Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 08

 

Ж.Д нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

       Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж, шүүгч Ш.Баттогтох, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 133/ШШ2019/00028 дугаар шийдвэртэй,

Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, 3 дугаар баг, Жаргалант 6 гудамжны 4 тоотод оршин суух, эрэгтэй, РД:ДЮ82073017, Гүртэн овогт Ж Д нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газарт холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахыг хүссэн иргэний хэргийг шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Д, хариуцагч М.З, түүний өмгөөлөгч М.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2007 оны 6 дугаар сард аймгийн Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газарт харуулаар ажилд орсон. Ажиллах хугацаандаа сахилга хариуцлага алдалгүй үр бүтээлтэй ажиллаж ирсэн. Манайх хүүхэдгүй 5-6 жил амьдраад Улаанбаатар хот руу хоёулаа эмчилгээнд явах шаардлагатай болж ажлынхантайгаа зөвшилцөөд даргад хэлээд 1 жилийн цалингүй чөлөө авах өргөдлөө 2017 оны 8 дугаар сарын 30-нд өгөхөд миний хүсэлтийг хүлээн авч ажлын байрыг хадгалан 1 жилийн чөлөө олгохоор өргөдөлд цохолт хийсэн. Ингээд 2018 оны 8 дугаар сарын 24-нд ирээд ажилдаа орно гэхэд дарга солигдсон байгаад 9 дүгээр сарын 01-нд ажилдаа ор гэсэн. Тэр өдөр нь хагас сайн өдөр байсан тул 2-3 хоногийн өмнө М.З даргатай ярихад ажлаас чөлөөлсөн тушаал гарсан байна, танилцсан уу гэхэд нь танилцаагүй гэсэн. Тэгээд ирж үзэхэд өөрийн хүсэлтээр гэсэн тушаал гаргасан байсан. Шинээр томилогдсон дарга намайг түр байж бай зөвлөлдөөд хариу хэлье гээд арваад хоногийн дараа дуудаад уулзахад дахиад 2-3 хоног хүлээж бай эргүүлээд ажилд авна гэсээр сар гаруй наашаа цаашаа дуудагдсан. Сүүлд 11 сард ажилд авах боломжгүй болчихлоо, миний мэдэлд боломжгүй байна, чи өөр арга хэмжээ ав гэсний дагуу шүүхэд хандсан. 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/22 тоот тушаалыг надад танилцуулаагүй, өөрийн биеэр гардуулж өгөөгүй. Ажлаас чөлөөлсөн талаар хотоос ирээд 8 дугаар сарын 24-нд мэдсэн, ажлын газраас энэ тушаалыг надад гардуулж өгөөгүй, ажлаас эх хувийг нь авч нотариатаар батлуулаад шүүхэд хандсан. Шинээр томилогдсон дарга итгэл хүлээлгэж өнөө маргаашгүй хүлээж бай гээд хүлээлгээд байсан. Тиймээс ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших цалинг нөхөн гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч М.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын дарга хариуцагч М.З би нэхэмжлэгч Ж.Д ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ж.Д Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрий Б/22 дугаартай тушаалаар ажлаас хууль зүйн үндэслэлтэй чөлөөлсөн тул нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Энхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 8 дугаар сарын 31-ний Б/22 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байна. Цалингүй чөлөө гэж хүсэлт гаргасан. Гэтэл огноо зөрүүтэй. Хөдөлмөрийн гэрээ 2018 оны 01 дүгээр сарын 01-нд дүүрсэн. Нэхэмжлэлийн шаардлага дээр 8 дугаар сарын 24-нд  намайг ажлаас чөлөөлсөн гэдгээ мэдэж байсан. Итгэл хүлээлгээд явж байгаад 9 дүгээр сарын 01-нд ажилдаа орох боломжтой гэж М.З дарга хэлсэн боловч заасан хугацаанд нэхэмжлэгч очсон юм байна. Гэтэл тушаал гарсан учраас авах боломжгүй гэдэг байдлаар хариу тайлбар өгсөн байна. Тэгэхээр өмгөөлөгчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар 8 дугаар сарын 24-нд мэдсэн байна. Хууль мэдэхгүй байгаа нь хугацаан дээр хайхрамжгүй хандсан нөхцөл бүрдүүлэх боломж байхгүй. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 129-т зааснаар эрхээ хамгаалуулах хугацаа дүүрсэн байгаа. Энэ гэрээ хууль зүйн үндэслэлтэй юу гэдгийг харахаас илүү шүүхэд хандаж эрхээ хамгаалуулах хугацаа шаардах эрх үүсэх хугацаан дээр онцгойлон анхаарахад нэхэмжлэгч маань хугацаагаа дуусгасны дараа  шүүхэд хандсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг оруулж байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Гүртэн овогт Ж Д /ДЮ82073017/-г Говь-Алтай аймгийн нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын харуулын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 98 хоногийн олговорт 1.945.496 /нэг сая есөн зуун дөчин таван мянга дөрвөн зуун ерэн зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Д нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж 46.078 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч М.З давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Ж.Д нь ажлаасаа чөлөөлөгдсөнөө сайн мэдэж байсан ба 2018 оны 9 дүгээр сарын 01-нд Нийтлэг үйлчилгээ ОНТҮ Газрын даргын хувьд таныг ажлаас чөлөөлсөн байна гэдгийг албан ёсоор Ж.Д хэлж, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/22 тоот тушаалыг канондаж өгсөн үүнийг өөрөө сайн мэдэж байсан. Гэтэл надад мэдэгдээгүй гэж худлаа тайлбарласан байгааг ойлгохгүй байна. Мөн Хөдөлмөрийн гэрээний хугацаа нь дууссан байхад анхан шатны шүүх 1.945.496 /нэг сая есөн зуун дөчин таван мянга дарван зуун ерөн зургаан/ төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 133/ШШ2019/00028 дугаартай шийдвэрийг дахин магадлаж, Ж.Д нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

 Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох  баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч Ж.Д нь Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газарт холбогдуулан аймгийн Засаг даргын тамгын газрын харуулын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ж.Д нэхэмжлэлийнхээ шаардлагыг тайлбарлахдаа Говь-Алтай аймгийн нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газарт 2007 оны 6 дугаар сараас харуулаар ажилд орж ажиллаж байгаад 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ар гэрийн гачигдлын улмаас 1 жилийн хугацаатай цалингүй чөлөө хүсч өргөдөл өгөхөд хүсэлтийн дагуу чөлөө өгсөн. Улмаар чөлөөний хугацаа дуусч 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ажилдаа орохоор шинэ дарга М.Зандраатай уулзахад 9 дүгээр сарын 01-нээс ажилдаа орох боломжтой гэсэн боловч дараа нь ажлаас чөлөөлсөн тушаал гарсан тул ажилд авах боломжгүй гэсэн гэжээ.

Харин хариуцагч байгууллага нь Ж.Д Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/22 дугаартай тушаалаар ажлаас хууль зүйн үндэслэлтэй чөлөөлсөн гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газарт  2007 оноос хойш харуулаар ажиллаж байгаад 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл “...ар гэрийн гачигдлын улмаас зайлшгүй чөлөө авах шаардлагатай байна 1 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгож өгнө үү...” гэсэн хүсэлтийг тухайн үед ажиллаж байсан нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын дарга Д.Ш хүсэлт гаргахад уг хүсэлтэд “...санхүүд чөлөө олгоё...” гэсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан талууд харилцан тохирсон гэсэн үндэслэлээр  ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн  тушаал үндэслэлгүй байх бөгөөд хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай дээрх шийдвэрээ  хуульд заасан журмын дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар тухайн өдөрт нь өгөөгүй байна.

 

Ж.Д ажлаас чөлөөлөгдсөн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/22 дугаартай тушаалыг ажил олгогчоос 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр эх хувиар нь авсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тухай шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо шүүхэд гаргахаар хуульчилсан байна.

 

Нэхэмжлэгч Ж.Д нь ажил олгогчийн буруугаас түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалыг өөрөө олж авсан, мэдсэн хугацаанаас тооцож нэхэмжлэлийг гаргасан байдал нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байгаа талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 133/ШШ2019/00028 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч М.З давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасны дагуу хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.080 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.ЭНХТӨР

 

                                              ШҮҮГЧИД                             Ш.БАТТОГТОХ

 

                                                                                           Т.ЖАРГАЛСАЙХАН