| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2022/02091/И |
| Дугаар | 184/ШШ2023/00542 |
| Огноо | 2023-01-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 184/ШШ2023/00542
| 2023 оны өдөр | 01 сар 31 р 184/ШШ2023/00542 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга. Хаяг: Өмнөговь аймаг, Гурвантэс сум,Засаг даргын тамгын газрын байр
Хариуцагч: Жамбал овогт Дашнамсрайн Хишигсүрэн /РД: ЧН70081667/ Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москвагийн гудамж, 21 дүгээр байр, 130 тоот
Зээлийн гэрээний үүрэгт 11,875,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ундрах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Азжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Хишигсүрэн нь 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд хэрэгжиж байсан “Мак Дэд сан” төслийн дагуу Сум хөгжүүлэх сангаас жилийн 3 хувь 1 сарын 0,25 хувийн хүүтэй 10,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатайгаар авч, зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр дуусгавар болсон байна. Энэ хугацаанд зээлдэгч Д.Хишигсүрэн нь 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зээлийн хүү, үндсэн төлбөрт нийт 50,000 төгрөгийг төлсөн байна. Иргэн Д.Хишигсүрэн нь 2014 оны 6 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 237,500 төгрөг, алданги болох 1,637,500 төгрөг, нийт 11,875,000 төгрөгийг тус тус төлөөгүй, мөн хэмжээгээр төрд хохирол учраад байна. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргаас Прокурорын байгууллагыг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргуулах, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар хүсэлт ирүүлсний дагуу тус Прокурорын газраас төрийг төлөөлж, Прокурорын тухай хуулийн 41 дүгээр 41.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ба иргэн Д.Хишигсүрэнгээс зээлийн гэрээний үлдэгдэл 11,875,000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн хөөн хэлэлцэх ерөнхий зохицуулалт нь 10 жил байдаг. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байх тул Д.Хишигсүрэнгээс зээлийн гэрээний үлдэгдэл 11,875,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Хишигсүрэн нэхэмжлэлийн шаардлагаар шаардаж байгаа мөнгийг төлөхөөс татгалздаг. Учир нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иргэний хуульд заасан ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байдаг гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэллээ. Тусгайлсан зохицуулалтыг нэхэмжлэгч талаас дурдсангүй. Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэсэн тусгайлсан зохицуулалт байдаг. 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хариуцагч Д.Хишигсүрэн зээл авсан. Зээл авсан асуудлаар хариуцагч талаас маргадаггүй. Маргаж байгаа асуудал нь 2018 оны 11 дүгээр сард хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хариуцагч Д.Хишигсүрэнгээс зээлийн төлбөр төлөхийг шаардаж байгаагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэхдээ мэдэгдэх баримтыг шууданд хийснээр гардуулсанд тооцно гэж ярьж байна. Гэтэл шууданд хийсэн баримт огт байдаггүй. Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Засаг даргаас ирүүлсэн хариу тайлбарт шүүгчийн захирамжид дурдсан асуудлыг хийж гүйцэтгэн ажиллагааг хийх боломжгүй байна гэж тайлбарладаг. Хавтаст хэрэгт Д.Хишигсүрэнгийн хаягаар албан бичгийг шууданд хийсэн баримт байхгүй. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх дараагийн үндэслэл нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Сум хөгжүүлэх сангаас олгогдсон зээлийн гэрээ гэж ярьдаг боловч тухайн зээлийн гэрээ нь Мак дэд сангаас олгогдсон байдаг. Нэхэмжлэгч талаас 2011 оны засгийн газрын 134 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ гэх нэртэй бичиж байгаад зээлдүүлэгч нь Сум хөгжүүлэх сан гэж бичих ёстой байсан. Гэтэл Мак дэд сангаас олгох зээлийн гэрээ гэж бичигдсэн байдаг. Зээлдүүлэгчийн хувьд Мак дэд сан болон Сум хөгжүүлэх сан гэсэн 2 зээлдүүлэгчтэй байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаа 2011 оны Засгийн газрын 134 дүгээр тогтоолоор сангийн хөрөнгийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ гэсэн байдаг. Тухайн тогтоолын 2.1.2-т гадаад дотоодын аж ахуй нэгж байгууллага иргэнээс өгсөн буцалтгүй тусламж, хандив гэж байдаг. Мак дэд сангаас буцалтгүй өгсөн тусламж, хандив гэсэн баримт хэрэгт авагдаагүй. Энэ тухай нотолж чадаагүй. Мак дэд сан гэдэг нь төрийн байгууллага мөн эсэх нь хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,26 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогчид буюу зохигчид өөрийн нэхэмжлэлийн үндэслэл болсон нотлох баримтыг өөрөө цуглуулж шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Тиймээс нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна. Мөн Өмнөговь аймгийн Прокурорын газраас нэхэмжлэл гаргаж байгаа нь эргэлзээтэй. Тиймээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарсан,нэхэмжлэгч талаас шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасныг үндэслэн захирамжийг хүчингүй болгож буцаасан байдаг. Тухайн үндэслэх хэсгийн 7 дугаарт Сумын засаг дарга болон Д.Хишигсүрэн нарын хооронд эрх зүйн харилцаа үүссэн эсэхийг тогтоож байж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж гарсан. Тиймээс нэгдүгээрт хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хоёрдугаарт нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч Д.Хишигсүрэн өөрөө ирэхгүй байна гэж тайлбарладаг. Хуульд зааснаар Д.Алтантуяа миний бие хуулийн дагуу итгэмжлэлээр оролцож байгаа, хариуцагч Д.Хишигсүрэн итгэмжлэл олгох эрхтэй.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн томилолт, Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 1/69 дугаар албан бичиг, 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн а/90 дугаартай захирамж, Мак дэд сангаас зээл олгохоор шалгаруулсан төслийн хуваарь, төлбөрийн хүсэлт, Мак дэд сангаас олгосон 11 дугаартай зээл болон барьцааны гэрээ, Subaru impresa маркийн автомашины гэрчилгээний хуулбар, Мак дэд сангийн “Хэрмэн цав” ачлал жуулчлалын төсөл, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1/3116 дугаар албан бичиг, Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 1/24, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/437, 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1/492, 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 1/315 дугаартай албан бичгүүд, хариуцагчаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, эмнэлгийн магадалгаа зэрэг баримтуудыг хавсарган өгчээ.
Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга нь хариуцагч Д.Хишигсүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,875,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ хариуцагч эргэн төлөх үүргээ биелүүлээгүй, Улаанбаатар хотод шилжин суурьшсан, хаяг нь тодорхойгүй байсан гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн “Мак дэд сан”-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийг сумын Засаг дарга төлөөлөн шаардах эрхгүй гэж тайлбарлан маргаж байна.
Хариуцагч нь 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, гэрээний дагуу орон нутагт аялал жуулчлалын төсөл хэрэгжүүлэх зорилгоор 10,000,000 төгрөг хүлээн авсан, гэрээний хугацаанд 50,000 төгрөгийг төлсөн үйл баримтын тухайд маргахгүй байна. /хх-ийн 8-18/
Гэрээнд зээлдүүлэгч талаас “Мак дэд сан”-г төлөөлж Б.Цолмонбаатар, “Сум хөгжүүлэх сан”-г төлөөлж сумын Засаг дарга Г.Гангамаа, зээлдэгчийг төлөөлөн Д.Хишигсүрэн нар гарын үсгээ зурж, байгууллагын тамга дарагдсан байна.
Хэдийгээр зээлийн гэрээг “Мак дэд сан”-гаас олгох зээлийн гэрээ гэж нэрлэсэн боловч тус сан нь “Сум хөгжүүлэх сан”-гаас олгох төслийг санхүүжүүлэх журмаар оролцсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан Гурвантэс сумын Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн а/90 дугаар захирамж, зээл олгохоор шалгаруулсан төслийн санхүүжилтийн хуваарь, төлбөрийн хүсэлт, хяналтын хуудас зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 5-19 /
Дээр дурдсан баримтуудаас үзэхэд хариуцагч Д.Хишигсүрэнгийн төсөл жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхээр олгох зээлийн сонгон шалгаруулалтад тэнцсэн, Гурвантэс сумын Засаг даргын захирамжаар Төрийн сан дахь Сум хөгжүүлэх сангийн 110455401 тоот данснаас 10,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, хяналт тавьж ажиллахыг Сум хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөлд үүрэг болгожээ.
Засгийн газрын 2011 оны 134 тоот тогтоолоор батлагдсан /2016 онд хүчингүй болсон/ "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам"-ын 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.2.2, 3.2.3 дахь хэсгүүдэд “сангийн хөрөнгө улсын төсвөөс олгох сумын хөгжлийн сангийн эргэлтийн хөрөнгө, мөн гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн буцалтгүй тусламж, хандиваас бүрдэх”, “Сумын засаг дарга нь төсөл сонгон шалгаруулах зөвлөлөөс шалгаруулсан төсөлд зээл олгох шийдвэр гаргах, хяналт тавьж ажиллахаар зохицуулжээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн, зээлдүүлэгч мөнгийг шилжүүлэн өгсөн, зээлдэгч тохиролцсон хугацаанд эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй тул үүргээ биелүүлэхийг хариуцагчаас Гурвантэс сумын Засаг дарга шаардах эрхтэй байна.
Зээлийн гэрээний хугацаа 18 сар /205 оны 11 дүгээр сарын 10-нд дууссан/ ба тус шүүх нэхэмжлэлийг 2022 оны 4 дүгээр сарын 11-нд хүлээн авчээ.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.1 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байх, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан.
Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасан ба нэхэмжлэгч нь хуульд заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг /зээлийн хүү/ шаардах эрхээ алдсан гэж үзнэ.
Нэхэмжлэгч барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй, мөн Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг болох алданги, барьцааны үүргийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна.
Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардах эрхээ алдсан боловч зээлийн гэрээний дагуу хариуцагчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгө, өмчөө буцаан шаардах эрх нь хуульд зааснаас бусад тохиолдолд хязгаарлагдахгүй юм.
Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсноор шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг өмчлөх эрхийг хариуцагч эдлэх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлээр хариуцагчаас 9,950,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 1,925,00 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгаанаа тодорхой тайлбарлаагүй бөгөөд авсан зээлийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч шаардлагаа үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 237,500 төгрөг, алданги 1,637,500 төгрөг, нийт 11,875,000 төгрөг гэж тодорхойлсон, хариуцагч 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 50,000 төгрөгийг төлсөн тухайд талууд маргаагүй болно.
Гурвантэс сумын Засаг даргаас хариуцагч Д.Хишигсүрэнд “Сум хөгжүүлэх сан”-гаас авсан зээлээ төлөхийг мэдэгдсэн 2017.01.23, 2018.10.22, 2021.06.15-ны өдрийн баримтыг нэхэмжлэгч талаас гарган өгсөн ба хариуцагч энэхүү мэдэгдлийг хүлээн аваагүй, гардуулж өгсөн тухай баримтгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Хишигсүрэнгээс 9,950,000 /есөн сая есөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Сум хөгжүүлэх санд олгож, нэхэмжлэлээс 1,925,00 /нэг сая есөн зуун хорин таван мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч “Хөдөө аж ахуйг дэмжих сангийн алба”-ны нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Хишигсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 174,150 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ