Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/19

 

 

 

 

Н.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Б.Д /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч: Н.Г /зайнаас цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Э /зайнаас цахимаар/,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Ариунжаргал нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/31 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Н.Г-д холбогдох, эрүүгийн 2120000000013 дугаартай, 1 хавтас, 205 хуудас бүхий хэргийг прокурор Б.Д-ийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын * дугаар баг, ** дугаар хэсгийн ** тоотод оршин суух 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 5 жил, 1 сарын хорих ялаар шийтгүүлж, өршөөлд хамрагдаж байсан, И овогт Н-ийн Г-д холбогдуулан Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Д-оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Н.Г нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 3 дугаар багийн нутаг Аргалын-Уул гэх газарт нутаглах иргэн Х.М-ын гэрт зэвсгийн чанартай зүйл болох хайчаар нөхөр У.Б-ийн зүүн бугалгад 1 удаа зүсэж, гэдсэн тус газарт 1 удаа хатгаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж,

 

Шүүгдэгч И овогт Н-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрт нь хүч хэрэглэсэн хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-ийн Г-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-д оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.9 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар ирсэн 2 ширхэг хайчийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж,

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдаж хорьж,

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

            Прокурор Б.Д эсэргүүцэлдээ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэг учрал болох үед хохирогч У.Б нь Н.Г-тай харилцан маргалдаж, улмаар түүний хоолойг боож унагахад Н.Г нь гэрийн баруун урд талд байсан хайчийг авч, У.Б-ийн зүүн мөрөн тус газарт зүссэн, мөн тухайн үед гэрийн эзэн болох Х.М нь дундуур нь салгаж холдуулахад Н.Г нь түүний араар тойрч гүйгээд гэрийн хойд талд байсан хайчийг авч, У.Б-ийн гэдсэн тус газарт хатгаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч У.Б-ийн “...М-ын гэрт ортол манай эхнэр чи хүүхэд загнаж архи нэхлээ гээд уурласан бөгөөд би бас архи уусан байсан учраас зарим зүйлийг санахгүй байна. Нэг мэдэхэд манай эхнэр гартаа хайч барьчихсан миний гэдэсний хэсэгт хайч шаачихсан зогсож байсан. Би тэр дороо сөхөрч суугаад гэдсээ барьтал миний гэдэснээс цус гарч байсан бөгөөд би хэсэг хугацаанд гараараа бариад сууж байгаад хартал цус гоожихоо больчихсон байсан. Эхнэртэйгээ маргалдаж эхнэрийгээ нэг удаа түлхсэн өөрөөр бол цохиж зодсон зүйл байхгүй... манай эхнэр Г хайчаар миний зүүн бугалганы хэсэгт нэг удаа зүссэн, мөн гэдсэн тус газарт хайчаар нэг удаа шаасан... хайч миний хэвлий хэсэгт 7 см гүн орсон байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34-р хуудас/,

Гэрч Г.С-ын “...би ээжээс юу болсон юм бэ гэсэн чинь манай ээж аавыг чинь намайг боогоод байхаар нь ээж нь уурандаа хайчаар дүрсэн гэхээр нь би та яаж байгаа юм бэ гээд маш хурдан сумын түргэн тусламж дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/,

Гэрч Х.М-ын “... хоорондоо маргалдаж Б эхнэр Г-ыг гэрийн үүдэнд боож унагасан, би тэр хоёрыг очиж салгатал намайг тойрч гараад хэд хэдэн удаа зүссэн, тэгэхэд нь би дахин салгаад Б-г хартал гэдэсний хэсгээс нь цус гоожиж байгаа харагдсан, тэгээд би гэдсийг нь даавуугаар боож өгөөд байж байтал тэр хоёрын охин С гэрт орж ирээд аав, ээж хоёрыгоо аваад гэр рүүгээ явцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогддог болно.

Гэтэл шүүхээс Н.Г-ын үйлдлийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх ба учир нь хэргийн үйл баримтаас харвал шүүгдэгч Н.Г-ын сэтгэл санаа цочрон давчидсан гэж үзвэл Н.Г-ын хоолойг боож унагаах үед хохирогч У.Б-ийн гарын зүүн бугалгыг зүссэн үеийг хэлнэ.

Харин гэрийн эзэн болох Х.М-ыг салгаж холдуулсны дараа Н.Г нь түүний араар тойрч гүйгээд гэрийн хойд талд байсан хайчийг аваад У.Б-ийн гэдсэн тус газарт хатгаж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай үйлдэл юм. Энэ үед хохирогч У.Б-ийн зүгээс ямар нэгэн үйлдэл хийгээгүй тул хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Хэрэв давж заалдах шатны шүүх нь Сум дундын шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байгаа бол тус сум дахь Сум дундын шүүхээс Н.Г-ын хувийн байдал тэр дундаа урьд 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 91 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Өршөөлийн тухай хуульд хамрагдаж байсан үйлдэлд Н.Г нь мөн л зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулж байсан, нөхөр У.Б-ийн хамтаар удаа дараалан архидан согтуурч, улмаар хэрэг прокурорт хянагдаж байх явцад Замын-Үүд суманд албадан авч ирж, драгер үлээлгэн эрүүлжүүлэх байранд оруулж эрүүлжүүлэгдэж байсан, мөн хохирогч У.Б-д эмнэлгийн тусламж үзүүлээгүй, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан зэрэг үйлдлүүдэд дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ял шийтгэл хөнгөдсөн нөхцөл байдлыг давхар анхаарч үзэх нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” бөгөөд хууль зүйн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байна.

Иймд Н.Г-д холбогдох Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/31 дугаартай шйитгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг Замын-Үүд сум дахь сум дундын шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эсэргүүцэл бичсэн” гэв.

 

Шүүгдэгч Н.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай нөхөр архи уугаад би ингэсэн. Би одоо цааш нь яг юу болсныг сайн санахгүй байна. Нөхөр архи уугаад зодож нүддэг. Тэр хар хайчийг би барьсан нь үнэн. Гарыг нь тавиулах гээд тавиулж чадахгүй байсан. Дараа нь юм тэмтэрч байтал гарт хайч таарсан, бугалгад нь зүссэн. Дараа нь юу болсныг би сайн санахгүй байна” гэв.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Н.Г-ын үйлдлийг гэм буруугийн санаатай үйлдэл, зүйлчлэл үндэслэлгүй гэж байна. Гэтэл бодит байдал хохирогчид боолгуулсны улмаас ухаан балартаж нөхөр У.Б-ийн хэвлийн тус газар хайчаар хатгасан байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд нөхөр У.Б шүүгдэгчийн үснээс татаж унагаагаад цээжин дээр нь өвдөглөж байгаад бооход нь ухаан балартаад гараараа газар тэмтэртэл хайч таарсан түүнийг аваад би баруун бугалгыг зүссэн тэгээд цаашид юу болсныг мэдээгүй, их айсан миний ухаан санаа балартсан нэг мэдэхэд хайчаар хатгасан байдаг гэж мэдүүлдэг. Мөн Н.Г-ын цээжинд нь хөхрөлт бүхий цээжний цус хуралт гэх гэмтэл шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа. Иймд Н.Г-ын хувьд өөрт хүч хэрэглэсэн хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгч өөртөө хяналт тавих боломжоо алдаж хүнд гэмтэл учруулсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг болсон шалтгаан нөхцөл сэдэлт хохирогчийн зүй бус үйлдэлтэй шууд холбоотой бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа. Прокурор гэрч М, С мөн хохирогчийн мэдүүлгийг үндэслээд эсэргүүцэл бичсэн байдаг. Гэтэл тухайн үед болсон явдал ерөөсөө гэрч М шүүгдэгч хоёр нийлээд 0.75л, 0.5л 2 шил архи уусан байдаг бөгөөд яг тухайн үйл явдалдаа үнэн зөв дүгнэлт хийж мэдүүлэг өгсөн эсэхэд эргэлзээ төрүүлдэг. Өөрөөр хэлбэл М гэрчээр мэдүүлэг өгөхдөө У.Б-ийн зүүн мөрөнд 1 удаа мөн хэвлий тус газарт нь хэд хэдэн удаа зүссэн гэдэг мөн охин нь орж ирээд намайг авч явсан гэж мэдүүлдэг. Гэтэл гэрчээр мэдүүлэг өгсөн охины хувьд бол аавыг орж аваагүй тухайн үед гэртээ байсан гэж мэдүүлдэг. Хохирогчийн хувьд мөн тухайн үед болсон явдлын талаар мэдүүлэг өгөхдөө зарим зүйлээ санахгүй байна М согтоод унтсан байх үед өөрөөр хэлбэл гэрч нь согтоод унтсан байх үед эхнэр агсам тавиад байхаар нь заамдаж авсан чинь миний хэвлийн хэсэг рүү хатгах шиг болсон гэж мэдүүлдэг. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр ганцхан гэмтлийн хүнд зэргийг тогтоосон байдаг. Гэрч М-ын өгсөн мэдүүлэг эргэлзээ төрүүлж байгаа. Гэрч зүүн мөр, гэдэс нь тус газар хэд хэдэн удаа зүссэн гэж мэдүүлдэг ч шинжээчийн дүгнэлтэд хэвлийн хөндийнд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн цус хурсан гэмтэл тогтоогдлоо энэ нь нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ зөвхөн нэг удаагийн үйлчлэлээр буюу нэг удаа хатгаад үүссэн шарх гэж шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Мөн гэрч зүүн мөрөнд, хохирогч зүүн бугалганд, шүүгдэгч зүүн мөрөнд, баруун мөрөнд гээд өөр өөрөөр мэдүүлэг өгсөн байгаа. Хэрэв өөр өөр мэдүүлгийн зөрүүг гаргахын тулд мөрөнд үзлэг хийгээд гэмтлийн зэргийг тогтоосон бол мэдүүлгийн зөрүү арилах боломжтой байсан. Прокурор эсэргүүцэлдээ зүүн мөр гэж нэг бичээд зүүн бугалга гэж нэг бичээд яллах дүгнэлтэд зүүн гарын бугалга гэж гурван өөр янзаар бичсэн байгаа. Гэрчийн мэдүүлэгт байдаг охин орж ирээд авсан гэдэг боловч охин байгаагүй зөвхөн хохирогч, шүүгдэгч, гэрч М энэ гурван хүн тухайн болсон үйл явдлыг мэдэх бодит үнэнийг гэрчилж мэдүүлэг өгөх хүмүүс гэтэл охин ирж авсан гэж мэдүүлдэг ч энэ нь хэрэгт авагдсан мэдүүлгээр охин бол тухайн үед ирж аваагүй гэртээ унтаж байсан. Хохирогч тухайн үед гэдсээ барьсан цус гарсан гэж мэдүүлэг өгсөн мөн М цус гараад байхаар нь даавуугаар боосон гэж мэдүүлдэг. Үнэхээр даавуугаар боосон юм бол мөн хохирогчийн зүүн мөрөнд зүссэн юм бол тэдгээр ул мөр үлдсэн гэх бохирлогдсон даавуу мөн зүсэгдсэн гэсэн хувцсыг хураан авч хайчинд ул мөр үлдсэн цусыг шинжлээд мэдүүлгийн зөрүүг гаргах боломжтой байсан. Тэгсэн бол өнөөдөр шүүгдэгчийн зүйлчлэл дээр маргахгүй байсан юм болов уу гэсэн бодолтой өмгөөлөгчийн зүгээс дүгнэлт гаргаж байгаа. Прокурор санаатай үйлдсэн гэлээ гэтэл хүнд гэмтэл учруулах, санаа сэтгэл цочрон давчдах гэх хоёр гэмт хэрэг нь ерөнхийдөө объект объектив, субъект субъектив хоёулаа адилхан. Гэвч санаа сэтгэл цочрон давчидсаны улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргийн сэдэлт нь шууд хохирогчийн зүй бус үйлдэлтэй холбоотой хоромхон зуур үүсээд хохирогчид гэмтэл учруулдаг өөрөөр хэлбэл өөрийн үйлдлийг тухайн үед хяналт тавих боломжоо алдаад үйлдэгддэг. Гэтэл санаатай үйлдэл нь өөрийнхөө үйлдлийг ухамсарлаад хүсээд зориуд хор уршиг учруулснаараа ялгагддаг. Иймд тухайн болсон явдалтай уялдуулаад дүгнэлт гаргахад хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас өөртөө хяналт тавих боломжоо алдаад хүнд гэмтэл учруулсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Прокурор сэтгэцийн байдлыг шалгуулах байсан гэж ярилаа сэтгэцийн байдлыг прокурор мөрдөн байцаалтын шатанд өөрсдөө тогтоох үүрэгтэй мөн хувийн байдлын тал дээр шүүгдэг урьд өмнө нь гэмт хэрэг үйлдэж шийтгүүлж байсан боловч тухайн үедээ өршөөлд хамрагдаад эрүүгийн хариуцлага нь дуусгавар болсон. Энэ бол эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй мөн ял шийтгэл хөнгөдсөн гэж байгаа гэтэл сэтгэл санаа цочрон давчидсаны улмаас гэмтэл учруулах, санаатай гэмтэл учруулах хоёр өөр ойлголт бөгөөд шүүх гэмт хэрэг гарсан нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийгээд санаа сэтгэл цочрон давчидсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн, санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн ялаас хөнгөрч ирэх учиртай. Иймд анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хууль бус үйлдэл, урьд өмнө хохирогч шүүгдэгчид удаа дараа гэмтэл учруулж байсан гэмтэл учруулаад шүүхээр шийтгүүлж байсан нөхцөл байдал мөн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргээр бүх талаас нь дүгнэлт хийж тогтоол гаргасан. Иймд анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй бөгөөд бодит байдалтай бүрэн нийцсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Бүрэн нийцсэн боловч ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг харгалзан үзээгүй эрх зүйн байдлыг дордуулж 6 сараар хорих ял оноосон байгаа. Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан болон бусад нотлох баримтуудын хүрээнд шинжлэн судлаад мөн шүүгдэгч нь тодорхой хэмжээгээр анхан шатны шүүхийн тогтоол гарсны дараа цагдан хоригдож байх хугацаандаа тодорхой хэмжээгээр дүгнэлт хийж цаашид алдаагаа давтахгүй гэсэн өмгөөлөгчийн найдлага төрж байгаа. Энэ үндэслэлүүдийг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал зүйлчлэлийн хувьд ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил хүртэлх хугацаагаар тэнсэж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/31 тоот шийтгэх тогтоолтой эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Учир нь: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын прокурор Б.Д-ийн эсэргүүцэлд үндэслэн түүнд бичигдсэн үндэслэлүүдэд хязгаарлагдалгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Г нь 2021 оны 02 дугаар сарын 01-ны шөнө нөхөр У.Б-г хайчаар мөрөн тус газар нь нэг удаа, гэдсэн тус газар нь нэг удаа тус тус хатгаж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндий нэвтэрсэн шарх, бүдүүн гэдэсний уруудах хэсгийн хутгалагдсан шарх, хэвлийн ар хананы цусан хураа бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан үйл баримт болсон болох нь тогтоогдсон тул анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, түүнийг өөрт хүч хэрэглэсэн хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон  анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн ба тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн шинжлэн судалбал шүүгдэгчийн нөхөр У.Б нь хажуу айлын хүн  Х.М-тай түүний гэрт нь 0.5 л, 0.75 л 2 шил архи ууж согтсон үедээ гэртээ орж хэрүүл маргаан үүсгээд байсны улмаас Н.Г хажуу айл Х.М-нд ороод байж байтал нөхөр нь араас орж ирж хэрүүл маргаан үүсгэж улмаар түүнийг газарт унагаж боосон,  М салгасан ба  Г босч ирээд хайчаар нөхрийнхөө мөрөн тус газар нь 1 удаа хатгасан,  дахин салгасан үед гэрийн нөгөө талаас хайч авч нөхрийнхөө гэдсэн тус газар нь хутгалсан болох нь шүүгдэгчийн өөрийнх нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ ... унтаж өгөхгүй болохоор нь ... М ахын гэрт ороод сууж байтал нөхөр Б араас орж ирээд намайг үүдэнд боогоод, ... тэгээд би аргаа бараад гараа хөдөлгөтөл гарт хайч баригдсан бөгөөд хайчаар Б-ийн баруун мөрний хэсэгт зүссэн, тэгтэл М ах бид 2-н дундуур орж ирээд салгасан, тэгээд би М ахыг тойрч гараад гэрийн баруун хойно байсан хайчийг дахин авч Б-ийн хэвлийн тус газарт 1 удаа хатгасан, хэсэг хугацаанд миний ухаан балартчихсан байсан /хх-ийн 16-17, шүүх хуралдааны тэмдэглэл/,  гэрч Х.М-ын “ ... Г манай гэрт орж ирээд сууж байтал араас нь нөхөр нь гэрт орж ирээд хоорондоо маргалдаж байгаад Б эхнэр Г-ыг гэрийн үүдэнд боож унагасан, би тэр 2-ыг очиж салгатал Г газраас босож ирэхдээ гэрийн хананд байсан хайчийг аваад Б-г зүүн мөрөнд 1 удаа зүссэн, би Г-ыг барьж аваад салгатал намайг тойрч гараад гэрийн хойно байсан хайчийг дахин авч нөхөр Б-ийн гэдэс нь тус газар хэд хэд зүссэн” /хх-ийн 21-22/ гэсэн мэдүүлэг,  шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 8-ны 02/081 тоот дүгнэлтээр шүүгдэгч Н.Г-ын биед цээжний цус хуралт бүхий гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл тогтоогдсон /хх-ийн 51/,  2021 оны 02 дугаар сарын 05-ны 04/36 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч У.Б-ийн биед хэвлийн хөндий нэвтэрсэн шарх,  бүдүүн гэдэсний уруудах хэсгийн хутгалагдсан шарх, хэвлийн ар хананы цусан хураа бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан /хх-ийн 46-47/  зэргээр тус тогтоогдсон ба хохирогч У.Б архи ууж согтсон үедээ эхнэр Н.Г-ыг газар унаган хоолойг нь боож эрх чөлөөнд нь халдсаны улмаас тэрээр сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автан сэтгэхүйн хэвийн байдал алдагдаж,  шүүгдэгч өөрийгөө удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсны улмаас гэмт хэрэг үйлдэх санаа гэнэт үүссэн нөхцөл байдал бий болжээ гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Мөн хохирогчийн зүгээс гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь 2008 оны 07 дугаар сарын 18-ны Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр  шүүхийн 76 тоот шийтгэх тогтоол, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.

 

Эдгээр нөхцөл байдлын улмаас шүүгдэгч Н.Г-ын нөхөр У.Б-г хайчаар хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэл нь “өөрт нь хүч хэрэглэсэн хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол”  гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1-д заасан гэм буруутайд тооцох үйлдлийн шинжид нийцсэн.

 

Анхан шатны шүүхээс прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэх нөхцөл тогтоогдоогүй гэж үзэж хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь үндэслэлтэй, зөв болсон.

 

Анхан шатны шүүх шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудад үндэслэн 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон шударга ёсны зарчимд нийцсэн, хүнд биш ял байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

                     Иймд эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх,  прокурорын  “... анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй,  ... анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзвэл шүүгдэгчийн ялын байдал тохироогүй” гэсэн агуулга бүхий үндэслэлүүдээр гаргасан эсэргүүцэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

                     Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/31 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Д-ийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Н.Г-ын цагдан хоригдсон 54 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

                                           

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                                                                                                                             

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                                      А.САЙНТӨГС