Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 73

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч Н.Эрдэмбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

Шүүгдэгч Д.Отгонтөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатигин овогт Далхсүрэнгийн Отгонтөгсөд холбогдох эрүүгийн 201717000151 тоот хавтаст хэргийг 2017 оны 08 сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1972 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар баг Эрдэнэ голын 4-4 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, РД:ЛМ72073110 Хатигин овогт Далхсүрэнгийн Отгонтөгс.

           

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

            Шүүгдэгч Д.Отгонтөгс нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1-р багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугааргүй Даюунг маркийн мотоциклийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “ Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 2.1.а-д заасан “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” мөн дүрмийн 2.7.а-д заасан “согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Ч.Баасансүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  - Шүүгдэгч Д.Отгонтөгс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...2017 оны 04 сарын 20-ны өдөр би Эрдэнэцагаан суманд согтуугаар мотоцикл жолоодоод 1 дүгээр ангийн хүүхдээ сургуулиас нь авах гэж яваад Эрдэнэ дэлгүүрийн хажууд мотоциклтой хүүхэдтэй мөргөлдсөн. Баасансүрэнг босгоход хамраас нь цус гараад тогтохгүй байсан. Эмнэлэг рүү авч явах гэтэл миний мотоциклын урд тал нь эвдрээд хөдлөх боломжгүй байсан. Би мотоциклоо айлын хашаанд тавиад осол болсон газар байж байхад Чинбат ирээд чи манай хүүхэдтэй мөргөлдсөн байна гэж хэлсэн. Тэгээд Баасансүрэнг эмнэлэг рүү авч явж оёдол тавиулсан. Дараа нь цагдаа ирээд намайг эрүүлжүүлэхэд хийсэн гэв.

 

- Яллагдагч Д.Отгонтөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн“...Би 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ байж байхдаа ганцаараа 0.33 литрийн Ерөөл нэртэй архийг ганцаараа уусан юм. 17 цагийн үед өөрийн эзэмшлийн хар өнгийн Даюунг маркын хар өнгийн мотоциклийг жолоодоод Эрдэнэ нэртэй дэлгүүрийн зүүн талын шороон замаар хойд зүгт явсан юм. Харин баруун хойд зүгээс мотоцикл жолоодсон хүн ойртон ирж байсан бөгөөд би баруун гар тийш дарсан боловч мөргөлдсөн. Ингээд надтай мөргөлдсөн хүүхэд газраас босож ирэх үед хамраас нь цус гараад байхаар нь миний халаасанд байсан цагаан өнгөтэй даавуугаар хамраас нь гарч байгаа цусыг тогтоох гэсэн боловч тогтохгүй байсан. Эмнэлэг явья гэтэл Баасансүрэн нь мотоциклоо жолоодоод яваад өгсөн. Би осол болсон газар дээр байж байтал Баасансүрэнгийн аав Чинбат ирсэн. Уг мотоцикл нь миний эзэмшлийнх юм. Учирсан гэмтэл байхгүй байна лээ. Тухайн үед гар нь муруйсан байсан боловч тэгшилсэн. Улсын дугаар огт аваагүй юм...” гэх мэдүүлэг,

 

- Насанд хүрээгүй хохирогч Ч.Баасансүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн“...2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 17 цагийн орчим байх цагийг нь нарийн сайн санахгүй байна. Манай аав Чинбатын эзэмшлийн улаан өнгөтэй улсын дугааргүй Даюунг маркын мотоциклийн түлхүүрийг гэрээсээ аваад гэрийн гадна байсан мотоциклийг асааж жолоодоод зүүн зүгт явж урагшаа эргэж шороон замаар урд зүгт явсан. Тэгтэл хар өнгөтэй мотоцикл жолоодсон эрэгтэй хүн их хурдтай орж ирээд мөргөлдсөн. Миний мотоциклийн зүүн гар талаас мөргөхөд би баруун тал руугаа мотоциклтойгоо унасан. Үүнээс хойш юу болсонг мэдэхгүй болсон. Нэг мэдэхэд миний нүүрнээс цус их гараад байсан бөгөөд цус тогтохгүй болохоор нь мотоциклоо жолоодоод гэр рүүгээ ирж ээж, аавдаа хэлсэн. Миний хувьд хурд багатай явж байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй бөгөөд тухайн үед хэрэглээгүй байсан. Надад ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Үүнийг ээж, аав маань хүлээн  зөвшөөрч байгаа. Нэхэмжлэлийн талаар ээж мэднэ” гэх мэдүүлэг,  / хх-22 х /

 

- Иргэний нэхэмжлэгч М.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай хүү зам тээврийн осолд орсны улмаас хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 155 дугаартай дүгнэлт гарч гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байсан уг гэмтлийг миний зүгээс хүлээн зөвшөөрч байгаа. Харин уг гэмтэлтэй холбоотой эмчилгээг хийлгэхэд нийт 1.500.000 төгрөгийн зардал гарсан. Харин зардлын баримт тодорхой хэмжээгээр байна. Зарим зардлын баримтыг авалгүй орхисон. Цаашид эмчилгээ хийлгэх бөгөөд эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Уг мөнгийг өөрсдөө гаргах байх. Нийтдээ 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа” гэх мэдүүлэг, / хх-25 х /

 

- Гэрч М.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 16 цагийн үед Алтан босго нэртэй дэлгүүртээ сууж байхад манай охин Сэргэлэнцэцэг орж ирээд “ээжээ ах Баасансүрэнгийн хамарнаас цус гараад орж ирлээ” гэхээр нь би гараад харахад миний хүү Баасансүрэнгийн ам, хамарнаас цус гарч толгойны баруун тал нь хавдсан байдалтай байхаар нь машиндаа суулгаад эмнэлэг хүргэж өгсөн. Отгонтөгс гэх хүн нь согтуугаар мотоцикл жолоодож яваад манай хүүг мотоциклтой явж байхаар нь мөргөсөн гэж манай хүү Баасансүрэн хэлсэн. Уг тээврийн хэрэгсэл нь манай нөхөр Чинбатын эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Манай хүү Баасансүрэн нь нөхөр Чинбат, бид хоёроос зөвшөөрөл авалгүйгээр тээврийн хэрэгсэл барьдаггүй юм. ...Харин тухай үед өөрөө бариад гарсан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг, / хх-26 х /

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 155 дугаартай шинжээчийн “ Ч.Баасансүрэнгийн биед баруун гайморын хөндийн урд ар болон дотор хажуу ханануудыг хамарч дотогш цөмөрч сэлтэрч, дээш баруун нүдний ухархайн доод ханаруу үргэлжилсэн хавсарсан нийлмэл хугарал, баруун нүдний ухархайн доод хананы доош цөмөрч зөрсөн хугарал, хоншоор ясны зүүн хэсгээс зүүн гайморын хөндийд урд ханыг хамарч хацар яс руу үргэлжилсэн нийлмэл хугарал, тэр хэсгийн цусан хураа, хамар ясны зөрсөн хугарал, муруйлт, баруун ухархайн өмнөд доод хананы цууралт, нүүрний баруун талын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор талын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх баруун гайморын хөндийн урд ар болон дотор хажуу ханануудыг хамарч дотогш цөмөрч сэтэрч, дээш баруун нүдний ухархайн доод ханаруу үргэлжилсэн хавсарсан нийлмэл хугарал, баруун нүдний ухархайн доод хананы доош цөмөрч зөрсөн хугарал, хоншоор ясны зүүн хэсгээс зүүн гайморын хөндийд урд ханыг хамарч хацар яс руу үргэлжилсэн нийлмэл хугарал, тэр хэсгийн цусан хураа, хамар ясны зөрсөн хугарал, муруйлт, баруун ухархайн өмнөд доод хананы цууралт гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, нүүрний баруун талын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор талын язарсан шарх гэмтэл нь 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөх нь эдгэрэлтийн байдлаас хамаарна” гэх дүгнэлт, / хх-31-33 х /

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 156 дугаартай шинжээчийн “ Д.Отгонтөгсийн биед зүүн гарын сарвуунд шалбарсан шарх, зүүн хөлийн шилбэний доод 1/3 хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд болон энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, / хх-38 х /

 

-  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн  35 дугаартай шинжээчийн “ Д.Отгонтөгсөөс авсан гэх цусанд 3.2 промилль этилийн спирт илэрлээ. Энэ нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, / хх-39 х /

8. Замын шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 17 дугаартай 

“Даюунг маркын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Далхсүрэн овогтой Отгонтөгс нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн байна. 5. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал би болгохгүйгээр зорчино”, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а-д заасан “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын Үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байна” гэх  дүгнэлт / хх-44-45 х /,

 

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд / хх-7-9 х /,

 

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд / хх-12-17 х /,

 

- Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч / хх-18 х /, 

 

-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багийн Засаг даргын 2017 оны 06 сарын 29-ны өдрийн 05/127 дугаартай тодорхойлолт, / хх-58 х /, 

 

- Д.Отгонтөгсийн иргэний үнэмлэхийн хуулбар / хх-59 х /,

 

- Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт гаргасан хохирол барагдуулсан тухай баримт / хх-71 х /

 

- Д.Отгонтөгсийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-74 х / зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар :

 

          Шүүгдэгч Д.Отгонтөгс нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 16.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр МТ шатахуун түгээх станцын ойролцоо согтууруулах ундаа хэрэглэсэн, тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ улсын дугааргүй Даюунг маркийн мотоциклийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “ Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.1.а “ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, 2.7.а “согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно ” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Ч.Баасансүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Отгонтөгсийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Ч.Баасансүрэн, иргэний нэхэмжлэгч М.Мөнхцэцэг нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 155,  2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 156 дугаартай дүгнэлтүүд, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хими шинжилгээний 34, 35 тоот актууд, Замын шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 16 дугаартай дүгнэлт,  Замын шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 17 дугаартай дүгнэлт, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл.2017.04.21, гэрэл зургууд /хх 08-09/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

Шүүгдэгч Д.Отгонтөгсөд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотолж буй нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх бөгөөд мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. 

Иймээс шүүгдэгч Д.Отгонтөгсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодон автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

 Шүүхээс шүүгдэгч Д.Отгонтөгсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.   

 

          Шүүгдэгч Д.Отгонтөгсийг гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч Ч.Баасансүрэнд учруулсан эмчилгээний зардлын хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

          Д.Отгонтөгсийн үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг төлж учруулсан хор уршгийг арилгасан, түүний үйлдлээс бусдад хүндэвтэр хохирол учирсан боловч эдгэрсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд хуульд заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ мотоцикл жолоодож гэмт хэрэг үйлдсэн байх тул жолооны сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх нь зохистой болно.

 

        Шүүгдэгч Д.Отгонтөгс энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Ч.Баасансүрэн хохирол нэхэмжлээгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг дурдая.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Хатигин овогт Далхсүрэнгийн Отгонтөгсийг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Отгонтөгсийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Отгонтөгсөд жолооны сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Отгонтөгс энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Ч.Баасансүрэнд эмчилгээний зардал 2.000.000 төгрөг нөхөн төлсөн, тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдсугай. 

          

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Отгонтөгсөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.НАСАНБУЯН