| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2022/00512/И |
| Дугаар | 156/шш2022/00546 |
| Огноо | 2022-12-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2022 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 156/шш2022/00546
156/ШШ2022/00546
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2021/00512/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ................... оршин суух Боржгон тугч овогт Г.А.,
Хариуцагч: Хэнтий аймгийн ............................. байр, ................. тоотод оршин суух, Бадран овогт А.Б.
Нэхэмжлэлийн шаардлага: 31,617,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Г.А.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Т.
Хариуцагч: А.Б.
Хариуцагчийн өмгөөлөгч: О.Д.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Т. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.А. нь хариуцагч А.Б.д холбогдуулан 31,617,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. А.Б. нь иргэд хоорондын сайн дурын гэрээний үндсэн дээр Бэрх тосгоны нутаг дэвсгэрт байхдаа 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс хойш удаа дараагийн үйлдлүүдээр надаас мөнгө зээлсэн боловч одоог хүртэл зээлсэн мөнгөө буцааж төлөхгүй намайг хохироож байна. Би хүнд тус болж байна гэж бодсон боловч үгүй байжээ.
Зээл өгөхдөө бид хугацааны талаар ярилцаагүй, бүл 9 сарын хугацаатай ажиллаад задардаг байсан тул би 9 сарын хугацаагаар мөнгө зээлж байна гэж бодсон. Би А.Б.тай утсаар ярилцаад дансаар мөнгө шилжүүлсэн. Дараа нь би А.Б. дээр очиж гэрээ дээр гарын үсэг зуруулсан. 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 4,220,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 150,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 550,000 төгрөг, 137,500 төгрөгийг нийт 17,057,500 төгрөг зээлсэн. Ингэхдээ 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд сарын 15%-ийн хүүтэйгээр, 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 10 хувийн хүүтэйгээр мөнгө зээлсэн. Үндсэн зээл төлөөгүй, 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 1,050,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 2,850,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2,070,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 375,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 2,850,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 750,000 төгрөг, нийт 11,445,000 төгрөгийн хүү төлсөн. 17,057,500 төгрөгийг 10%-ийн хүүгээр бодоход 1 сард 1,705,750 төгрөг болж байгаа. Үүнийг 2022 оны 6 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаагаар тооцвол 10,2234,500 төгрөгний төлөгдөөгүй зээлийн хүү гарна. Дээрээс нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зээлсэн 4,220,000 төгрөгний хүү тооцогдоогүй орхигдсон байсан. Үүний хүүг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаагаар 10%-ийн хүүгээр бодоход 3,376,000 төгрөг гарна. Үүнийг оруулж тооцоход 949,000 төгрөгний зөрүү гарч ирж байна. Энэ нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх зээлийн хүү юм. Ингээд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 31,617,000 төгрөгийн 17,057,500 төгрөг нь үндсэн зээл, 13,610,500 төгрөг нь зээлийн хүү, одоо нийт 30,668,000 төгрөг нэхэмжилж байна. Үлдэх 949,000 төгрөгөөс татгалзаж байна гэв.
2. Хариуцагч А.Б. нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 999 бүлээс 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 4,220,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 150,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 550,000 төгрөг, нийт 16,920,000 төгрөг зээлсэн. 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 137,500 төгрөгийг зээлээгүй. Гэхдээ 17,057,500 төгрөг зээлсэн гэдэгт маргахгүй. Энэ мөнгийг сарын 15 хувийн хүүтэйгээр зээлсэн. Тухайн үед зээл авахдаа бичгээр гэрээ байгуулж байгаагүй, тухай бүрд нь утсаар ярьж нэг сарын хугацаатайгаар мөнгө зээлдэг байсан. Хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүдийг 2022 оны 9 дүгээр сард ажил дээрээ байхад Г.А. нь ирж зуруулсан. Тэгэхдээ уг гэрээ нь бланк маягийн бөглөгдөөгүй гэрээ байсан. Анх бүлээс зээл авахдаа 1 сарын хугацаатай авч байсан бөгөөд үндсэн зээлээ өгч чадахгүй байсан болохоор сунгаж, хүүг тооцож өгдөг байсан. Г.А. эгч намайг 5 удаагийн төлөлт төлсөн гэж байсан. Би 6 сарын төлөлт хийсэн байгаа. Тухайн төлөлт хийсэн баримтаа дансны хуулганаас гаргаж ирсэн.
Зээлсэн 17,057,500 төгрөгөөс дараах байдлаар төлсөн болно. Үүнд:
-2021.07.05-ны өдөр 1,500,000 төгрөг /Б.Эрдэнэтуулын Хаан банкны .................тоот данснаас/
- 2021.08.05-ны өдөр 1,500,000 төгрөг /өөрийн Хаан банкны ........... тоот данснаас/
- 2021.09.08-ны өдөр 2,850,000 төгрөг /өөрийн Хаан банкны .................. тоот данснаас/
- 2021.10.05-ны өдөр 2,070,000 төгрөг /өөрийн Хаан банкны ................тоот данснаас/
- 2021.10.20-ны өдөр 375,000 төгрөг /өөрийн Хаан банкны ................. тоот данснаас/
- 2021.11.05-ны өдөр 2,850,000 төгрөг /өөрийн Хаан банкны ..................... тоот данснаас/ нийт 11,145,000 төгрөгийг төлсөн. Сүүлд тооцож үзэхэд 12,945,000 төгрөгийн хүү төлөгдсөн тооцоо гарсан. Мөн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр зээлсэн 10,000,000 төгрөгт нийт 5 сарын хугацаанд хүү төлсөн үүний 7,500,000 төгрөг болсон. Одоо зээлсэн үндсэн төлбөр 16,920,000 төгрөгт 5%-ийн хүү тооцоход 1 сарын 846,000 төгрөг, 6 сарын хүүгээр бодоход 5,076,000 төгрөгийн зээлийн хүү гарна. Үүнийг үндсэн зээл 16,920,000 төгрөг дээр нэмэхэд 21,996,000 төгрөг гарч байна. Үүнээс төлсөн 12,945,000 төгрөгийг хасахад 9,621,000 төгрөг гарч байгаа бөгөөд энэ мөнгийг төлөхийг зөвшөөрч байна.
Иймд нэхэмжилж байгаа 31,617,000 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг зээлийн гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй байх тул миний нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлийн хүүг багасгаж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгч талаас шүүхэд Г.А.ийн байнга оршин суух хаягийн лавлагаа (хх-ийн 4 тал), иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 5 тал), Б.д холбогдуулан гаргасан тайлбар (хх-ийн 6 тал), 2022.01.14-ны өдөр А.Б.аас УБ хотод ДХ бүлийн 999 бүлийн удирдлага-д гаргасан хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 7 тал), 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 8 тал), 2021.06.08-ны өдрийн иргэн Г.А.ээс А.Б. нь гэрээний үндсэн дээр 10,000,000 төгрөгийг хүүтэй зээлсэн талаар хүснэгт тайлбар (хх-ийн 9 тал), Г.А.ийн нэр дээрх ............ тоот дансны 2021.06.01-ний өдрөөс 2021.12.31-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 10-16 тал), 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 17 тал), 2021.08.05-ны өдрийн иргэн Г.А.ээс А.Б. нь гэрээний үндсэн дээр 2,000,000 төгрөгийг, 15% хүүтэй зээлсэн талаар хүснэгт тайлбар (хх-ийн 18 тал), Г.А.ийн нэр дээрх ........... тоот дансны 2021.06.01-ний өдрөөс 2021.12.31-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 19 тал), 2021 оны зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 20 тал), 2021.10.05-ны өдрийн иргэн Г.А.ээс А.Б. нь гэрээний үндсэн дээр 4,220,000 төгрөг хүүтэй зээлсэн талаар хүснэгт тайлбар (хх-ийн 21 тал), Г.А.ийн нэр дээрх ........ тоот дансны 2021.06.01-ний өдрөөс 2021.12.31-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 22 тал), 2021.12.05-ны өдрийн зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 23 тал), Г.А.ийн нэр дээрх ....... тоот дансны 2021.06.01-ний өдрөөс 2021.12.31-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 25 тал), 2021.12.23-ны өдрийн зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 26 тал), 2021.12,23-ны өдрийн иргэн Г.А.ээс А.Б. нь гэрээний үндсэн дээр 550,000 төгрөгийг зээлсэн талаар хүснэгт тайлбар (хх-ийн 27 тал), Г.А.ийн нэр дээрх ............ тоот дансны 2021.06.01-ний өдрөөс 2021.12.31-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 28 тал), мессеж чатны зураг (хх-ийн 30-32 тал) 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б.Т., Г.А. нарын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хх-ийн 33 тал) зэргийг баримтаар гаргаж өгсөн.
5. Хариуцагч талаас шүүхэд хариу тайлбар (хх-ийн 39 тал), А.Б. нэр дээрх ........ тоот дансны 2021.06.01-ний өдрөөс 2021.12.31-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 40-49 тал), 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр А.Б., О.Д. нарын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хх-ийн 54-55 тал)-г баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Г.А.ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 17,057,500 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 13,610,500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
...Би хариуцагч А.Б.д 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 17,057,500 төгрөг зээлсэн. 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд сарын 15%-ийн хүүтэйгээр, 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 10 хувийн хүүтэйгээр мөнгө зээлсэн. Мөнгө зээлэх үед гэрээ байгуулаагүй, гэрээн дээр сүүлд нөхөж гарын үсэг зуруулсан, А.Б. өөрөө зөвшөөрсөн. Тэрээр 11,445,000 төгрөгийн хүү төлсөн. Одоо үндсэн зээл 17,057,500 төгрөг, зээлийн хүү 13,610,500 төгрөг, нийт 30,668,000 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 949,000 төгрөгөөс татгалзаж байна гэж,
3.Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
...Би Г.А.ээс 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 16,920,000 төгрөгийг зээлсэн. 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн хүүнд нийт 12,945,000 төгрөгийг төлсөн. Үндсэн зээл огт төлөгдөөгүй, дандаа хүү төлж явсан. Одоо 16,920,000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаагаар бодоход 5,076,000 төгрөгийн зээлийн хүү гарна. Үүнийг үндсэн зээл 16,920,000 төгрөг дээр нэмэхэд 21,996,000 төгрөг болж байгаа. Үүнээс төлсөн 12,945,000 төгрөгийг хасаад үлдэх 9,621,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүд нь нөхөж байгуулсан гэрээ тул зөвшөөрөхгүй гэж мэтгэлцлээ.
4.Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч Г.А. нь хариуцагч А.Б.д 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хүүтэй мөнгө зээлж, зээлсэн мөнгөө 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд сарын 15%-ийн хүүтэйгээр, 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 10 хувийн хүүтэйгээр тооцохоор зээлсэн. Талууд мөнгө зээлэх үед гэрээ байгуулаагүй, 2022 оны 9 дүгээр сард нөхөж гэрээ дээр хариуцагчаар гарын үсэг зуруулсан гэдэг үйл явдлуудад талууд маргаагүй, бөгөөд харин нэхэмжлэгч Г.А. нь нийт 17,057,500 төгрөг зээлсэн, 11,445,000 төгрөгийн зээлийн хүүг хариуцагч А.Б. нь төлсөн гэж, хариуцагч А.Б. нь нийт 16,920,000 төгрөгийг Г.А.ээс зээлсэн, 12,945,000 төгрөгийн зээлийн хүү төлсөн, одоо төлөгдөөгүй зээлийн хүүг багасгаж өгнө үү гэж маргалаа.
Дээрх харилцаанаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн харилцаа үүссэн байх ба тус хуулийн заалтаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг.
Талуудын хоорондын маргаантай зүйлийн нэг нь нийт зээлсэн мөнгөний хэмжээ байсан бөгөөд хариуцагч А.Б.ийн шүүхэд гаргаж өгсөн өөрийнх нь нэр дээрх ХААН банк дахь дансны хуулга /хх-ийн 48/-аас үзэхэд 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр түүний дансанд нэхэмжлэгч Г.А.йн эзэмшлийн. ............. дугаартай данснаас 137,500 төгрөгийн орлого орсон болох нь нотлогдож байх тул хариуцагч А.Б. нь нэхэмжлэгч Г.А.ээс нийт 17,057,500 төгрөг зээлсэн болох нь нотлогдож байна.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд талууд зээлийн гэрээг нөхөж байгуулсан гэж мэтгэлцэх бөгөөд хэрэв нөхөж байгуулсан зээлийн гэрээ нь хуульд заасан стандарт нөхцөлийн дагуу байгуулагдсан бол хуульд харшлахгүй. Өөрөөр хэлбэл талууд өмнө амаар байгуулсан гэрээг дараа нь бичгэн хэлбэрт оруулах, өмнө үүссэн зээлийн гэрээний харилцааны тооцоонд үндэслэж шинэ гэрээ байгуулах, эсхүл гэрээний үүргийг дахин баталгаажуулах, гэрээний хугацаа, хүүгийн хэмжээг өөрчлөх, зээлийн хүү төлөхөөр тохиролцох зэргээр гэрээг шинэчлэх, гэрээг нөхөж байгуулах нь гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох гэсэн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан заалтад харшлахгүй.
Гэхдээ хариуцагч А.Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...2022 оны 9 дүгээр сард Г.А. нь зээлийн хүү, мөнгө зээлсэн хугацаа бичигдээгүй таван гэрээ дээр гарын үсэг зуруулсан... гэж тайлбарласныг нэхэмжлэгч Г.А. хүлээн зөвшөөрсөн тул тус нөхөж байгуулсан гэрээнүүдийг Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д заасан стандарт нөхцөл бүхий гэрээ гэж үзэхгүй.
Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох ба хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан байдаг тул дээрх гэрээний стандарт нөхцлийг хангаагүй, зээл, зээлийн хүү бичигдээгүй, зээлийн хугацааг тохиролцоогүй нөхөн байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч Г.А. нь хариуцагч А.Б.аас зээлсэн мөнгөний хүү шаардах эрхгүй байна.
Хариуцагч А.Б. нь нийт 12,945,000 төгрөгийн зээлийн хүү төлсөн гэж тайлбарладаг ба тэрээр нэхэмжлэгч Г.А.ээс зээлсэн мөнгийг хүүтэй зээлж авахаар амаар тохиролцож, энэхүү тохиролцоогоо бичгийн хэлбэрээр байгуулаагүй боловч зээлсэн мөнгөний хүүг зөвшөөрч төлсөн бол төлөгдсөн хүүг буцаан шаардах, үндсэн төлбөрт оруулж тооцох эрхгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д заасан ...хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэх заалтаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлдүүлэгч хүү шаардах эрхгүйг зохицуулснаас бус харин зээлдэгч хүүг зөвшөөрч төлсөн бол төлөгдсөн хүүг буцаан шаардах, үндсэн зээлийн төлбөрт тооцох эрхийн үндэслэлд энэ хуулийн зохицуулалт хамааралгүй. Иймд хариуцагч А.Б. нь өөрөө зөвшөөрч нэхэмжлэгч Г.А.т өмнө нь зээлийн хүү гэж төлсөн төлбөрөө үндсэн төлбөрт оруулж тооцуулах эрхгүй.
Дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар хариуцагч А.Б.аас зээлийн үндсэн төлбөр 17,057,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.А.т олгож, нэхэмжлэгч нь 949,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдаж, үлдэх 13,610,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316,035 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б.аас 17,057,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 243,237 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.А.т олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан хариуцагч А.Б.аас 17,057,500 /арван долоон сая тавин долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.А.т олгож, нэхэмжлэгч нь 949,000 /есөн зуун дөчин есөн мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагаас 13,610,500 /арван гурван сая зургаан зуун арван мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316,035 /гурван зуун арван зургаан мянга гучин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б.аас 243,237 /хоёр зуун дөчин гурван мянга хоёр зуун гучин долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.А.т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА