Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 156/шш2022/00548

 

 

156/ШШ2022/00548

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2022/00511/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ..................тоотод оршин суух Боржгон тугч овогт Г.А.,

Хариуцагч: Хэнтий аймгийн ...................байр, .............. тоотод оршин суух, М.Н.

Нэхэмжлэлийн шаардлага: Зээл 7,990,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г.А.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Т.

Хариуцагч: М.Н.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Т. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Г.А. нь хариуцагч М.Н.д холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 7,990,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. Миний дүү Г.М. надад хандаж Н. бүлээ задлах гэсэн мөнгө дутаад байна. Мөнгө олж өгөөч. Манай Бэрхийн бүлийн хамгийн найдвартай ахлагчаар ажилладаг хүн байгаа юм гэж хэлсэн. Удалгүй М.Н. надтай утсаар ярихдаа өөр хүнд мөнгө өгөх гэж байгаа гэж хэлээгүй. Өөр хүнд өгөх гэж байгаагаа хэлсэн бол би түүнд мөнгө зээлэхгүй байсан. 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тэрээр 10,000,000 төгрөгийг 15 хувийн хүүтэй зээлж, өөрийн данс руугаа шилжүүлж авсан. Ингэхдээ төлөгдөх хугацаа ярилцаагүй. Гэтэл одоог хүртэл буцаан төлөхгүй намайг хохироож байна. Өөртэй нь сүүлд хоёр ч удаа уулзахад би нээрээ буруу зүйл хийсэн байна лээ Алтаа эгчээ. Би тэр үед бүлээ задалдаггүй байж гэж цуг явж байсан хүүхэнтэйгээ ярьж байсан. Сүүлд нь очиж уулзахад би наад мөнгийг чинь төлж чадахгүй. Би Ч.т авч өгсөн гэж хэлж байсан. Энэ хүн надад худлаа хэлж мөнгө авсан байна. Эхний төлөлтийг 15 хувиар хүү бодож 1,500,000 төгрөгийг төлсөн байсан. Нэг дэх төлөлтийг нь 2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр эхний төлөлт болох 1,500,000 төгрөг, 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хоёр дахь төлөлт болох 1,000,000 төгрөгийг хүү 10 хувиар бодон бууруулж төлсөн. Надаас мөнгө зээлэхдээ өөрийнхөө дансаар авч өөрийнхөө данснаас зээл төлөлт хийсэн. 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 3 дахь төлөлтийг хийх болсон чинь би энэ мөнгийг аваагүй. Ч. авсан гэсэн маргаан гарсан. 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр мөнгөө төлөхгүй болохоор нь холбоо барихад би хүүгээ төлж чадахгүй байна гэж хэлсэн. Ингээд би хүүг нь зогсоосон. 7 дугаар сар гэхэд эгчийнхээ 10 сая төгрөгийг өгчих. Би хүүг нь зогсоогоод үндсэн мөнгөө авъя гэж хэлсэн. Таны мөнгийг 7 дугаар сар хүртэл цувуулаад өгье гэж тохироод үндсэн мөнгөнөөс бага багаар өгч эхэлсэн.

2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 3,500,000 төгрөгийн зээлийн хүү төлөгдсөн. Мөн 4 дүгээр сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 4 дүгээр сарын 30-ны өдөр 550,000 төгрөг, 5 дугаар сарын 15-ны өдөр 150,000 төгрөг, 5 дугаар сарын 30-ны өдөр 210,000 төгрөг, 6 дугаар сарын 16-ны өдөр 200,000 төгрөг, 7 дугаар сарын 08-ний өдөр 200,000 төгрөг, 7 дугаар сарын 15-ны өдөр 150,000 төгрөг, 8 дугаар сарын 15-ны өдөр 250,000 төгрөг нийт 2,010,000 төгрөг төлөгдсөн нь үндсэн зээлээс хасагдаж байгаа. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 7,990,000 төгрөгийг М.Н.аас гаргуулна, нэхэмжилсэн төлбөрт зээлийн хүү ороогүй гэв.

2. Хариуцагч М.Н. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Дэвжих бүлийн ахлагчаар ажилладаг. Дэвжих бүл нь 96 гишүүнтэй, нэгж хувьцааг бүлийн гишүүд 5000 төгрөгөөр тооцон гишүүн бүр харилцан адилгүй тооны хувьцаа эзэмших байдлаар бэлэн мөнгө хуримтлуулан эх үүсвэрээ бүрдүүлж, бүлийн гишүүдэд 10 хувь, гишүүн бус хүнд 15 хувийн хүүтэйгээр зээлдүүлэн дээд тал нь 2 сарын хүү төлөөд 3 дахь сардаа үндсэн зээл болон үлдсэн нэг сарын хүүгээ бүрэн төлөхөөр дүрэмдээ заасан байдаг. Жилдээ нэг удаа анх хувьцаа эзэмшин нийлүүлсэн хувь хөрөнгө болон ноогдол ашгийг эзэмшсэн хувьцааны хувиар нь тооцон гишүүд ашгаа хуваарилж авдаг. 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай бүлийн мөнгөн сан задарч гишүүдэд мөнгө хуваарилах болоход Дэвжих бүлд 16,000,000 төгрөгийн өртэй байсан бүлийн гишүүн С.Ч. зээлээ төлөх мөнгө байхгүй, мөнгө олж өгөөч гэж над дээр ирсэн. Би бүлийн гишүүн Г.М.тай утсаар ярихад өөртөө байсан 6,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр болж миний данс руу шилжүүлсэн. С.Ч.ийн төлөх өр хүрээгүй учир Г.М. нь эгч Г.А.ээс мөнгө байгаа эсэхийг асууж, 10,000,000 төгрөгийг 15 хувийн хүүтэй зээлдүүлнэ гэж байна гэж хэлсэн, уг мөнгийг С.Ч. 15 хувийн хүүтэй зээлье гээд Г.А. уг мөнгөө миний данс руу шилжүүлж би бэлнээр авч нийт 16,000,000 төгрөгийг С.Ч.т бэлнээр өгсөн. Ингээд С.Ч. бүлээс зээлсэн зээлээ төлж бүлийн гишүүд ноогдол ашиг хувь нийлүүлсэн мөнгөө авсан. Намайг С.Ч.т 16 сая төгрөг бэлнээр өгч байхад бүлийн гишүүн С.О., А.Т., Х.С., А.А., Ш.У, Л.Н, Э.У, Ш.У, Ц.У, Г.М.ын охин М.М. нар хуралдахаар цуглаад бидний хажууд хамт байсан. Тухайн үед С.Ч. зээл хүссэн өргөдөл бичиж, аав ээжтэйгээ хамтран эзэмшдэг 25м2 хоёр өрөө байрныхаа үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг барьцаанд өөрийн хүсэлтээр тавьсан, энэ нь одоо надад байгаа. С.Ч. бүлд болон Г.А.т огт мөнгө төлөөгүй. Г.А. зээлийн хүүгээ нэхсээр байсан тул 2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 2,400,000 төгрөгийн хүүг Г.А.ийн төрсөн дүү Г.М.д бэлнээр, 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр дахиад 1,600,000 төгрөгийг Г.М.д бэлнээр, нийт 4,000,000 төгрөгийг Дэвжих бүлээс Г.М.д бэлнээр өгсөн. Бүлийн гишүүд хуралдаад С.Ч. нь төлбөрийн чадваргүй, бүлийн мөнгөнөөс зээлийн хүү төлөх боломжгүй болсон учир Г.А.тэй утсаар ярьж хүүгээ зогсоож өгөөч гэж гуйснаар зээлийн хүүг зогсоосон. Үүнээс хойш С.Ч. үндсэн зээлээ огт төлөхгүй Г.А. надаас мөнгөө байнга нэхэж байсан тул бүлийн нийгмийн сангийн мөнгөнөөс 1,000,000 төгрөгийг, бүлийн гишүүн Ш.У., Б.М. бид гурав бууз хуушуур, боорцог, цуйван хийж гадуур борлуулан олсон ашгаараа 1,010,000 төгрөгийг бүрдүүлж, нийт 2,010,000 төгрөгийн 8 удаагийн шилжүүлгээр Г.А.ийн данс руу шилжүүлж үндсэн зээлээс төлсөн. Миний данс руу орсон мөнгийг би С.Ч.т гаргаж өгсөн болохоор С.Ч.ийг хамтран хариуцагчаар татах хүсэлтэй байгаа. Мөнгө авсан хүн нь хуулийн хариуцлага хүлээхгүй. Мөнгө аваагүй хүн нь ингээд зогсож байна. Тухайн мөнгийг би С.Ч.т өгч байгаа гэж Г.А.т хэлээгүй, харин Г.М.д хэлсэн. Дүү нь эгчдээ хэлээгүй юм байна. Г.А.ээс зээлсэн 10,000,000 төгрөгөөс би нэг ч төгрөг аваагүй. С.Ч.т өгсөн. Г.А.ийн шүүх хуралдаанд гаргасан 3,500,000 төгрөгийн хүү төлөгдсөн, 2,010,000 төгрөгийн төлбөр үндсэн зээлээс хасагдсан, одоо үндсэн зээлийн төлбөр 7,990,000 төгрөг төлөгдөөгүй гэдэгт маргахгүй, энэ нэхэмжилсэн мөнгийг С.Ч. төлөх учиртай гэв.

4.Нэхэмжлэгч талаас шүүхэд Г.А.ийн байнга оршин суух хаягийн лавлагаа (хх-ийн 4 тал), иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 5 тал), иргэн Г.А.ээс М.Н. нь гэрээний үндсэн дээр 10,000,000 төгрөгийг хүүтэй зээлсэн гэх хүснэгт тайлбар (хх-ийн 6 тал), 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ (хх-ийн 7 тал), Г.А.ийн нэр дээрх ........... тоот дансны 2021.06.01-ний өдрөөс 2021.12.31-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 9 тал), Г.А.ийн нэр дээрх ......... тоот дансны 2022.02.01-ний өдрөөс 2022.06.27-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 10-14 тал), 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б.Т., Г.А. нарын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг (хх-ийн 15 тал) нотлох баримтаар ирүүлсэн байна.

5. Хариуцагч талаас шүүхэд хариу тайлбар (хх-ийн 21-23 тал), Дэвжих бүлд гаргасан С.Ч.ийн хүсэлт (хх-ийн 24 тал), 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ (хх-ийн 25 тал), М.Н.ийн нэр дээрх .... тоот дансны 2021.12.15-ны өдрөөс 2021.12.16-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 28-29 тал), Дундын хадгаламжийн бүлийн гишүүний хувьцаа бүртгэлийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 30-35 тал), Дэвжих дундын хадгаламжийн бүлийн 9-р циклийн төгсөлт ноогдол ашиг хуваарилалтын хүснэгт (хх-ийн 36-38 тал), М.Н.гийн Дэвжих бүлд гаргасан хүсэлт, өргөдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг (хх-ийн 39-50 тал) баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр би өөрийн ............. дугаарын данснаас М.Н.ийн ............... дугаартай данс руу 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Би энэ мөнгийг М.Н.д зээлсэн. Өөр хүний өмнөөс зээлж байна гэж хэлээгүй. Өөр хүнд өгч байна гэвэл би мөнгө зээлэхгүй байсан. Зээлийн гэрээ байгуулаагүй, утсаар ярьж тохиролцоод сарын 15 хувийн хүүтэй зээлсэн. М.Н. нь нийт 5,510,000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс 3,500,000 төгрөг нь зээлийн хүү, 2,010,000 төгрөг нь үндсэн зээлийн төлбөрөөс хасагдаж байгаа. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 7,990,000 төгрөгийг төлөх ёстой гэж,

3.Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Би 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Г.А.ээс 10,000,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч С.Ч.т өгсөн. Би уг мөнгөнөөс нэг ч төгрөг хэрэглээгүй. Манай бүлийнхэн хоорондоо зөвшилцөөд энэ зээлийн тодорхой хэмжээг буюу 2,010,000 төгрөгийн үндсэн зээл, 3,500,000 төгрөгийн зээлийн хүүг төлсөн. Одоо үндсэн зээлийн төлбөр 7,990,000 төгрөг үлдсэн гэдэгт маргахгүй. Бүлээс төлсөн мөнгө болон одоо Г.А.т төлөх мөнгийг С.Ч. төлөх ёстой гэж мэтгэлцлээ.

Нэхэмжлэгч Г.А. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 7,990,000 төгрөгийг 15%-ийн хүүтэйгээр зээлсэн гэж дурдсан бөгөөд тэрээр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр М.Н. нь 10,000,000 төгрөгийг 15%-ийн хүүтэйгээр зээлсэн гэж тодрууллаа.

4.Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Нэхэмжлэгч Г.А. нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч М.Н.д 10,000,000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэйгээр зээлж, мөнгийг шилжүүлсэн, уг зээлийн төлбөрөөс 3,500,000 төгрөгийн зээлийн хүү, 2,010,000 төгрөгийн үндсэн зээл төлөгдсөн, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, одоо 7,990,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр үлдсэн талаар талууд маргаагүй. Харин уг 10,000,000 төгрөгийг хариуцагч М.Н. нь өөрөө хэрэглээгүй, С.Ч.ийн өмнөөс зээл авч түүнд өгсөн гэж, нэхэмжлэгч Г.А. нь би 10,000,000 төгрөгийг М.Н.д өгсөн, өөр хүнд авч өгч байна гэж надад хэлээгүй тул М.Н. төлөх ёстой хэмээн маргалаа.

5.Дээрх үйл явдлаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Тус зүйлд зааснаар  зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

Хариуцагч М.Н. нь тус зээлийг өөрөө авах хүсэл зориггүй байсан, өөр хүнд буюу С.Ч.т авч өгсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байгаа боловч 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч М.Н. нь 10,000,000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэйгээр өөр хүнд буюу С.Ч.т зээлж өгч байна гэдгээ нэхэмжлэгч Г.А.т хэлээгүй, уг мөнгө өөрийнх нь данс руу шилжиж орсон гэж тайлбарлаж байгаа энэ нь хавтаст хэрэгт авагдсан банкны дансны хуулга /хх-ийн 28/-аар нотлогдож байх тул түүнийг тус хэргийн хариуцагч биш гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.А. нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөгийг хариуцагч М.Н.ийн утсаар ярьсантай холбогдуулан түүнд өгч байна гэсэн хүсэл зоригоор мөнгийг хариуцагч М.Н.ийн ХААН банк дахь ................ тоот данс руу шилжүүлсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д нийцэж байгаа тул Г.А., М.Н. нарын хооронд зээлийн гэрээ амаар байгуулагдсан байна гэж үзнэ.

Хариуцагч М.Н. нь тус зээлийг С.Ч.т авч өгсөн гэдгээ нотлохоор хэрэгт Дэвжих бүлд гаргасан С.Ч.ийн хүсэлт (хх-ийн 24 тал), 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ (хх-ийн 25 тал), Дундын хадгаламжийн бүлийн гишүүний хувьцаа бүртгэлийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 30-35 тал) зэргийг хавсаргасан боловч энэ нь түүнийг нэхэмжлэгч Г.А.ийн өмнө хүлээх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд хариуцагч М.Н. нь өөрт учирсан хохирлоо зохих этгээдээс нэхэмжлэх эрх нь нээлттэй байна.

Талууд үндсэн зээл, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр, төлөгдсөн зээлийн хүү дээр маргаагүй, нэхэмжлэгч нь зөвхөн үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 7,990,000 төгрөг нэхэмжилсэн тул зээлийн хүү, зээлийн гэрээ байгуулагдсан эсэх дээр шүүх дүгнэлт өгөөгүй болно.

Дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч М.Н.аас зээлийн үндсэн төлбөр 7,990,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Алтанцэцэгт олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Н.аас улсын тэмдэгтийн хураамж 142,790 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.А.т олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч М.Н.аас 7,990,000 /долоон сая есөн зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.А.т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,790 /нэг зуун дөчин хоёр мянга долоон зуун ер/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Н.аас 142,790 /нэг зуун дөчин хоёр мянга долоон зуун ер/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.А.т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

 

 

   

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.МАРИНА