Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 110/ШШ2023/0011

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш би Д.А итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох, “Малчин Д.А өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, Д.А 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М шүүхэд гаргасан хүсэлтдээ:

 

“Алтай сумын иргэн Д.А нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөр оролцож байгаа би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ингэхдээ тэтгэвэр  тогтоож, олгох хугацааг шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тооцож олгох боломжтой. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчээс анх тус шүүхэд “Малчин Д.А өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, Д.А 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах”  шаардлагатай нэхэмжлэлийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  хариуцагч талаас “...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ингэхдээ тэтгэвэр тогтоож, олгох хугацааг шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тооцож олгох боломжтой” гэсэн тайлбар ирүүлсэн ба нэхэмжлэгч талаас “Д.А 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг “2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах” гэж багасгасан болно.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

            Дээрх байдлаар “Малчин Д.А өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, Д.А 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч талаас хүлээн зөвшөөрсөн тухайгаа шүүхэд бичгээр илэрхийлсэн бөгөөд энэхүү хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь  хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан  нэхэмжлэгч Д.А итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С “Малчин Д.А өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, Д.А 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгахнэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Нийгмийн даатгалын хэлтэс бүхэлд нь  хүлээн зөвшөөрснийг баталж, Д.А итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд   шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

                                            ШҮҮГЧ                                         С.ЕРКЕШ