Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 07

 

Ц.С нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

       Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 133/ШШ2019/00013 дугаар шийдвэртэй,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3 дугаар баг, Сутай хороо 6 дугаар гудамж, 2 тоотод оршин суух, Жалайр овогтой Ц С нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ, орон нутгийн төсөвт үйлдвэрийн газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, хариуцагч М.З, түүнийн өмгөөлөгч М.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.С би 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 24 дугаартай Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын даргын тушаалаар аймгийн Засаг даргын тамгын газрын 3 дугаар байрны харуулаар томилогдон ажиллаж байгаад 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/20 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халагдсан. Манай байгууллагын дарга нь намайг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ удаа дараа ажлын байран дээр ирж удирдлагатай зүй бус харьцаж танхайрсан гэж худал үндэслэлгүй зүйлээр ажлаас халж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир гомдол гаргаж байна. Иймд Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/20 дугаартай тушаал үндэслэлгүй болохыг тогтоож намайг урьд эрхэлж байсан Засаг даргын тамгын газрын 3 дугаар байрны харуулын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг олгуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/20 дугаартай тушаалаар удаа дараа ажлын байранд ирж удирдлагатай зүй бусаар харьцаж танхайрсан  гэдэг үндэслэлээр ажлаас халсан байдаг. Үндсэндээ бол Хөдөлмөрийн тухай хуулийн удаа дараа зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ц.С зүгээс удаа дараа ийм асуудал гаргаагүй. Дарга бид хоёрын хооронд таарамжгүй харилцаа байсан. Энэ харилцаанаас болоод бид хоёр хэрэлдэж муудалцах зүйл бол байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл бол байхгүй байсан. Ажлын байран дээр  цагдаа ирээд чи  эрүүл  юм байна. Яагаад ингээд асуудал гаргаад байгаа юм гэж байсан. Тэр үед нь дарга бид хоёр хэрэлдээд, дарга намайг хэл амаар доромжлоод  байдаг байсан. Түүнтэй нь холбоотой ганц, хоёр үг хэлсэн чинь цагдаа дуудсан гэдэг талаар нь хэлж байсан. Тухайн өдөр нь эрүүл байсан учраас  цагдаа авч яваагүй, эрүүлжүүлээгүй. Удаа дараа гэдэг асуудал бол байхгүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хувьд хэргийн материалтай танилцаж байх үед 03 дугаар сарын 7-нд сануулах арга хэмжээ авсан тушаал гарч ирсэн. Энэ тушаалтай холбоотой Ц.С асуухад ийм тушаал над дээр гарч  байгаагүй. Урьд нь надад танилцуулж байгаагүй. Ямар учраас энэ тушаалыг гаргасан юм. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг байдлаар хандсан. Энэ тушаал нь тухайн зөрчлийг нотлоогүй байсан учраас итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд тухай тушаалыг нотолж чадаагүй  учраас хэлэлцэхгүй орхиж байна. Энэ тушаалыг нөхөж гаргасан байх боломжтой. Тухайн тушаалтай холбоотой тайлбарыг хавсаргасан байгаа. Энэ тайлбарыг харуулахад миний бичиг, гарын үсэг  бол биш гэдэг тайлбар хэлсэн. Нэхэмжлэл болон хөдөлмөрийн гэрээн дээр байгаа гарын үсэгтэй тулгаад үзэхэд  Ц.С гарын үсэг тайлбар хоёр нь тэс өөр байна. Баримтууд бол иймэрхүү байдлаар ирж байна гэдгийг хэлэхийг хүсэж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч М.Зандраа шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Энэ нэхэмжлэл бол худлаа байна. Энэ нь нотлох баримттай гэрчтэй байгаа. Үүнийг бол хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 03 дугаар сарын 7-ны өдөр арга хэмжээ авагдахад  н.Ганхүрэл гуай бол хамт байсан. Энэ хүнийг захиргааны 3 дугаар байранд жижүүрт гарч байхад нь Ц.С нь архи авч ирээд хувааж уугаад н.Ганхүрэл гуай өөрөө хүсэлтээ өгөөд ажлаасаа халагдаад явсан. Энэ талаар тэр хүн бол  сайн мэднэ.  Гар бичмэлийг  бол Ч.Б, Ш., Ц.С нар нь Ерөнхий сайдыг ирсэн байхад талбай дээр орилж авир гаргасан. Энэ дээр бол би энэ гурваар гар бичмэлийг бичүүлж аваад  хэрэгт өгсөн. Нөгөө хоёр хүнийг нь дуудаад асуухад хөдөлшгүй нотлох баримт болно. Энэ гар бичмэлийг бичихдээ бол манай нягтлан, нярав нарын өрөөнд сууж байгаад бичсэн. 10 сард бол ажлын бус цагаар засвар үйлчилгээ, өвөлжилтийн бэлтгэл хийгээд манай ажилчид бүгд байсан. Тэр үед  Ц.Сансар нь гаднаас согтуу орж ирээд юм цохиж авч байгаа нь бичлэг дээр байгаа, миний гарыг хөхрүүлж хувцас урсан байсан. Би хүн чанар гаргаад шүүх эмнэлэг дээр очиж үзүүлээгүй. Бичлэг дээр бүх зүйл нь тодорхой бичигдсэн. Энэ хүнд бол итгэл үзүүлж байсан. Аймгийн Засаг даргын тамгын газрын жолооч нар амралттай байхад хөдөө ажлаар явах шаардлагатай болсон үед нь бүрэлдэхүүнд оруулж ажиллуулж байсан. Аймгийн Засаг даргын тамгын газар шинэ машин авах гэж байна. Чи наад архи, дарсаа боль, ажлын машин дээр ажиллахад чи тохиромжтой хүн. Мэргэжлээ дээшлүүл гэж зааж зөвлөж байсан. Наадмаар Улаанбаатар хотоос хадмууд ирсэн байна. Унаа хэрэгтэй байна гэхэд нь 7171 дугаартай авто машиныг унуулж байсан. Тэр үед Ц.С нь согтуу ирсэн. Хүнийг ганцхан муу талаас нь яриад байхгүй. Ц.С бол ажилд бол сайн. Нэг гэм нь архи уухаараа хэд хоногоор уудаг. Сая халагдсаны дараа 8 хоног архи уусан. Би тушаалыг нь гаргахгүй 7 хоносон. Сая газрын албаны ажлыг санал болгосон. Манай ажилчид бүгд мэдэж байгаа, би хэр зэрэг засрах бол гэж хараад байж байтал дахиад л асуудал гаргасан. Өмнө бол надтай маргалдах үед эхнэр нь ирж авсан. Би энэ хүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх зүйл, дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, Монгол улсын Ерөнхий сайдын албан даалгавар зэргийг үндэслэл болгон ажлаас халсан. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга харуулын ажлыг чангатгах талаар хурал дээр  үүрэг даалгавар өгсөн. Нэхэмжлэгчийн удаа дараа архидан согтуурч байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг би бол хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хүн бол удаа дараа ийм үйлдэл гаргасан. Ц.С бол хамт олны дунд нэр хүнд бол сайн биш, дээрэнгүй зантай. Ц.С нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц С урьд эрхэлж байсан ажил болох Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын 3 дугаар байрны харуулын ажилд эгүүлэн тогтоож. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ, орон нутгийн төсөвт үйлдвэрийн газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.188.280 төгрөгийг гаргуулан Ц.С олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Ц.С нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ, орон нутгийн төсөвт үйлдвэрийн газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.188.280 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 33.069 төгрөг нийт 103.269 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч М.З давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ц.С нэхэмжлэлтэй иргэний хэргийг анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хууль зүйн үндэслэлгүйгээр шүүхийн шийдвэрийг гаргасан. Байгууллагын даргын хувьд аргагүй байдалд удаа дараа орж байсан. Учир нь нэхэмжлэгч Ц.С нь удаа дараа ажлын байранд архидан согтуурч, улмаар сахилгын арга хэмжээ хүртэл авч байсан. Энэ талаар баримт хэргийн материалд байгаа болно. Мөн баримт болох CD-ний бичлэг ирүүлсэн байхад Ц.С нь хэн нь тодорхойгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Ажлын байранд ажилчид согтуугаар ирж агсам тавьдгийг анхан шатны шүүх өөгшүүлэн нэг талыг барьж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Мөн шүүх 2019 оны 01 дүгээр сарын 7-нд хуралдсан байхад 01 дүгээр сарын 27-ний өдөр шийдвэрийг гарын үсэг зурж баталгаажуулан надад гардуулсан. Хариуцагч миний бие удаа дараа очиж сураглаж байж шийдвэрийг авсан болно. Хариуцагчийн төлөөлөгч М.З би нэхэмжлэгч Ц.С хөдөлмөрийн хууль, дотоод журам, хөдөлмөрийн гэрээ зэргийг үндэслэн Ц.С удаа дараа гаргасан зөрчилд хууль зүйн дагуу тушаал гарсан болно. Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 133/ШШ2019/00013 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Ц.Сансарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй байна.

 

Ц.С Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Засаг даргын тамгын газрын 3 дугаар байрны жижүүрийн үүрэгт ажлаас чөлөөлснийг эс зөвшөөрч улмаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Ажил олгогч нэхэмжлэгчийг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.23 дахь заалт, 7 дугаар зүйлийн 7.2.4 б заалтуудыг тус тус удирдлага болгож, нэхэмжлэгч Ц.Сансарыг ажлаас халсан үндэслэлээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ удаа дараа ажлын байран дээр ирж удирдлагатай зүй бус харьцаж танхайрсан учраас түүнийг ажлаас халсан гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгч Ц.С ажлын цагаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ удаа дараа ажлын байран дээр ирж удирдлагатай зүй бусаар харьцаж танхайрсан болохыг нотлохоор хэрэгт Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 7-ны өдрийн Б/06 дугаартай “Ц.С арга хэмжээ авах тухай” тушаалын хуулбар, Нийтлэг үйлчилгээний газрын ажилчдын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэл, хөдөлмөрийн дотоод журам, CD бичлэг зэрэг нотлох баримтыг шүүхэд ирүүлжээ.

Шүүхээс хариуцагч нь нэхэмжлэгч Ц.С архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ удаа дараа ажлын байран дээр ирж удирдлагатай зүй бусаар харьцаж танхайрсан гэх зөрчлийг байгууллагын хүрээнд хамт олны хурлаар хэлэлцэж тогтоогоогүй, мөн Ц.С гаргасан гэх зөрчлүүд тушаал гаргах үед тус бүрдээ тогтоогоогүй буюу тушаал эрх зүйн үндэслэлтэй гарсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж дүгнэн нэхэмжлэгч Ц.С урьд эрхэлж байсан аймгийн Засаг даргын тамгын газрын 3 дугаар байрны жижүүрийн ажилд эгүүлэн тогтоожээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлж, хариуцагчийн төлөөлөгч хавтаст хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн CD-г шинжлэн судлуулахаар /х/х-ийн 67 дугаар хуудас/ хүсэлт гаргасан байхад уг хүсэлтийг шийдвэрлээгүй CD бичлэг түүнд авагдсан мэдээллийн талаар мэтгэлцэх боломжоор хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5- д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 133/ШШ2019/00013 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт  зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103.270 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.БАТТОГТОХ

 

                                               ШҮҮГЧИД                              Ч.ЭНХТӨР

 

                                                                                              Т.ЖАРГАЛСАЙХАН