| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2022/00236/И |
| Дугаар | 156/шш2022/00514 |
| Огноо | 2022-11-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 156/шш2022/00514
156/ШШ2022/00514
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2022/00236/и
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ................................. тоотод оршин суух, Б. овогт Ш.Э.
Хариуцагч: Хэнтий аймгийн ......................оршин суух, Х. овогт Ц.О.
Нэхэмжлэлийн шаардлага: 12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Э.Т.,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б. /онлайнаар/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Э. нь хариуцагч Ц.О.т холбогдуулан 12,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
1. Нэхэмжлэгч Ш.Э. нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ц.О.тай 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр харилцан тохиролцож ................. загварын тракторыг 28,000,000 төгрөгөөр худалдсан ба тухайн үед 20,000,000 төгрөгийг нь төлж үлдэгдэл 8,000,000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1708 дугаартай зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу гэрээ байгуулснаас 7 хоногийн дараа 3,000,000 төгрөгийг, 15 хоногийн дараа 2,000,000 төгрөгийг, үлдэгдэл 3,000,000 төгрөгт тухайн үеийн ханшаар өвс өгөхөөр харилцан тохиролцсон. Гэрээ байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй ба хариуцагч нь утсаа авахгүй, холбоо барихгүй, таг чиг болж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасны дагуу 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1708 дугаартай зээлийн гэрээний үндсэн үүрэгт 8,000,000 төгрөг, мөн хуулийн 232.6, зээлийн гэрээний 3.7-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлд 4,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.Э. нь хариуцагч Ц.О.тай 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр харилцан тохиролцож С410Т58 загварын тракторыг 28 сая төгрөгөөр худалдсан байдаг. Тухайн үед хариуцагч Ц.О. нь 19,900,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Үлдэгдэл 8,000,000 төгрөг дээр хариуцагч Ц.О. нь хугацаатайгаар 7 хоногийн дараа 3,000,000 төгрөгийг, 3 хоногийн дараа 2,000,000 төгрөгийг, үлдэгдэл 3,000,000 төгрөгийг малын өвсөөр тооцож өгье хэмээн зээлийн гэрээ байгуулсан байдаг. Зээлийн гэрээ нь хуульд заасан үндэслэлийг бүрэн хангасан, нотариатаар баталгаажуулсан тул үнийн тал дээр талууд маргаангүй. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн үнийн дүн 8,000,000 төгрөг, алданги 4,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөгийг нэхэмжилсэн байгаа гэв.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н. нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.О. болон Ш.Э. нарын хооронд 20,000,000 төгрөгөөр трактор худалдах, худалдан авах харилцаа үүссэн бөгөөд тус тракторын үнийг бүрэн төлсөн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа мөнгө зээлсэн байдлаар гаргасан байсан боловч сөрөг нэхэмжлэл гаргасны дараа тракторын асуудал яригдаж эхэлсэн. Тухайн тракторыг худалдан авахад эд ангийн доголдолтой байсан гэдэг. Тухайн үед эд ангийн доголдолтой байна гэж хэлсэн боловч буцаах боломжгүй, хил гааль дээр энэхүү эд ангиуд нь ирж байгаа 14 хоногийн дараа өгнө та сэлбэгээ авахдаа 8 сая төгрөг өгөөд аваарай гэж хэлсэн боловч одоо болтол уг сэлбэгийг өгөөгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
4. Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Л.Н. нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Ц.О. Ш.Э. нарын хооронд байгуулагдсан гэх 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1708 дугаартай зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ байна. Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэхээр, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчид гэрээгээр тохиролцсон мөнгөө шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулсанд тооцно гэж заажээ. Гэтэл зээлдүүлэгч Ш.Э. нь зээлдэгч Ц.О.ын Хаан банкны ................. тоот дансанд зээлдүүлж буй 8,000,000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлэхээр зээлийн гэрээ хийсэн боловч тухайн 8,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд зээлдэгч Ц.О.ын Хаан банкны ..............тоот дансанд шилжүүлээгүй бөгөөд өнөөдрийг хүртэл Ц.О. нь 8,000,000 төгрөгийг Ш.Э.с хүлээж аваагүй байх тул Ц.О.т Ш.Э.ын өмнө зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг үүсээгүй. Мөн 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1708 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан өөр хэлцэлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл, 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэрээ тул байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байх тул 1708 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан гэв.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б. нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь өөрийн танил дүү болох М.Г.ы нэр дээр 2021 оны 8 дугаар сард БНХАУ-д үйлдвэрлэсэн тракторыг оруулан ирж Ц.О.т 28,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байдаг. Ц.О. тухайн үед надад 19,900,000 төгрөг байна үүнийг шилжүүлье гээд 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр трактор 904 гэсэн гүйлгээний утгатайгаар мөнгийг дансаар шилжүүлсэн. Үлдэгдэл 8,000,000 төгрөг дээрээ зээлийн гэрээ байгуулъя гэсэн саналыг өөрөө тавьж 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөр зээлийн гэрээ байгуулж, 7 хоногийн дараа 3,000,000 төгрөг, 15 хоногийн дотор 2,000,000 төгрөг, үлдэгдэл 3,000,000 төгрөгт тухайн үеийн ханшаар өвс өгнө гэж зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинж бүхий гэрээг байгуулсан байна. Тэгээд нотариат руу нэхэмжлэгчийн танил дүү М.Г.ны хамт орж, үлдэгдэл 8,000,000 төгрөг дээрээ дээрх зээлийн гэрээг байгуулсан байдаг бөгөөд трактороо өөрөө авч яваад өдийг хүртэл үлдэгдэл төлбөрөө өгөөгүй, утсаа авахгүй алга болсон. Хууль зүйн хувьд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд анх худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд харин үлдэгдэл төлбөр болох 8,000,000 төгрөг дээр Ц.О. нь төлбөрийн боломжгүй байна зээлээр авъя гэдэг саналыг тавьж уг зээлийн гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэдэг хуулийн зарчимтай зөрчилдөөгүй бөгөөд Ц.О. нь нэхэмжлэгчээс авсан трактороо өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байгаагаас харж болно. Хариуцагч нь өөрөө санал тавьж нотариатаар баталгаажуулж хийсэн гэрээгээ үгүйсгэж мөнгө аваагүй гэдэг нь үндэслэлгүй бөгөөд гэрээний зүйл нь заавал мөнгө биш төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс, хөрөнгө ч байж болох бөгөөд бодитойгоор өгсөн авсан зүйлийг нотариатаар гэрчилсэн нь хуулийн хэлбэрийн шаардлага зөрчөөгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
6.Нэхэмжлэгчээс хэрэгт дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
6.1. 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1708 дугаартай зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 4 хуудас)
6.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбар (хх-ийн 55 хуудас)
6.3. Ш.Э.ын нэр дээрх ХААН банк дахь ................. тоот дансны 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 58 хуудас)
6.4. Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 59 хуудас)
7. Хариуцагч талаас хэрэгт дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
7.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбар (хх-ийн 34 хуудас)
7.2. 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1708 дугаартай зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 37-38 хуудас)
7.3. Цэрэнгийн О.н нэр дээрх ХААН банк дахь ................ тоот дансны 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртлэх хугацааны дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 40-47 хуудас)
8.Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр М.Г.ыг, хариуцагч талын хүсэлтээр С.А.ыг шүүх хуралдаан дээр гэрчээр асууж мэдүүлэг авсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ш.Э.н нэхэмжлэлтэй хариуцагч Ц.О.т холбогдох 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч Ц.О.ын нэхэмжлэгч Ш.Э.д холбогдуулан гаргасан 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1708 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Ц.О. эхнэрийн хамт ... загварын тракторыг 28,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж 20,000,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 8,000,000 төгрөг дээр зээлийн гэрээ байгуулж төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр болсон. Тракторыг Ц.О. нь шилжүүлэн авсан боловч үлдэгдэл 8,000,000 төгрөгөө төлөхгүй байгаа тул зээлийн гэрээний 3.7-д зааснаар 4,000,000 төгрөгийн алданги тооцож, нийт 12,000,000 төгрөг төлөх ёстой гэж,
3.Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Нэхэмжлэгч Ш.Э.тай 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 20,000,000 төгрөгөөр трактор худалдан авахаар тохиролцсон. Үнийг бүрэн төлсөн. Харин худалдан авсан тракторын зарим эд анги гэмтэлтэй байсан тул уг эд ангийг 8,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж зээлийн гэрээ байгуулсан. Эд ангийг өгөөгүй байгаа тул 8,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргалаа.
4.Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ ... Ц.О. Ш.Э. нарын хооронд байгуулагдсан гэх 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1708 дугаартай зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ байна. Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчид гэрээгээр тохиролцсон мөнгөө шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулсанд тооцно гэж заажээ. Гэтэл зээлдүүлэгч Ш.Э. нь зээлдэгч Ц.О.т 8,000,000 төгрөгийг шилжүүлээгүй бөгөөд өнөөдрийг хүртэл Ц.О. нь 8,000,000 төгрөгийг Ш.Э.аас хүлээж аваагүй байх тул Ц.О.т Ш.Э.ын өмнө зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг үүсээгүй. Мөн уг зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл, 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэрээ байх тул байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байна... гэж тайлбарласан.
5.Нэхэмжлэгч тал хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг ...Ш.Э. нь Ц.О.т 28,000,000 төгрөгөөр трактор худалдаж, Ц.О. тухайн үед 19,900,000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл 8,000,000 төгрөг дээрээ зээлийн гэрээ байгуулъя гэсэн саналыг өөрөө тавьж 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөр зээлийн гэрээ байгуулж, 7 хоногийн дараа 3,000,000 төгрөг, 15 хоногийн дотор 2,000,000 төгрөг, үлдэгдэл 3,000,000 төгрөгт тухайн үеийн ханшаар өвс өгнө гэж зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинж бүхий гэрээг байгуулсан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэдэг хуулийн зарчимтай зөрчилдөөгүй... гэх үндэслэлээр няцаасан.
6.Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Хариуцагч Ц.О. нь нэхэмжлэгч Ш.Э.аас 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр .............. загварын тракторыг худалдан авахаар тохиролцож 19,900,000 төгрөгийг дансаар шилжүүлж, уг тракторыг өөрийн эзэмшилдээ авсан байх бөгөөд төлөгдсөн төлбөрийн хувьд талууд 20,000,000 төгрөг төлөгдсөн гэж, харин талууд тракторыг худалдсан үнэ дээр маргаж, нэхэмжлэгч нь 28,000,000 төгрөгөөр тракторыг худалдсан, үлдэгдэл төлбөр 8,000,000 төгрөг дээр зээлийн гэрээ байгуулсан, энэ төлбөрийг хариуцагч нь төлөөгүй гэж, харин хариуцагч нь 20,000,000 төгрөгөөр тракторыг худалдан авсан, үнийг бүрэн төлсөн, харин тракторын зарим эд анги гэмтэлтэй байсан тул уг гэмтэлтэй эд ангийг худалдан авахаар зээлийн гэрээ байгуулсан гэж мэтгэлцлээ.
Дээрх харилцаанаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба тус хуулийн заалтаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон гэрч М.Г.ны шүүх хуралдаанд өгсөн ...Ш.Э. бид хоёр хилээр машин оруулж ирдэг. Худалдсан тракторын гаалийн хилээр нэвтрүүлэх мэдүүлэг нь миний нэр дээр орж ирсэн. Ш.Э. бид хоёр хамтарч ажилладаг, Ш.Э. уг тракторыг зарсан... гэж, гэрч С.А.ын шүүх хуралдаанд өгсөн ...тракторыг худалдан авахад М.Г. байгаагүй, манай нөхөр Ц.О. нь Ш.Э.аас худалдан авсан... гэх мэдүүлгээс үзэхэд улсын бүртгэлд бүртгэгдээгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээ аваагүй, М.Г.ы нэр дээр гаалийн хилээр орж ирсэн тракторыг /хх-ийн 59/ нэхэмжлэгч Ш.Э. нь хариуцагч Ц.О.т худалдсан байна. Иймд Ш.Э., Ц.О. нарын хооронд тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан байх тул уг гэрээтэй холбоотойгоор Ш.Э. нь аливаа шаардлага, нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1708 дугаартай Зээлийн гэрээ-г /хх-4/ хэрэгт хавсаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ...энэхүү гэрээг тракторын үнээс 8,000,000 төгрөг төлөөгүй, энэхүү үлдэгдэл төлбөр дээр зээлийн гэрээ байгуулсан... гэж, хариуцагч тал энэхүү тайлбарыг няцааж ...энэ гэрээ нь тракторын үлдэгдэл төлбөр дээр хийгдсэн гэрээ биш, тракторын үнийг бүрэн төлсөн, харин худалдан авсан тракторын зарим эд анги гэмтэлтэй байсан тул уг эд ангийг худалдан авах зорилгоор 8,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан... гэж маргасан.
Талуудын аль аль нь энэхүү тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1708 дугаартай Зээлийн гэрээ-нээс үзэхэд Ш.Э., Ц.О. нарын хооронд байгуулагдсан трактор худалдах, худалдан авснаас үүдэлтэй тракторын үлдэгдэл төлбөрийг төлөхөөр байгуулагдсан гэрээ гэж үзэх боломжгүй байна.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ гэж заасан.
Нөгөө талаас хариуцагч тал нь худалдан авсан тракторын эд анги гэмтэлтэй байсны улмаас уг гэмтэлтэй эд ангийг худалдан авах зорилгоор зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарлах бөгөөд гэрч М.Г. шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ ...2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Ц.О. болон түүний эхнэрт тракторыг хүлээлгэн өгсөн. Тухайн үед тракторын урд мост ажиллуулдаг кардан, тормосны аппрат ажиллахгүй байсан... гэж, С.А.ын шүүх хуралдаанд өгсөн ...тракторын эд анги эвдрэлтэй байна гэж хэлж байсан. Тэр эд ангийг авч өгнө гэж Ш.Э. хэлж байсан... гэх мэдүүлгүүдээс үзэхэд уг тракторын зарим эд анги гэмтэлтэй байсан нь нотлогдож байна.
Харин уг тракторын ямар ямар эд анги нь гэмтэлтэй байсан, уг гэмтэлтэй гэх эд анги нь хэдэн төгрөгний үнэтэй эд анги байсан талаар, мөн талууд тракторыг анх хэдэн төгрөгөөр худалдах, худалдан авахаар амаар тохиролцсон болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасны дагуу өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Мөн талууд өөр өөрсдийн тайлбараа нотлохоор шүүх хуралдаанд гэрч нарыг асуулгасан боловч гэрч М.Г. нь ...тракторын эд ангийг өгсөн тохиолдолд Ц.О. нь 8,000,000 төгрөгийг өгнө гэж тохиролцсон зүйл байхгүй..., ...тракторын төлбөрийг үе шаттайгаар өгнө гээд гэрээ байгуулсан... гэж, гэрч С.А. нь ...би нөхөртэйгээ хамт явж Ш.Э.аас 20,000,000 төгрөгөөр трактор худалдан авсан. Мөнгийг нь өгсөн..., ...2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ буюу 8,000,000 төгрөгийн гэрээ нь тракторын сэлбэгний мөнгө гэж бодож байна. Ш.Э. гэрээ байгуулахад байлцаагүй... гэж тус тус зөрүүтэй мэдүүлэг өгсөн.
5.2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1708 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн талаар:
Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч тал тайлбарлахдаа ...тус гэрээнд заасан 8,000,000 төгрөгийг Ш.Э. нь шилжүүлээгүй, Ц.О. уг мөнгийг аваагүй, энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулагдсан, мөн хуулийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэрээ байх тул байгуулагдсан үеэс эхлэн хүчин төгөлдөр бус байна... гэжээ.
Талуудын аль аль нь тус гэрээгээр 8,000,000 төгрөг шилжээгүй, мөнгө зээлэх зорилгоор байгуулагдаагүй гэж тайлбарлах тул тус зээлийн гэрээгээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан мөнгө зээлсэн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.
Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг дүгнэж үзэхэд:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан "өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл" гэдэг нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл юм. Өөрөөр хэлбэл өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хэлцэл хийгдсэн бол уг хэлцлээр хэлцэл хийгч түүнийг хэрэгжүүлэх, эрх үүрэг үүсгэх зорилгогүй байдаг бөгөөд хэлцэл хийгч тал халхавч хэлцлээр ямарваа нэг үр дагаврыг бий болгохыг зорьдоггүй.
Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан "хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн" гэдэг нь хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т заасан шаардлагад хамааралтай ба энэхүү хэлбэрийн шаардлагад бичгийн хэлбэрээр байгуулагдах, нотариатаар болон эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх зэрэг хэлбэрийг зөрчиж байгуулагдсан хэлцлийг агуулна.
Иймд 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1708 дугаартай зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.8-д заасан үндэслэлийг агуулаагүй байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэх боломжгүй.
Шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар болон хэрэгт авагдсан тус гэрээнээс үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээ нэртэй гэрээ байгуулагдсан байх боловч бодит үйлдлээр мөнгө шилжээгүй байх тул тус гэрээ байгуулагдсан үеэс эхлэн хүчин төгөлдөр бус юм. Өөрөөр хэлбэл байгуулагдсан үеэс эхлэн хүчин төгөлдөр бус хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бусд тооцохгүй.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.8, 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Э.ын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.О.т холбогдох 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч талын гаргасан 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1708 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөг, хариуцагч талын сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 206,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.8, 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Э.ын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.О.т холбогдох 12,000,000 /арван хоёр сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч талын гаргасан 2021 оны 8 дугаар срын 21-ний өдрийн ............. тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 /хоёр зуун зургаан мянга есөн зуун тавь/ төгрөг, хариуцагч талын сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 206,950 /хоёр зуун зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА