгө зээлсэн байдаг. Үүнээс хойш энэ байдал байнга давтагдаж надаас нэхэх мөнгөний хэмжээ хүртэл нэмэгдэж өгөхгүй бол хохь чин шүү гэх мэтээр дарамталсаар нийт 84 удаагийн үйлдлээр 2, 528,000 төгрөг авсан. Одоо би энэ хүнээс мөнгөө эргүүлж авах гэж олон удаа холбогдож холбоо тогтоох гээд чадахгүй хохирсоор байх тул арга буюу шүүхийн байгууллагад хандаж байна.
Иймд хариуцагч *******гаас 26,528,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож өгнө үү... гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч *******гаас 26,528,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгч ******* нь Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 2 р хорооны Орон зай худалдааны төвийн 3 давхарт С-3 тоотод хаягт байрлах Нано Шоп- гэх нөүтбоок оруулж ирж борлуулдаг газарт ажиллаж байх хугацаандаа энэ компанийн захирал Сайнаагийн дүү О.Баянсанд компанийн орлогоос над руу хий гэх бүрд нь удаа дараа 2021 оны 04 дүгээр сараас 2022 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд мөнгө шилжүүлсэн. Мөнгө шилжүүлэхдээ *******гийн Хаан банкны эзэмшлийн ******* тоот, ******* тоот данс руу байр түрээслэх гэж байна мөнгө төгрөгөөр туслаач, мөнгөний хэрэг гараад байна би эргүүлээд өгнө, би хувиараа бизнес хийнэ, хаус бариад түүнийгээ түрээслээд мөнгө олно, энэ ажилд туслаад мөнгө зээлээч гэх зэргээр олон удаа мөнгө зээлсэн байдаг. Үүнээс хойш энэ байдал байнга давтагдаж нэхэх мөнгөний хэмжээ хүртэл нэмэгдэж өгөхгүй бол хохь чин шүү гэх мэтээр дарамталсаар нийт 84 удаагийн үйлдлээр 26,528,000 төгрөг авсан. Энэ хүнээс мөнгөө эргүүлж авах гэж олон удаа холбогдож холбоо тогтоох гээд чадахгүй хохирсоор байх тул хариуцагч *******гаас 26,528,000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэв.
3. Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч ******* би нэхэмжлэгч *******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад энэхүү тайлбарыг гаргаж байна. Миний бие *******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч ******* нь надад 84 удаагийн үйлдлээр миний дансанд нийт 26,528,000 төгрөгийг шилжүүлэн зээлүүлсэн гэж нэхэмжлэлийг гаргасан. Миний бие *******тай 2020 оноос 2021 оны 02 дугаар сарыг хүртэл үерхэж, хайр сэтгэлийн холбоотой байсан ба түүний шилжүүлсэн мөнгийг би *******гийн хамт ойр зуурын хэрэгцээндээ хэрэглэдэг байсан бөгөөд ажлынхаа орлогын мөнгийг шилжүүлж байгаа гэж надад хэлдэггүй, цалингаасаа надад өгч байна гэж би боддог байсан. Миний бие ч мөн адил мөнгө авахдаа авч, өгөхдөө өгч хамтдаа байгаа мөнгөө хэрэглэж байдаг байсан ба би мөнгө зээлээч гэж нэг ч удаа албан ёсоор зээлж байгаагүй. Өрөө сайн дураараа над руу шилжүүлдэг, утсаа блок хийхээр хүртэл блокоо гарга гэх мэтээр гүйлгээний утга дээр бичиж мөнгө шилжүүлдэг байсан. 2022 оны 07 дугаар сарын эхнээс эхлэн харилцаагаа албан ёсоор тасалж, харилцахаа больж би Өвөрхангай аймгийн Хархорин сумандаа ирсэн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зээлийн гэрээг тодорхойлохдоо ...зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ... гэж заасан байдаг бөгөөд бидний хооронд тодорхой хугацаа тохирч буцаан төлөх үүргийг надад хүлээлгэж шилжүүлсэн зүйл байхгүй, зээлж авч байна гэж нэг ч удаа би ойлгоогүй, зээлдүүлж байгаа шүү гэж надад нэг удаа ******* мэдэгдэж байгаагүй, хариу төлбөргүйгээр надад шилжүүлэн миний банкны картын дансанд байгаа мөнгийг хамтдаа хэрэглэдэг байсан.
Иймд нэхэмжлэгч *******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гандөш шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Гандөш би хариуцагчаас олгосон итгэмжлэлийн дагуу хуралд оролцож байгаа. Анх нэхэмжлэгч нь 26,528,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байгаа. Зээлсэн тул буцааж авна гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Манай талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл 1-т ******* гэдэг хүн нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Учир нь тухайн нэхэмжлэлдээ болон сая шүүх хуралдаанд гаргасан тайлбарт яригдаж байна. Байгууллагын орлогын мөнгөнөөс захирлын дүү рүү мөнгө шилжүүлсэн гэж ярьж байна. Тэгэхээр шаардах эрх бүхий субъект нь байгууллага юм бишүү. Энэ 2 хүний хувьд үүрэг үүссэн үгүй нь нотлогдохгүй байна. 2-т хариуцагчийн тайлбар дээр харагддаг бид үерхдэг байсан, хайр сэтгэлийн холбоотой байсан гэдэг. Хамт энэ мөнгийг ашиглаад дуусгасан. Гэхдээ би тухайн үед *******г өөрийн цалингаас шилжүүлж байна гэж бодож байсан. Байгууллагын мөнгийг шилжүүлж байгаа гэж огт бодоогүй гэсэн тайлбарыг хэлдэг. Иймд хариуцагч ******* нь ганцаараа тэр мөнгийг аваад үрсэн гэдэг нь нотлогдохгүй байна. 3-т зээлсэн гэж ярьж байгаа боловч хуульд зааснаар үүрэг үүссэн юм байхгүй. Буцаан төлөх хугацаа тохироод шилжүүлсэн зүйл байхгүй. Дансны хуулгыг харахаар гүйлгээний утга дээр хайртай шүү, блокоо гарга, хүчтэй байгаарай, амжилт гэх мэтээр шилжүүлсэн байдаг. Иймд зээлийн гэрээ байгуулагдсан хоорондоо хэлцэл хийгдсэн эсэх нь үгүйсгэгдэж байна. 4-т сүүлдээ дарамталсан гэдэг зүйл ярьж байна. Гэтэл дарамталсан зүйл харагдахгүй байна. Дарамталсан бол цагдаагийн байгууллагад хэлээд шалгуулах эрх нь байгаа. Гэтэл өнөөдөр эргэлзээтэй, тодорхойгүй зүйлүүдийг яриад нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн компанийн орлогоос хий гэж хэлдэг байсан, компанийн орлогоос хийсэн гэж байна. Гэхдээ ганцхан *******гийн дансанд биш өөр олон хүний дансанд мөнгө хийсэн байдаг. Иймд эргэлзээтэй нөхцөл байдлууд харагдаж байна гэж үзэж байна. Мөн компанийн зүгээс шаардах эрхээ *******д шилжүүлсэн зүйл харагдахгүй байна. Ийм баримт хэргийн материалд авагдаагүй. Иргэний хуулийн 123 дугаар зүйлд зааснаар шаардах эрхээ шилжүүлэх тухай ажиллагаа хийгдээгүй зэрэг зүйл байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-5-52, 79, 89-193/-ыг шүүхэд гаргаж өгсөн байна.
6. Хариуцагчаас шүүхэд баримт шүүхэд гаргаж өгөөгүй.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...нийт 84 удаагийн үйлдлээр 26,528,000 төгрөг авсан. Энэ хүнээс мөнгөө эргүүлж авах гэж олон удаа холбогдож холбоо тогтоох гээд чадахгүй хохирсоор байгаа тул хариуцагч *******гаас 26,528,000 төгрөг гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон.
3. Хариуцагч ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж үгүйсгэсэн.
4. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тай гэрээ байгуулж, тэдний хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй, аливаа байдлаар төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч ******* нь өөрийн эзэмшлийн тоот данснаас хариуцагч *******гийн *******, ******* тоот дансанд 2021 оны 4 дүгээр сараас 2022 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд 26,528,000 төгрөг шилжүүлсэн болох нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Хаан банкны депотиз дансны дэлгэрэнгүй хуулгаар /хх 90-193/ тогтоогдож байна. Энэ үйл баримтад талууд маргадаггүй.
6. Хэрэгт авагдсан дээрх үйл баримтыг үндэслэн, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт ...Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй байна гэж заасны дагуу хариуцагч *******г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******гаас хүлээн авсан 26,528.000 төгрөгийг түүнд буцаан төлөх үүрэг хүлээнэ.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч *******гаас 26,528.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй гэж үзлээ.
7. Хариуцагч шүүх хуралдаанд ....*******тай 2020 оноос 2021 оны 02 дугаар сарыг хүртэл үерхэж, хайр сэтгэлийн холбоотой байсан ба түүний шилжүүлсэн мөнгийг би *******гийн хамт ойр зуурын хэрэгцээндээ хэрэглэдэг байсан бөгөөд ажлынхаа орлогын мөнгийг шилжүүлж байгаа гэж надад хэлдэггүй, цалингаасаа надад өгч байна гэж би боддог байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ******* гэдэг хүн нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Хариуцагч ******* нь ганцаараа тэр мөнгийг аваад үрсэн гэдэг нь нотлогдохгүй байна. Зээлийн гэрээ байгуулагдсан хоорондоо хэлцэл хийгдсэн эсэх нь үгүйсгэгдэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж тайлбарлаж мэтгэлцсэн хэдий ч тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-д заасны дагуу нотлоогүй байна.
8. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамж гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гаас 26,528,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 290,590 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 290,590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН