Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/20

 

 

Д.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Б.Д /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч: Д.Г /зайнаас цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Х,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Ариунжаргал нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Д.Г-д холбогдох, эрүүгийн 2120000140035 дугаартай, 2 хавтас, 260 хуудас бүхий хэргийг шүүгдэгч Д.Г-ын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1960 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, шатахууны лаборант мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, * дугаар баг, Зоосын ** тоотод оршин суух, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 350 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, М овогт Д-ийн Г-д холбогдуулан Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Д-оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Д.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 20 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багийн Борхойн 17-7 тоотод иргэн Ц.Ч-ыг гараараа болон хуванцар сандлаар зодож, улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Анхан шатны шүүх: Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М овогт Д-ийн Г-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ийн Г-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд  хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.Г-аас 4,331,009 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Ч-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 300,893 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 8.5-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сиди дискийг хэрэгт хавсаргаж, 3 хэсэг болж хагарсан ногоон өнгийн хуванцар сандал 1 ширхэг, цэнхэр өнгийн богино ханцуйтай цамц 1 ширхэг зэргийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж,

 

Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж,

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Д.Г давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Миний бие 61 настай тул хорих ялыг биеэрээ эдлэхэд хүндрэлтэй байх тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Миний бие 2007 онд гэртээ унтаж байгаад авто машинд дайруулж гэмтэл авч байсан бөгөөд тэр ослоос авсан гэмтэл миний биед нөлөөлж бие өвдөх, сульдах, юм мартаж санах, гэнэт ааш зан өөрчлөгдөх зэрэг хүндрэл илэрдэг юм. Хохирогчид учирсан хохирлыг нэн тэргүүнд гүйцээж төлж барагдуулж, цаашид хохирогчийн эрүүл мэндэд анхаарал халамж тавих болно. Иймд миний эрүүл мэндийн байдал, өндөр настай байдал зэргийг харгалзан надад анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар тогтоож өгнө үү. Хохирогчид учирсан хохирлыг хамт ажилладаг хамт олон маань төлөлцөж надад тусална гэсэн болно” гэв.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Г-д Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан. Д.Г нь хийсэн хэрэгтээ гэмшиж, хийсэн хэргээ хүлээж байгаа. Гэхдээ үйлдсэн нөхцөл, өндөр настай байдал зэргийг харгалзан хуульд заасан өөр төрлийн ял сонгож өгнө үү гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд зүйлчлэлийг өөрчилж ялыг хөнгөрүүлж болно гэсэн заалтын хүрээнд Эрүүгийн хуулийн 11.1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээгээр тогтоож өгнө үү. Энэ хэрэг болсны дараа Д.Г ар гэр, ах, дүү, найз нөхдөдөө хэлээгүй юм байна лээ. Өөрөө хохирлоо боломжоороо төлнө гэж явж байгаад 4000000 гаруй төгрөгийн төлбөр дутуу үлдсэн. Энэ төлбөрийг шийтгэх тогтоолоор шийтгэгдсэнийг мэдсэний дараа ар гэр, найз нөхөд, хамт ажилдаг хүмүүс нь нийлж цуглуулж энэ хохирлын мөнгийг төлж байгаа юм. Үүнийг над дээр цуглуулж өгснийг би хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О гэдэг хүнтэй холбогдож мөнгө төлсөн баримт гаргаж өгсөн. Энэ асуудлаар давж заалдах шатны шүүх хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзаад зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх боломжтой юм байна гэх байдлыг дэмжиж байгаа. Хоёрдугаарт өмгөөлөгчийн хувьд бас нэг үндэслэл байгаа. Прокуророос Д.Г-ыг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 20 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар баг, Борхойн 17-7 тоотод иргэн Ч-ыг гараараа болон хуванцар сандлаар зодож түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай үйлдсэн хэрэгт холбогджээ гээд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Энэ гэмтлийг Д.Г учруулсан нь үнэн бол шалтгаант холбоо нь юу байна гэх байдлаар үзэх ёстой. Хавтаст хэргээс үзэхэд энэ гэмтлийг Д.Г учруулах боломжтой юу, үгүй юу гэдэг асуудлыг уншаад үзэхээр шинжээчийн мэдүүлэг хавтаст хэргийн 110 дугаар хуудсанд байдаг. Хуванцар сандлаар цохисон гэмтлээс болж тархинд хүнд гэмтэл учраад байгаа юм уу эсвэл гараараа цохисон байдлаар учраад байгаа юм уу гэдэг нь эргэлзээтэй. Шинжээч хавтаст хэрэгт хуванцар сандал гэрэл зургийн үзүүлэлтээр авагдсан сандлын зураг байгаа. Энэ сандлаар цохиод энэ гэмтэл учруулах боломжтой юу, үгүй юу гэдэг асуудлыг миний хувьд эцэслэн тогтоогоогүй байна гэж үзэж байгаа. Мөн хавтаст хэргийн 68 дугаар хуудсанд өвчний түүх байгаа. Түүнд хохирогч Ч-ыг группэд байдаг гэсэн байна. Энэ мэдүүлэгт уялдуулаад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О-ийн мэдүүлэг харагддаг. Энэ мэдүүлэг дээр 2010 оны хавьцаа мэдрэлээс болоод татаж унадаг өвчтэй болсон үүнээс болоод 2011 онд татаж унахдаа зүүн чамархай талдаа юмны өнцөг мөргөж унаад зүүн нүд нь хараагүй болж байсан. 2010 онд машинд мөргүүлээд хөнгөн гэмтэл авч байсан. Тэгэхээр энэ гэмтлүүд, хавтаст хэрэгт авагдсан группын талаарх мэдээлэл хавтаст хэрэгт авагдаагүй байна. Энэ гэмтлүүд нь ямар учир шалтгаантай холбоотой юм бэ, шинжээч хэдийгээр энэ шинэ гэмтэл байгаа хууч өвчинтэй холбоогүй гэж байгаа боловч ямар хууч өвчинтэй гэдэг нь хавтаст хэрэгт авагдаагүй учраас энэ хууч өвчин, татаж унадаг асуудлаасаа болоод Д.Г-аас болоогүй юм биш байгаа гэдгээр гэмтлийг шалгаж тогтоогоогүй гэж үзэж байна. Иймээс өмгөөлөгчийн хувьд энэ асуудлыг мөрдөн байцаалтад шалгаж, бодит байдлыг тогтоох ёстой юм байна гэж үзлээ” гэв.

 

Прокурор Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Д.Г-ыг гараараа цохиж байхыг гэрч харсан байдаг. Сандлаар цохиод үүсээгүй гэдэг нь шүүгдэгчийн дахин мэдүүлгээр тогтоогдсон байгаа. Хохирогч тал гомдолтой байсан, гэм буруу нотлогдсон, анхан шатны шүүхээс гарсан шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Г-ын давж заалдсан гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж дүгнэв. 

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д-оос шүүгдэгч Д.Г-ыг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын * дугаар багийн Борхойн ** тоотод иргэн Ц.Ч-ыг гараараа болон хуванцар сандлаар зодож, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлснийг анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Тодруулбал шүүгдэгч Д.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын * дугаар багийн Борхойн ** тоот өөрийн амьдардаг гэрт Ц.Ч нь түүний ээж Д.Ц-г нэрээр нь дуудлаа гэх шалтгаанаар ууттай алим жимсээр шүүгдэгч Д.Г-ын толгой руу цохисноос болж тэд муудалцаж, улмаар шүүгдэгч Д.Г нь Ц.Ч-ын толгойн тус газар гараараа болон сандлаар цохисноос хохирогч Ц.Ч-ын биед “...тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, нүдний ухархайн ханын хугарал, зүүн хөмсөг, дух, баруун хацрын зулгаралт гэмтэл ...”  буюу  үүнээс “...тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал...” нь  амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О /1хх 33-35/, гэрч Д.О /1хх 36-38/, Д.Ц /1хх 46-48/ нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт /1хх 65-66/, шинжээч эмч Э.А-ын мэдүүлэг /1хх 61-62, 109-110/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “... 2010 оны хавьцаа мэдрэлээс болоод татаж унадаг өвчтэй болсон, үүнээсээ болоод 2011 онд байх татаж унахдаа зүүн чамархай талдаа юмны өнцөг мөргөж унаад зүүн нүд хараагүй болж байсан...” гэж мэдүүлж байжээ.

 

Гэвч хохирогч Ц.Ч-д учирсан “... тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал...” хүнд зэргийн гэмтэл нь шүүгдэгч Д.Г-ын гэм буруутай үйлдлийн улмаас  бий болсон, шалтгаант холбоотой болох нь  дараах нотлох баримтаар тогтоогдсон, түүний гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэсэн гэмт хэргийн шинжийг агуулсан байна.  Үүнд:

 

  1. Шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмч Э.А-ын  “... учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ... тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэлд архаг хууч өвчин хамааралгүй. ... өмнө тархиндаа гэмтэл авч эдгэрч байсан бол тэр нь одоогийн энэ гэмтэлд нөлөөлөх боломжгүй... Гараар цохих үед ... тухайн гэмтлүүд нь үүсэх боломжтой. ... Хатуу мохоо зүйл буюу гараар олон удаа цохих үед ... учирсан гэмтлүүд бүгд үүсэх боломжтой...”  гэсэн мэдүүлэг,
  2. Гэрч Д.О-ын “ ... Ээж орилоод болохоо байхаар нь гэр лүү ороход зүүн талын орон дээр миний ах Ч-ын дээр Г суучихсан зүүн гараараа хоолойг нь боогоод баруун гараараа цохиж байсан. Очоод салгах оролдлого хийх үед салахгүй дээрээс нь цохиод байхаар нь цагдаа дуудсан....” гэсэн мэдүүлэг,
  3. Гэрч Д.Ц-ийн “...Зууралдаад Г Ч-ыг багалзуурдаад толгойн тус газар нь гараараа нэг цохиод газар хивсэн дээр унацгаасан. ... О, О хоёрыг дагуулаад орж ирэх үед гэрийн зүүн орон дээр Г Ч-ыг багалзуурдаад, дээрээс нь цээжин хэсэгт нь өвдөглөчихсөн, баруун гараараа толгой орчим руу нь цохиж байсан. ... “ гэсэн мэдүүлэг зэрэг болно.

 

Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарлаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй.

 

Шүүгдэгч Д.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлсөн  буюу давж заалдсан гомдол гаргасны дараа 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан 4331009 төгрөгийг төлсөн, энэ нь түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх хуульд заасан үндэслэл болж болох боловч хохирогч Ч-ын эрүүл мэндэд учирсан хор уршиг бүрэн арилаагүй ба анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г-д  Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хамгийн бага ялыг буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хүнд биш, энэ нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг зарчимд нийцсэн гэж үзнэ.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар ялын төрлийн хувьд торгох ялыг сонгож оногдуулж болох боловч хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Д.Г-ын хувьд хөрөнгө, цалин хөлс, бусад орлого зэрэг торгох ял оногдуулахад зайлшгүй харгалзан үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Иймд шүүгдэгч Д.Г-ын “...ял хөнгөрүүлэх...” тухай агуулга бүхий давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Г-ын цагдан хоригдсон 48 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

                                           

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                                                                                                                             

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БОЛОРМАА

 

                                        ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

 

                                                                                            Н.БАТЧИМЭГ