Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 47

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Сугар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга Б.Цолмон,

Улсын яллагч Г.Амарсайхан

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Болортуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр

Шүүгдэгч С.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дугаар зүйлийн 94.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зүүнгар тэмээчин овгийн Сугарын Очирбатад холбогдох 201717000075 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн,  1969  оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЛИ69011570/ Зүүнгар тэмээчин овгийн Сугарын Очирбат

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр /:

 

Шүүгдэгч С.Очирбат нь 2017 оны 03 сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 3 дугаар багийн нутаг “Далтацын бууц” гэх газарт 53-65 ХЭҮ улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ хайхрамжгүй хандсны улмаас бага насны буюу 6 настай, эрэгтэй Г.Гансоёмбо уг тээврийн хэрэгслээс унжсан татлаганаас чирэгдэж, гавлын баруун чамархайн нугасны хөндий дамжин зүүн чамархай руу үргэлжилсэн салсан хугарал, баруун чихний арын хэсгээс дагз ясаар дамжин зүүн чамархай руу үргэлжилсэн салсан хугарал, зулай яснаас арагш дагз руу заадсаар салсан хугарал, их тархины баруун тал бөмбөлөгийн дагз хэсгийн эдийн гүн дэх тархи бяцралын голомт, баруун, зүүн чамархай, дагз хэсгийн дор, гавлын булчинд цус хуралт гэмтэл авч нас барж, бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч С.Очирбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 03 сарын 08-ны өдөр гэрээ нүүлгэх гэж хүүгийндээ очсон. Гэр нүүлгэх гэж очиход манай бэрийн ах Цогтсайхан эхнэрийн хамт ирсэн. Бид гэрээ буулгаад машинд ачаад хөдөлсөн. Би хөдлөхдөө маш болгоомжтой, хүүхдүүдээ харж байгаад хөдөлсөн. Манай хүүхдүүд урд машинаас хол тоглож байсан. Тэгээд жалганд нохой байхаар нь тормос гишгээд зогсоод дахиад хөдөлсөн. Бид нар гэрээ барих газраа очоод гэрээ барьж байхад хүүхэд ухаангүй байна гэж хэлээд би ирээд эмч дуудсан. Түргэн төөрөөд 2 цаг гаруйн дараа ирсэн. Ирээд хүүхдийг маань нас барсан байна гэж хэлсэн. Ийм л зүйл болсон.Миний хувьд хүүгийнхээ амийг алдсан би өөрөө бас хохирсон гэж үзэж байгаа.Би ач хүүгээ, өөрийнхөө бага охинтой хамт хараад сумын төвд байдаг,хүү бэр 2 маань хөдөө малтайгаа байдаг. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

 

  -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Болортуяа шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгэндээ: “Тэр өдөр манайх нүүдэл хийсэн. Манай хүү жалганы тэнд тоглож байсан. Би 9 сартай жаахан хүүхэдтэй. Хүүхэд маань уйлаад байхаар нь гэр рүүгээ орсон. Гэртээ байхад гаднаас ах хүүг маань өргөөд орж ирсэн. Одоо нэг хүнээ алдчихаад нэгийгээ ингэж зовоомооргүй байна. С.Очирбат нь манай аав юм. Иймээс аавдаа гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэв. 

 

           -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Болортуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 3 дугаар багийн нутагт нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, хадам аав Очирбат, ээж Цолмон нар 2017 оны 03 дугаар сарын 08-нд манайд ирээд 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр манайхыг нүүлгэх гээд жижиг гэрээ нүүлгэсэн, гэрээ буулгаж байх үед Цогтсайхан, түүний эхнэр Энхмаа нар ирж бидэнд туслаад гэрээ ачаад хөдөлсөн. Би 9 сартай хүүхэдтэй тул учир гэрээс гарч чадаагүй. Манай гадаа хүүхдүүд тоглож л байсан. Гэтэл гаднаас манай ах Цогтсайхан, миний том хүү Гансоёмбыг тэвэрсээр гүйж орж ирээд дүүг минь ийм болгосон байна гэхээр нь хүүгээ харсан чинь арагшаа тэрийсэн,нүдээ анисан ямар нэгэн хариу өгөхгүй байсан. Гэтэл манай нөхөр Ган-Эрдэнэ гаднаас орж ирээд уйлаад байсан. Тэгээд эмч дуудсан нас барсан байна гэсэн. Надад гаргах гомдол санал,нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг  / хх-ийн 18-19 х/

 

          - Гэрч С.Цогтсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн“...Би 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр эхнэр Энхмаа болон хоёр хүүхдийн хамт Ган-Эрдэнийд очсон. Тэд нарыг буулгачихаад Ган-Эрдэнэ бид хоёр мотоцикльтой хонь хургандаа яваад эргэж ирээд би охин Хонгорзулыг сундалаад баруун хойд энгэр өөд гараад хонио эргүүлчихээд буугаад иртэл замын хажууд жалганы урд дээр талийгаач Гансоёмбо нь зүүн гараа дарчихсан, толгой нь урд зүгт биеэ дагаад харсан, хөл нь атийсан, нүд нь хараатай нүүр амаас нь их цус гарсан байдалтай байхаар нь шууд өргөөд гэр лүү аваад орсон. Өөр надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг / хх-ийн 20 х/

- Гэрч Насанд хүрээгүй Ц.Хонгорзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Ган-Эрдэнэ ахын гадаа Гансоёмбо ахтай тоглож байсан, тэгээд цэнхэр машинтай хүмүүс гэрээ нураагаад ачаад явах үед Гансоёмбо ах араас нь гүйгээд цагаан уяанаас зуураад бариад авсан. Тэгээд ойчоод эргэж босож ирээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20 х/

- Гэрч О.Болор-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ах Ган-Эрдэнийн гаднаас эцэг Очирбат, эх Цолмон, Энхмаа нарын хамт  53-65 хэү улсын дугаартай Вонго 3 маркийн авто машинд гэрийг нь ачиж яваад буулгаад барьж байтал Ган –Эрдэнэ ах ганцаараа мотоцикльтой давхиж ирээд манай хүү Ган-Эрдэнэ ухаангүй байна гэхээр нь бид нар бүгд Ган-Эрдэнийд очиход Цогтсайхан, бэр эгч Болортуяа нар хөлийг нь бариад уйлаад сууж байсан. Бид нар гэрээ ачаад цагаан өнгийн олсоор тэвшээ голоор нь нэг удаа татаад явсан. Тэгээд бид гэрээ буулгах газраа очоод ачаагаа буулгах үед уг цагаан өнгийн олс нь жолоочийн эсрэг тал буюу баруун гар талын тэвшнээсээ тайлагдчихсан газар чирэгдсэн арын дугуйны шаврын хаалтны орчимд чирэгдсэн байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24 х/

- Гэрч Б.Энхмаа, З.Цолмон, Ц.Ган-Эрдэнэ нарын мэдүүлэг /хх-ийн 23,25,26 х /

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаар дүгнэлт .

1.Талийгаач Г.Гансоёбомын цогцост гавлын баруун чамархайнаас нугасны хөндий дамжин зүүн чамархай руу үргэлжилсэн салсан хугарал, баруун чихний ар хэсгээс дагз ясаар дамжин зүүн чамархай руу үргэлжилсэн салсан хугарал, зулайн яснаас арагш дагзруу заадсаар салсан хуграл, их тархины баруун тал бөмбөлгийн дагз хэсгийн эдийн гүн дэх тархи няцралын голомт, баруун зүүн чамархай, дагз хэсгийн хуйхан дор,гавлын булчинд цус хуралт, баруун бөөрний өөхөн эслэгийн ар хананд цус хуралт, зүүн хөмсгөний дээд хэсгээс хамрын хянга хүртэл ташуу байрлалтай, хамарт, доод уруулд, эрүүнд, духаны баруун хэсэгт, зүүн эгэмнээс баруун хөх мах хүртэл, баруун дал, далны дотор доод хэсэгт баруун бөөр орчимд, баруун шилбэний гадна доод хэсэгт зулгарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо.

2.Уг  гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр унах цохигдох, тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой.

3.Талийгаач Г.Гансоёмбо нь гавлын баруун чамархайгаас нугасны хөндий дамжин зүүн чамархай руу үргэлжилсэн салсан хугарал, баруун чихны ар хэсгээс дагз ясаар дамжин зүүн чамархай руу үргэлжилсэн салсан хуграл, зулайн яснаас арагш дагзруу заадсаар салсан хуграл, их тархины баруун тал бөмбөлгийн дагз хэсгийн эдийн гүн дэх тархи няцралын голомт, баруун зүүн чамархай, дагз хэсгийн хуйхан дор, гавлын булчинд цус хуралт гэмтлүүдийн улмаас нас баржээ

4.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин байхгүй гэжээ.  

7.  Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл , осол , хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч  зураглал , фото зураг, тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 3-15,30-34 х / зэрэг болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар 

 

Шүүгдэгч С.Очирбат нь 2017 оны 03 сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 3 дугаар багийн нутаг “Далтацын бууц” гэх газарт 53-65 ХЭҮ улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ хайхрамжгүй хандсны улмаас бага насны буюу 6 настай, эрэгтэй Г.Гансоёмбо уг тээврийн хэрэгслээс унжсан татлаганаас чирэгдэхийг харах боломжтой байтал хараагүйгээс хохирогч Г.Гансоёмбо гавлын баруун чамархайн нугасны хөндий дамжин зүүн чамархай руу үргэлжилсэн салсан хугарал, баруун чихний арын хэсгээс дагз ясаар дамжин зүүн чамархай руу үргэлжилсэн салсан хугарал, зулай яснаас арагш дагз руу заадсаар салсан хугарал, их тархины баруун тал бөмбөлөгийн дагз хэсгийн эдийн гүн дэх тархи бяцралын голомт, баруун, зүүн чамархай, дагз хэсгийн дор, гавлын булчинд цус хуралт гэмтэл авч нас барсан нь шүүгдэгч С.Очирбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Болортуяа нарын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч  зураглал , фото зураг, тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр хангалттай тогтоогдоно. 

 

Шүүгдэгч С.Очирбатад холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн,  хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгч С.Очирбатыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүгдэгч С.Очирбатын шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг,  шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч  зураглал , фото зураг, тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм бурууд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрэн тогтоогдсон байна.   

 

Шүүхээс тухайн хэргийг шийдвэрлэхдээ 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх боломжтой байна. Учир нь: 2002 оны эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т заасан Бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг нь хүндэвтэр гэмт хэрэгт тооцогдож байсан бол 2015 оны эрүүгийн хуульд тухайн гэмт  хэрэг нь хөнгөн гэмт хэрэг болж эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул шүүгдэгч С.Очирбатад ял шийтгэл оногдуулахдаа  2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний амь насыг  болгоомжгүй хохироосон гэмт хэрэгт тооцож шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

        Шүүгдэгч С.Очирбатын хувьд хөнгөн  гэмт хэрэг үйлдсэн,гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд тухайн  зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж тодорхой үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

 

          Шүүгдэгч С.Очирбат нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди-г хэрэгт хавсаргаж, иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн 722615 жолооны үнэмлэхийг С.Очирбатад буцаан олгож, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Болортуяа нэхэмжлэх зүйлгүй  гомдолгүй гэснийг дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Зүүнгар тэмээчин овгийн Сугарын Очирбатыг хүний амь насыг  болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,6.7 дугаар зүйлийн 1.2,7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан  шүүгдэгч С.Очирбатыг 1 жилийн хугацаагаар тэнсэж түүнд машин техниктэй харьцахдаа болгоомжтой байх үүрэг хүлээлгэсүгэй.   

 

3. Ялтан С.Очирбат нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Болортуяа нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай

 

            4.Хэрэгт бичиг баримтаар хураагдаж ирсэн 722615 жолооны үнэмлэхийг ялтан С.Очирбатад буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан С.Очирбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан С.Очирбатад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.СУГАР