| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2022/08145/И |
| Дугаар | 101/ШШ2023/00796 |
| Огноо | 2023-02-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2023/00796
| 2023 02 07 | 101/ШШ2023/00796
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1, Төрийн банкны төв байранд байрлах Төрийн банк ХХК /РД:5341469/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 17 дугаар байр, 08 тоот хаягт оршин суух, Г-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Банзрагч, хариуцагч Я.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Иргэн Я.Г нь Төрийн банктай дараах гэрээг байгуулан зээл авсан. 2018 оны 6 сарын 12-ны өдөр 12/18-80 тоот Кредит карт эзэмших гэрээг байгуулан 5,000,000 /таван сая/ төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн бэлэн 36 хувь, бэлэн бус 24 хувийн хүүтэй авсан.
Зээлийн гэрээний дагуу хамгийн бага ашигласан зээлийн дүнгээс 10 хувь, төлбөр нэхэмжлэх өдөр тасалбар болгосон төлбөл зохих бэлэн гүйлгээний хүү, гүйлгээний болон хугацаа хэтрүүлсэн тохиолдолд тооцогдох шимтгэлийн нийлбэр, 2.7.2 дахь заалтын дагуу төлбөр төлөх хугацаа Банк төлбөрийн нэхэмжлэх илгээснээс хойш тухайн сарын 15-ны өдрийг дуустал төлөх үүрэг хүлээсэн байдаг боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргийг биелүүлээгүй байна.
Банкны зүгээс зээлдэгчтэй удаа дараа утсаар холбогдож зээлийн гэрээний үүргээ биелүүлэх шаардлага тавьж байсан боловч зээлдэгч нь кредит карт эзэмших гэрээнд заасан зээл болон хүүгийн төлбөрөө төлөөгүй бөгөөд карт эзэмших гэрээний хугацаа дуусгавар болсон.
Кредит карт эзэмших гэрээний хугацаа 2020 оны 6 сарын 12-ны өдөр дуусгавар болсон бөгөөд зээлдэгч 2022 оны 12 сарын 06-ны өдрийн байдлаар 903 хоногийн хугацаа хэтэрч, 16,605,191.24 төгрөг төлөөгүй байна. Үүнээс үндсэн зээлийн үлдэгдэл 4,881,113 төгрөг, хуримтлагдсан хүү 7,371,656.4 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 4,352,421.8 төгрөг нийт 16,605,191.24 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг авсан нь үнэн. Энэ мөнгийг төлж чадаагүй, хэрэглээндээ зарцуулсан. Авсан мөнгөө төлнө. Харин хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр өндөр байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Нэхэмжлэгчээс: Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлдэгчийн бэлэн гүйлгээ, худалдан авалтын задаргаа, хүүгийн тооцоолол, хугацаа хэтэрсэн шимтгэлийн тооцоолол, 2018 оны 6 сарын 12-ны өдрийн кредит карт эзэмших гэрээ, кредит дансны хуулга, зээлдэгчийн анкет, 2022 оны 6 сарын 21-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2022 оны 8 сарын 22-ны өдрийн тодорхойлолт зэрэг баримтыг гаргаж өгсөн.
Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 16,605,191.24 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Я.Ганхуягт холбогдуулан гаргаж, хариуцагч нь зээл, зээлийн хүүг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин хуримтлагдсан хүү, хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.
Зохигчдын хооронд 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн №12/18-80 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдан 5,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар бэлэн гүйлгээний хүү жилийн 36 хувь, бэлэн бус гүйлгээний хүү жилийн 24 хувийн хүүтэйгээр зээлдсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 11-12 дугаар тал/
Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулга нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний агуулгад нийцэж байна.
Нэхэмжлэгч тус гэрээний дагуу бэлэн зарцуулалт 4,000,000 төгрөг, бэлэн бус худалдан авалтын зарцуулалтад 881,113 төгрөг, хуримтлагдсан хүү 7,371,656.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,299,021.80 төгрөг нийт 16,605,191.24 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.
1.Зээлийн гэрээний үндсэн төлбөрт буюу бэлэн болон бэлэн бус гүйлгээний төлбөр 4,881,113 төгрөгийн шаардлагын хувьд,
Зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 8,881,113 төгрөг шаардсантай хариуцагч тал маргаагүй бөгөөд шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбараар үндсэн зээлийг төлөх үүргийн хувьд маргахгүй гэх тайлбарыг хариуцагчаас гаргаж байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт, Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зохицуулжээ. Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн зөрчил гарсан, мөн зээлийн гэрээний хугацаа дууссан талаар зохигчид маргаагүй байна.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт, Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ. гэж зохицуулсан бөгөөд ийнхүү үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн зөрчил гарсан болон зээлийн гэрээний хугацаа дууссан үндэслэлүүдээр үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх зээлдүүлэгч талд үүссэн байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй бол зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх зээлдүүлэгч буюу Банк бус санхүүгийн байгууллагад үүссэн байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах нь зүйтэй байна.
2.Нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу төлөгдөх хүүгийн төлбөрт 7,371,656.44 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Зээлийн гэрээний 2.5-д зааснаар, Бэлэн гүйлгээний жилийн хүү 36 хувь, бэлэн бус гүйлгээний хүү 24 хувь байхаар талууд тохиролцсон байна.
Гэрээний тус үүргийн дагуу болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан, ...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн зохицуулалт, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт, Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу зээлийн төлбөрт хүү тооцон шаардах эрхтэй байна.
Хариуцагч тал нэхэмжлэгчээс шаардаж буй хүүгийн төлбөрийн хэмжээ хэт өндөр байна гэж тайлбарлаж байгаа боловч тайлбараа баримтаар нотлон няцаагаагүй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж, холбогдох баримтыг гаргасан бол хариуцагч тал хариу тайлбар, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй байна.
Иймд хэрэгт авагдсан хүүгийн тооцоолол болон талуудын хооронд байгуулсан гэрээний тохиролцооны дагуу хариуцагчаас хүүгийн төлбөрт 7,371,656.44 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Дурдсан үндэслэлээр хариуцагчаас үндсэн зээл 4,881,113 төгрөг, зээлийн хүү 7,371,656.44 төгрөг, нийт 12,252,769 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр буюу хугацаа хэтрүүлсний шимтгэлд 4,352,421.8 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгчээс хугацаа хэтрүүлсний шимтгэл гаргуулах үндэслэлийг талуудын хооронд байгуулагдсан кредит карт эзэмших гэрээний 2 дугаар зүйлийн 2.6.1-д зааснаар төлөх үүрэгтэй гэж тодорхойлсон.
Зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6.1-д хугацаа хэтрүүлсний шимтгэл: төлөгдөөгүй хамгийн бага төлбөрийн 1 хувь, хамгийн багадаа 10,000 төгрөг байна гэж заажээ.
Банк, эрх бүхий этгээдээс бусад иргэн, хуулийн этгээдэд зээлийг хүүтэй, аль эсхүл хүүгүй олгож болох бөгөөд зээлдэгч нь зээлийг хугацаандаа буцаан төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирч болно.
Энэ талаар Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж, мөн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно... гэж, түүнчлэн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.
Гэтэл нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь хариуцагч Я.Ганхуягтай байгуулсан зээлийн гэрээнд хугацаа хэтрүүлсний шимтгэл гэж Иргэний хууль болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд байхгүй хүү-г тооцож авахаар тохиролцсон байх бөгөөд энэ тохиролцоогоо нэмэгдүүлсэн хүү байдлаар тайлбарлан нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Иймд хугацаа хэтэрсэн шимтгэлд 4,299,021.80 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 12,252,769 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,352,422 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Я.Ганхуягаас 12,252,769 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,352,422 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Я.Ганхуягаас 211,848 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА