Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦ176

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга О.Билгүүн

Улсын яллагч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2422001850153 дугаартай хэргийг ******* оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,,,, 4 хүүхдийн хамт Дундговь аймгийн сумын 2 дугаар баг “Нарийн хар” гэх газарт нутаглах,,, Регистрийн дугаар:

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Дундговь аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “ ” гэх газарт согтуурсан үедээ иргэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний толгой, нүүрэн тус газарт гараараа цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн газарт мөн цаг хугацаанд унаж явсан “Инфинити Эф Икс-35” /Infiniti FX-35/ загварын тээврийн хэрэгслийн хормойг  /капот/ чулуугаар зурах, урд салхины шилийг чулуугаар хагалах зэргээр эвдэж 910,000 /есөн зуун арван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                 Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, эд зүйл устгаж гэмтээсэн хэргийн үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч “... 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Дундговь аймгийн сумын 2 дугаар багт байх “ өндрийн уурхай” дээр байж байхад уурхайн гадаа машиных нь дугуй хагарсан гээд мотоциклтой хүрээд ирсэн. Тэгээд намайг харчихаад “Ах шартаж үхлээ ганц шил юм байвал өгөөч” гэсэн. ... Надад байсан хятад архи задлаад өгсөн. ... Тэгээд надаас дахиж 1 шил архи гуйгаад аваад мотоциклоо унаад явах гээд байхаар нь би “чи өмнө нь архи ууж байгаад мотоциклоосоо унасан гэсэн одоо дахиад унаж мэднэ” гээд би өөрийн эзэмшлийн “Nissan Infinity” маркийн 10-05 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ суулгаад бид 2 хөдөө гэр рүү явсан юм. Тэгээд явж байгаад хажууд согтуу янз бүрийн юм яриад явж байснаа над руу хандаж “чи сарын 1,000,000 төгрөгөөр цалинжуулдаг овоо муу пизда шүү, одоо чи надад 1,000,000 төгрөг өг гээд” над руу агсраад эхэлсэн. Тэгэхээр нь би “чамд яахаараа 1,000,000 төгрөг өгдөг юм” гэтэл хажууд сууж байгаад гараараа миний баруун талын чих рүү 1 удаа цохихоор нь би машинаа зогсоогоод суудлын бүсээ тайлах гэтэл нь “чамайг ална” гээд гараараа миний нүүр хэсэгт 2, 3 удаа дахиад цохисон. Тухайн үед машин зогссон байсан болохоор машинаас буухаар нь би машинаас буух гэтэл гартаа том чулуу барьчихсан миний толгой хэсэгт цохих гэж байхаар нь би хойшоо гэдийгээд бултаад зүүн талын хөлөөрөө хамгаалтал миний хөл рүү чулуугаараа цохисон. Тэгэхээр нь би машинаа хөдөлгөөд явах гэтэл нь гартаа чулуу барьж ирээд миний машины копуд дээр чулуугаараа зурсан тэгээд би хөдлөөд явтал тухайн чулуугаа машин руу шидээд урд талын салхины шил хагалсан. Тэгээд би уурхай дээрээ очоод амарсан юм. Маргааш нь миний нүүр, хөл, чих зэрэг хөхөрч хавдсан байсан... Одоо гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 32-33, 36-р хуудас/

Гэрч “Манай аав // захиран зарцуулах эрхтэй. Миний нэр дээр авч байсан автомашин, аав өөрөө унадаг байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 41-р хуудас/

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 340 дугаартай “... биед 2 нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, 2 нүдний ухархайн дотор хананы хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Уг гэмтлүүд нь тус бүрдээ болон бүрдэл байдлаар учрах үедээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэсэн дүгнэлтээр /хх-ийн 48-50-р хуудас/

Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн ******* оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 0525/029 дугаартай “... 3.Нармандахын биед зүүн тавхайн зөөлөн эдийн гэмтэл нь дангаараа учрах үедээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Уг гэмтэл нь тухайн үед үүссэн бусад гэмтлүүдтэй бүрдэл байдлаар учрах үедээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Уг гэмтэл тогтоосноор 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 340 дугаартай дүгнэлтийн хохирлын зэрэг өөрчлөгдөхгүй” гэсэн нэмэлт дүгнэлтээр /хх-ийн 55-57-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд хохирол учирсан болох нь ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №24836/ДД№31424700 дугаартай “10-05 УБК улсын дугаартай “Infiniti FX35” маркийн автомашины гээр тогтоогдсон эвдрэл, хохирлын дүн 910,000 төгрөг” гэх , /хх-ийн 67-68-р хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.

 

Дээрх баримтуудаар дараах үйл баримт тогтоогдов.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Дундговь аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “ ” гэх газарт согтуурсан үедээ иргэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний толгой, нүүрэн тус газарт гараараа цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн газарт мөн цаг хугацаанд унаж явсан “Инфинити Эф Икс-35” /Infiniti FX-35/ загварын тээврийн хэрэгслийн хормойг  /капот/ чулуугаар зурах, урд салхины шилийг чулуугаар хагалах зэргээр эвдэж бага бус хэмжээнээс дээш хэмжээний хохирол буюу 910,000 /есөн зуун арван мянга/ төгрөгийн хохирол учруулсан байна.

Шүүгдэгч *******ын дээрх хохирогчийн биед санаатайгаар халдсан үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/, эд хөрөнгөд 910.000 /есөн зуун арван мянга/ төгрөгийн хохирол учирсан нь шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлт, зэргээр тогтоогдож байх ба шүүгдэгч нь учруулсан хохирол, хор уршиг, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргаагүй болно.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Хохирогч “Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” талаар мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч *******ыг Монгол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

            Прокуророос шүүгдэгч *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй, цаашид хохирогч хохирол нэхэмжилсэн тохиолдолд нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, прокурорын сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгож, уг торгуулийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ялын саналыг хүлээн зөвшөөрсөн, шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлсэн болно.

            Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч овогтой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Боржигин овогтой т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт мөн 550 нэгжээр буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан уг ялуудыг нэмж нэгтгэн нийт 1000 нэгжээр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгосугай.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ТӨРБОЛД