Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 64

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Оюунцэцэг,

Улсын яллагч: А.Амгалан,

Шүүгдэгч: Г.Баянмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зана овогт Гомбосүрэнгийн Баянмөнхөд холбогдох 1729000030007 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороо, Тахилтын 2-195 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Зана овогт Гомбосүрэнгийн Баянмөнх, /РД: ВЗ73102012/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Баянмөнх нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр буюу Цагаанхад гэх газарт “Грийнлэнд Ричис” ХХК-аас нүүрсний тээвэрлэлт хийлгэхээр итгэмжлэн хариуцуулсан 55-86 УНХ улсын дугаартай, Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуй, 150 литр түлшийг завшиж, орон нутгийн зах зээлийн үнэлгээгээр 1,313,000 /нэг сая гурван зуун арван гурван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Баянмөнх мэдүүлэхдээ: ”2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Ганц модноос Цагаан хад руу орж ирээд нэг цайны газрын гадна зогсож байхдаа өөрийн жолоодож явсан нүүрс тээврийн 55-86УНХ улсын дугаартай, Норд бенз маркийн тээврийн хэрэгслээс 2 ширхэг дугуй, 150 литр түлшийг авсан нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад ажлын хөлсөнд 200 юань өгөх дутуу байсан болохоор нь машинаас нь эд ангийг нь аваад зарж борлуулсан. Би дээрх тээврийн хэрэгслээр нийт 6 удаагийн нүүрс тээвэрт явсан.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-23 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Буянцэцэгийн өгсөн: “...тухайн газарт очиход манай компанийн 55-86 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 6 ширхэг дугуй, 2 ширхэг аккумлятор, 1 ширхэг данхраад алга болсон, 350 литр түлш нь алга болсон байсан. Тэгээд би шууд энэ талаар цагдаад мэдэгдсэн. ..цалин мөнгийг нь бүрэн бүтэн олгосон, сүүлийн ачилт хийхээр явах үед нь урьдчилгаа 600 юань авч гарсан. Тухайн алдсан зүйлсийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг жолооч Г.Баянмөнх, иргэн Д.Мягмардорж нар өөр өөрсдийн авсан зүйлсийн хэмжээгээр бүрэн төлж барагдууллаа. Компанид учирсан хохирол бүрэн төлөгдсөн тул эдгээр хүмүүсээс нэхэмжлэх зүйл, гаргах гомдол санал бидэнд байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Түмэнлхамын өгсөн:”...намайг очиход Баянмөнхийн машин гээд цагаан өнгийн нордбенз маркийн машины толгой хэсгийн арын 2 ширхэг дугуйг засвар гагнуур хийдэг ах өөрийн төрсөн хүүгийн хамтаар тайлж байсан. Тэгээд би Баянмөнхийн машинаас 100 литр түлшийг нь 100.000 төгрөгөөр худалдаж аваад явах гэтэл Баянмөнх 2 ширхэг дугуйг машин дээр өргөөд тавиад өг гэж хэлэхээр нь би Баянмөнхийн энэ 2 ширхэг Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн дугуйг Баянмөнх болон танихгүй махлагдуу бор залуугийн хамтаар бензин зөөдөг том оврын сэсчер маркийн тээврийн хэрэгсэл дээр ачиж өгөөд яваад өгсөн. Баянмөнх өөрийнхөө машинаас өөрийнхөө түлшийг өгч байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Цэрэнбаатарын өгсөн:”...танихгүй нэг бүдүүн ах ирээд “ та хэд нүүрс тээврийн автомашинаас 2 ширхэг дугуй тайлаад өг” гэж хэлэхээр нь би тэгье гээд Чимгээ эгчийн гэрийн зүүн талын айлын гадаа байсан Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн толгой хэсгийн арын 2 дугуйг тайлж аваад оронд нь запас 2 шихрхэг дугуйг буцааж хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Мягмардоржийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/

Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн дүгнэлт, үнэлгээний тайлан /хх-ийн 37-44 дүгээр хуудас/

Шүүгдэгч Г.Баянмөнхийн үйлдсэн хэргээ үгүйсгээгүй өгсөн мэдүүлэг:”...Би “Грийнлэнд Ричис” ХХК-ийн 55-86 УНХ улсын дугаартай Нордбенз маркийн машиныг Өвөрмонгол хөтөч Улаанцэцэгээс хүлээн аваад нүүрс тээвэрт 6 удаа явсан юм. Хамгийн сүүлд 2017 оны 6 дугаар сарын 21-нд нүүрс ачихаар Монгол руу орж ирсэн. Тэгээд Цагаан хаданд ирээд байж байтал надад Улаанбаатар явах ажил гарсан. Би Улаанцэцэг рүү утасдаж би үлдэгдэл цалингаа авъя хүн явуулж энэ машинаа ав гэж хэлсэн. Тэр үед миний авах ёстой цалингийн үлдэгдэл 1150 орчим юань болчихсон байсан. Улаанцэцэг та нүүрсээ ачуулаад хүрээд ир гэсэн. Тэгэхэд бороо орсоноос болоод уурхай нүүрс ачихгүй үе таарсан. Тэгээд би 150 литр түлшийг нь аваад 100 литрийг нь Түмээ гэдэг залууд 100.000 төгрөгөөр зарчихсан. 50 литрийг нь гуанзанд хоолны өрөнд өгсөн. Мөн машинаас хоёр запас дугуйг тайлж аваад толгойнд байсан сайн дугуйтай сольж, сольсон дугуйгаа хот руу явах сэстернд ачаад тэр машиндаа дайгдаад хот руу явсан. Би машиныг 3 дугаар постны ойролцоо аваачиж орхиод явсан. Тэгээд хотод очоод байж байтал Буянцэцэг гэдэг эмэгтэй над руу яриад машины 6 ширхэг дугуй, 2 аккумлятор, 350 литр түлш, дамкрат зэрэг нь алга болсон байна. Чи авсан гэж хэлсэн. Би бүгдийг нь аваагүй гэдгээ хэлсэн. Тэр бүгдийг алга болоогүй гэж бодоод дахин яриагүй хаячихсан юм. Тэр машинаас авсан зүйл миний авах ёстой цалинтай дүйнэ гэж бодсон. Тэгээд би мэдэхгүй явж байгаад цагдаад шалгуултал намайг эрэн сурвалжилж байсан тул би тэр даруй Цагаан хаданд ирж цагдаатай уулзсан. Би хот руу явахын өмнө зүс таньдаг Мягмардорж гэдэг залуугаар дугуй өргөлцүүлж туслалцуулсан, мөн машинаа постны дэргэд тавьчихаад Мягмардоржийн машинаар Цагаан хад руу хүргүүлсэн юм. Намайг хот явсны дараа Мягмардорж нөгөө машинаас нэмж 4 дугуй, 2 аккумлятор, дамкрат, түлш зэргийг авсан юм билээ. Би түүнд тэдгээрийг ав гэж хэлээгүй, тэр дураараа ийм зүйл хийсэн байсныг би сүүлд мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/

Шүүгдэгч Г.Баянмөнхийн хувийн байдлыг нотлох: урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар хуудас/

Шүүгдэгч Г.Баянмөнхийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн дэвтэр, хүүхдүүдийн төрсөний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 54-58 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017.08.30-ны өдрийн 1/954 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй эсэх лавлагаа, /хх-ийн 60 дугаар хуудас/

Шүүгдэгч Г.Баянмөнхийн арилжааны банкуудад хадгаламж, зээл, харилцах данстай эсэх мэдээлэл /хх-ийн 61-69 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Баянмөнх нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр буюу Цагаанхад гэх газарт “Грийнлэнд Ричис” ХХК-иас нүүрсний тээвэрлэлт хийлгэхээр итгэмжлэн хариуцуулсан 55-86 УНХ улсын дугаартай, Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуй, 150 литр түлшийг завшиж, орон нутгийн зах зээлийн үнэлгээгээр 1,313,000 /нэг сая гурван зуун арван гурван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.

Иймд шүүгдэгч Г.Баянмөнхийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасны дагуу ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн буюу гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Зана овогт Гомбосүрэнгийн Баянмөнхийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гомбосүрэнгийн Баянмөнхийг 2,800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баянмөнхөд оногдуулсан 2,800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 7 /долоо/-н сарын хугацаанд сар бүр 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Баянмөнх нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.Баянмөнх нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Г.Баянмөнхийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч “Грийнлэнд Ричис” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Буянцэцэг нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Баянмөнхөд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Баянмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН