Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2023/0151

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

            Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А*******” ХХК /РД:/,

Хариуцагч: С*******ийн татварын улсын байцаагч Б.М, Д.А нарын хоорондын татварын маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч Б.М, Д.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А*******” ХХК нь С*******ийн татварын улсын байцаагч Б.М, Д.А нарт холбогдуулан “С*******ийн татварын улсын байцаагч Б.М, Д.А нарын “А*******” ХХК-д тогтоосон 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн НА-25220000035 дугаартай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаар, 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШЗ2022/7928 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч нарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн байна.

3. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/32 дугаар тушаалаар баталсан татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, хяналт шалгалт хийх 2521902914 тоот томилолтын дагуу нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд “эрсдэлд суурилсан” шалгалтыг хийж,          Хариуцагч С*******ийн татварын улсын байцаагч Б.М, А нар нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” НА-25220000035 дугаар нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн.

            4. Нэхэмжлэгч “А*******” ХХК нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Нийслэлийн татварын газрын Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч маргаан бүхий актаар тогтоосон төлбөрийн хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 27 дугаар тогтоолыг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 22/96 дугаар албан бичгээр гардан авч, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тус шүүхэд анх нэхэмжлэл гаргажээ.

5. Нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн төлөөлөгч Г.Н, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нар шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай байгууллага нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст харьяалан тайлангаа гаргаж, татвараа төлдөг. Татварын улсын байцаагч Б.М, Д.А нар нь манай компанийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 2521902914 тоот томилолтоор /эрсдэлд суурилсан/ шалгалтыг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг дуусталх хугацаанд хийж гүйцэтгэж, НА-25220000035 дугаартай актаар 129,915,462.35 төгрөгийн нөхөн татвар, 38,974,638.7 төгрөгийн торгууль, 25,983,092.47 төгрөгийн алданги, нийт 194,873,193.53 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон.

Тухайн нөхөн ногдуулалтын актыг ногдуулахдаа манай компанийг ашигт малтмалын нөөц экспортлогч гэж үзсэн. Манай компани тухайн ашигт малтмалыг олборлоогүй, ашиглаагүй, экспортлоогүй, бусдад худалдан борлуулаагүй, бусдад худалдахаар ачуулаагүй. Манай компани, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын өөртөө засах орны Ш,ны компанитай 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 12 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, тус компанийн "*******" ХХК-аас худалдаж авсан 10,000 тонн төмрийн хүдрийн тээвэрлэлтийн 170,000 ам.долларын өртөг бүхий ажлыг гүйцэтгэсэн. Тухайн мөнгийг өөрийн дансаар хүлээн авч тухайн тээвэрлэлтийн ажиллагаанд зориулалтын дагуу тээвэр, агуулах, гаалийн бүрдүүлэлтийг хийсэн. Гэтэл тээвэрлэсэн компанийг экспортлогч гэж үзсэн.

Манай компанийн тээвэрлэсэн төмрийн хүдэр нь “*******” ХХК болон “Д*******” ТӨХК-уудын хоорондох 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн AODE-GPSP-2019/33 дугаартай “Сэлбэг худалдах-худалдан авах ерөнхий гэрээ”-ний дагуу Д*******ээс сэлбэгийн төлбөрт тооцон "*******" ХХК-д нийлүүлсэн төмрийн хүдэр байсан. Харин энэхүү төмрийн хүдрийг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр AODE-ОС-2019/14 дугаартай худалдах-худалдан авах гэрээгээр "*******" ХХК нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын өөртөө засах орны Ш,ны компанид худалдсан байдаг. Үүнтэй холбоотойгоор манайх зөвхөн тээвэрлэсэн гэдэг баримтыг бид хяналт, шалгалтад бүрэн хамруулсан. Мөн тухайн 2 компанийн хооронд хийгдсэн гэрээний дагуу манайх тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулсан бөгөөд тээвэрлэлт хийсэн манай компанийн нэрээр гаалийн бүрдүүлэлт хийгдсэн тул шалгаж өгнө үү гэдэг хүсэлтийг гаргасан. Дансны хуулгаар аль компани аль компанид дамжуулан зарсан нь тодорхой харагдаж байгаа. Дансны хуулгаар тухайн Хятадын компаниас “*******” ХХК-ийн дансанд 140,000 ам.доллар шилжүүлсэн байдаг.

Гэтэл С*******ийн байцаагч нар хяналт шалгалтыг бүрэн дүүрэн явуулаагүй, нотлох баримтыг буруу үнэлж, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэн, төмрийн хүдэр худалдаагүй, худалдах зорилгоор ачуулаагүй, БНХАУ-ын аж ахуй нэгжийн худалдан авсан төмрийн хүдрийг тээвэрлэх ажил гүйцэтгэсэн компанийг экспортлогч гэж тооцон манай байгууллагын эрх, ашиг сонирхолд халдаж нөхөн ногдуулалтын актаар ашигт матмалын нөөц ашигласны төлбөр оногдуулсан. Энэ нь бодит байдалд нийцээгүй төдийгүй хууль зүйн хувьд үндэслэлгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хүчингүй болгуулах тухай гомдлыг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гаргасан. Харин гомдлыг Маргаан таслах зөвлөл 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар хянаж 27 дугаартай тогтоолоор НА-25220000035 дугаартай актыг хэвээр үлдээсэн. Үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй.

Татварын улсын байцаагч нар хуульд нийцсэн үйл ажиллагааг явуулах ёстой, хяналт шалгалтыг хэрэгжүүлж байгаа бол зөвхөн татварын удирдлагын нэгдсэн системд байх 286 ширхэг 3,143,298,190.87 төгрөгийн экспортын мэдээллийг “А*******” ХХК-ийн нягтлан бодох бүртгэл, санхүү татварын тайлантай тулган шалгахаас гадна тухайн мэдээлэл орох болсон шалтгаан, үндэслэлийг тогтоох шаардлагатай. Татварын байцаагч нар хуулийг буруу тайлбарлаж биднийг экспортлогч гэж үзэж байна.

2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйд 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр 471.1-д ...ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлож худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласны бүх төрлийн түгээмэл ашигласан бүх төрлийн түгээмэл тархацтай бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож... ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлнө гэж заасан. Уг заалтад 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж 47.1-д Ашигт малтмал худалдсан, худалдан авахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монгол банк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх... гэж заасан ба үүнийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай дүгнэлтээр Үндсэн хуулийн тодорхой заалтыг зөрчсөн гэж дүгнэж, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс түдгэлзүүлсэн. Улмаар Үндсэн хуулийн Цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор энэхүү заалтыг хүчингүй болгосон. Харин Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөхөөр заасан. 

Иймээс “А*******” ХХК нь 2019 оны 6, 7 сард тухайн 2 компанийн хооронд хийгдсэн гэрээний дагуу тээвэрлэлтийн үйл ажиллагааг хийсэн. Тухайн үеийн нэмэлт өөрчлөлтөөр 47 дугаар зүйлийн 47.1-т ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлнө гэсэн байдаг бөгөөд уг зүйлд экспортлогч гэх зохицуулалт байхгүй байсан. Гэтэл нөхөн ногдуулалтын актад татварын байцаагч “А*******” ХХК-ийг экспортлогч гэж эрх зүйн байдлыг дордуулж хуулийг буруу хэрэглэжээ. 

Татварын байцаагч нар “A*******” ХХК болон “Д*******” ТӨХК-уудын хоорондох 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн AODE-GPSP-2019/33 дугаартай “Сэлбэг худалдах-худалдан авах ерөнхий гэрээ, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр AODE-ОС-2019/14 дугаартай "*******" болон Ш,ны компанийн хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээ, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 12 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, дансны хуулга болон төлбөрийн баримт зэрэг нотлох баримтуудыг бодитой үнэлээгүйгээс жинхэнэ экспортлогч, ашигт малтмалын нөөц ашигласны татвар төлөгч хэн болохыг тогтоогоогүй. 

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч АМНАТ төлөгч байх тухай зохицуулсан. “А*******” ХХК нь ашигт малтмалын /төмрийн хүдрийн/ тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, харин “Д*******” ТӨХК нь эзэмшдэг тул АМНАТ төлөгч юм. Мөн зүйлийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсэгт ашигт малтмалыг шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлсэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч энэ хуулийн 47.18-д заасан төлбөрийн баримт, 47.19-д заасны дагуу суутган ногдуулсан тайланг үндэслэн өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцох тухай зохицуулсан.

Ийнхүү татварын байцаагч нар дээр дурдсан нотлох баримтуудыг эргэлзээтэй үнэлж, Ашигт малтмалын тухай хуулийн заалтуудыг зөрчиж, зөвхөн “А*******” ХХК-ийг АМНАТ төлөгч гэж үзэж, манай компанийн эрх ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймээс С*******ийн татварын улсын байцаагч Б.М, Д.А нарын “А*******” ХХК-д тогтоосон маргаан бүхий НА-25220000035 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

6. Хариуцагч татварын улсын байцаагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...2019 онд 1,599,126,819.99 төгрөгийн экспортын орлогыг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд дутуу тайлагнасан нь 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1 “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан”, 2019 оны 2,048.961.123.36 төгрөгийн экспортод гаргасан бүтээгдэхүүнд нэмэлт хувь ногдуулаагүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл 47.5 “Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно” гэж заасныг тус тус зөрчсөн нь тогтоогдож 3,648,087,943.35 төгрөгийн зөрчилд 129,915,462.35 төгрөгийн нөхөн татвар 38,974,638.7 төгрөгийн торгууль, 25,983,092.47 төгрөгийн алданги, нийт 194,873,193.52 төгрөг төлүүлэхээр ногдуулсан.

6.1. Тус компани нь экспортолсон бүтээгдэхүүнээ хүлээн зөвшөөрч тайлагнасан ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тайлагнасан мэдээ нь гаалийн мэдээтэй тулган шалгахад таарч байгаа. Татварын тайлан, Монгол Улсын хилээр гарсан гаалийн байгууллагын мэдээлэл, Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн магадлан шинжилгээний дүгнэлтээр нотлогдож байна. Экспортод гаргасан мэдээгээ хүлээн зөвшөөрч тайлагнасан боловч гаргасан гомдол дээрээ гэрээгээр хуулийн хүрээнд татвар төлөгч хэн болохыг тодорхойлно, тэр мэдээллийг хэн нэгэн албан тушаалтан оруулахдаа хөнгөн хуумгай хандсан, хууль бус баримт нэхсэний улмаас худалдан авах гэрээ хийсэн гэдгээ тодорхойлсон байна.

Бид томилолтын хүрээнд “А*******” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаа, тайланд шалгалт хийсэн бөгөөд экспортод гаргасан бүтээгдэхүүнийг тайлагнахдаа гэрээний үнээр биш олон улсын зах зээлийн үнийг баримталж, түүн дээр боловсруулалтын түвшингээс хамаарч нэмэлт хувь тооцож тайлагнаагүй гэсэн зөрчил дээр нөхөн ногдуулалтын акт үйлдсэн.

6.2. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар 2019 онд 449,834,303.37 төгрөгийн борлуулалтын орлогод 22,491,715.17 төгрөгийн албан татвар төлөхөөр тайлагнасан нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсан татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуульд заасны дагуу алданги, торгууль тооцоогүй. Хяналт шалгалтын томилолт нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааг хамарсан болно.

6.3. 2019 оны зөрчилд ногдуулсан 129,915,462.35 төгрөгийн нөхөн татварыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006.06.29/ 12 дугаар зүйлийн 12.1.14. “төсөвт төлөхөөр тайлагнасан онцгой үл хөдлөх эд хөрөнгийн татвар, үндсэн хөрөнгөөс бусад импортын бараа, материал, түүхий эдийн гаалийн албан татвар, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, газар, байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр” гэж  заасныг үндэслэн 897,603,700.70 төгрөгийн зардлыг 129,915,462.35 төгрөгийн нөхөн татварын дүнгээр нэмэгдүүлж 415,399.30 төгрөгийн татвар ногдуулах орлогыг 129,500,063.05 төгрөгийн алдагдал болгон баталгаажуулсан.

6.4. 2019 онд 3,143,298,190.87 төгрөгийн 286 ширхэг экспортын мэдээтэй. 2019 оны 2, 3 дугаар сард экспортод гаргасан 1,259,716,268.48 төгрөгийн 139 ширхэг экспортын мэдээг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд тусгаагүй. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 “доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна”, 47.1.2. “ашигт малтмал экспортолсон этгээд” /Энэ хэсгийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ гэсэн заалтыг үндэслэн 2019 оны 6, 7 дугаар сард экспортод гаргасан 1,883,581,922.38 төгрөгийн 147 ширхэг экспортын мэдээтэй байсныг татварын тайлан, хуулийн заалттай тулган шалгасан.

6.5 2019 онд АМНАТ-ийн тайланд дутуу тайлагнасан 1,599,126,819.99 төгрөгийн зөрчлийн талаар:

2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйл. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр. 47.2.1. “экспортод гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтална” гэж заасныг үндэслэн тус компанийн 2019 оны 6, 7 дугаар сард экспортод гаргасан 9,958.90 тонн төмрийн хүдрийг Төсвийн бодлого төлөвлөлтийн газраас нийтэлсэн “Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээлэл”-ийн дагуу тооцсон болно. Нийт тооцсон 2,048,961,123.36 төгрөгийн АМНАТ ногдох борлуулалтын үнэлгээ тайлагнахаас, татварын албанд гэрээний үнээр тайлагнасан 449,834,303,37 төгрөгийн АМНАТ ногдох борлуулалтын үнэлгээг хасаж, 1,599,126,819.99 төгрөгийн АМНАТ ногдох борлуулалтын үнэлгээг дутуу тайлагнасан байна.

6.6 2019 онд 2,048,961,123.36 төгрөгийн экспортод гаргасан бүтээгдэхүүнд  нэмэлт хувь тооцоогүй зөрчлийн талаар:

2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйл. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр. 47.5. “Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно” гэж заасныг үндэслэн тус компанийн 6 сард экспортод гаргасан 3,376.10 тонн, 575,485,617.31 төгрөгийн төмрийн хүдрийн зах зээлийн үнийн мэдээлэл нь 64.25 доллар байгаа тул 1%-аар, 7 сард экспортод гаргасан 6,582.80 тонн, 1,473,475,506.05 төгрөгийн төмрийн хүдрийн зах зээлийн үнийн мэдээлэл нь 84.18 доллар байгаа тул 3%-аар нэмэлт хувь тооцсон байна.

6.7. Татварын улсын байцаагчийн актаар дээрх зөрчилд хариуцлага ногдуулахдаа Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж заасны дагуу Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нөхөн татварт 30 хувийн торгууль ногдуулсан. Мөн 74.1. “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна. /Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ гэж заасныг үндэслэн 20 хувийн алданги ногдуулсан болно” гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “А*******” ХХК-д 2017 оноос 2020 оныг дуустал хугацааны татварын хяналт шалгалтаар татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр НА-25220000035 дугаартай нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн. Хяналт шалгалтын явцад татварын удирдлагын нэгдсэн системд 286 ширхэг 3,1 тэрбум төгрөгийн төмрийн хүдэр экспортолсон мэдээлэл байсныг санхүү татварын тайлантай тулгаж шалгалт хийсэн. Нэхэмжлэгч нь 2019 онд төмрийн хүдэр экспортлохдоо ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дутуу төлсөн, нэмэлт хувь ногдуулаагүй нь Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн байх тул Татварын ерөнхий хууль болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэсэн. Энэ нь нэхэмжлэгч экспортолсон бүтээгдэхүүнээ хүлээн зөвшөөрч тайлагнасан тайланг гаалийн мэдээтэй тулгахад таарсан. Татварын тайлан, хилээр гарсан гаалийн мэдээлэл, Гаалийн төв лабораторийн дүгнэлт зэргээр нотлогдсон болно. Мөн татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс шинэчлэгдэн батлагдсан Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлд зааснаар 40 хувийн торгууль ногдуулахаар байсныг Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийг баримтлан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийг үндэслэн 30 хувийн торгууль ногдуулсан болно. Татварын улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын акт нь хууль эрх зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:  

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь “...татварын хяналт шалгалтыг бүрэн дүүрэн явуулаагүй, нотлох баримтыг буруу үнэлсэн, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэгжүүлсэн” зэргээр маргасныг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч байна.

3. Хариуцагч татварын улсын байцаагчид нь Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Удирдамж, маягт батлах тухай” А/32 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-ийн хүрээнд 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2521902914 дугаар татварын хяналт шалгалт хийх томилолтоор “А*******” ХХК-д 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан шалгалтыг явуулахдаа татварын удирдлагын нэгдсэн системд тус компанитай холбоотой татвар төлөгчийн бүртгэлийн мэдээлэл, 3,143,298,190.87 төгрөгийн үнийн дүнтэй 286 ширхэг гаалийн мэдээллийг нэхэмжлэгч хуулийн этгээдийн санхүүгийн тайлан тэнцэл, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан мэдээ, татварын тооцоолол, холбогдох бусад баримт материалтай тулган шалгаад,

3.1. 2019 онд 1,599,126,819.99 төгрөгийн экспортын орлогыг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд дутуу тайлагнасан нь 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1. “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтална” гэж заасныг,

3.2. 2019 онд 2,048,961,123.36 төгрөгийн экспортод гаргасан бүтээгдэхүүнд нэмэлт хувь ногдуулаагүй нь 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5. “энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлэн тооцно” гэж заасныг,

4. Тус тус зөрчсөн гэж үзэж, 3,648,087,943.35 төгрөгийн зөрчилд 129,915,462.35 төгрөгийн нөхөн татвар, 38,974,638.7 төгрөгийн торгууль, 25,983,092.47 төгрөгийн алданги нийт 194,873,193.52 төгрөгийг төлүүлэхээр нөхөн ногдуулалтын акт тогтоожээ.

5. Хэрэгт нотлох баримтаар, нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн 2019-2020 оны хооронд төмрийн хүдрийг экспортод гаргасан гаалийн бүрдүүлэлтийн мэдээ /хх-ийн 126-132-р тал/, “Д*******” ТӨХК-ийн 2019 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан, 2019 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлсөн мэдээлэл /хх-ийн 143-150-р тал/, “Д*******” ТӨХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01/99 дугаар албан бичгийн хавсралт: “худалдан авагч “*******” ХХК, гүйлгээний утга “AODE-GPCSP-2019/33” бараа ажил үйлчилгээ засварын бүтээгдэхүүн /бүхэл 50 хувь-54 хувь хүхэртэй/, 7.836.1 тн, НӨТ-тэй дүн 290,320.797.69 төгрөг”, Дотоодод борлуулсан жонш, төмөр, гянтболд, манганы хүдэр, баяжмалд ногдуулсан АМНАТ-ын мэдээнд “АМНАТ ногдох борлуулалтын үнэлгээ 336,962,309,632 төгрөг”,  “*******” ХХК-ийн Голомт банк дахь *******долларын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 145,000 доллар буюу 383,200,200 төгрөгийн орлого, гүйлгээний утга “INNER MONGOLIA SHUNYUАNXIN IMPORT A,PAYMENT FOR IR ON ORE” /хх-ийн 235-р тал/, “А*******” ХХК, “INNER MONGOLIA SHUN YUEN XIN IMPORT AND EXPORT TRADE” компаниудын хооронд байгуулагдсан 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 19/12 дугаар ажил гүйцэтгэх гэрээгээр “Ажил гүйцэтгэгч нь захиалагчийн “Д*******” ТӨХК-тай байгуулсан гэрээний дагуу авах 10,000 тн төмрийн хүдрийг 1 тн-ыг нь 170,000 ам.долларын ажлын хөлстэйгөөр ачааны машинаар “Д*******” ТӨХК-ний /Төмөр толгойн уурхайн амнаас/ хүдрийн баяжмалыг захиалагчийн Дархан дахь “Д*******” ХХК-ийн 1 дүгээр салаа замын талбайд тээвэрлэн буулгах мөн вагоноор ДАФ Эрээн хүртэл тээвэрлэхээр харилцан тохирсон” гэх гэрээ зэрэг баримтууд авагдсан.

6. Ашигт малтмалын тухай хуулийн /2006 оны/ 47 дугаар зүйлийн 47.1. “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэсэн заалтыг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар “ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд нь Монголбанк түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож төсөвт төлнө” гэж өөрчлөн найруулсан ба өөрчлөлт нь “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 13/1066 дугаарт нийтлэгдсэн бөгөөд хууль хүчин төгөлдөр болох хугацааг нь тодорхой заагаагүй тул Монгол Улсын Үндсэн хуулийн хорин зургаадугаар зүйлийн 3.“Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж зааснаар 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилжээ.

7. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим хэсэг, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай” 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож төсөвт төлнө” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалтыг хүчингүй болгожээ.

8. Энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-г тусгай зөвшөөрөлгүй татвар төлөгчөөр 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бүртгүүлж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар 2019 онд 449,834,303.37 төгрөгийн борлуулалтын орлогод 22,491,715.17 төгрөгийн албан татвар төлөхөөр тайлагнасан нь, уг 22,491,715.17 төгрөгийн дутуу үлдэгдэлд 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн дагуу алданги торгууль тооцоогүй нь тогтоогдож байна.

9. Энэ хэсгийн 3.1-д заасан 2019 онд 1,599,126,819.99 төгрөгийн экспортын орлогыг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд дутуу тайлагнасан, 3.2-д заасан 2019 онд 2,048,961,123.36 төгрөгийн экспортод гаргасан бүтээгдэхүүнд нэмэлт хувь ногдуулаагүй гэх татварын зөрчлүүдийг дээр дурдсан Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсантай холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. “доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна”, 47.1.2. “ашигт малтмал экспортолсон этгээд”, 47.2. “энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно”, 47.2.1. “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан”, 47.3. “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна”, 47.3.3. “энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь”, 47.5. “энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч дор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно”, 47.16. “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь доор дурдсан үйл ажиллагаанд бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.7-д заасны дагуу давхардуулалгүй ногдуулж улсын төсөвт төлнө”, 47.16.2. “экспортолсон” гэж өөрчлөлт орсныг татварын хяналт шалгалтын дагуух гарсан зөрчилд хариуцагч татварын улсын байцаагчид нь татварын зөрчлийг гаргасан хугацаанд хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байсан заалтыг зөв хэрэгжүүлж,

10. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2019 оны 6, 7 сард экспортолсон төмрийн хүдэрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тайлагнахдаа хуульд заасан өсөн нэмэгдэх хувийг дутуу тооцож гэрээний үнээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу ногдуулсан 1,599,126,819.99 төгрөгийн зөрчилд 79,956,341.00 төгрөгийн нөхөн татвар, 23,986,902.30 төгрөгийн торгууль, 15,991,268.20 төгрөгийн алданги, нийт 119,934,511.50 төгрөгийн төлбөрийг, 2019 онд экспортод гаргасан бүтээгдэхүүнд нэмэлт хувь тооцоогүй 2,048,961,123.36 төгрөгийн зөрчилд 49,959,121.35 төгрөгийн нөхөн татвар, 14,987,736.40 төгрөгийн торгууль, 9,991,824.27 төгрөгийн алданги, нийт 74,938,682.02 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байна.

11. Учир нь 2008 оны Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1. “татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бус хэлбэрээр татвар төлнө”, 2019 оны Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. “татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө” гэж заасны дагуу татварын тайландаа хүлээн зөвшөөрч тайлагнасан бөгөөд татварын тайланд тайлагнаж төлөхдөө Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу борлуулалтын үнэлгээ тооцох журмыг баримтлаагүй, ийнхүү Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтын дагуу тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчөөр бүртгүүлсэн татвар төлөгчийн хувьд төмрийн хүдрийг экспортод гаргасан гэж гаалийн мэдүүлэг мэдүүлэн бүрдүүлэлт хийж, гаалийн байгууллагад мэдүүлсэн, үүгээрээ экспортод гаргасан төмрийн хүдрийг Сангийн яамнаас сар бүр мэдээлсэн “экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээлэл”-ийг ашиглахгүйгээр хуулиар тогтоосон өсөн нэмэгдэх хувь тооцоогүй нь тогтоогдож байна.

12. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан дутуу тайлагнасан, экспортод гаргасан бүтээгдэхүүнд нэмэлт хувь тооцоогүй зөрчил нь 2019 оны 06, 07 дугаар сард хамаарах зөрчил байх бөгөөд дээр дурдсанаар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн холбогдох хэсэг, заалтыг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон хугацаанаас өмнөх үйл баримт ба нэхэмжлэгч талын “...Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэгжүүлсэн, 2019 оны 6, 7 сард Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд “экспортлогч” гэсэн зохицуулалт байхгүй байсан...” гэх тайлбар үндэслэлгүй, хүлээн авах боломжгүй юм.

13. Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл. “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж заасны дагуу Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1. “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна”, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1-д “...татварын тайланд тусгахгүй орхигдуулсан... нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар нөхөн татвар ногдуулахдаа торгууль, алдангийн хэмжээг тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 28 дугаар зүйлийн 28.1, Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 43 дугаар зүйлийн 43.1, 74 дүгээр зүйлийн 74.1, Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, 47.5 дахь заалтыг тус тус баримтлан “А*******” ХХК-аас С*******ийн татварын улсын байцаагч  Б.М, Д.А нарт холбогдуулан гаргасан “...“А*******” ХХК-д тогтоосон 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн НА-25220000035 дугаартай нөхөн ногдуулалтын актын бүхэлд хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      У.БАДАМСҮРЭН