Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2023/00144

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2023/00144

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: И ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Г.Д/РД: /-д холбогдох,

 

2,212,686 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаяр, хариуцагчийн өмгөөлөгч А.Буянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов. Хариуцагч Г.Дариймаагийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ихмөнх наран ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Даариймаа нь тус компаниас 2017 оны 09 сарын 20-ны өдрийн 22944 дугаартай зээлийн гэрээгээр 1,344,000 төгрөгийг сарын 6% хувийн хүүтэй, 180 хоногийн хугацаатай зээлсэн ба зээлийн гэрээний дагуу 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн зээлийн төлөлтөө хийж эхэлсэн. Гэхдээ гэрээний графикт байгаа зээлийн эргэн төлөлтийн хувиараас багаар төлөлтөө хийж байсаар байгаад 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 155,000 төгрөг төлөлт хийгээд үлдэгдэл 511,100 төгрөг болсон. Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар зээлдэгч зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд гэрээний хутацаа дууссан өдрөөс эхлэн хүү алданги шаардах эрхтэй гэж заасан байна.

Иймд үндсэн зээл 511,100 төгрөг, зээлийн хүүнд 1,446,036 төгрөг, алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж зааснаар 255,550 төгрөг нийт 2, 212, 686 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Г.Дариймаа шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч А.Буянжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ихмөнх наран ХХК-ийн 2,212,686 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Ихмөнх наран ХХК-иас Тэжээгчээ алдсаны тэтгэвэрийн дэвтрээ барьцаалж, 1,344,000 төгрөгийг зээлж, бага багаар төлсөөр нийт 1,073,000 төгрөгийг төлж барагдуулан, үлдэгдэл 271,000 төгрөг үлдсэн гэж бодож байна. Мөн зээлээ 10-р сарын 14 болон 10-р сарын 25-нд хоёр удаа 140.000 төгрөг төлсөн байтал үүнийг оруулж тооцоогүй байна. Гэрээнд зааснаар 6 сарын хугацааны зээлийн хүү 280,500 төгрөгөөс хэтрэхгүй байх ба нийт 551,500 төгрөг үлдсэн гэж тооцоолж байтал надаас илүү мөнгө нэхэмжилсэн тул нэхэмжпэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Зээлийн гэрээний 4-р зүйлд Зээлдэгч зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн хүү, алдангийг шаардах эрхтэй гэсэн зохицуулалт нь хуульд нийцээгүй заалт бөгөөд тус компани нь банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд биш, зөвхөн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд тул зээлийн гэрээний хугацаа дуусчихаад байхад хүү, алданги нэхэмжлэх эрхгүй юм.

Зээлийн гэрээнд алданги бичээгүй, тоо тавиагүй хоосон орхисон нь гэрээгээр алданги тохиролцоогүй гэсэн үг бөгөөд иймд алданги төлөх үүрэг хүлээхгүй. ИХ-ийн 232.7-д ... хугацаа хэтэрсэн тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол анз шаардах эрхгүй гэж зохицуулсан байна. Иймд дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Энэ хүний хувийн байдлыг харгалзан үзэх ёстой. Амьжиргааны доод түвшингээс бага орлоготой иргэн учир Хуульчдын холбоонд хандаж үнэ төлбөргүйгээр өмгөөлөгч авах хүссэн. Хүүг 3 хувь хүртэл бууруулж тооцох боломжтой гэж үзэж байна. Алданги төлөх боломжгүй. Зээлийн 6 сарын хугацаанд хүү төлөх ёстой. Нэмэлтээр хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн № 0022944 Барьцаат зээлийн гэрээ, Зээл төлөлтийн баримт, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2021 оны 6 дугаар сарын 26ё1-3/3053 тоот албан бичиг, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №00022944 дугаар Зээлийн гэрээг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Г.Дариймаад холбогдуулан үндсэн зээл 511,100/таван зуун арван нэгэн мянга нэг зуу/ төгрөгийг, зээлийн хүүнд 1,446,036/нэг сая дөрвөн зуун дөчин зургаан мянга гучин зургаа/ төгрөгийг, алдангид 255,550/хоёр зуун тавин таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Г.Дариймаа тус компани нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд тул зээлийн гэрээний хугацаа дуусчихаад байхад хүү, алданги нэхэмжлэх эрхгүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан болох нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээний 1, 9-д зааснаар нэхэмжлэгч нь 1,344,000/нэг сая гурван зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгийг, 180/нэг зуун ная/ хоногийн хугацаатай сарын 6/зургаа/ хувийн хүүтэй хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь зээл, зээлийн хүүг зээлийн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь Зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан .... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, хариуцагч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан Зээлийн гэрээний шинжтэй байх тул Зээлийн гэрээ/цаашид Гэрээ гэх/ гэж үзнэ.

 

Гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагчид 1,344,000/нэг сая гурван зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгийг шилжүүлсэн болох нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн № 0022944 Барьцаат зээлийн гэрээ болон Гэрээгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг болох нь 000209223 Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар ... эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй. гэж заасан.

 

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь тэтгэврийн орлогоо барьцаалсан болох нь Зээлийн гэрээ, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 511,100/таван зуун арван нэгэн мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч нь үндсэн зээлийн төлбөрт нэхэмжлэгчид нийт 832,900/159,000+65,000+72,800+76,150+80,700+170,550+99,600+109,100=832,900/ /найман зуун гучин хоёр мянга есөн зуу/ төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн зээл төлөлтийн талаар 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн № 0022944 Барьцаат зээлийн гэрээнд хийсэн бичилтээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрт 1,446,036/нэг сая дөрвөн зуун дөчин зургаан мянга гучин зургаа/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т ... хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ ..., 286 дугаар зүйлийн 286.2Барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно. гэж заасан.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 286 дугаар зүйлийн 286.2 дахь хэсэгт зааснаар зохигчид хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийсэн болох нь Гэрээгээр тогтоогдож банйа.

 

Гэрээний 1-т зээлийн хугацааг 108/нэг зуун ная/ хоногоор тогтоож, сарын хүүг 6/зургаа/ хувь гэжээ.

 

Хариуцагч нь 180/нэг зуун ная/ хоногийн хүүний төлбөрт нэхэмжлэгчид нийт 483,840/1,344,000х6%=80,640, 80,640x6=483,840/ /дөрвөн зуун наян гурван мянга найман зуун дөч/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Гэрээгээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нь үндсэн хүүний төлбөрт нэхэмжлэгчид нийт 486,000/80,700+67,200+67,200+62,850+58,300+53,450+50,400+45,900=486,000/ /дөрвөн зуун наян зургаан мянга/ төгрөгийг төлсөн байх ба болох нь нэхэмжлэгчийн хүү төлөлтийн талаар 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн № 0022944 Барьцаат зээлийн гэрээнд хийсэн бичилтээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн хүүнд шаардсан нийт 1,446,036/нэг сая дөрвөн зуун дөчин зургаан мянга гучин зургаа/ төгрөгийн төлбөрт Гэрээний хугацааны болон хугацаа хэтрүүлсний хүү тооцогдсон гэж тайлбарлаж байх боловч Гэрээний хугацааны болон хугацаа хэтрүүлсний хүүнд тус бүр хэдэн төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулахгүй байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна., 453 дугаар зүйлийн 453.1Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү ... төлөх үүрэгтэй. гэж заасан.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхтэй.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8эрх бүхий хуулийн этгээд гэж хуульд заасны дагуу Монголбанкнаас төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, Санхүүгийн зохицуулах хорооноос хадгаламж болон зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан хуулийн этгээдийг; гэж заасан.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8 дахь заалтад зааснаар барьцаалан зээлдэх газар нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах эрх бүхий хуулийн этгээдэд хамаарахгүй байх тул нэхэмжлэгч нь хугацаа хэтэрсэн хүү шаардах эрхгүй байна.

 

Гэрээнд зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид хүүнд 483,840/дөрвөн зуун наян гурван мянга найман зуун дөч/ төгрөгийг төлөхөөс 486,000/дөрвөн зуун наян зургаан мянга/ төгрөгийг төлсөн байх ба үндсэн хүүгийн төлбөрт 2,160/486,000-483,840=2,160/ /хоёр мянга нэг зуун жар/ төгрөгийг илүү төлсөн болох нь Гэрээ болон нэхэмжлэгчийн зээл хүү төлөлтийн талаар 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн № 0022944 Барьцаат зээлийн гэрээнд хийсэн бичилтээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нь зээлийн үндсэн хүүг төлж барагдуулсан байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.2 дахь хэсэгт зааснаар зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл төлбөрт хариуцагчаас нийт 508,940/2,160+832,900=835,060, 1,344,000-835,060=508,940/ /таван зуун найман мянга есөн зуун дөч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 1,703,746/2,212,860-508,940=1,703,746/ /нэг сая долоон зуун гурван мянга долоон зуун дөчин зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуагчаас алдангид 255,550/хоёр зуун тавин таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар зохигчид алдангийн гэрээг бичгээр хийгээгүй байх тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Дариймаагаас нийт 508,940/таван зуун найман мянга есөн зуун дөч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдсэн 1,703,746/нэг сая долоон зуун гурван мянга долоон зуун дөчин зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,352 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Дариймаагаас улсын тэмдэгтийн хураамжид 15,918 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.               Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Дариймаагаас нийт 508,940/таван зуун найман мянга есөн зуун дөч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдсэн 1,703,746/нэг сая долоон зуун гурван мянга долоон зуун дөчин зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,352 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Дариймаагаас улсын тэмдэгтийн хураамжид 15,918 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

, С.ХИШИГБАТ