| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2022/00430/И |
| Дугаар | 139/ШШ2023/00063 |
| Огноо | 2023-02-07 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 139/ШШ2023/00063
| 023 оны 02 сарын 07 өдөр | Дугаар 139/ШШ2023/00063 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн Сайнцагаан сумын 9-р баг, ******* 18 гудамж 12 тоотод оршин суух, ******* овогт гийн ******* /РД:ЗЮ/,
Хариуцагч: ******* аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, холбоо ХХК-ий байр, Монгол ******* ХК-ий ******* аймгийн *******гийн ******* газар /дарга Ц./
Нэхэмжлэлийн шаардлага: ******* аймгийн ******* үйлчилгээний газрын даргын 2022 оны 09 сарын 16-ны өдрийн А/12 дугаартай *******ч-үйлчлэгч С.*******ийн ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч С.*******,
Хариуцагчийн төлөөлөгч Монгол ******* ХК-ий ******* аймгийн *******гийн үйлчилгээний газрын дарга Ц.
Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.******* нь ******* аймгийн *******гийн үйлчилгээний газрын даргын 2022 оны 09 сарын 16-ны өдрийн А/12 дугаартай шууданч үйлчлэгч С.*******ийн ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Миний бие овогтой ******* 1972 онд төрсөн. Ам бүл 4-үүл, 3 хүүхдийн хамт амьдардаг. Би 2013 оны 03 сарын 01-ний өдрөөс ******* ******* ******* газрын даргын 02 тоот тушаалаар тухайн газар хүргэгч-үйлчлэгчээр анх ажилд орж байсан билээ. Үүнээс хойш тасралтгүй 9 жил ажиллаж байгаа бөгөөд тухайн хугацаанд 3 даргын нүүр үзэж хамтран ажилласаар ирлээ. 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Ц. гэдэг хүн манай компанид даргаар томилогдон ирсэн. Миний бие тухайн ажиллаж байх хугацаандаа байгууллагын болон хувь хүний нууцын тухай хуулийг чанд баримтлан ажиллахыг зорьдог байсан. Гэтэл Ц. даргын үеэс байгууллагын болон хувь хүний нууцын тухай хууль хэрэгжихээ больж, Ц. дарга шууданд ирсэн захидал, албан бичгийг өөрийн дураар цаасны хутгаар зүсэж очих ёстой байгууллага, хувь хүнд очихоос нь өмнө үздэг болсон. Миний бие тухайн үйлдлийг удаа дараа харж холбогдох хуулийг сахин биелүүлж ажиллах журмыг сануулж хэлэхэд чамд хамаагүй би мэдэж байна. Чи дуугүй бай, чи намайг хаана ч барахгүй гэдэг байсан. Ц. даргын тухайн үйлдэл болон миний эсэргүүцсэн үйлдлээс шалтгаалаад бид хоёрын хооронд тодорхой үл ойлголцол бий болж эхэлсэн. Энэ нь сүүлдээ хэрүүлийн түвшинд хүрсэн. Үүнээс хойш даргын зүгээс чи ажлаа өг гэж дарамталдаг, шахаж шаардах нь нэг биш удаа үйлдэгдэх болж 9 сараас хойш чамайг сарын 50000 төгрөгний цалинтай гэрээт ажилтан болгоно гэж сүрдүүлсээр ирсэн. Миний бие ажиллаж байх угацаандаа хөдөлмөрийн гэрээг цуцлахуйц ноцтой зөрчил гаргаж байсан тохиолдол байхгүй. Байгууллагын даргаас удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаанд нь биелүүлээгүй технологийн зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр 2022 оны 09 сарын 02-ны өдөр нийт ажилтанд нь зарлах хэлбэрээр нээлттэй сануулах арга хэмжээ авсан. Миний бие технологийн зөрчил гарсанаа хүлээн зөвшөөрч байна. Технологийн зөрчил гэдэг нь өөрийн хайхрамжгүй байдлаасаа болж сум андуурч шуудан явуулсан үйлдэл. Би энэ гаргасан зөрчилдөө шийтгэлээ амссан. Гэтэл байгууллагын даргаас 2022 оны 09 сарын 16-ны өдөр сахилгын зөрчилтэй байх хугацаандаа ажлын байран дээрээ бусдыг зүй бус үг хэлээр доромжлох, сүрдүүлэх үйлдэл гаргасан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй. З хоног ажил тасалсан, давтан зөрчил, ажлаас чөлөөлөх ноцтой зөрчил гаргасан тул 2022 оны 09-р сарын 15-ны едрөөс үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэсэн тушаал гарсан байна. Ямар шалтгааны улмаас хэзээний хугацааг ажил тасалсан гэж үзэж байгаа юм бэ гэж дарга Ц.гээс асуухад 2022 оны 08 сарын 29, 30, 31-ний өдрүүдэд 3 хоног дараалан ажил тасалсан гэх юм. Би тухайн өдрүүдэд ажил таслаагүй, ажлаа хийж гүйцэтгэж байсан. Манай байгууллага нь илүү цагийн хөлс, урамшуулал гэж байдаггүй учир бүгд тогтсон цалингаа аваад явсаар ирсэн. Тогтмол өдөр болгон цаг бүртгэдэггүй. Намайг ажлын байран дээрээ ажлын цагаар бусдыг зүй бус үг хэлээр доромжилж, сүрдүүлэх үйлдэл гаргасан гэх юм. Миний бие ажлын байран дээр ажлын цагаар тийм үйлдэл гаргаж байсан тохиолдол байхгүй. Харин ажлын бус цагаар, ажил дээр болон өөр газар очиж ажилчидтайгаа хамт нийлж ууж, идэж явж байсан тохиолдол цөөнгүй бий.Тухайн үед наадам наргианаар бие биенийхээ зураг, бичпэг хийж байсан тохиолдол мэр сэр байдаг. Технологийн зөрчилтэй холбоотойгоор миний буруу явуулсан шууданг хүлээж авсан Баянжаргалан сумын шууданч Чулуунцэцэг нь тухайн шууданг төв газар луу буцаж илгээхгүй 2 сар гаруй хугацаа өнгөрсний дараа явуулсан байхад бид хоёрт харилцан адилгүй надад хүнд, Чулуунцэцэгт хөнгөн шийтгэл оногдуулж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байсан тул үүнд дургүй хүрч өөрийн эрхгүй зүй бус үг хэллэг хэрэглэсэн тохиолдол байдаг болохоос өөр надад бусдыг доромжилж зүй бус үг хэллэг хэрэглэж байсан тохиолдол байхгүй. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй гэх юм. Яг хэзээ, ямар үүрэг даалгаврыг биелүүлээгүй тухай тодорхой нотлох баримттайгаар нотлож гаргаж ирэхийг дарга Ц.гээс шаардаж байна. Миний бие 9 жил тухайн байгууллагад ажиллахдаа удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэсээр ирсэн. Ц. дарга хувийн тааламжгүй үл ойлголцлыг албан харилцаатай оролцуулж байгаад үнэхээрийн их гомдолтой байна. Би 2022 оны 08 сарын 29, 30, 31-ний өдрүүдэд ажил тасалсан юм бол яагаад 2022 оны 09 сарын 02-ны өдрийн тушаал дээр бичигдэхгүй, 2022 оны 09-р сарын 06-ны өдрийн тушаал дээр бичигдэж байгаад би үнэхээрийн ихээр гайхаж байна. Ажлын цагийг өдөр болгон цаг, минутаар нарийн бүртгэдэг байсан бол энэ зөрчлийг удирдлага мэдэхгүй өнгөрөх боломжгүй юм. Ажлын цагийг өдөр болгон цаг минутаар нь бүртгэдэг байсан юм уу гээд бусад ажилтнаас утсаар тодруулж асуухад тодорхой бүртгэдэг гэсэн хариу хэлж байгаа хүн байхгүй байна. Намайг 8 сарын 29, 30, 31-ний өдрүүдэд ажил тасалсан гэж үзээд 3 хоногийн цалин хасаж цалин бодогдсон юм болов уу гээд шалгаад үзтэл цалин бүтэн олгосон байх юм. Ажил тасалсан юм бол 3 хоногийн цалин хасагдаж бодогдох ёстой гэтэл тийм зүйл огт байхгүй байна. Хөдөлмөрийн хуульд зааснаар ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан сахилгын шийтгэлийг ногдуулдаг. Гэтэл компанийн удирдлагаас ажлаас чөлөөлөх тухай шийтгэл ногдуулах гэж байгаа тухайгаа надад мэдэгдээгүй би 2022 оны 09 сарын 18-нд мэдэж байгууллагын удирдлагаас ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа гардаж авсан. Тухайн тушаалд дурьдагдаад буй ажлаас чөлөөлөх үндэслэлүүд нь ор үндэсгүй зохиомол зүйлүүд байгаа тул ******* аймгийн *******гийн ******* газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/12 дугаартай *******ч-үйлчлэгч С.*******ийн ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
2.Хариуцагч ******* аймгийн ******* үйлчилгээний газар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: С.*******ийн нэхэмжлэлтэй, ******* аймгийн ******* үйлчилгээний газарт хариуцагдах иргэний хэрэгт нэхэмжлэлийн хувийг гардаж аваад дараах тайлбарыг гаргаж байна. С.*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие 2022.09.16-ны өдөр А/12 дугаартай *******ч-үйлчлэгч С.*******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан. Ажлаас чөлөөлсөн үндэслэл нь С.******* нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаж, 3 удаа ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, цэвэрлэгээгээ тогтмол чанартай хийдэггүй, шаардлага тавих болгонд өөдөөс харааж, элдэв үг хэлдэг, өөдөөс доромжилж, заналхийлдэг, энэ талаар нь манай ажилчид ч мэднэ, харилцаа хандлагын зөрчил их гаргадаг, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлөх тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй. Ажил тасалсан нь цагийн бүртгэлээр нотлогдоно. Өмнө нь ажлын байранд согтуугаар олон удаа ирж танхайрч байсан. Ахиж ийм зөрчил гаргахгүй гэдэг, гараараа ч өргөдөл бичиж өгч байсан, энэ талаар холбогдох баримтууд нь байгаа. С.******* нь гаргасан зөрчлөө өөрөө сайн мэднэ. 2022.09.02-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан. Үүнийгээ ******* нь өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ намайг гүтгэсэн, байгууллагын болон хувь хүний нууцын тухай хууль хэрэгжихээ больсон гэх мэт ор үндэслэлгүй зүйл бичсэн байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. ******* аймгийн ******* үйлчилгээний газрын дарга миний 2022.09.16-ны өдрийн А/12 дугаартай *******ч-үйлчлэгч С.*******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаал үндэслэлтэй тул тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгч С.******* нэмэгдүүлсэн шаарлагадаа: С ******* миний бие нь 2022 оны 10 сарын 11 ны өдөр тус шүүхэд ******* аймгийн ******* үйлчилгээний газрын даргын 2022 оны 09 сарын өдрийн А/12 дугаартай "*******ч-үйлчлэгч С.*******ийг ажлаас чөлөөлөх тухай" тушаалыг хүчин болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн тооцож бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Тэгэхээр хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн тооцож бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргаж байна. Шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацааны цалинг хоногоор тооцуулж нэхэмжилж байна гэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгч Ц. нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн тайлбартаа:С.*******ийн нэхэмжлэлтэй ******* аймгийн ******* үйлчилгээний газарт хариуцагдах иргэний хэрэгт нэхэмжлэгчийн 2023 оны 01 сарын 18-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оны 03 сарын 01-ний өдөр анх Монгол шуудан ХК-д үйлчлэгчээр орж байсан. Ц. дарга 2021 оны 01 сард туршилтын даргаар манай байгууллагад ирээд жил гаран хугацаа болж байна. Бид хоёрын маргалдах гол шалтгаан дарга албан бичиг задалж, зураг авч эхэлснээс болсон юм. Дарга намайг 6 сарын турш дарамталсан. Би 2022 оны 08 сарын 01-ний өдөр амрах байсан боловч 08 сарын 06-ны өдөр амарсан. Амарч байх хугацаандаа Бүрд ХХК-д 20 хоног ажилласан. 08 сарын 29-ний өглөө ажил дээрээ ирсэн. 08 сарын 30,31-ний өдрүүдэд би ажил дээрээ ирсэн байхад ажлаа тасалсан гэж худлаа хэлж байна. Ажлаа таслаагүй. Би арваад жил ажиллахдаа ажлаа таслаж үзээгүй. Яагаад юманд шударга байж болдоггүй юм. 2023 оны 09 сарын 02-ны өглөө хурал хийсэн. Тэгээд нэг сумын шуудан бэлдчихээд ком ороод ирэхэд нууцаар хурал хийсэн байсан. Дарга манай дүүг дуудаад танай эгч ажил тасалсан гээд янз бүрээр хэлсэн байсан. Одоо ******* үйлчилгээний газарт шууданч, үйлчлэгчийн ажилдаа эргэж орно. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулна. Нийгмийн даатгалын нөхөн бичилтийг хийлгүүлмээр байна Заавал ажилдаа эргэж ормоор байна. 5 жилийн дараа тэтгэвэртээ гарна. Олон байгууллагаар явмааргүй байна. 10 хэдэн жил ажиллахдаа ажлаа таслаж үзээгүй. Намайг ажлаа таслаад явсан байхад миний ажлыг хэн ч хийдэггүй. Сумдын шууданг би гаргаж хуваарилдаг. Иргэдийн нийтийн хурал дээр энэ байдлыг хэлсэн. Тамгын газрын хуулийн хэлтсийнхэн цагдаад өгсөн байсан. Энэ хүн бүх нотлох баримтаа устгачихаад цагдаа дээр намайг гүтгэж байна гээд уйлаад байсан гэсэн. Би бол ажлаас болж ажлынхантай мууддаг байсан. Монгол шуудангийн газар нууцын зэрэглэлтэй байгууллага. 10 жил цэвэрлэгээ хийгээгүй юм бол тэр байгууллага өнөөдөр ямар байх уу. Цэвэрлэгээ хийхээр илжирсэн усаар хийлээ, гар зайл гэж хэлдэг. Ажлын байран дээр байнга дарамталдаг. Би үнэнийг хэлж байгаад ад болдог. 2022 оны 09 сарын 16-ны өдөр тушаал гаргаж халчихаад 09 сарын 19-ний өдөр ажлаа тасалсан гэсэн. Дарга өөрөө цагаа бүртгэдэг. Дандаа худлаа бүртгэдэг. Би ажил дээр 08 цаг 30 минут гээд очдог. Манайхан 08 цаг 55 минут гээд ирцгээдэг. Дарга өөрөө ажил дээр ирдэггүй. Бүтэн сар яваад ирэхэд нягтлан цалинг нь өгсөн байсан. Дарга юм л бол зураг авна. Манай ээж хэвтэрт байсан чөлөө авах гэхээр загнаад байдаг байсан. Өөрөө хүүхэдгүй болоод тэгдэг юм уу, хүүхдийн зовлон мэддэггүй. Хүүхэд нохойнд уруулаад хот аваад явахад араас утсаар загнаж байсан. Дарга хүн ажилчдынхаа ар гэрийг ойлгож ажилладаг бол хүмүүс аятайхан ажлаа хийнэ. Би үнэнийг хэлж байгаад ад болдог. Нийгмийн даатгалаа төлүүлмээр байна. 5 сар цалингийн зээлээ төлж чадаагүй. Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулмаар байна. Ажилдаа эргэж ормоор байна гэв.
6.Хариуцагчийн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.*******ийн ярьж байгаа зүйлд санал нийлэхгүй байна. 2023 оны 09 сарын 02-ны өдөр хуралд С.******* өөрөө байсан. Тэр үед хурлын тэмдэглэл үйлдсэн. Болсон процессоо хүлээн зөвшөөрөхгүй хаалга саваад гарч байсан. Энэ хүн үнэн худал нь мэдэгдэхгүй худлаа яриад яваад байдаг. Намайг давхар цагдаад өгсөн байсан. Би эхлээд ярилцсан. Энэ хүний ар гэрийн асуудлыг мэднэ. Хамт ажиллаад жил 8 сар болсон. Архи уугаад агсам тавихад нь халчих боломж байсан. Адилхан эмэгтэй хүн учраас халахгүй яваад байсан. Энэ хүнд сануулах арга хэмжээг хэд хэд авсан. Сүүлдээ аргаа ядаад та лам дээр оч нэг өдрийн чөлөө өгье гэхэд лам дээр очно гээд гүйгээд гарч байсан. Хэлэх хэлэхгүй үгээр доромжилно. Сүүлдээ энэ хүн тамхи татдаг болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт байгууллагын дотоод журмын 10.2.4, 10.2.5, 11.3.2 дахь заалтуудыг үндэслэж ажлаас халсан. Сануулах арга хэмжээ авсан хугацаанд давтан зөрчил гаргасан. Ажлаа давтан тасалсан. 09 сард 2 удаа буюу түүнээс дээш удаа ажлаа тасалсан. Ажил дээр ирэхдээ 10 өнгөрөөж ирээд буйдан дээр унтаж байгаад 15 цаг өнгөрөөгөөд гараад явчихдаг. Цэвэрлэгээ огт хийдэггүй, гэрчүүдийн мэдүүлгээр баталгаажиж байгаа. Энэ хүн ингээд худлаа яриад байх юм. Шүүх хуралдааны дараа нэр хүндээ сэргээлгэхээр шүүхэд хандъя гэж бодож байна. Ийм болохоор нь ажлаас нь халсан гэв.
5. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл /хэргийн 1-3 хуудас/, нэхэмжлэлд хавсаргасан материалын жагсаалт /хэргийн 4-р хуудас/, С.*******ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн 5-12 хуудас/, С.*******ийн барьцаат зээлийн гэрээ /хэргийн 13-15 хуудас/, Э.Хонгор, Э.Солонго нарын төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 16-17 хуудас/, Э.Гонгорын иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 18-р хуудас/, Төрийн мэдээллийн сангаас гаргах нийгмийн даатгалын шимтгэлийн талаарх тодорхойлолт /хэргийн 19-р хуудас/, ******* аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 10 сарын 07-ны өдрийн 317 дугаартай албан бичиг /хэргийн 20-р хуудас/, ******* аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт /хэргийн 21-р хуудас/, С.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 22-р хуудас/, ******* аймгийн ******* сумын 9-р багийн Засаг даргын 2022 оны 10 сарын 10-ны өдрийн 116 дугаартай тодорхойлолт /хэргийн 23-р хуудас/, ******* аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 10 сарын 05-ны өдрийн 313 дугаартай албан бичиг /хэргийн 23-р хуудас/, компанийн нууцыг задруулахгүй байх тухай баталгаа /хэргийн 24-р хуудас/, Б.Мөнх-Эрдэнийн нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 25-р хуудас/, 2022 оны 01 сарын 12-ны өдрийн 9 дугаартай худалдах худалдан авах гэрээ /хэргийн 26-р хуудас/, ******* үйлчилгээний газрын даргын 2022 оны 09 сарын 02-ны өдрийн А/09 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хуулбар /хэргийн 27-р хуудас/, Монгол ******* хувьцаат компанийн ******* аймгийн ******* үйлчилгээний газрын даргын 2022 оны 09 сарын 16-ны өдрийн А/12 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хэргийн 28-р хуудас/, итгэмжлэл /хэргийн 35-р хуудас/, 2022 оны 11 сарын 14-ний өдрийн Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт /хэргийн 45-р хуудас/, ******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 10 сарын 12-ны өдрийн 305 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 46-р хуудас/, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага /хэргийн 90-р хуудас/, ******* аймгийн Засаг даргын 2023 оны 01 сарын 16-ны өдрийн 01/79 дугаартай албан бичиг /хэргийн 92-р хуудас/, 2022 оны 06 сарын 03-ны өдрийн компанийн нууцыг задруулахгүй байх баталгаа /хэргийн 93-р хуудас/, ******* аймаг дахь Цагдаагийн газрын 2023 оны 02 сарын 06-ны өдрийн 38/599 дугаартай албан бичиг /хэргийн 135-136 хуудас/ хариуцагч талаас хариу тайлбар /хэргийн 36-р хуудас/, хөдөлмөрийн гэрээ /хэргийн 37-39 хуудас/, Монгол ******* хувьцаат компани ******* аймгийн *******гийн үйлчилгээний газрын даргын 2022 оны 09 сарын 16-ны өдрийн А/12 дугаартай *******ч-үйлчлэгч С.*******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаал /хэргийн 40-р хуудас/, Монгол ******* хувьцаат компани ******* аймгийн *******гийн үйлчилгээний газрын даргын 2022 оны 09 сарын 02-ны өдрийн А/09 дугаартай *******ч-үйлчлэгч С.*******т сахилгын шимтгэл ногдуулах тухай тушаал /хэргийн 41-р хуудас/, ******* аймгийн ШҮГ-ын 2022 оны 09 сард ажиллах цагийн хуваарь /хэргийн 42-р хуудас/, хариу тайлбар /хэргийн 65-р хуудас/, 2116545 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 66-р хуудас/, ******* аймаг дахь Цагдаагийн газрын 2023 оны 01 сарын 02-ны өдрийн 38/32 дугаартай албан бичиг /хэргийн 72-р хуудас/, гэрч Ш., Ж. нарын мэдүүлэг /хэргийн 76-81 хуудас/, Монгол ******* ХК-ий Дотоод аудитын хэлтсийн 2022 оны 09 сарын 13-ны ******* аймгийн ******* үйлчилгээний газарт мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг/хэргийн 83-р хуудас/, бичиг хүргэгчийн бүртгэлийн дэвтэр /хэргийн 84-р хуудас/, С.*******ийн хүсэлт /хэргийн 85-р хуудас/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 94-р хуудас/, хариу тайлбар /хэргийн 106-р хуудас/, байгууллагын *******чид гэх дотоод чатны зураг /хэргийн 107-115 хуудас/, 2022 оны 8, 8-9 сарын цагийн дэлгэрэнгүй бүртгэл /хэргийн 116-118 хуудас/, 2022 оны 09 сарын 14-ний өдрийн ******* аймгийн *******-******* газрын хурлын тэмдэглэл /хэргийн 119-121 хуудас/, 2022 оны 10 сарын 02-ны өдрийн ******* аймгийн *******-******* газрын хурлын тэмдэглэл /хэргийн 122-124 хуудас/, 2022 оны 03 сарын 16-ны өдрийн ******* аймгийн *******-******* газрын хурлын тэмдэглэл /хэргийн 119-121 хуудас/, иргэн Д.ийн өргөдөл /хэргийн 127-р хуудас/, ******* аймгийн *******гийн үйлчилгээний газрын даргын 2022 оны 02 сарын 18-ны өдрийн А/35 дугаартай Журам батлах тухай тушаал, журам /хэргийн 128-134 хуудас/, гэрч Д.ийн мэдүүлэг /хэргийн 140-141 хуудас/ баримтуудыг ирүүлсэн байна
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч С.******* ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргаж, ажилгүй байсан хугацаны олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
2. Шүүх С.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Байгууллагын дарга хувийн таарамжгүй харилцааны улмаас намайг ажлаас халсан. Ажил тасалсан, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан гэж ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулна гэжээ.
4. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: С.*******ийг ажил тасалсан, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, өмнө сахилгын шийтгэлтэй байхдаа давтан зөрчил гаргасан, ажил дээрээ бусдыг зүй бус үг хэлээр доромжилсон үйлдэл гаргасан гэж ажлаас халсан. Эдгээр үндэслэлүүд нотлогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
5. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч С.******* нь Монгол шуудан ХК-ийн ******* аймгийн шуудан үйлчилгээний газарт шууданч үйлчлэгчээр ажиллаж байсан ба 2022 оны 9 сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчтай хөдөлмөрийн гэрээ /хэргийн 37-39-рт/ байгуулан шууданч үйлчлэгчээр ажиллаж байсан байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2022 оны 9 сарын 16-ны өдөр сахилгын зөрчилтэй байх хугацаандаа ажлын байран дээрээ бусдыг зүй бус үг хэлээр доромжлох, сүрдүүлэх үйлдэл гаргасан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, 3 хоног ажил тасалсан, давтан зөрчил, ажлаас чөлөөлөх ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Нэхэмжлэгч С.******* нь 2022 оны 9 сарын 2-ны өдөр /хэргийн 41-рт/ удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаанд нь биелүүлээгүй, технологийн зөрчил дутагдал гаргасан, байгууллагын бусад журмаар сахилгын шийтгэл ногдуулахаар зөрчлийг удаа дараа гаргасан тул нийт ажилтанд нь зарлах хэлбэрээр нээлттэй сануулах арга хэмжээ авах сахилгын шийтгэл хүлээсэн байна. 2022 оны 9 сарын 16-ны өдөр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулахдаа сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэлүүдийг ажлаас чөлөөлөх тухай тушаалд /хэргийн 40-рт/ дурдсан боловч дээрх зөрчлүүд хэрхэн нотлогдож байгаа баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Ажилтан сахилгын зөрчилтэй байх хугацаандаа ажлын байран дээрээ бусдыг зүй бус үг хэлээр доромжлох, сүрдүүлэх үйлдэл гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хариуцагч талын хүсэлтээр гэрч Д.ээс мэдүүлэг авсан гэрчийн мэдүүлгээр /хэргийн 140-141-рт/ нэхэмжлэгч С.*******ийн зүй бус харилцааны улмаас гэрч ******* үйлчилгээний газарт 2022 оны хавар гомдол гаргаж байсан гэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар зөрчил гарснаас хойш 6 сар, зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах ба энэ хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж үл болно. Бусдыг зүй бус үг хэллэгээр доромжлох, сүрдүүлэх үйлдэл гаргасан талаар өөр баримт хэрэгт ирүүлээгүй ба дээрх гэрчийн мэдүүлгийг энэхүү зөрчилд хамааруулж үзвэл сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул гэрч Д.ийн мэдүүлгийг үндэслэн бусдыг зүй бус үг хэллэгээр доромжилсон, сүрдүүлсэн зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байна.
Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэх үндэслэл нь нотлогдохгүй байна. Байгууллагын удирдлагаас хэзээ, ямар үүрэг даалгавар өгснийг хэдэн удаа биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй нь тодорхойгүй байна.
Давтан зөрчил, ажлаас чөлөөлөх ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл мөн хэрэгт ирүүлсэн бичгийн баримтаар нотлогдохгүй байх ба ажлаас чөлөөлөх ямар зөрчил гаргасан болох нь тодорхойгүй байна.
Мөн 3 хоног ажил тасалсан үндэслэлээр ажлаас халах болсон гэж тайлбарлан мэтгэлцэж байх ба ******* аймгийн ШҮГ-ын 2022 оны 09-р сард ажиллах цагийн хуваарийг /хэргийн 42-рт/ хэрэгт ирүүлжээ. Уг хуваариар бусад ажилтан 9.00-д ажилдаа ирсэн 18.00-д ажлаас явсан гэж бүртгэгдсэн ба хүргэгч үйлчлэгч С.*******ийн ажилд ирсэн явсан цаг бүртгэгдсэн, зарим өдөр ирээгүй, зарим өдөр ажлаас явсан цаг бүртгэгдэж ирсэн цаг бүртгэгдээгүй, ажлаас халагдсанаас хойш буюу 2022 оны 9 сарын 19-ний өдөр ирээгүй гэж бүртгэгдсэн зэрэг эргэлзээтэй байдлаар бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл бүх ажилтан 9.00 цагт ажилдаа зэрэг ирж, 18.00 цагт ажлаас явсан гэх нэг ижил бүртгэл эргэлзээтэй байх ба нэхэмжлэгч С.******* нь 2022 оны 9 сарын 2-ны өдөр ажилдаа ирсэн цаг бүртгэгдээгүй атлаа явсан цаг 16.30 гэж бүртгэгдсэн нь баримтыг нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээ төрүүлж байх тул уг баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Хариуцагч талаас шүүхийн хэлэлцүүлэгт байгууллагын дотоодын *******чид нэртэй чатанд үзлэг хийлгэсэн ба үзлэгээр илэрсэн нөхцөл байдал буюу нэхэмжлэгч С.*******ийн бичсэн зүй бус үг хэллэг, хараал бүхий бичвэр нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болох хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Мөн хариуцагч талаас аудио бичлэг бүхий нэг CD, видео бичлэг бүхий нэг CD-г ирүүлж, шүүхийн хэлэлцүүлэгт CD-д үзлэг хийхэд уг бичлэгийн хийгдсэн хугацаа тодорхойгүй, бичлэгт гарч буй үйл баримт хэрэгт хамааралгүй, аудио бичлэгт гарч буй дууны эзэн хэн болохыг мэдэх боломжгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно. Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах тухайн цаг хугацаанд ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл болсон зөрчлүүд тус бүр баримтаар нотлогдож байх ёстой бөгөөд 2022 оны 9 сарын 16-ны өдрийн шууданч үйлчлэгч С.*******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаал гарахад баримтууд бодитоор байсан байвал зохино. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэлийн үндэслэл болсон зөрчлүүд гарсныг нотлох баримтыг нөхөн бүрдүүлэх боломжгүй ба ажилтныг ажлаас чөлөөлөх тушаал гарах үед гаргасан зөрчлүүдийн нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн тохиолдолд нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй гэж үзэв. Өөрөөр хэлбэл хариуцагчийн тайлбар татгалзал нотлох баримтаар нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Монгол шуудан ХК-ийн ******* аймгийн шуудангийн үйлчилгээний газрын даргын 2022 оны 9 сарын 16-ны өдрийн А/12 дугаартай *******ч үйлчлэгч С.*******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлага биш, нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах тул шүүх нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж шийдвэрлэх боломжгүй болно.
Нэхэмжлэгч нь 2022 оны 9 сарын 16-ны өдрөөс 2023 оны 2 сарын 7-ны өдрийг хүртэл ажилгүй байсан ба энэ хугацааны олговор нийт 2918675 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв. Нэхэмжлэгчийн сарын үндсэн цалин 620000 төгрөг /хэргийн 19-рт/ байх ба 2022 оны 9 сард ажлын 10 хоног, 2022 оны 10 сар, 11 сар, 12 сар, 2023 оны 1 сар, 2023 оны 2 сард ажлын 5 хоног ажилгүй байсан хугацаагаар олговрыг тооцсон болно.
6. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх нэхэмжлэл тул хариуцагч Монгол ******* ХК-ий ******* аймгийн *******гийн үйлчилгээний газраас 131849 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар ******* овогт гийн ******* /РД:ЗЮ/-ийг Монгол ******* ХК-ий ******* аймгийн *******гийн үйлчилгээний газар /2116545/-ын шууданч-үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар Монгол ******* ХК-ий ******* аймгийн *******гийн үйлчилгээний газар /2116545/-аас ажилгүй байсан хугацааны олговорт 2918675 /хоёр сая есөн зуун арван найман мянга зургаан зуун далан таван/ төгрөгийг гаргуулж ******* овогт гийн ******* /РД:ЗЮ/-т олгож, нэхэмжлэгчийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулж, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч Монгол ******* ХК-ий ******* аймгийн *******гийн үйлчилгээний газар /2116545/-т даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Монгол ******* ХК-ий ******* аймгийн *******гийн үйлчилгээний газар /2116545/-аас 131849 /нэг зуун гучин нэгэн мянга найман зуун дөчин есөн/ төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.*******