Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2023/00478

 

 

 

 

 

 

 

 

                             2023        01          18

            101/ШШ2023/00478

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Г.М /рд:/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “М” ХХК /рд:/-д холбогдох

Илүү ажилласан 86 хоногийн нэмэгдэл 1462$ буюу 4 933 562.86 төгрөг, 2021 оны ээлжийн амралтын мөнгө 1,080,468.34 төгрөг, 2022 оны ээлжийн амралтын мөнгө 314,387 төгрөг, 2022 оны 01 сараас 2022 оны 06 сар хүртэлх цалин хөлсний зөрүү 5,889,593 төгрөг, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгасан 1 сарын цалинтай тэнцэх 2.500.000 төгрөг, нийт 14,718,011.12 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.М миний бие 2020 оны 12 сарын 07-ны өдөр М ХХК- ийн Сос М эмнэлгийн хөдөө орон нутаг дахь салбарт тестерийн ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Миний ажил үүрэг нь Ковид цар тахлын хүрээг хязгаарлах, хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилготойгоор Он уурхай дээр ажиллаж байгаа ажилтнуудаас түргэвчилсэн шинжилгээг зохих журмын дагуу авах, авсан шинжилгээ сорьцын дагуу хэрэв хариу нь эерэг гарсан тохиолдолд нарийвчилсан ПСР шинжилгээг цар тахал, өндөржүүлсэн бэлэн байдлын зохих журмын дагуу авч аймгийн болон улсын онцгой комисст сорьцын хариуг хүргүүлэх, мэдээлэл, бүртгэлийн ажилтныг үнэн зөв мэдээллээр хангах үүрэг хүлээж төсөлт хөтөлбөр дуусах хүртэл хугацаанд үргэлжлэхээр байсан. Ажиллаж байх хугацаанд хүний нөөцийн зүгээс байгууллагыг төлөөлж хөлсөөр ажиллах гэрээг удахгүй хөдөлмөрийн гэрээ болгон шинэчилнэ гэж мэдэгдсээр ирсэн. Гэтэл нийт ажилчдын цөөн хэдтэй нь хөдөлмөрийн гэрээ байгуулж, О ХХК-тай тендерээ сунгаад дууссаны дараа ямар ч ажилтантай гэрээг шинэчилж байгуулаагүй. Улмаар 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ажил олгогчийн санаачилгаар тушаал гарч “МУ-ын засгийн газрын тогтоолоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-ийг цуцалж манай төслийн ажил хумигдаж байгаа тул энэ тушаалын хавсралтад заасан хөлсөөр ажиллагсадтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болж байна гэсэн тушаал гарсан боловч хавсралтын тушаалд ганцхан миний нэр байсан. Ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж урт хугацаагаар ажиллах хөдөлмөрийн харилцаа үүссэн ажлын байранд хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажиллуулсны улмаас миний бие ээлжийн амралтын мөнгө, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцалсны 1 сарын тэтгэмж, 2022 оны 01 сарын 01-ны өдрөөс эхлэн байгуулсан гэрээг шинэчилж, цалин хөлсөнд өөрчлөлт орсон ямар нэг тушаал гаргаагүй боловч цалинг 2 дахин багасгаж олгосон. Анх гэрээ байгуулахдаа нэг сарын цалин хөлс 2 500 000 төгрөг байсан тус гэрээний дагуу дутуу олгосон цалин хөлс 5.889.593 төгрөг байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т “...хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно...”, 82.1.1-д “...тухайн аж ахуйн нэгж, байгууллагад зургаан сараас хоёр жил хүртэл ажилласан бол нэг ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх... ” гэж заасан нэг сарын тэтгэмж 2 500 000 төгрөгийг олгоогүй. О ХХК-аас гаргасан уурхайн цогцолбор дахь ажилтнуудын цалин хөлсний түр зохицуулалтын дагуу Уурхайн цогцолборт 28 хоногоос илүү хугацаагаар сунаж байгаа ажилтнууд нь “сунаж ажилласан өдрийн нэмэгдэл 17 ам долларыг ростерын 43 дахь өдрөөс эхлэн уурхайн цогцолбороос буух хүртэл олгоно” гэсэн нэмэгдэл цалин хөлсийг бидэнд ажил олгогчийн зүгээс бидэнд олгоогүй. Уг нэмэгдлийг 2022 оны 01 сар хүртэл олгосон байсан. Миний хувь нийт 43 дахь хоногоосоо сунаж ажилласан 86 хоног байна. Энэ нэмэгдэл хөлс болох 1462$-ыг надад олгоогүй. Ажиллаж эхэлснээс хойш 2021, 2022 оны ээлжийн амралтын мөнгийг мөн олгоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т “Ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш зургаан сар ажилласан бол түүнд ээлжийн амралт эдлэх эрх үүснэ” гэж заасны дагуу надад ээлжийн амралт авах эрх үүссэн байдаг. Иймд Г.М надад олгох 2022 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сар хүртэлх цалин хөлсний зөрүү, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгасны нэг сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж, 54 хоног илүү ажилласан урамшуулал, 2021, 2022 оны ээлжийн амралтын мөнгийг гаргуулахаар хариуц М ХХК- ийн харьяа дүүргийн шүүхэд хандаж байна. Миний бие өмгөөлөгчөөрөө дамжуулж М ХХК-д хандаж өргөдөл гаргасан ба тус ХХК-ийн зүгээс ямар нэгэн байдлаар хариу мэдэгдээгүй.

Нэхэмжлэлийн шаардлага:

О ХХК-ийн зүгээс гэрээт компанийн ажилтнуудад цалин хөлсний түр зохицуулалт хийж уурхайн цогцолборт сунан ажиллаж буй ажилтнуудад сунаж ажилласан өдрийн нэмэгдэл 17 ам долларыг 43 дахь өдрөөс эхлэн уурхайн цогцолбороос буух хүртэл олгоно гэж заасны дагуу илүү ажилласан 86 хоногийн нэмэгдэл 1462$ буюу 4 933 562.86 төгрөг, 2021 оны ээлжийн амралтын мөнгө 1 080 468.34 төгрөг, 2022 оны ээлжийн амралтын мөнгө 314.387 төгрөг, 2022 оны 01 сараас 2022 оны 06 сар хүртэлх цалин хөлсний зөрүү 5.889.593 төгрөг, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгасан 1 сарын цалинтай тэнцэх 2.500.000 төгрөгийг тус тус М ХХК-аас нөхөн гаргуулж Б.М надад олгуулна уу гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.У нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Мийн тус шүүхэд хандан гаргасан 2022.11.17-ны өдөр гаргасан “О ХХК-ийн зүгээс гэрээт компанийн ажилтнуудад цалин хөлсний түр зохицуулалт хийж уурхайн цогцолборт сунан ажиллаж буй ажилтнуудад сунаж ажилласан өдрийн нэмэгдэл 17 ам долларыг 43 дахь өдрөөс эхлэн уурхайн цогцолбороос буух хүртэл олгоно гэж заасны дагуу илүү ажилласан 86 хоногийн нэмэгдэл 1462$ буюу 4,933,562.86 төгрөг нөхөн гаргуулах, 2021 оны ээлжийн амралтын мөнгө 1,080,468.34 төгрөг, 2022 оны ээлжийн амралтын мөнгө 314.387 төгрөг, 2021.01-2022.06 сар хүртэл цалин хөлсний зөрүү 5,889,593 төгрөг, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгасан 1 сарын цалинтай тэнцэх 2,500,000 төгрөг нөхөн гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранзаяа миний бие нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна.

2020 оны сүүлээр Монгол Улс болон Дэлхий дахинд Ковид-19 цар тахал дэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой Комиссын шийдвэрээр гамшгаас хамгаалах “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-ийг тогтоосон. “М” ХХК (цаашид “эмнэлэг” гэх) нь өөрийн үйлчлүүлэгчдийн хүсэлтээр Ковид-19 цар тахлын дэгдэлт, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд түр хугацааны шинэ төсөл хэрэгжүүлж эхэлсэн юм. Тэдгээрийн нэг нь “О” ХХК-ийн захиалгын дагуух үйлчилгээ үзүүлэх байсан. Уг төсөл нь тодорхой цэгүүдээс Он уурхайн цогцолбор руу нэвтэрч байгаа 7000-9000 гаруй ажилтнаас хамар хоолойн арчдас авч, сорьцыг шинжилгээнд оруулахад стандарт журмын дагуу бэлдэн, шинжилгээ өгч байгаа хүний мэдээллийг үнэн зөвөөр бүртгэн, бүртгэлийн баазыг нарийн бүрдүүлэх, болон түүнтэй холбоотой ажил гүйцэтгүүлэх байсан. Цар тахлын дэгдэлтийн улмаас ачаалал нэмэгдэж байсан тул уг төсөлд эмнэлэг нэмэлтээр туслах эмнэлгийн мэргэжилтнээр дээр дурдсан ажлыг гүйцэтгүүлж, гэрээнд заасан хөлс авах саналыг олон нийтэд нээлттэйгээр цахим суваг ашиглан зарлаж байлаа. Тухайн үед бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, дийлэнх олонх аж ахуйн нэгж, сургууль, бизнес тодорхойгүй хугацаанд сул зогссон үе байсан. Эмнэлэг нь цар тахлын үед богино хугацаагаар хэрэгжүүлэх төслүүд дээр хөлсөөр ажиллах гэрээний нөхцөлийг бүрэн танилцуулж, хүлээн зөвшөөрсөн ажил горилогчтой, Иргэний хуулийн Гучин хоёр дугаар бүлэг, 359 дүгээр зүйлд “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно” гэж заасныг үндэслэн гагцхүү хамар, хоолойн арчдас авах ажлыг гүйцэтгэж, гэрээний дагуу хөлс авах иргэний гэрээний харилцаанд үндэслэн гэрээг байгуулахаар нийтэд, нээлттэй зарласны дүнд нэхэмжлэгч гэрээ байгуулах саналтай байгаагаа илэрхийлсэн хүмүүсийн нэг байсан юм. Энэ талаар нэхэмжлэгч Г.М нэхэмжлэлдээ өөрийгөө хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр үүрэг гүйцэтгэж байсан гэдгээ ч дурдсан байна. Эмнэлэг нэхэмжлэгчтэй хөлсөөр ажиллах гэрээ (цаашид “гэрээ” гэх)-г анх 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан нь үнэн. Иймд дараах үндэслэлээр Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд:

1.            “О” ХХК-ийн зүгээс олгосон нэмэгдэл хөлсний тухайд: Дээр дурдсанчлан, “О” ХХК нь эмнэлгийн үйлчлүүлэгч. Нэхэмжлэгч Г.Мтэй байгуулсан гэрээний хүчин төгөлдөр байсан болон дуусгавар болгож цуцлагдсанаас хойших өнөөдрийг хүртэлх хугацаанд Эмнэлгийн дансанд үйлчлүүлэгчээс түүний нэр дээр ямар нэгэн нэмэгдэл хөлс орж ирээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Энэхүү нэмэгдэл нь “О" ХХК-ийн зүгээс олгож байгаа нэмэгдэл тул тус компанийн шийдвэрээр олгогдох ёстой бөгөөд бид үйлчилгээний хөлс авахаас тухайн үйлчлүүлэгчээс өөр төлбөр шаардах эрхгүй юм.

2.            2021 болон 2022 оны ээлжийн амралтын мөнгөний олговрын тухайд:

Төслийн талаар нийтэд зарлахдаа ТҮР ХУГАЦААНЫХ гэдгийг маш тодорхой хэлж тухайн үедээ зав чөлөөтэй байгаа, сул зогссон эмч, сувилагч, резидент оюутан, жирэмсний болон амаржсаны амралттай байгаа эсхүл тэтгэвэрт гарсан эмнэлгийн ажилтан бол хэн ч оролцох боломжтойн дээр Иргэний хуульд заасныг удирдлага болгон гэрээ байгуулахыг ил тод нээлттэй хэлж, зөвшөөрсөн хүмүүс дундаас нөхцөл, болзлыг бүрэн хүлээн зөвшөөрсөн иргэдтэй гэрээг байгуулсан болно. Нэхэмжлэгчийн өмнө бид ээлжийн амралтын олговор олгох үүрэггүй ба зав чөлөөтэй үедээ ажил гүйцэтгэж байгаа хүнд ээлжийн амралт, олговор олгох эрх зүйн зохицуулалтгүй, эрх ч байхгүй гэдгээ ойлгож ухамсарлаж гэрээ байгуулсан. Эмнэлэг холбогдох хууль тогтоомжийн дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, хувь хүний орлогын албан татварыг зохих хувь хэмжээгээр суутган төлсөн. Хэрэв хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан бол нормт цагийг хатуу чанд сахих байсан. Гэтэл нэхэмжлэгч нь өөрийн чөлөөт цагтаа ажиллаж байсан нь цагийн бүртгэлээс тодорхой харагдана. Нэмж хэлэхэд, Нэхэмжлэгч нь аливаа төрийн үйлчилгээг авахад бидний зүгээс бүхий л шимтгэл төлөлтийг бүрэн хийснийг цохон тэмдэглэе.

3.            Цалин хөлсний зөрүүний тухайд: Гэрээтэй тестерүүдээсээ аль боломжит хүмүүсээс өөрсдийн цаг зав, бололцоонд нь тохируулан явуулдаг байсан. Нэхэмжлэгч Г.М ч мөн яг үүний адил өөрийн явъя гэсэн хуваариар явдаг байсныг цохон тэмдэглэмээр байна. Хэрэв бид хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан бол нормт хуваарийн дагуу чанд ажиллах үүрэгтэй байх байсан. Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-т заасны дагуу “Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө.” гэж заасны дагуу ажил үйлчилгээг үзүүлсэн хоногуудад ногдуулан хөлсийг олгосон. Өөрөөр хэлбэл Гэрээгээр тохиролцсон сарын хөлсийг ажилласан хоногтоо ногдуулан авдаг байсан. Үүнд ямар нэгэн зөрүү гарсан зүйлгүй. Мөн Гэрээний 7.13 дахь хэсэгт мөн “Ажилласан хугацааны хөлсийг Хөлсөөр ажиллуулагчаас гэрээгээр тохиролцсон хугацаанд шаардах эрхтэй” гэж заасны мөн хүлээн зөвшөөрсөн хирнээ огт ажиллаагүй үеийн хөлсийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

4.            Тэтгэмжийн тухайд: Дэлхий нийтэд тархсан цар тахал өнөөдрийг хүртэл бүрэн дуусаагүй ч хумигдаж, хатуу хөл хорионы дэглэм бууруулсан шийдвэр гаргасан тул бид төслийн хүрээгээ хумьж, үйлчлүүлэгчийн хүсэлтээр төсөл дээрх дийлэнх хүмүүсийн гэрээг дуусгавар болгосны дунд нэхэмжлэгч Г.М байсан ба түүнтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 10 дугаар зүйлд заасны дагуу дуусгавар болсон болно. Нэхэмжлэгч Г.М гэрээг хэдийд ч дуусгавар болгохыг ойлгож, ухамсарлаж гэрээнд гарын үсэг зурсан. Тэрээр байгуулсан гэрээний бүх хуудсыг бүрэн дүүрэн ойлгож, гарын үсэг зурсныг хавсралтаас харж болно. Иргэний хуулийн 364.2 “Гэрээнд хугацаа тогтоогоогүй буюу ажил, үйлчилгээний онцлог, зорилгоос шалтгаалан хугацаа заагаагүй бол гэрээний талууд тохиролцон хэдийд ч гэрээг дуусгавар болгож болно.” гэж заасан. Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээ бол тохиролцоо юм. Гэрээг дуусгавар болгосонтой холбогдуулан тэтгэмж олгох үүргийг бид хүлээгүй бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа анхнаасаа огт үүсээгүйг дахин дурдъя.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Огоос нэмэгдэл хөлс нэхэж байна уу манайхаас нэхэж байгаа юу гэдэг нь тодорхойгүй. Анх холбогдоод төсөл хэрэгжүүлэхэд бид манай ажилтанд туслах ажилтан авах талаар зар гаргасан. Ингэхдээ эмнэлгийн мэргэжилтэй байх бөгөөд манай компанийн ажилтантай хамтарч арчдас авах мэдээлэл бүрдүүлэх үүрэгтэй байна. Энэ нь Засгийн газрын өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотой байсан. ингэхдээ хөдөлмөрийн гэрээ биш хөлсөөр ажиллах гэрээ байгуулна гэдгийг зарласан байсан. Нэхэмжлэгчтэй цахимаар холбогдож танилцуулга явуулаад зөвшөөрвөл анкетаа явуулах талаар хэлсэн. Ингээд нэхэмжлэгч нь зөвшөөрч анкетаа авч ирээд хөлсөөр ажиллах гэрээг уншиж танилцсан. Энэ үед хөлсөөр ажиллах гэрээ болон хөдөлмөрийн гэрээний ялгааг тайлбарласан. Мөн тухайн үеийн цалин хөлснөөс арай өндөр хөлс тохирсон. Нэхэмжлэгч нь өөрөө зөвшөөрч хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Бид туслах ажилтан ажиллуулсан боловч Огоос нэмэгдэл цалин авч өгнө гээгүй. Цаашлаад хөдөлмөрийн харилцаа биш бөгөөд ээлжийн амралт олгогдохгүй гэдгийг сануулсан байсан. Хөлсөөр ажиллаж байгаа хүнд ээлжийн амралт олгох хууль зүйн үндэслэл, зохицуулалт байхгүй. Бид хөлсөөр ажиллагчийг ажиллах нөхцөлөөр хангаж, хөлс өгч байсан. Хөлсийг ажилласан хоногтой нь уялдуулаад сард 2 500 000 төгрөг өгөхөөр тохирсон. Уурхай дээр өөрийн хүсэлтээр өөр өөр хоногоор ажиллаж байсан. Бид хөлсийг дутуу олгосон биш харин гүйцэтгэсэн ажлын хөлсийг л олгосон. Энэ талаар гэрээний 7.13-т заасан. Иймд ажиллаагүй хөлсийг төлөх үндэслэлгүй. Мөн гэнэт халагдсаны тэтгэмж гэж байна. 2022 онд өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалсан. Улмаар манай төсөл хумигдаж эхэлж байгаа талаар мэдэгдэж байсан. Иргэний хуулийн 363.2-т зааснаар хөлсөөр ажиллах гэрээг хэзээ ч дуусгавар болгож болно. Энэ дагуу бид мэдэгдсэн. Энэ мэдэгдлийг нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмж авахад зориулж л тушаал гаргасан. Гэрээний 10-т зааснаар гэрээ дуусгавар болгосон. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн харилцаа гэж үзэж байна. Хэрэв ингэж үзвэл  хөөн хэлэлцэх хугацаа яригдана гэв.

 

            Нэхэмжлэгч нь шүүхэд: хөлсөөр ажиллах гэрээ /хх5-6/, “М” ХХК-ийн захирлын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 104 дүгээр тушаал, түүний хавсралт /хх7-8/, Монгол банкны зарласан ханшийн лавлаа /хх11/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх14/, гурван талт хорооны 2022 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн хуулбар /хх24-25/, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч гэх дэвтэр /эх хувь/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

      ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 5,889,593 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Г.М нь илүү ажилласан 86 хоногийн нэмэгдэл 1462$ буюу 4 933 562.86 төгрөг, 2021 оны ээлжийн амралтын мөнгө 1 080 468.34 төгрөг, 2022 оны ээлжийн амралтын мөнгө 314.387 төгрөг, 2022 оны 01 сараас 2022 оны 06 сар хүртэлх цалин хөлсний зөрүү 5.889.593 төгрөг, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгасан 1 сарын цалинтай тэнцэх 2.500.000 төгрөг, нийт 14,718,011.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

            Хариуцагч “М” ХХК нь хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан бөгөөд хөлсийг бүрэн төлсөн гэж маргаж байна.

 

            Зохигчид 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хөлсөөр ажиллах гэсэн нэртэй гэрээ байгуулсан байна. /хх5-6/

Гэрээний 1-д хөлсөөр ажиллагч нь Эмнэлгийн хөдөө орон нутгийн салбарт Тестерийн ажил гүйцэтгэж, Ковид цар тахлын хүрээг хязгаарлах, хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилготойгоор Он уурхай дээр ажиллаж байгаа ажилтнуудаас түргэвчилсэн шинжилгээг зохих журмын дагуу авах, авсан шинжилгээ сорьцын дагуу хэрэв хариу нь эерэг гарсан тохиолдолд нарийвчилсан РСК. (ПСР) шинжилгээг цар тахал, өндөржүүлсэн бэлэн байдлын зохих журмын дагуу авч, тухайн аймгийн болон улсын онцгой комисст сорьцын хариуг хүргүүлэх, мэдээлэл, бүртгэлийн ажилтныг үнэн зөв мэдээллээр хангах, Оюутолгойн уурхайд шинжилгээ авах дэг журмын хатуу чанд дагаж мөрдөж, өөрийгөө болон хамтран ажиллагчийн эрүүл мэндийг хамгаалах ажил (цаашид “Ажил” гэх)-ыг гүйцэтгэх, хөлсөөр ажиллуулагч нь төсөлт хугацаанд ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа сар бүрийн сүүлийн ажлын өдөрт багтаан гэрээгээр тохиролцсон хөлсийг хөлсөөр ажиллагчид олгохтой холбоотой харилцааг энэхүү гэрээг зохицуулна. Хөлсөөр ажиллуулагч нь зайлшгүй тохиолдолд байгууллагын дотоод журам, үйл ажиллагааны шаардлага, УОК-ийн шийдвэрээс хамаарч ажилтай холбогдуулан нэмэлт, өөр төрлийн ажил, үүргийг нэмж даалгаж болно гэж заасан байна.

Улмаар гэрээний 2-т гэрээ нь Хөлсөөр ажиллуулагч ба Хөлсөөр ажиллагч нар гарын үсгээ зурсан өдрөөс эхлэн төсөлт хөтөлбөр дуусах хүртэл хугацаанд үйлчилнэ гэж заажээ.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээнд ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүрэгтэй байдаг. Тодруулбал, хөлсөөр ажиллах гэрээгээр тодорхой ажлыг, тодорхой хугацаанд гүйцэтгэх юм.

 

Харин хөдөлмөрийн гэрээний хувьд Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-н 21 дүгээр зүйлийн 21.1-д тус гэрээний гол зүйл буюу заавал тусгасан байх зүйлийг зохицуулсан. Улмаар зохигчдын маргаж буй гэрээнд дээрх хуульд заасан хөдөлмөрийн гэрээнд тавигдах шаардлага бүрэн хангагдаагүй байна.

 

Цаашлаад, хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээнүүд нь хоорондоо төстэй боловч хөдөлмөрийн гэрээг байгуулах үед ажилтнуудаас өдөр, долоо хоног, сар, жилд хийх бүтээх ажлыг нэг бүрчлэн тохиролцдоггүй бөгөөд харин тухайн албан тушаал, тухайн хүний мэргэжил, мэргэшилтэй холбоотой ямар үүргийг, ямар хугацаанд гүйцэтгэх тухай болон хөдөлмөрийн гэрээний бусад нөхцөлүүдийг хэлэлцэн тохиролцдог. Тодруулбал, ажлын байрны нэр, байршил, ажлын нөхцөл зэрэг зүйлийг тохиролцсон байх учиртай. Харин хөлсөөр ажиллах гэрээний хувьд тухайн хүний хийж гүйцэтгэх тодорхой зүйлсийг тоо хэмжээ, чанар, хугацааны хувьд тохиролцоно.

 

Үүнээс үзэхэд зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Зохигчид гэрээний 4-т зааснаар сард нэг удаа 2,500,000 төгрөгийг хөлс төлөхөөр тохиролцсон.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан тул “О” ХХК цалин хөлсний нэмэгдэл олгож байгаа нь хариуцагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар нэмэлт хөлс төлөх үүрэг үүсгэхгүй.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлох бөгөөд гэрээнд өөрчлөлт оруулаагүй байна.

Иймд  илүү ажилласан гэх 86 хоногийн нэмэгдэл 1462$ буюу 4 933 562.86 төгрөг шаардах эрхгүй.

 

Зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар нэхэмжлэгчид ээлжийн амралт эдлэх, хариуцагчид мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар ээлжийн амралтын олговор олгох эрх, үүрэг үүсэхгүй юм.

Иймд 2021 оны ээлжийн амралтын олговорт 1,080,468.34 төгрөг, 2022 оны ээлжийн амралтын олговорт 314,387 төгрөг тус тус шаардах үндэслэлгүй.

 

Хариуцагч нь ажлын хөлсийг ажил гүйцэтгэсэн өдрөөр тооцож бүрэн олгосон гэж маргасан.

Гэвч гэрээнд зааснаар сард нэг удаа 2,500,000 төгрөг олгохоор тохиролцсон. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээний харилцаатай адилаар буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгохгүй юм.

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийг сард амралтгүйгээр ажиллах үүрэгтэй бөгөөд ажилласан хоногт тохируулсан хөлс олгосон гэж тайлбарласан боловч гэрээнд энэ талаар зохицуулаагүй, хариуцагчийн төлөөлөгч нь өөрийн энэхүү тайлбарыг баримтаар нотлоогүй.

Иймд хариуцагч нь хөлсөөр ажиллах гэрээ хэрэгжиж байх хугацаанд хөлс олгох үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сараас эхлэн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хөлсөөр ажилласан болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хөлсөөр ажиллах гэрээ, “М” ХХК-ийн захирлын 2022 оны 06 дугаар сарын 15-ын өдрийн 104 дүгээр тушаал, түүний хавсралт, хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдсон. /хх14, 5-6, 7/

 

Нэхэмжлэлд дурдсанаар 2022 оны 01 дүгээр сараас 06 дугаар сарын ажлын хөлсний дутуу гэж нийт 5,889,593 төгрөг шаардсан байна.

Иймд дурдсан хугацаанд дутуу олгогдсон хөлсийг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тооцвол 2022 оны 01 дүгээр сард 2,177,419 төгрөг олгож, 322,581 төгрөг дутуу, 02 дугаар сард 446,429 төгрөг олгож, 2,053,571 төгрөг дутуу, 03 дугаар сард 1,854,839 төгрөг олгож, 645,161 төгрөг дутуу, 04 дүгээр сард 1,083,333 төгрөг олгож, 1,416,667 төгрөг дутуу, 05 дугаар сард 1,048,387 төгрөг олгож, 1,451,613 төгрөг дутуу, 06 дугаар сарын 15-нд гэрээ цуцлагдсан, хөлс олгоогүй тул 1,250,000 төгрөг дутуу бөгөөд нийт 7,139,593 төгрөг дутуу олгожээ.

Гэвч нэхэмжлэгч нь дээрх хугацаанд дутуу олгосон хөлсөнд нийт 5,889,593 төгрөг шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэнэ.

 

Түүнчлэн дээрх үндэслэлээр зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд хариуцагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан үүрэг үүсэхгүй тул 1 сарын цалинтай тэнцэх 2.500.000 төгрөг гаргуулах тухай шаардлага үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч “М” ХХК-с 5,889,593 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Мт олгож, Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-н 50 дугаар зүйлийн 50.1, 55 дугаар зүйлийн 55.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,828,418.12 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 109,183.49 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 60 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.ГАНБОЛД