Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 74

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон, 

Улсын яллагч Н.Эрдэмбилэг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Цээсүрэн, Т.Хүдэр, 

Шүүгдэгч Б.Буянхүү, Б.Отгонпүрэв нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Буянхүү, Б.Отгонпүрэв нарт холбогдох эрүүгийн 1730000320027 дугаартай хавтаст хэргийг 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Нэг. Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн харьяат, 1996 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл холбооны инженер мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Баруун-Урт сумын 1 дүгээр баг 180 айлын 1-1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар ЛГ96072017, Яст мэлхий овгийн Баярсайханы Буянхүү. 

 

Хоёр. Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн харьяат, 1999 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрөг угсрагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ах, эгч дүү нарын хамт Баруун-Урт сумын 1 дүгээр баг Барилгын 13 айлын орон сууц 11 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар ЛЖ99052733, Сүх овгийн Баатарын Отгонпүрэв. 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

 

           Шүүгдэгч Б.Буянхүү Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байх буутай хөшөөний орчимд 2017 оны 07 дугаар сарын 27-ны шөнө 23.00 цагийн орчимд иргэн Б.Отгонпүрэвийн эрүүл мэндэд хамар ясны шинэ хугарал хамрын таславчийн муруйлт, хүзүү болон цээжний хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

           Шүүгдэгч Б.Отгонпүрэв нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байх буутай хөшөөний орчимд 2017 оны 07 дугаар сарын 27-ны шөнө 23.00 цагийн орчимд иргэн Б.Буянхүүгийн баруун нүдний дээд, доод зовхи, нүдний салстын гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 - Шүүгдэгч Б.Буянхүү шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 07 сарын 27-ны өдөр буутай хөшөөний шатаар бууж байгаад Отгонпүрэвтэй таараад муухай харлаа гэж хэлээд зодолдсон. Отгонпүрэвийг танина, шалтгаангүйгээр зодолдсон.Хохирол төлсөн, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна... гэв. 

 

 - Шүүгдэгч Б.Отгонпүрэв шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 07 сарын 27-ны өдөр найз Алдарбаттайгаа хамт явж байгаад Буянхүүтэй таараад зодолдсон. Одоо хохирол төлбөр нэхэмжилж байгаа зүйл байхгүй,  хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэв.

 

 - Хохирогч Б.Буянхүүгийн мөрдөн байцааланд өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 27-ны орой би найз Нямбаяртай хамт 180 айлын орон сууцны тоглоомын талбай дээр сагсан бөмбөг тоглож байгаад 21 цаг өнгөрөөгөөд Тэжээлийн орон сууцны хойд талд байдаг их буутай хөшөө рүү салхилахаар очиход тэнд Отгонпүрэв найзтайгаа хамт зогсож байсан. Бид хоорондоо маргалдаж байтал Отгонпүрэвийн ах нь гэх хүн ирээд бид хоёрыг салгаад байж байтал Отгонпүрэв дундуур орж ирээд миний нүд рүү өшиглөчихсөн. Тэгээд л бид нар салцгаасан өөр болсон асуудал байхгүй. Надад одоо гаргах санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-7 х/,   

 - Хохирогч Б.Отгонпүрэвийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 27-ны орой найз Алдарбатын хамт тэжээлийн орон сууцны хойд талын их бууны хөшөө рүү очоод юм яриад сууж байтал хажууд үл таних 2 залуу сууж байсан. Гэтэл нэг нь намайг чи юу гэж муухай хараад байгаа юм гээд өөдөөс ирэхээр нь би юу гэж муухай харах юм бэ хардагаараа харж байна шүү дээ гэхэд өөдөөс ирээд заамдаад авсан. Би өөдөөс нь зүгээр байгаа хүнийг яагаад байгаа юм бэ гэхэд тэрээр чи юу гээд өөдөөс томроод байгаа юм бэ гээд өмсөж явсан хувцаснаас заамдаад хоолой боосон. Тэр үед миний хүзүү улайж зулгарсан. Мөн намайг толгойноос дараад миний нүүр рүү өвдөглөөд цохиод байсан. Чих рүү цохиод чихнээс цус гарсан. Тэгээд дараа нь хамар руу цохиод хамрын яс хугарсан юм. ...Буянхүү нь надад эмчилгээний мөнгө гэж 120.000 төгрөг бэлнээр өгсөн. Надад одоо гаргах гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-8 х/, 

 

 - Гэрч А.Нямбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед би найз Буянхүүгийн хамт тэжээлийн орон сууцны тэнд тоглож байгаад замын хойд талд байдаг танктай хөшөө рүү салхилахаар очсон юм. Тэнд бид хоёр удалгүй жаахан сууж байгаад гэртээ харихаар шатаар буух үед Буянхүүг манай байранд амьдардаг Отгонпүрэв гэх залуу муухай харлаа гэж хэрүүл өдөөд хоргоогоод байхаар нь би очиж Буянхүүг аваад явах гэхэд тэрээр Буянхүүг явуулахгүй, хоорондоо нэг нэгнийгээ заамдчихаад байсан. Тэр үед Буянхүү Отгонпүрэвийн нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд Отгонпүрэв Буянхүүгийн нүд рүү 1 удаа цохиод тэгээд салцгаасан...гэх мэдүүлэг / хх-9 х /,

 

- Гэрч С.Алдарбатын мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед найз Отгонпүрэвийн хамт Танктай хөшөөний дээд хэсэгт суугаад салхилж байх үед тэжээлийн байранд амьдардаг Буянхүү, Нямбаяр хоёр согтуу байдалтай Буянхүү нь Отгонпүрэвийг муухай харлаа гэж шалтаглаад хоорондоо муудаад байсан. Тэр үед Нямбаяр нь доошоо шатаар буучихаад хүлээгээд байж байсан. Тэгэхэд Буянхүү Отгонпүрэвийн нүүр рүү 2 удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгэхээр нь Отгонпүрэв зөрүүлээд Буянхүүгийн нүүрлүү 1 удаа цохисон. Тэгээд хоорондоо зууралдаад байхаар нь би очиж салгасан. Тэгэхэд Отгонпүрэвийн хамарнаас цус гараад хамар нь цаашаа чихигдсэн байсан...гэх мэдүүлэг / хх-10 х /,

 

- Гэрч Б.Болормөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед намайг гэртээ байж байхад манай байрны хүүхдүүдээс нэг нь ирээд танай дүүг чинь их бууны хөшөөний тэнд хүн зодоод байна гэхээр нь би яваад очсон. Тэгэхэд Отгонпүрэвийг зүс үл таних хүүхэд зодчихсон, хоорондоо маргалдаж байсан. Өөр асуудал болоогүй...гэх мэдүүлэг / хх-11 х /,

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 273 дугаартай дүгнэлтэд: 1.Б.Буянхүүгийн биед баруун нүдний дээд, доод зовхи болон нүдний салстын гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэжээ / хх-13 х/,

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 272 дугаартай дүгнэлтэд: 1.Б.Отгонпүрэвийн биед хамар ясын шинэ хугарал, хамтын таславчийн муруйлт, хүзүү болон цээжний хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэжээ / хх-16 х/,

 

- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-1 /

 

- Б.Буянхүүгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-30/ 

 

- Б.Буянхүүгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-26/

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017.07.31-ний өдрийн 1/413 тоот тодорхойлолт /хх-31 х / 

 

- Б.Отгонпүрэвийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-34 х/ 

 

- Б.Отгонпүрэвийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-35 х/

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р багийн Засаг даргын 2017.08.02-ны өдрийн 1/423 тоот тодорхойлолт /хх-35 х / зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон талаар :

 

           Шүүгдэгч Б.Буянхүү Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Буутай хөшөөний орчимд 2017 оны 07 дугаар сарын 27-ны шөнө 23.00 цагийн орчимд иргэн Б.Отгонпүрэвийн эрүүл мэндэд хамар ясны шинэ хугарал хамрын таславчийн муруйлт, хүзүү болон цээжний хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

           шүүгдэгч Б.Отгонпүрэв нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх буутай хөшөөний орчимд 2017 оны 07 дугаар сарын 27-ны шөнө 23.00 цагийн орчимд иргэн Б.Буянхүүгийн баруун нүдний дээд, доод зовхи, нүдний салстын гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, гэрч А.Нямбаяр, С.Алдарбат, Б.Болормөнх нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн 272, 273 тоот актууд болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

Хэрэг гарсан байдлыг тодруулбал, Б.Буянхүү нь ямарч үндэслэлгүйгээр муухай харлаа гэх ялимгүй зүйлээр шалтаглан Б.Отгонпүрэвтэй маргаан үүсгэн, түүнийг заамдаж хоолойг боох, цохих зэргээр зодооныг эхлүүлсэн, үүний улмаас Б.Отгонпүрэв түүнтэй зодолдож, бие биедээ хөнгөн хохирол учруулсан хийгээд тэдгээрийг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Буянхүү, Б.Отгонпүрэв нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотолж буй нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх бөгөөд мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. 

Иймээс шүүгдэгч Б.Буянхүү, Б.Отгонпүрэв нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв. 

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

 Шүүхээс шүүгдэгч Б.Буянхүү, Б.Отгонпүрэв нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.   

 

          Шүүгдэгч Б.Буянхүүгийн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч Б.Отгонпүрэвт учруулсан эмчилгээний зардлын хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, шүүгдэгч Б.Отгонпүрэв нь хохирогч Б.Буянхүүгийн зүй бус үйлдлээс шалтаглан түүнийг цохиж гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болох ба харин Эрүүгийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

         Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан боловч эдгэрсэн, тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь зохистой гэж шүүх үзлээ. 

 

Б.Буянхүү, Б.Отгонпүрэв нар эрхэлсэн тодорхой ажилгүй буюу цалин хөлсгүй байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж, энэ торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтооно.

 

        Шүүгдэгч Б.Буянхүү, Б.Отгонпүрэв нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй буюу хохирогчид хэн алинаас хохирол нэхэмжлээгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Яст мэлхий овогт Баярсайханы Буянхүү, Сүх овгийн Баатарын Отгонпүрэв нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Буянхүүг 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр, Б.Отгонпүрэвийг 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Буянхүү, Б.Отгонпүрэв нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Ялтан Б.Буянхүү, Б.Отгонпүрэв нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй буюу хохирогчид хэн алинаас хохирол нэхэмжлээгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд ялтан Б.Буянхүү, Б.Отгонпүрэв нарт урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН