| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2022/01020/И |
| Дугаар | 181/ШШ2022/03030 |
| Огноо | 2022-12-16 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 181/ШШ2022/03030
| 2022 оны12 сары15 өдөр | 181/ШШ2022/03030 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Э/РД: /-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Э/РД: /-д холбогдох,
Газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нямсүрэн, хариуцагч Б.Энхжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.******* миний бие 2019.10.29-ний өдрийн А/399 тоот СБДүүргийн Засаг даргын захирамжаар Бэлх зусланд 1461908294 дугаар бүхий 390 м2 зуслангийн газрыг гэр бүлийн хэрэгцээнд 15 жилийн хугацаатай эзэмшиж байтал иргэн Б.Энхжин гэдэг хүн бидний өмчилж авсан газар дээр байшин барьсан амьдарч байгаа тул СБДүүрэг 20-р хорооны Бэлх зуслангийн 1461908294 хаягт байрлалтай газрыг хуулийн дагуу чөлөөлж өгнө үү. гэв.
Хариуцагч Б.Энхжин шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СБД-ын 20-р хороо, Бэлх зуслан 390 м2 зуслангийн газарт 20 жил амьдарч байгаа тул Н.******* гэгч хууль бусаар газрын бичиг баримтыг гаргуулан авч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Батчулуун овогтой******* миний бие 2021 оны 7-р сард уг газар зуслангийн зориулалтаар байшин барьж охинтойгоо хамт амьдардаг билээ.
Уг газрыг авга эгч бидэнд өгсөн. Авга эгч маань нас өндөр учир бичиг баримтыг нь хараахан авч чадаагүй байсан ба би уг газрын бичиг баримтыг ковидын нөхцөл байдлаас шалтгаалан авч чадаагүй байна.
Энэ хооронд Н.******* нь бичиг баримт, гэрчилгээ уг газар дээр гаргуулан авсан байна. Иймд Н.******* манай байшингийн хойно 2 давхар хаус барьж байгаа хаусны урд гудам гаргах зориулалтаар бидний газрыг авсан байна. Үүнийг шүүх харгалзан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Иргэний газар эзэмших эрхийн 000059834 дугаар гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №01119-2019/04189 Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №14/2551 тоот албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад,
Нэхэмжлэгч Н.******* хариуцагч Б.Энхжинд холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 20-р хороо, Бэлх зуслангийн 1461908294 хаягт байрлалтай газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Б.Энхжин нь уг газрыг авга эгч бидэнд өгсөн гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А399 тоот шийдвэрийг үндэслэн Сүхбаатар дүүрэг, 20-р хороо, Бэлхэд байрлалтай, нэгж талбарын 1461908294 дугаар бүхий 390/гурван зуу ер/ м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар эзэмших эрхтэйгээр эзэмшиж байгаа болох нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 000059834 дугаар Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний болон 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн № 01119-2019/04189 Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, Кадастрын зургийн хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газарт, түүний зөвшөөрөлгүйгээр Үл хөдлөх эд хөрөнгө барьсан болох нь зохигчийн тайлбар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн № 14/2551 Албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь Сүхбаатар дүүрэг, 20-р хороо, Бэлхэд байрлалтай, нэгж талбарын 1461908294 дугаар бүхий 390/гурван зуу ер/ м.кв газрыг эзэмших эрхгүй болох нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 000059834 дугаар Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний болон 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн № 01119-2019/04189 Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, Кадастрын зургийн хуулбараар тогтоогдож байна.
Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.1.1, 60.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 121.1.1 дэх заалтад зааснаар уг маргааныг тус шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-т Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно., 93 дугаар зүйлийн 93.1-т Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй. гэж заасан.
Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүрэг, 20-р хороо, Бэлхэд байрлалтай, нэгж талбарын 1461908294 дугаар бүхий 390/гурван зуу ер/ м.кв газрын хууль ёсны эзэмшигч байх тул нэхэмжлэгч нь хариуцагчийн хувьд газрын өмчлөгч гэж тооцогдоно.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. гэж заасан.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газарт нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй Үл хөдлөх эд хөрөнгө барьсан байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг Сүхбаатар дүүрэг, 20-р хороо, Бэлхэд байрлалтай, нэгж талбарын 1461908294 дугаар бүхий 390/гурван зуу ер/ м.кв газраас албадан чөлөөлөх үндэслэлтэй байна.
Шүүх Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 93 дугаар зүйлийн 93.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Энхжинг Сүхбаатар дүүрэг, 20-р хороо, Бэлхэд байрлалтай 1461908294 дугаартай газраас албадан чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 93 дугаар зүйлийн 93.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Энхжинг Сүхбаатар дүүрэг, 20-р хороо, Бэлхэд байрлалтай 1461908294 дугаартай газраас албадан чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Энхжингээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ